Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 305/ШШ2025/00436

 
 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С..... байх Х ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ........ оршин суух О-ийн Д-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 8,684,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,684,263 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: О.Д нь 2024 оны 06 сарын 07-ны өдөр тус банктай 2010106272 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 7,600,000 (долоон сая зургаан зуун мянган) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар онлайн цалингийн зээл авсан. Цахим зээлийн гэрээ нь Х нь харилцагч О- овогтой Д-ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2010106272 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7,600,000 (долоон сая зургаан зуун мянган) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээ зориулалтаар онлайн цалингийн зээл олгосон. 2010106272 зээлийн төлөлтөнд үндсэн зээл 220,800 төгрөг, хүүнд 182,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0 төгрөг нийт 403,449 төгрөг төгрөгийг төлсөн байна. Хны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 312 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 8,684,263 төгрөгийг хариуцагч О.Доос гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч О.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хны нэхэмжлэлтэй О.Д надад холбогдох 8,684,263 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд н хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж дуусгана гэжээ.

4. Х ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Төлбөр төлөх хуваарийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Дид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,684,263 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч О.Д нь 8,684,263 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Х ХК нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,898 төгрөгийн 76,949 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 76,949 төгрөгийг, хариуцагч О.Доос 76,949 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,684,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 8,684,263 төгрөгийг 5 сарын хугацаанд буюу 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,898 төгрөгийн 76,949 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 76,949 төгрөгийг, хариуцагч О.Д-оос 76,949 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА