Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00432

 
Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... давхар, Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ......тоотод оршин суух Э-ын Х- холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 565,921.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 565,921.64 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 2133147 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, ануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2133147 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 497,700 төгрөг, үндсэн хүүнд 29,460.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29.460,82 төгрөг, шимтгэлд 9,300 төгрөг, нийт 565,921.64 төгрөгийг Э-ын Х-аас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Э.Х нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Э.Х нь Т ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 565,921.64 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж дуусгана гэжээ.

4. Т ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Хт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 565,921.64 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Э.Х нь 4565,921.64 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,628 төгрөгийн 8,814 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,814 төгрөгийг, хариуцагч Э.Хаас 8,814 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Хт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 565,921.64 гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 565,921.64 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,628 төгрөгийн 8,814 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 8,814 төгрөгийг, хариуцагч Э.Хаас 8,814 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА