Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2025/00445

 
   

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Өлзийт сум, Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ....... оршин суух Б овгийн Н-ын М-д холбогдох

үндсэн төлбөр 664,650 төгрөг, алданги 332,325 төгрөг, нийт 996,975 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн төлбөр, алданги 996,975 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч Г ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.М нь Г ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Н.М нь Г ХХК-ийн зам зуур 1 шатахуун түгээх салбараас 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 252,000 төгрөгийн шатахууныг, мөн өдрөө 412,650 төгрөгийн шатахууныг тус тус авсан бөгөөд нийт 664,650 төгрөгийн шатахууныг авсан байна. Гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заасан бөгөөд 664,650 төгрөгийн алданги 332,325 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар алданги нь үндсэн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэж заасан байна. Иймд хариуцагч Н.Моос зээлээр авсан шатахууны төлбөр 664,650 төгрөг, алданги 332,325 төгрөг, нийт 996,975 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие хариуцагч Н-ын Мид холбогдуулан зээлээр авсан шатахууны төлбөр 664,650 төгрөг, алданги 332,325 төгрөг, нийт 996,975 төгрөгийг Г ХХК-д гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 996,975 төгрөгийг Г ХХК-д төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Мид холбогдох 996,975 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-ын Хариуцагч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 996,975 төгрөгийг Г ХХК-д төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,477 төгрөгийн тал хувь 14,238.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,238.5 төгрөгийг улсын орлогоос, 14,238.5 төгрөгийн хариуцагч Н.Моос тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Мид холбогдох 996,975 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,477 төгрөгийн тал хувь 14,238.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,238.5 төгрөгийг улсын орлогоос, 14,238.5 төгрөгийн хариуцагч Н.Моос тус тус гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ             Ч.МӨНХТУЯА