Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00440

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Хөхморьт сум, 5-р баг, Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ...... оршин суух Н-гийн А-т холбогдох

9,575,350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,575,350 төгрөг гаргуулах тухай.

 2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ц ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөхморьт сумын 5-р багт оршин суух Нямсүрэн овогтой А нь зээлээр хүнсний бараа авсан. Удаа дараа төлбөрөө барагдуулах шаардлага тавьсан боловч тооцоогоо хийхгүй байгаа тул зээлж авсан хүнсний барааны үнэ 9,575,350 төгрөгийг тус компанийн /241200078852/ дансанд байршуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Н.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Н овогтой А миний бие нь Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын 5-р багт оршин суудаг нь үнэн. Тус сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ц ХХК-ийн Н дэлгүүрээс зээлж авсан барааны төлбөрийг 2027 оны 01 дүгээр сарын 01-нд төлж барагдуулсан байх болно гэжээ.

4. Ц ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н овогтой А- холбогдуулж 9,575,350 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.А нь 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэж хүлээн зөвшөөрсөн гэсэн тайлбар өгсөн тул зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А- холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,575,350 төгрөг гаргуулах  тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Н.А нь 9,575,350 төгрөгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Ц ХХК нь төлөх хуваарийг хүлээн зөвшөөрсөн хүсэлтийг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,155.60 төгрөгийн 84,077.8 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 84,077.8 төгрөгийг, хариуцагч Н.Аоос 84,077.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгох нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ц ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А- холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9,575,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид 9,575,350 төгрөгийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,155.60 төгрөгийн 84,077.8 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 84,077.8 төгрөгийг, хариуцагч Н.А-оос 84,077.8 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА