Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01195

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2024/01182/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД: *******, утас: *******),

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* овогт (РД: *******, утас: ) нарт холбогдох,

“43,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.,

Хариуцагч Л.*******, Н.,

Хариуцагч Н.ийн өмгөөлөгч Ө.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Л.*******, Н. нарт холбогдуулан 43,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“...С.******* би өөрийн ааваас өвлөгдөж ирсэн хашаа байшинг 2011 онд худалдан борлуулж олсон мөнгөөрөө Дархан-Уул аймаг, ******* тоот 1 өрөө орон сууцыг худалдаж авсан. Тэр үед миний төрсөн хүү болох Л.******* нь Н.тэй гэр бүл болж хүүхэдтэй болсон байсан ба миний худалдан авсан байранд түр хугацаанд амьдарч байя гэж гуйхаар нь би зөвшөөрч тэд 2011 оноос эхлэн амьдарч эхэлсэн.

2022 онд хүү Л.*******, бэр Н. нар нь бид том талбайтай өөрийн гэсэн орон сууц худалдаж авах гэсэн юм, таны орон сууцыг худалдан борлуулаад өөрийнхөө байрны урьдчилгаа төлбөрт өгөх гэсэн юм. Бид аль болох удаахгүйгээр боломжтой болохоороо 1 өрөө орон сууц аваад өгье гэхээр нь би зөвшөөрсөн.

Миний 1 өрөө сууцыг тэр хоёр өөрсдөө үнэлж, худалдан авах хүнийг олж зарсан бөгөөд нэг өдөр нотариат дээр ирээд гарын үсгээ зур гэхээр нь би очиж зурж өгсөн. Хэдэн төгрөгөөр ямар хүнд зарж байгааг би тэр үед мэдээгүй бөгөөд сүүлд нь 43,000,000 төгрөгөөр Х.Баярцэцэг гэдэг хүнд зарсныг мэдсэн.

Хүү Л.*******, бэр Н. нар миний орон сууцыг зарсан мөнгийг урьдчилгаа төлбөрт төлж Дархан-Уул аймаг, ******* тоот орон сууцыг худалдан авч одоог хүртэл амьдарч байна.

Гэтэл энэ хоёр хүүхэд маань салж сарних дээрээ тулж, шүүхээр маргаж байгаа юм байна. Миний нэг өрөө орон сууцны мөнгийг гаргаж өг гэж хэлэхэд хүү Л.******* зөвшөөрч байгаа боловч бэр Н. нь мөнгө өгөх нь битгий хэл танай гэр бүлийн бүх хөрөнгийг аваад сална гэж хэл амаар намайг доромжилсон.

Хоёр хүүхдийн хэрүүл маргаан, гэр бүл цуцлах асуудлаас болж би аавынхаа өвлүүлж үлдээсэн хөрөнгийг үрэн таран хийгээд, эд хөрөнгөөрөө хохирч үлдэх ёсгүй тул 1 өрөө орон сууцны одоогийн зах зээлийн ханш болох 60,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж:

“...С.******* би хариуцагч нарт өгсөн Дархан-Уул аймаг, ******* тоот 1 өрөө орон сууцны төлбөрийг одоогийн зах зээлийн ханшаар тооцон нэхэмжилсэн.

Гэтэл хөрөнгийн үнэлгээний компаниас үнэлгээ хийх боломжгүй байна гэсэн хариу ирүүлжээ. Тухайн орон сууцны одоогийн үнэлгээг гаргах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй байх тул шаардлагаа багасгаж тухайн үед худалдсан үнийн дүнгээр тооцон 43,000,000 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.Хариуцагч Л.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...С.******* нь Л.*******оос 60,000,000 төгрөгийн нэхэмжлэл байна. Мөнгийг буцаан өгөх хүсэлтийг зөвшөөрч байна” гэжээ.

3.Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Миний бие Н. Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч С.******* нь надаас 60,000,000 төгрөг нэхэмжилсэн асуудал нь ямар ч ор үндэслэлгүй худал зүйл юм. Учир нь 2011 онд нөхөр Л.******* нь намайг өөрийн төрсөн гэртээ амьдарч байхад хүрч ирээд Чи бид хоёр байртай болсон. Ээж 1 өрөө байр өвч өгсөн. Хүүхдүүдтэйгээ гурвуулаа хамт амьдаръя гэж гуйсан. Тэгээд бид хамт амьдрах болсон. Улмаар 2021 он хүртэл тус 1 өрөө байрандаа амьдарч байгаад байраа 3 өрөө болгож томруулахаар ярилцаж нөхөр 1 өрөө байраа зарж шинээр авах байрны урьдчилгаа болох 30 хувийн урьдчилгаа мөнгийг төлж 3 өрөө байртай болсон. Нэхэмжлэгч С.*******ийн хүү Л.******* нь 2023 оноос гэр бүлээс гадуурх харилцаатай болж улмаар одоог хүртэл өөр хүүхэнтэй амьдарч байна. Нөхөр Л.******* нь гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан. Намайг 2 хүүхдийн хамт гудамд гаргана хэмээн удаа дараа доромжилж байгаа бөгөөд хадам ээж С.******* нь гэрийн бүх тавилгыг авч явна хэмээн гэрт дайрч орж ирэн миний биед халдсан явдал нь шүүхээр шийдэгдсэн. Нөхөр Л.*******ийн ярьснаар бол ээж надад байр авч өгсөн. Энэ байр хүүхэд бид гурвын байр гэж надад хэлээд тус байранд 10 жил амьдарсан. Нөхөр бид хоёр байраа томруулахаар болж хуучин амьдарч байсан 1 өрөө байраа зарахад С.******* нь бид хоёроос буцаан 1 өрөө орон сууц авна гэж огт хэлээгүй. Нөхөр бид хоёр ч гэсэн буцааж 1 өрөө орон сууц өгнө гэж хэлээгүй” гэжээ.

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймаг, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2021  оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4835 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 3-5, 23-25 хуудас)

5.Хариуцагч Н.ээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00900 дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 49, 60-71 хуудас)

6.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.ын хүсэлтээр Х. гэрчийн мэдүүлэг авсан болно. (хх 53-55 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч С.*******ийн хариуцагч Л.*******, Н. нарт холбогдуулан гаргасан 43,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч С.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Би 2011 онд өөрийн ааваас өвлөгдөж ирсэн хашаа байшинг худалдан борлуулж олсон мөнгөөрөө Дархан-Уул аймаг, ******* тоот 1 өрөө орон сууцыг худалдан авсан. Тэр үед миний төрсөн хүү Л.******* Н.тэй гэр бүл болж хүүхэдтэй болсон байсан ба байх газар байхгүй гэхээр нь би түр байрандаа амьдруулсан. 2021 онд хүү Л.*******, бэр Н. нар нь өөрийн гэсэн орон сууц худалдаж авах гэсэн юм, энэ 1 өрөө орон сууцыг зараад байрны урьдчилгаанд өгөөд боломжтой болохоороо танд 1 өрөө орон сууц аваад өгье гэсэн учир би зөвшөөрсөн. Ингээд 1 өрөө орон сууцыг тэд өөрсдөө хүн олж 43,000,000 төгрөгөөр зарж одоо амьдарч байгаа орон сууцаа худалдан авсан. Гэтэл Л.*******, Н. нар нь гэр бүлээ цуцлуулахаар болж би аавынхаа өвлүүлж үлдээсэн хөрөнгөөр хохирч байх тул 1 өрөө орон сууцны үнэ 43,000,000 төгрөгийг Л.*******, Н. нараас гаргуулж өгнө үү” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх ба хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...2011 онд охин Э. төрөөд би өөрийнхөө төрсөн гэрт амьдарч байхад Л.******* нь аав, ээж хоёр байр авч өгсөн, чи бид хоёр байртай болсон, хамт амьдаръя гэж гуйсан бөгөөд 2011 оноос хойш тус 1 өрөө байранд амьдарч байгаад 2021 онд байраа томруулахаар ярилцаж 1 өрөө байрыг зарж урьдчилгаанд өгч 3 өрөө орон сууцтай болсон. Тухайн үед үр хүүхдээ бодоод орон байр авч өгч байна гэж ойлгосон. Л.******* нь одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа бөгөөд салах болонгуут 10-аад жилийн өмнө өгсөн байраа нэхээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. С.******* нь 1 өрөө орон сууцыг буцааж авна, бид буцааж өгнө гэж огт ярилцаж байгаагүй” гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4835 бүртгэлийн дугаартай худалдах, худалдан авах гэрээ, гэрч Х. мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 307/ШШ2025/00900 дугаартай шийдвэр, зохигчдын тайлбар зэргээр Дархан-Уул аймаг, ******* тоот, 18 мкв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч С.******* нь 2011 онд худалдан авч, 2021 онд 43,000,000 төгрөгөөр Х.Баярцэцэгт худалдсан, тухайн орон сууцанд хариуцагч Л.*******, Н. нар нь 2011 оноос 2021 он хүртэл амьдарч байгаад зарж борлуулан уг мөнгийг Дархан-Уул аймаг, ******* тоот 3 өрөө орон сууцыг худалдан авах урьдчилгаа төлбөрт өгсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

5.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох гол үндэслэл нь улсын бүртгэлийн газарт өмчлөх эрхээ бүртгүүлснээр үүсэх, дуусгавар болох бөгөөд маргаан бүхий зарж борлуулсан гэх Дархан-Уул аймаг, ******* тоот, 18 мкв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2011-2021 оны хооронд нэхэмжлэгч С.*******ийн өмчлөлд байсан байх бөгөөд өмчлөх эрхийг хариуцагч нарт шилжүүлээгүй, тухайн хөрөнгийг хариуцагч нарыг анх гэр бүл болоход зориулан өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул орон сууцыг хариуцагч нарыг гэр бүл болоход зориулагдсан хөрөнгө гэж үзэхгүй юм.

Харин 2011-2021 оны хоорондох хугацаанд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Л.*******, Н. нарын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д “Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Тодруулбал, Нэхэмжлэгч нь орон сууцыг өөрийн хүү, бэр хоёрыг орон сууцтай болтол нь түр амьдрах зориулалтаар үнэ төлбөргүй ашиглуулсан байна.

Талуудын хооронд үүссэн дээрх гэрээний харилцаа зохигчид тухайн орон сууцыг зарж борлуулан хариуцагч нар нь орон сууц худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгөхөөр тохиролцсон үеэс эхлэн дуусгавар болсон байна.

6.2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр маргаан бүхий 1 өрөө орон сууцыг зарж борлуулан мөнгийг нь хариуцагч нарт орон сууц авах урьдчилгаа төлбөрт өгсөн үйл баримтын тухайд дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ” гэж зааснаар бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Учир нь нэхэмжлэгчийн тайлбарласанчлан түүний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг хариуцагч нар худалдан борлуулж орон сууцны урьдчилгаа төлбөрт өгөөд дараа нь уг мөнгийг буцаан төлнө гэж тохиролцсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч С.******* нь тухайн мөнгийг өөрийн хүүгээ орон сууцтай болоход нь зориулж бэлэглэсэн боловч хүү бэр нар нь гэрлэлтээ цуцлуулах, орон сууцны өмчлөх эрхийн асуудлаар шүүхэд маргаан үүсгэсэн тул тухайн урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө гаргуулахаар буцаан шаарджээ.

7.Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д “Бэлэглэгч, түүний өвлөгч дараахь тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй: 280.1.1.бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн” гэж заасан.

Нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө зарж борлуулан хариуцагч нарыг орон байртай болоход нь урьдчилгаанд зориулж 43,000,000 төгрөгийг өгсөн боловч хариуцагч нар нь тухайн орон сууцанд цаашид хамт амьдрах боломжгүй болсон буюу гэрлэлтээ цуцлуулсан нь бэлэглэгчийг гомдоосон гэх үндэслэлд хамаарч байх тул бэлэглэлийг хүчингүй болгож, хариуцагч Н., Л.******* нараас 43,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрх үүссэнээс хойш 1 жилийн дотор буюу хариуцагч нарын гэрлэлтээ цуцлуулах асуудлыг мэдсэн даруй шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т заасантай нийцэж байна.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 280 дугаар зүйлийн 280.1-д тус тус зааснаар хариуцагч Л.*******, Н. нараас 43,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН