Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 307/ШШ2025/01199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 307/2025/01154/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* тоотод оршин суух ******* ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД:*******, утас: *******)-д холбогдох,

“Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтаас нэр хасуулахыг даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч *******-д холбогдуулан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтаас нэр хасуулахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“... 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Бага оврын трактор худалдан борлуулах тухай зээлийн гэрээг анх байгуулахад тухайн үеийн нэршлээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажилтан нь ажлын өрөөндөө трактор авах хүний хамт намайг дагуулан орж миний иргэний үнэмлэхийг авч канондоод гэрээ, баримтад гарын үсэг зуруулан хүлээлгэн өгч байсан. Нэхэмжлэгч Н.******* би бага оврын тракторыг авч байгаагүй. Энэ талаараа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд хүсэлт гаргахад тус сан нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/208 тоот албан бичгээр “...Бот-2014/148-8, Бот-2014/148-7, Бот-2014/148-6, Бот-2014/148-4, Бот-2014/148-5, Бот-2014/148-3, Бот-2014/148-2, Бот-2014/148-1, Бот-2014/148 зэрэг зөвшөөрлийн хуудастай 10 ширхэг бага оврын тракторыг 20,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөн хүлээн авсан байх ба уг зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөг байна. Тиймээс Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтаас хасалт хийх боломжгүй байна” гэсэн хариу өгсөн. Би бага оврын эхний тракторыг авахад цуг байсан түүнээс хойш очоогүй юм. Хөдөө аж ахуйг дэмжих сан нь трактор авч байгаа этгээдийн иргэний үнэмлэхийг авч, гэрээ хийгээд зөвшөөрлийн хуудас олгон, гадаа талбай дээрээс бага оврын тракторыг түлхүүрийн хамт хүлээлгэн өгч байгаа харагдсан. Дараа дараагийн трактор олголт тиймэрхүү дарааллаар явагдсан байх. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нэг ч тракторыг бодитоор хүлээн аваагүй, бага оврын тракторын урьдчилгаа мөнгө төлөөгүй хүнийг трактор хүлээн авсан, мөнгө төлсөн мэтээр банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтад оруулж дур зоргоороо үйлдэл гаргаж байхын оронд тракторыг зөвшөөрлийн хуудсаар хүлээн авч явсан хүмүүсээсээ зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх нь зүйд нийцэх болно. Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтаас Н.******* миний нэрийг хасуулахыг даалгаж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/208 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, нэхэмжлэгч Н.*******ийн зээлийн мэдээллийн лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0989 бүртгэлийн дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-4, 37 хуудас)

3.Хариуцагчаас *******-ийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/611 дугаартай итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, бага оврын трактор олгох зөвшөөрлийн хуудаснууд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, орлогын мэдүүлгийн баримтууд нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Бот-2014/148 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ” зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 26-27, 38-59 хуудас)

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтаас нэр хасуулахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Н.******* тухайн үед улсын их хурлын гишүүн Д. туслах байсан. Н.******* нь тухайн үед зээлийн гэрээ, баримтад төлөөлж гарын үсэг зурсан, тракторуудыг өөрөө хувьдаа аваагүй, нэг ч трактор бодитоор хүлээж аваагүй, урьдчилгаа мөнгийг төлөөгүй гэж хэлдэг. Иймээс миний нэр Монгол банкны зээлийн мэдээллийн санд хар жагсаалтад орох ямар ч үндэслэл байхгүй, тракторуудыг зөвшөөрлийн хуудсаар хүлээн авч явсан хүмүүсээс зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх нь зүйтэй гэдэг. Одоог хүртэл *******-аас зээл гэж Н.*******аас мөнгө нэхсэн зүйл байхгүй, урьдчилгаа мөнгө төлөөгүй, трактор хүлээж аваагүй хүнийг зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтад оруулсан нь үндэслэлгүй ” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Н.******* нь 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас бага оврын трактор зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Харин тракторуудыг хүлээлцсэн хүмүүсийн нэрсийг гэрээний хавсралтаар оруулсан болохоос яг үндсэн зээлийн гэрээн дээр Н.******* гарын үсэг зурж зээлийг авсан, одоо манай байгууллагад 27,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, хугацаа хэтэрсэн зээлтэй байна. Үүнийг манай байгууллага Монгол банктай байгуулсан зээлийн мэдээллийн санд мэдээлэл илгээх гэрээний дагуу Н.*******ийн мэдээллийг оруулсан. Тийм учраас нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл өр төлбөрөө төлсөн тохиолдолд манай байгууллагаас Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн ангиллаас гаргах боломжтой” гэж тайлбарлаж байна.

4.Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэхэмжлэгчийн талаар “...зээл, хүү 0%, олгосон огноо 2012-06-01, төлөгдөх огноо 2017-06-01, үндсэн зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөг, ангилал-муу” гэсэн мэдээлэл бүртгэгдсэн болох нь зээлийн мэдээллийн лавлагаагаар тогтоогдож байна.

 5.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар “зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, зээлийн төлбөрийн талаарх мэдээллийг, "зээлийн мэдээллийн сан" гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг ойлгох бөгөөд зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг мэдээллийн санд мэдээлэл нийлүүлж байгаа …төрийн байгууллага магадалж, хариуцахаар заажээ.

Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар зээлдэгч нь зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т зааснаар мэдээлэл нийлүүлэгч нь зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй байна.

6.Хэрэгт нотлох баримтаар 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Бот-2014/148 дугаартай “Бага оврын тракторыг худалдан борлуулах зээлийн гэрээ” авагдсан байх ба тухайн гэрээг нэг талаас Тариалан эрхлэлтийг Дэмжих сан, нөгөө талаас Н.******* нар FT-250 маркийн 10 ширхэг бага оврын тракторыг зээлдэгчийн өрхийн аж ахуйг дэмжих, хөгжүүлэх зориулалтаар хүүгүйгээр олгох, гэрээний урьдчилгаа 40 хувь 20,000,000 төгрөгийг төлж эд хөрөнгийг хүлээн авах, үлдэгдэл 60 хувь 30,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаанд хуваан төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагчаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан татан буугдаж үйл ажиллагаа нь *******-д шилжиж ирсэн, тухайн сангаас олгосон зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлдэг гэж тайлбарладаг.

7.Нэхэмжлэгчээс дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн үлдэгдэл 27,000,000 төгрөг төлөгдөөгүй гэх үйл баримтад маргаагүй болно. Харин тухайн зээлийг өөртөө хувьдаа аваагүй, зээлийн гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан, тракторыг бодитоор хүлээж аваагүй гэж маргаж байна.

8.Дээр дурдсанаас дүгнэхэд зохигчдын хооронд зээлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байгаа зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хугацаандаа гүйцэтгэж дуусгавар болгоогүй байх тул хариуцагч нь зээлийн мэдээллийн санд мэдээлэл илгээсэн байна. Хариуцагчийн тус үйлдэл хуульд нийцжээ.

9.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зээлийн мэдээллийн санд ямар үндэслэлээр мэдээлэл нийлүүлсэн эсэх, мэдээлэл үнэн бодитой эсэх асуудлаар л дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан бусад асуудлаар хариуцах этгээдүүдэд нь холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй.

Мөн хавтаст хэргийн 10-20 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь тус иргэний хэрэгт хамааралгүй баримтууд байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.*******ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн муу зээлдэгчийн жагсаалтаас нэр хасуулахыг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН