Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/090

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа

Улсын яллагч: Д.Цогжавхлан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх саналтайгаар ирүүлсэн хэргийг тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1814000210050 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт *******

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн ******* тоотод гэртээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлдээ хамт амьдарч байгаа төрсөн дүүгийнхээ хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би найз залуу Б болон танил С, түүний найз ******* нарын хамт гэртээ архи уусан. Сыг би таньдаг, харин ******* гэдгийг огт танихгүй бөгөөд Улаанбаатар хотын залуу гэсэн. Манай найзуудыг манайд байхад миний төрсөн дүүгийн хүүхэд ******* нь их эвгүй харьцаад байсан бөгөөд “явцгаа” гээд уурлаад байсан, тэд ч гэсэн манайхаас гарч явцгаасан. Үүний дараа би *******ийг жаахан зэмлэсэн бөгөөд өмнөөс хэрэлдээд байсан. Би түүнд галаа түлэхгүй яасан юм гэж загнасан тэгэхэд тэр надад уурлан манай 3 настай охин н.Ухаанзаяаг түлхээд унагаачихаар нь би уурлан түүнийг 2-3 удаа цохиод авсан нь үнэн. Уурандаа түүний хаана нь цохьсон болохыг мэдэхгүй байна, тэгтэл тэр орилж чарлаад эхэлсэн удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 62-67 /

Насанд хүрээгүй хохирогч *******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* нь миний ээж Баярмаагийн төрсөн эгч нь байгаа юм. Ээж БНСУ руу ажиллаж амьдрахаар явахдаа намайг эмээ Мын гэрт орхисон бөгөөд ******* эгч хүүхдүүдийн хамт эмээтэй хамт амьдардаг. Миний төрсөн эцэг Мөнхбат нас бараад 5-6 жил болж байна. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* эгчийг гэртээ байж байхад түүний найз******* бүтэн нэрийг нь мэдэхгүй байна ганцаараа манайд ирсэн. Тэр 1 шил 0.75 литрийн ерөөл архи авчирсан түүнийгээ 2-лаа хувааж уусан.******* ч гарч явсан, удалгүй орой 21 цагийн орчим ******* эгчийн хамтран амьдрагч Б ах гаднаас согтуу орж ирсэн. Тэр 2 ярьж байгаад 2 лаа архи авч ууя гэж хэлээд гадагшаа гараад ирэхдээ 1 шил архи, 1 сав пиво авчирсан. Удалгүй тэдний хойноос Сайнаа бас нэг эрэгтэй хүний хамт ирсэн 1 шил 0.5 литрийн архи авчирсан. Ингээд тэд нийлээд архидаж эхэлсэн. Би тэднийг “ гэр бузарлалаа, манайхаас явцгаа та нар” гээд С, түүний хамт ирсэн эрэгтэй, мөн ******* эгчийн хамтран амьдрагч залууг гэрээсээ түлхэж гаргасан. Тэднийг гарсны дараа ******* эгч уурлан “ чи миний найзуудыг хөөдөг хэн “ гэснээ үсдээд газар унагаасан, толгой руу өшиглөн, хогийн шүүр далайгаад, дараа нь ганжин авснаа миний 2 гарын шуу руу хэд хэдэн удаа цохисон. Дараа нь зуух руу мөргүүлэх гээд байсан тэр үед цагдаа нар орж ирсэн. 2017 оны 12 дугаар сарын 10 ны өдөр тамхи байхгүй гэдэг шалтгаанаар уурлаад миний нуруу руу 2-3 удаа цохиж байсан удаа байгаа, өөрөөр зодож гар хүрч байгаагүй. ******* эгчтэй би таарамжгүй харилцаа байхгүй, архи уусан үед нь надад хэцүү байдаг, эмээ бид 2 руу агсан тавиад агсраад байдаг . Б эгчид зодуулаад миний тархи доргисон мөн дагзны ар хэсэгт овойж хавдсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 31-33/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн ба дээрээсээ 3 дахь нь ******* юм. ******* нь миний бага охин Баярмаагийн терсөн охин байгаа юм. *******ий ээж Баярмаа Солонгос улсад ажиллаж амьдраад 3 жил болж байна, харин төрсөн эцэг Мөнхбат нь зам тээврийн осолд ороод нас барчихсан. Одоо ******* нь ******* бид хоёртой амьдарч байгаа. 2018 оны 12 дугаар сарын 27 ны шөнө ******* над руу уйлж утасдан ******* эгч 3 хүнтэй гэртээ ирж архи уухаар нь би хөөсөн чинь намайг зодчихлоо “ гэж ярьсан. Миний санаа зовоод тэр шөнө унтаж чадаагүй, ингээд Улаанбаатар хот Дийг хичээлийг нь амрахаар, таарахгүй хоорондоо маргалдаж муудалцаад хэцүү байсан учраас түүнийг авсан. Бид тал талаас нь *******г хүүхэд зодлоо гээд загнасан чинь “ худлаа ярьж байгаа юм, би зодоогүй “ гээд байсан. Ер нь архи уучихсан согтуу байхдаа ч архи уугаагүй гэж гүрийдэг хүн, *******ийг зодчихоод ч зодоогүй гэж хэлэх л хүн байгаа юм. ******* зодуулснаасаа хойш 2-3 хоногийн дараа очсон, би түүнээс юу болсон гэхэд ******* эгч зодоод, харанхуй шөнө хөөж гаргасан гэж байсан. *******ий биед ил харагдах гэмтэл байхгүй байсан, харин толгой өвдөөд байна гээд зовиурлаад байсан. Толгойны эм өгөөд хэд хоногоос гайгүй болсон. Би *******ийг худлаа яриагүй гэдэгт итгэлтэй байна. Одоо *******ий бие гайгүй болсон, *******тэй эвлэрсэн, учир зүйгээ ололцсон. Тийм болохоор насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд *******д ямар нэгэн гомдол санал байхгүй... гэх мздүүлэг/ хх-ийн 34-37 /

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* нь миний төрсөн дүү байгаа , би эхээсээ тавуулаа бөгөөд ******* миний 3 дахь дүү юм. 2017 оны 12 дугаар сарын 27 ны өдөр ******* нь *******ийг зодсон гэдгийг би ээж *******аас мэдсэн, тэр үед манай ээж Улаанбаатар хотод байсан над руу утасдан “ наана чинь юу болоод байна, *******ийг ******* зодсон байна,” гэж хэлсэн. Би ээжийнд очиход ******* байгаагүй, ******* ч байгаагүй, шөнө тэднийг хайгаад олоогүй. Харин 2 өдрийн дараа *******тэй уулзахад эмээ Улаанбаатар хотоос зардлын мөнгө явуулсан, би одоо Улаанбаатар явлаа гэж хэлсэн. Би *******өөс “Б яагаад чамайг зодсон “ гэхэд “ ******* эгч гэрт хүн дагуулж ирээд архи уусан, тэднийг нь хөөсөн чинь манай найзуудыг хөөлөө гэж хэлээд намайг зодсон” гэж хэлсэн. Түүний биед ил харагдах ямар нэгэн шарх шалбархай, бэртэл гэмтэл байгаагүй, одоо ямар зовиур байна” гэхэд тэр толгой евдөөд байна, толгойны ар талд хавдсан гээд надад үзүүлж байсан. Харин ийм тийм эд зүйлээр зодсон гэж хэлээгүй, харин сүүлд нь ганжингаар, шүүрээр цохисон гэсэн яриа яригдаж байсан…гэх мэдүүлэг / хх-ийн 38-40/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №46 дугаар

1..*******ий биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 51-52/

Хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 71-73/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 2-3/, эд мөрийн баримт хураан авсан тогтоол, тэмдэглэл / хх-ийн 20-22/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл/ хх-ийн 23-26/, шүүгдэгч *******гийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын лаборатори “Номун далай” цогцолбор сургуулийн 2018.03.26-ны өдрийн 122 тоот тодорхойлолт /хх-ийн 74/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын 2018.3.15-ны өдрийн 443 тоот тодорхойлолт / хх-ийн 75/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 77/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 54/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 78/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 90/, шүүгдэгч *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Насанд хүрээгүй хохирогч, гэрч, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод гэртээ 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлдээ хамт амьдарч байгаа төрсөн дүүгийнхээ хүүхэд болох насанд хүрээгүй хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******гийн... би *******ийг 2-3 удаа цохиод авсан , уурандаа түүний хаана нь цохисон болохыг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 62-67/

насанд хүрээгүй хохирогч *******ий...эгч уурлан үсдээд газар унагаасан, толгой руу өшиглөн, хогийн шүүр далайгаад, дараа нь ганжин авснаа миний 2 гарын шуу руу хэд хэдэн удаа цохисон...гэх мэдүүлэг / хх-ийн 31-33/

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын ... шөнө ******* над руу уйлж утасдан ******* эгч намайг зодчихлоо “ гэж ярьсан,….Дий биед ил харагдах гэмтэл байхгүй байсан, харин толгой өвдөөд байна гээд зовиурлаад байсан. Толгойны эм өгөөд хэд хоногоос гайгүй болсон.... гэх мздүүлэг/ хх-ийн 34-37 /

гэрч *******ийн мөрдөн... Би ******* нь ******* эгч гэрт ирсэн найзуудыг хөөлөө гэж хэлээд намайг зодсон” гэж хэлсэн. Түүний биед ил харагдах ямар нэгэн шарх шалбархай, бэртэл гэмтэл байгаагүй, одоо ямар зовиур байна” гэхэд тэр толгой евдөөд байна, толгойны ар талд хавдсан гээд надад үзүүлж байсан…гэх мэдүүлэг / хх-ийн 38-40/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №46 дугаар ”...Дий биед тархи доргилт, хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо... “ гэх дүгнэлт /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг, жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Б.Доржпаламын нэрэмжит Номундалай цогцолбор сургуулийн бага ангийн багшийн ажлаас чөлөөлөгдсөн талаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн сургуулийн захирлын тушаал болон шүүгдэгч ******* нь зүүн нүд хараагүй, зүүн чихний сонсголгүй улмаас 2009 онд хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар группид орсон, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр, нийгмийн халамжийн тэтгэврээр сард 251000 төгрөгийн тэтгэмж авдаг болох нь тэтгэврийн дэвтрээр тогтоогдож байх тул шүүхээс шүүгдэгч *******гийн хувийн болон хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж болохгүй ба биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц байх тул шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой гэж үзэж шүүгдэгч *******д торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч ******* нь оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... Самсунг маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ганжин , хогийн шүүр зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр тус тус дурдав.

Насанд хүрээгүй хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******гээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч М..Б нь дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 , мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ганжин, хогийн шүүр зэргийг устгуулахаар Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... Самсунг маркийн зурагт...”-ыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгосугай

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА