| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтогтохын Сугиржав |
| Хэргийн индекс | 117/2025/0013/З |
| Дугаар | 117/ШШ2025/0014 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 117/ШШ2025/0014
Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг батлах тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сугиржав даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: Дундговь аймгийн *******
Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг *******д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, *******д олговол зохих урамшууллыг аймгийн Мал эмнэлгээс гаргуулж олгохыг даалгах
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч ******* нь Дундговь аймгийн *******т холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг *******д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, *******д олговол зохих дээрх урамшууллыг Мал эмнэлгийн төсвөөс гаргуулж олгохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 18,254,100 төгрөгөөр нэмэгдүүлж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагын урамшуулал олгох хэсэгт үнийн дүнг нэмэгдүүлж тодруулсан.
Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч нь Дундговь аймгийн шүүхийн тамгын газрын даргын 2014 оны 06 сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Тус аймгийн шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 12 сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлжээ.
1.2. Нэхэмжлэгчийг Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 12 сарын 13-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар түр томилж, 2020 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 дугаар захирамжаар жинхлэн томилжээ.
1.3. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 08-ний өдрийн 31 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” тогтоолоор Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2020 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгосон.
1.4. Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 04/433 дугаартай албан бичгээр “...Зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлж, тогтоолын биелэлт, холбогдох мэдээллийг ирүүлэх”-ийг Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргад мэдэгдсэн бөгөөд Засаг даргын 2025 оны 03 сарын 14-ний өдрийн 04/630 дугаартай албан бичгээр “...сул орон тоог нөхөх тусгай шалгалтад хамгийн өндөр оноо авч, нэр дэвшүүлсний дагуу томилогдсоноор танд хамаарах хууль бус томилгооны зөрчил арилсан”... гэх хариуг *******д өгсөн.
Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: .. ******* миний гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг *******д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, *******д олговол зохих дээрх урамшууллын 18,254,100 төгрөгийг Мал эмнэлгийн газрын төсвөөс гаргуулж олгохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал гардан авч, хариу тайлбараа ирүүлсэнтэй болон хэрэгт нэмж ирүүлсэн баримтуудтай гүйцэд танилцлаа. Төрийн захиргааны албан хаагчаар ажилласан 14 жилийн хугацаа хангалттай хүрч байгаа бөгөөд дээрх мөнгөн урамшууллыг авах Засгийн газрын тогтоолд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.
Миний бие 2019 оны 12 сарын 13-ны өдөр *******т ажилд орсон тушаалаа нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн бөгөөд энэ нь нотариатчаар гэрчлүүлсэн, нотлох баримтын шаардлага хангана гэж үзэж байна.
Хоёр: ******* миний бие Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох мөнгөн урамшууллаа авахаар холбогдох материалаа 2025 оны 2 сард байгууллагын санхүүд өгсөн, дээрх төсөв байгууллагын төсөвт байгаа боловч Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн мэргэжилтнүүд гүйлгээг батлахгүй гэдэг шалтгаанаар надад дээрх мөнгөн тэтгэмж олгогдохгүй байсан. Иймд 83 дугаар тогтоолд заасан мөнгийг энэ хүнд олгох боломжгүй гэдэг эс үйлдэхүйгээр миний эрхийг зөрчөөд байна. Миний бие 2021, 2022 онд хүүхэд төрүүлсэн болов ч нийт 16 сарын хүүхэд асрах чөлөө л авсан, дээрх хугацааг хасаад тооцсон ч миний төрийн захиргааны албан хаагчаар ажилласан 14 жилийн хугацаа хангалттай хүрч байгаа бөгөөд дээрх мөнгөн урамшууллыг авах Засгийн газрын тогтоолд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.
Миний бие тухайн асуудлаар Мал эмнэлгийн газрын даргадаа хандаж, тушаал гаргуулсан, мөн манай байгууллага босоо удирдлагатай байгууллага тул Мал эмнэлгийн ерөнхий газартаа албан бичиг, хувийн өргөдөл хүргүүлсэн ч хариу илрүүлдэггүй, өргөдөл албан бичгийн хариуг утсаар лавлахаар “тийм албан бичигт хариу өгөх шаардлагагүй, та нар дотроо үл ойлголцож байгаа асуудал, гүйлгээг гаргах эсэх бол төсвийн шууд захирагчийн эрх хэмжээний асуудал байхад Ерөнхий газраас оролцох хууль зүйн үндэслэл байхгүй” гэсэн хариуг утсаар авсан.
- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд
- Шүүхийн тамгын газраас ажлаас чөлөөлөгдсөн тушаал, *******т ажилд томилогдсон тушаал,
- Иргэний үнэмлэхийн хуулбар, зэрэг баримтуудыг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.2. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох гэн удаагийн урамшууллыг *******д олгохгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох, *******д олговол зохих дээрх урамшууллыг 18,254,100 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэжээ.
2.3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 18,254,100 төгрөгөөс 5,254,100 төгрөгийг татгалзаж 13,000,000 төгрөгийг гаргуулах, хугацааны хувьд 2025 оны 12 сарын 07-ны өдрийн дотор надад олгохоор санал тавьсан, даргатай харилцан зөвшилцсөн, тохирсон тул эвлэрэл ёсоор шийдэж өгнө үү. Эс үйлдэхүйг мөн хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэв.
2.4. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ******* 2019
онд Шүүхийн тамгын газраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж 2020 оны 01 дүгээр сарын 03-ны 5/01 тушаалаар Дундговь аймгийн мал эмнэлгийн газар Захиргаа санхүү албаны даргаар орсон боловч нэхэмжлэлийн шаардлага дээр 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр орсон зөрүүтэй мэдээлсэн байна. ******* нь өөрийн хүсэлтээр учир тогтоолын шаардлага хангаагүй гэж үзэж байсан учир нь 2025 оны төрийн албаны салбар зөвлөлийн 2 удаа тогтоол ирж тухайн ажилд орсон хугацааг хууль зөрчсөн хүчингүй бөгөөд тухайн цалинг төлүүл гэсэн тогтоол ирсэн.
Мөн өмнө нь өөртөө 9,720,000 төгрөгийн тушаалыг тухайн албан тушаалтан боловсруулж гаргасан байсныг би хүлээн зөвшөөрөөгүй нь үнэн. Тиймээс Засгийн газрын 83 дугаар тогтоолын шаардлага хангаагүй гэж үзсэн тул тухайн урамшууллыг олгох боломжгүй .
*******гийн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 сарын 24-ний 233 дугаар тогтоол, Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 03 сарын 10-ны 01/311 албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 08-ны 31-р тогтоол, 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 04/433 албан бичгийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.5. Харин, хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эс үйлдэхүй гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас 5,254,100 төгрөгийг хасаад үлдсэн 13,000,000 төгрөгийг олгохоор тохиролцлоо. Манай байгууллагын нягтлан бодогчийн зүгээс 10,014,000 төгрөгөөр тооцсон тооцооллыг өгсөн, үүнийг шүүхэд гаргаж өгч байна. Мөн ******* нь 2025 оны 9 сарын 30-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн энэ нь энэхүү нэг удаагийн урамшууллыг олгоход саад болохгүй. 13,000,000 төгрөгийн урамшууллыг 2025 оны 12 сарын эхний 10 хоногт багтаан олгоно гэж эвлэрсэн тул эвлэрэл ёсоор шийдэхэд татгалзах зүйлгүй, шүүхийн шийдвэрийн үр дагаврыг ойлгож байна гэв.
2.5 .:2ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Нэхэмжлэгч нь “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг *******д олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, *******д олговол зохих урамшууллыг Мал эмнэлгийн төсвөөс гаргуулахаар маргаж[1] байна.
1.2. Нэхэмжлэгч нь Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоол ёсоор урамшуулал авах хүсэлтийг[2] байгууллагын даргад болон мал эмнэлгийн ерөнхий газарт уламжилсаар атал ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр /эс үйлдэхүй/ өнөөдрийг хүрсэн болох нь нэхэмжлэгч хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарууд, холбогдох баримтуудаар тогтоогддог.
1.3. Дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч хариуцагч нар харилцан буулт хийж шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг[3] бичгээр байгуулж талууд гарын үсгээ зурж тохиролцож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “нэхэмжлэгч хариуцагч харилцан буулт хийж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж маргаанаа дуусгавар болгож болно” гэж зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.
1.4.Эвлэрлийг бичгээр байгуулж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хуулиар тогтоосон энэхүү ажиллагааг шүүх хуралдааны шатанд хэрэгжүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд[4] тусгагдсан.
1.5.Эвлэрлийн гэрээнд “...1. ******* нь 18254100 төгрөгийн урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 5,254,100 төгрөгөөс татгалзаж,хариуцагчаас 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулж 2025 оны 12 сарын 07-ны дотор *******гийн Хаан банкны ...... дугаар дансанд авах 2. нэхэмжлэлийн “урамшуулал олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэсэн шаардлагуудыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно...” гэж заасан байна. Гэрээнд урамшууллын үнийн дүнг нэхэмжлэгч 13,000,000 төгрөг авна, хариуцагч 13,000,000 олгоно эсхүл тооцоолол ёсоор 10,014,000 төгрөг олгоно гэх зэргээр зөрүүтэй тайлбарлаж байх ба үүнийг нэхэмжлэгчийн сүүлийн 12 сарын цалинг зөв тогтоож, холбогдох тооцооллыг зөв тооцсоноор зөрүүгүйгээр олгох эрх зөвхөн тухайн байгууллага /даргад/ хадгалагдаж байх ба ингэж олгохдоо байгууллагын даргын тушаалыг үндэслэн дараах хууль журамд нийцүүлэн 2025 оны төсвийн жилд буюу 2025 оны 12 сарын 07-ны дотор багтаан олгох нь зүйтэй.
1.6 Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4.8-т заасныг болон Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаартай “Төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын[5] 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын төвлөрлийг сааруулах, төрийн албан хаагчид орон нутагт тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг баталгаажуулах, төрийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх зорилгоор сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоход энэ журмыг баримтална.”, 2 дугаар зүйлийн 2.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан албан тушаалд томилогдон тасралтгүй 5 жил (60 сар), түүнээс дээш хугацаагаар ажилласан төрийн захиргааны албан хаагч мөнгөн урамшуулал авна.”, 2.3-т “Мөнгөн урамшууллын хэмжээг тодорхойлохдоо Төрийн албаны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.3-т заасныг баримтлан тухайн төрийн захиргааны алба хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дунджийг 6 дахин нэмэгдүүлж тооцно”, 3.4-т “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тухайн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж буюу холбогдох албан тушаалтан тооцож, тодорхойлно. Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно”, 3.5-д “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад баримт бичиг байна”, 4.3-т “Байгууллагын удирдлага энэ журмын 4.1-д заасан хүсэлт, 4.2-т заасан баримтыг хянан үзэж төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргана”, 5.1-т “Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана”, 5.4-т “Төрийн захиргааны албан хаагчийн ажиллаж байсан байгууллагын дарга, хүний нөөц болон санхүү хариуцсан ажилтнууд энэ журмын дагуу тухайн төрийн жинхэнэ албан хаагчийн үндсэн цалингийн дундаж, төрийн жинхэнэ алба тасралтгүй хаасан хугацааг үнэн зөв тодорхойлох үүрэг хүлээнэ”, 5.5-д “Төрийн захиргааны албан хаагчийн сүүлийн 12 сарын үндсэн цалингийн дундаж, төрийн жинхэнэ алба хаасан тасралтгүй хугацааг буруу тодорхойлох, хуурамч баримт бичиг бүрдүүлэх зэргээр мөнгөн урамшууллын хэмжээг буруу тогтоож олгосон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж, хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ” гэж тус тус заасныг зөв хэрэгжүүлж ажиллахыг нэхэмжлэгч хариуцагч хэн алинд нь шүүх хуралдаанаас анхааруулсан болно.
2. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдлын тухайд:
2.1. Нэхэмжлэгч нь анх Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2014 оны 06 сарын 16-ны өдрийн 52 дугаартай тушаалаар[6] “шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар” томилогдон тасралтгүй ажиллаж байгаад өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу 2019 оны 12 сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар[7] ажлаас чөлөөлөгдсөн байна.
2.2. Улмаар Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 12 сарын 13-ны өдрийн Б/41 дугаар тушаалаар[8] Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар түр томилж, 2020 оны 01 сарын 03-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар[9] Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргаар томилогдон ажилласан байна. Нэхэмжлэгч нь төрийн захиргааны албанд тасралтгүй 14 жил ажилласнаа нотлох баримтаар[10] ирүүлсэн ба энэ нь Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолын 3.5-д “Төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй ажилласан хугацааг тогтоох үндсэн баримт бичиг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, нийгмийн даатгалын дэвтэр, сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт ажилд томилсон, өөр албан тушаалд шилжүүлэн, сэлгэн ажиллуулсан тушаал болон холбогдох бусад баримт бичиг байна” гэж заасныг хангасан болох нь тогтоогдож байна.
2.3. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор[11] нэхэмжлэгчийг томилгооны зөрчилтэй гэж үзэж төрийн албаны сонгон шалгаруулалтыг дахин зарлаж[12] нэхэмжлэгч уг шалгаруулалтад орж тэнцсэн[13], анх тухайн байгууллагад ажилд орохдоо хүсэлтээ өгснөөр томилогдсон тушаал гаргасан зэргээр тайлбарлах ба шүүх хуралдаанд хариуцагчийн “2024 оны 07 сарын 01-ний өдрөөс 2025 оны 09 сарын 30 хүртэлх хугацаанд түүнийг эрхэлсэн ажлаас нь халж чөлөөлсөн баримтгүй ажлаас чөлөөлөөгүй” гэх, нэхэмжлэгчийн “энэ хугацаанд ажлаас чөлөөлөгдөөгүй, шалгалт өгсөн тэнцсэн” гэх тайлбарууд, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэргээр ******* нь аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны дарга гэх албан тушаалаас чөлөөлөгдөөгүй болох нь тогтоогдож байх тул зөрчилтэй гэх томилгоонд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрхгүй.
3. Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлээр харилцан тохиролцсоныг үндэслэн нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээхээр шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.3-т заасныг тус тус удирдлага болгон Захирамжлах нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн “Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоолд заасан Төрийн захиргааны албан хаагчид олгох нэг удаагийн урамшууллыг олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, олговол зохих урамшууллыг аймгийн Мал эмнэлгээс гаргуулж олгохыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаас “Нэхэмжлэгч 5,254,100 төгрөгөөс татгалзсан татгалзал, хариуцагч Дундговь аймгийн мал эмнэлгийн газрын дарга ******* Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 83 дугаар тогтоол ёсоор урамшуулал олгох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, мөнгөн урамшууллыг 2025 оны 12 сарын 07-ны дотор *******д олгохыг даалгах шаардлагыг тус тус харилцан зөвшөөрч эвлэрсэн нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгч *******гийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
Захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СУГИРЖАВ
[1] Хх-ийн 1-2 хуудас
[2] Хх-ийн 13-14 хуудас
[3] Хх-ийн 136 хуудас
[4] Хх-ийн 139-143 хуудас
[5] Төрийн мэдээлэл эмхэтгэлийн 2024.10.21 №40 (1336), 3889-3897 талд
[6] Хх-ийн 11 хуудас
[7] Хх-ийн 12 хуудас
[8] Хх-ийн 10 хуудас
[9] Хх-ийн 31 хуудас
[10] Хх-ийн 4-8, 44, 70-72 хуудас
[11] Хх-ийн 96 хуудас
[12] Хх-ийн 97 хуудас
[13] Хх-ийн 10 хуудас