Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00433

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн П- газрын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ...... оршин суух Очирбатын С-т холбогдох

Хоршоо хөгжүүлэх сангийн зээл 6,164,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хоршоо хөгжүүлэх сангийн зээл 6,164,810 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Говь-Алтай аймгийн П- газар нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ус аймгийн П- газарт ирүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай албан бичигт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн иргэн Очирбатын С- нь 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хоршоог хөгжүүлэх сангаас 15,000,000 (арван таван сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг хүлэмжийн аж ахуй эрхлэх зорилгоор аваад 6,000,000 (зургаан сая) төгрөг хүү 164,810 (нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун арван) төгрөг нийт 6,164,810 (зургаан сая нэг зуун жаран дөрөв мянга найман зуун арван) төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл төлж дуусах хугацаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дууссан байна. Иймд тус сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь 100050655401 тоот дансанд 6,164,810 (зургаан сая нэг зуун жаран дөрөв мянга найман зуун арван) төгрөгийг төлүүлж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлжээ. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг дарга Гомбо овогтой Баасанмаа, Очирбатын С- нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулагджээ. Хариуцагч О.С- нь 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийг төлж барагдуулах хуваарьтай байсан болов ч одоог хүртэл зээлээ төлж барагдуулаагүй байна. Зээлийн гэрээний дагуу хариуцагч О.С- нь 15,000,000 (арван таван сая) төгрөгийг 3 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлийг хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар авчээ.

Гэвч зээлдэгч иргэн О.С- нь зээлийн үлдэгдэл 6,164,810 (зургаан сая нэг зуун жаран дөрөв мянга найман зуун арван) төгрөгийг төлөөгүй байна. Хоршоо хөгжүүлэх сангийн хөрөнгө нь орон нутгийн хөгжлийн сангаас олгогддог, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулагддаг. Зээлдэгч зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй нь бусад иргэнд зээл олгож дэмжлэг үзүүлэх боломжийг хязгаарлаж байгаа тул төрийн болон нийтийн ашиг сонирхол зөрчиж байгаа үйлдэл юм. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дуусах ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж, мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.2, 2.3, дахь хэсэгт тус тус зааснаар О.С- нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,164,810 (зургаан сая нэг зуун жаран дөрөв мянга найман зуун арван) төгрөгийг гаргуулж Дэлгэр сумын хоршоо хөгжүүлэх санд олгуулах хууль зүйн үндэслэлтэй байна. П- тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана гэж зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д Бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэсний дагуу прокурор нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно. гэж зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар иргэн О.С- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төр, нийтийн ашиг сонирхолд 6,164,810 (зургаан сая нэг зуун жаран дөрөв мянга найман зуун арван) төгрөгийн хохирол учруулсан гэж үзэхээр байх тул хохирол гаргуулахаар П- нэхэмжлэл гаргаж байна. Иргэн О.С-аас хоршоо хөгжүүлэх сангаас авсан зээлийн үлдэгдэл 6,164,810 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын сумын Хоршоог хөгжүүлэх сангийн төрийн сан банк дахь 100050655401 тоот дансанд төлүүлж өгнө үү. П- нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч О.С- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.С- надад холбогдох 6,164,810 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийн мөнгийг 5 сарын хугацаатай буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.

4. Говь-Алтай аймгийн П- газар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Говь-Алтай аймгийн П- газрын орлогч прокурор Д.Г би Дэлгэр сумын Засаг дарга Ж.Дорждэрэмийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 43 дугаартай хүсэлтийг хүлээн аваад хариуцагч О.С-аас зээлийн үлдэгдэл 6,164,810 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. О.С- нь зээлээ тогтоосон хугацаанд төлж барагдуулбал эвлэрэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн П- газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.С-т холбогдох хоршоо хөгжүүлэх сангийн зээл 6,164,810 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч О.С- нь 6,164,810 төгрөгийг 5 сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн П- газар нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Говь-Алтай аймгийн П- газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.С-т холбогдох хоршоо хөгжүүлэх сангийн зээл 6,164,810 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 6,164,810 төгрөгийг 5 сарын дотор буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА