Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 305/ШШ2025/00459

 

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  Х ХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймгийн ........ оршин суух Д-гийн А-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 941,229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 941,229 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэгч Х ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Х нь харилцагч Д-гийн А-тай 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1160077123 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 (таван сая) төгрөгийг жилийн буюу 365 хоногийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгож Д.А-гийн Хасбанкин дахь 5003762717 харилцах дансанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Х-ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж байсан боловч зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн төлбөрөө бүрэн барагдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 201 хоног хугацаа хэтрүүлсэн байна гэжээ.

 3. Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нь ирүүлсэн хүсэлтдээ: Х ХК-ийн нэхэмжлэлтэй Д.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 941,229 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч Д.А- нь хэргийн явцад нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа татгалзлыг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох 941,229 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ийн хариуцагч Д.А- нь хэргийн явцад нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа татгалзлыг баталж шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээр нотлогдож байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй... гэжээ.

3. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,139 төгрөгийн тал хувь 13,569.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,569.5 төгрөгийг улсын орлогоос, 13,569.5 төгрөгийн хариуцагч Д.А-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.А-д холбогдох 941,229 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,139 төгрөгийн тал хувь 13,569.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,569.5 төгрөгийг улсын орлогоос, 13,569.5 төгрөгийн хариуцагч Д.А-гаас тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  

 

ШҮҮГЧ                      Ч.МӨНХТУЯА