Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2025/00443

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ...... багт оршин суух Х овгийн Д-ийн М-гийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ........ тоотод оршин суух Ж овгийн А-ийн Д-т холбогдох

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч Д.М нь А.Д-т холбогдуулан машины үнэ 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 09 сард А.Д-аас Хово машин худалдаж авахаар тохиролцсон болно. Тухайн үед А.Д- нь энэ миний нэр дээр байдаг машин. Чи надад одоо урьдчилгаа болгож 10.000.000 төгрөг өгчих гэж хэлсний дагуу 2024 оны 09 сарын 22-ны өдөр ....... тоот данс буюу А.Д-ын данс руу шилжүүлсэн болно. Ингээд би мөнгөө шилжүүлсний дараа А.Д-аас машинаа авъя гэж хэлсэн боловч за чи байж бай, одоохон урьдчилгаагаа өгсөн юм чинь түр хүлээж бай би чамд өөрөө машинаа аваачиж өгнө гэж хэлээд ерөөсөө худлаа хэлээд байсан. Гэтэл надад зарна гэсэн машин нь өөрийнх нь дээр байдаггүй Банк бус дээр байдаг машин болохыг би сүүлд мэдсэн. Би А.Д-аас чи яах гэж надад худлаа хэлж надаас 10.000.000 төгрөг авсан юм бэ одоо мөнгөө авья гэхэд өгнө гэж хэлж худлаа хэлсээр өдийг хүрсэн. Иймд А.Д-аас миний 10.000.000 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгөхийг шүүхээс хүсэж байна гэж тайлбарлажээ.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч Д.М нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ........... тоот данс руу машин гэх утгаар 10,000,000 төгрөг шилжүүлсэн Д-н М-гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагджээ.

Уг Хаан банкны хуулгаар хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр *********** тоот данс руу 10,000,000 төгрөг шилжүүлэн авсан болох тогтоогдож байна.

3. Шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугар зүйлийн 243.1 хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь дээрх худалдах, худалдан авах 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

243.2.Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

Хариуцагч А.Д- нь 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

Хариуцагч А.Д- нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мөн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад товлолдогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 5 хүртэл хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэжээ.

Хэдийгээр хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүх дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэл гаргуулах шаардлага бүхий хэргийг ердийн журмаар буюу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч А.Д-аас машины үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон өөр ямар нэгэн алданги, торгууль нэхэмжлээгүй.

4. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д-н М-ээс Ж овгийн А-ийн Д-т холбогдуулан гаргасан машины үнэ 10,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн машины үнэ 10,000,000 төгрөгийг А-ийн Д-аас гаргуулж, Х овгийн Д-йн М-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Д-аас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХТУЯА