| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2025/00056/И |
| Дугаар | 307/ШШ2025/01212 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 307/ШШ2025/01212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00056/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* тоотод оршин суух ******* ******* (РД: *******, утас: *******)-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* байрлах ******* (РД: *******, утас: *******)-д холбогдох,
“Тушаал хүчингүй болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч А.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******,
Гэрч Э.*******, Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч *******-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...Нэхэмжлэгч А.******* миний бие *******-д 2008 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХГ-2023-339 дугаар хөдөлмөрийн гэрээний дагуу *******-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил эрхлэх явцад тус уурхайд хийгдэж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн гуравдугаар шатны үзлэгийн үед 13:00 цагийн орчим миний амьсгал дахь спиртийн агууламжийг шалгахад 0.45 хувийн согтолтын зэрэг тогтоогдож улмаар надад зөрчлийн хуудас гардуулж *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай “А.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар ажлаасаа халагдсан.
Гэвч А.******* миний бие тухайн өдөр ажлын байран дээрээ архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй. Харин эмчийн заавраар зүрхний хэм алдалт пүүлс буулгах зорилгоор долоогонын ханд бусад төрлийн дархлаа дэмжих витамин ууж байсан. Учир нь Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайд 2024 оны 10 дугаар сард “Арвижих ази тун” ХХК-ийн зүгээс эмчийн үзлэг болон эмийн борлуулалтын үйл ажиллагаа явуулах үеэр эмчийн зүгээс надад дээрх эм болон амин дэмүүдийг уухыг зөвлөж, жор бичиж өгсөн тул би жорын дагуу тус эм болон витаминуудыг худалдан авч, ууж хэрэглэсэн.
Энэ талаараа ч тайлбарыг удирдлагууддаа хэлж бичгээр тайлбар өгсөн боловч дээрх байдлыг минь огт авч хэлэлцээгүй бөгөөд *******-ийн захиргаа удирдлагын газрын дарга н.Билгээгийн зүгээс намайг өөрийн уурхайн даргын ажлыг сайн дураараа хүлээлгээд өгчих, тэгвэл чамайг ядаж инженер болгож үлдээе гэх мэтээр шахалт үзүүлж эхэлсэн.
Дээрх байдлаар намайг эм, эмийн бүтээгдэхүүн, амин дэм хэрэглэсэн, түүнийгээ харуулж тайлбарлаж байхад ажил эрхлэх явцдаа согтуу байсан хэмээн илт шударга бус хандсан нь ч миний ажлын байрыг ямар нэгэн аргаар булаах гэсэн арга нь гэж хардаж байна.
Ийнхүү А.******* миний бие ажлын байран дээрээ ажил эрхлэх явцдаа согтуу байгаагүй тул дээрх үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“... *******-ийн ******* 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гуравдугаар шатны үзлэг хийгдэж байх явцад Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга А.*******ийг драйгер багажаар хэмжихэд амьсгал дахь спиртийн агууламж 0.45 хувийн зэрэг тогтоогдсоны дагуу түүний харьяа нэгжийн дарга Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсийн дарга П. зөрчлийн хуудас үйлдсэн. Зөрчлийн хуудас болон холбогдох баримтуудыг судлан үзээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/1258 дугаартай А.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гарсан.
*******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5.1-д болон А.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д “Ажлын байранд болон ажлын цагаар, ажлын талбайд хүргэх болон ирэх унаанд суух үед, кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ компанийн объектод нэвтэрсэн, ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн, зөвшөөрөгдөөгүй газарт гурваас дээш удаа тамхи татсан нь нотлогдсон” гэж, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журмын 8.1-д “Гэнэтийн шалгалтыг урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлын байранд хэнээс ч, хэзээ ч авч болно” гэж, 11.3-т “Ажилтныг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль буюу уг хэмжээнээс их гарсан эсхүл мансууруулах, эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдвол хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ” гэж тус тус заасныг үндэслэж А.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.
Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга А.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зөрчлийн хуудаст холбогдуулж гаргасан тайлбартаа эмчийн заалтаар долоогонын ханд хэрэглэсэн гэж дурдсан атлаа Ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн, технологийн газрын дарга, Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн даргаар ахлуулсан гуравдугаар шатны гэнэтийн шалгалтын үед болон зөрчлийг шалгаж байх явцад энэ тухайгаа нотолсон өөрийгөө өмгөөлөх, цагаатгах баримт гаргаж өгөөгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгчээс *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай “А.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар, *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаартай дотоод албан бичиг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А.*******ий гараар бичсэн тодорхойлолтын хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А.*******ий гараар бичсэн тайлбарын хуулбар, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УУҮТХ24-10 дугаартай дотоод албан бичгийн хуулбар, согтолт хэмжсэн тухай баримтын хуулбар, Ж. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гараар бичсэн тодорхойлолтын хуулбар, зөрчлийн хуудасны хуулбар, “Арвижих ази тун” ХХК-ийн 1014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5 дугаартай тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХГ-2023-339 дугаартай хөдөлмөрийн гэрээний хуулбар, А.*******ий *******-д ажилласан жагсаалтын хуулбар, А.*******ий *******-д шагнагдсан шагналын жагсаалтын хуулбар, 2015, 2013, 2014, 2018 онд шагнагдсан жуух бичгийн хуулбарууд, Ойн медаль, Уурхайчин тэмдэг, Хүндэт тэмдгээр шагнагдсан үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 24/064 дугаартай өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 2-29 хуудас)
4.Хариуцагчаас *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/35 дугаартай итгэмжлэл, уурхайн даргын ажлын байрны тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, уурхайн даргын ажлын байрны тодорхойлолтын баталгаажуулалтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 92 дугаартай дотоод албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн УУҮТХ24-10 дугаартай дотоод албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зөрчлийн хуудас нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, согтолт хэмжсэн тухай баримт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ж. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гараар бичсэн тодорхойлолт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А.*******ий гараар бичсэн тодорхойлолт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А.*******ий гараар бичсэн тайлбар нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай “А.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, драгейр хэмжилтийн зураг, согтууруулах ундаа, мансуургуулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХГ-2023-339 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны бага эмчийн ажлын байрны тодорхойлолт нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн албаны бага эмчийн ажлын байрын тодорхойлолт баталгаажуулалтын хуудас нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, П. 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн гар тодорхойлолт, Ёс зүйн дүрмийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Азифарма” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/24/2279 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1299 дугаартай “Н. ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1264 дугаартай “Н. ажил хавсран гүйцэтгүүлэх тухай” тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. (хх 34-35, 44-77, 85-101 хуудас)
5.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.******* нарын хүсэлтээр гэрч П., Г., Н., Ж., Э.*******, Д.******* нараас, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч С., Б., Б. нараас мэдүүлэг авсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ын хүсэлтээр *******-аас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3/237 дугаартай нэхэмжлэгч А.*******ий цалингийн тодорхойлолт, ******* А.*******ий цалингийн түүвэр, ******* А.*******ий 2024 оны 10 дугаар сарын цагийн бүртгэл, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн физик химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/161 дугаартай “Журам батлах тухай” тушаалын хуулбар, баримт бичиг батлалт хяналтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, *******-ийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар цуглуулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр долоогонын ханд хэрэглэсний дараагаар согтолтын зэрэг илрэх эсэх талаар туршилтыг хийсэн болно. (хх 124-126, 129-163,168-173, 175-176, 189-197, 218-213 хуудас)
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч А.*******ий хариуцагч *******-д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгож, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч А.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Миний хувьд *******-д 2008 оноос хойш 2024 оны 10 дугаар сар буюу ажлаас халагдах өдөр хүртэл 16 жил ажилласан. Анх туслах ажилтнаар орж уурхайн даргын албан тушаал хүртэл дэвшин ажилласан. Тухайн үед болсон процесс бол 3 дугаар шатны үзлэг улиралд нэг удаа хийдэг. Энэ үзлэгийн хүрээнд уурхай дээр ямар нэгэн байдлаар архи уусан инженер техникийн ажилчид байна гэж нууцалсан дугаараас мэдээлэл ирсний дагуу тухайн үеийн харуул хамгаалалтын ажилтан ирж нийт инженер техникийн ажилчдыг үлээлгэсэн. Тухайн үед миний биеэс 0.45 хувийн согтолтын зэрэг илэрч, ажлын байран дээр ажлын цагаар архи уусан гэдэг зөрчил үүсгэж үүнээс болж ажлаас халсан. Миний хувьд ажлын байрандаа эм тариа, витаминууд хэрэглэж байсан ба архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Намайг архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрөөд өргөдөл бичээд өгчих, албан тушаал бууруулж ажилд авч үлдэх санал тавьж байсан. Тухайн үед би ажлын байранд, ажлын цагаар архи уугаагүй учраас зөрчлөөр нь халагдаад нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарлаж, шаардах эрхээ тодорхойлж байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг “...Нэхэмжлэлийн шаардлага нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаар “А.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасан. Хэрэгт А.*******ий үндсэн цалин болон сүүлийн 6 сарын хугацаанд авч байсан цалингийн цэсийг нотлох баримтаар гаргуулсан. Дундаж цалин хөлс бодох журмын дагуу А.*******ий авах ёстой цалингийн хэмжээг А.*******ийг ажлаас халагдахаас өмнөх 3 сарын хугацааны цалингаас дундаж цалин хөлсийг бодож гаргасан. 8-р сард 5,146,625 төгрөг, 9-р сард 5,172,750 төгрөг, 10-р сард 5,303,375 төгрөгийн цалин авсан байдаг. Ингээд нийт 3 сарын цалин 15,622,750 төгрөгийг 3 сард хуваахад нэг сард дунджаар 5,207,583 төгрөгийн цалин авч байсан. Үүнийг нэг сарын ажлын 22 хоногт хуваахаар нэг өдрийн цалин 236,708 төгрөг болж байна. Ингээд ажлаас халагдсан өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажлын 159 хоног байна. Үүнийг нэг өдрийн цалин болох 236,708 төгрөгөөр үржихэд 37,636,572 төгрөгийн цалингийн тооцоолол гарч байна. Иймд үндсэн цалин 37,636,572 төгрөгөөр тооцож, үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн бичилт хийлгэхийг шаардаж байна” гэж тодруулсан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болгож байгаа зүйл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, долоогонын ханд хэрэглэсэн байх үеэр шалгалт ирээд согтуурлын зэрэг тогтоосон гэдэг үндэслэлээр маргаж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэнэ гэдэг нь сахилгын ноцтой зөрчил. Тухайн ажил олгогч ажилтны гаргасан сахилгын зөрчлийг шалгаж тогтоох үүрэгтэй. Шүүх бол хөндлөнгийн байгууллага, тухайн өдөр нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна уу, эсвэл вивамагнизм гэж витамин хэрэглэсэн байна уу, пиво уусан байна уу, долоогонын ханд хэрэглэсэн байна уу гэдгийг тогтоох үүрэг байхгүй. Хэрэв тухайн үед нэхэмжлэгч долоогонын ханд уусан бол тухайн өдөр шалгаж байхад энэ тухайгаа хэлж нотлох ёстой. Хөдөлмөрийн тухай хуульд зөрчлийг компани 30 хоногийн дотор шалгах ёстой. Шууд зөрчил илэрсний маргааш ажлаас нь халах тушаал гаргасан ямар нэгэн байдлаар шахалт, дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Өөрөө тухайн үедээ “Вивамагнизм” гэж витамин хэрэглэсэн гэдэг тайлбар бичиж өгсөн байдаг. Шалгагч багажаар согтуурлын зэрэг 0.45 хувьтай гарсантай маргаагүй. Мөн гүйцэтгэх захирлын тушаалын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй. Яг намайг спиртийн суурьтай зүйл хэрэглэсэн байхад шалгалт орж ирээд ажлаас халсан гэдэг агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч н.ийн мэдүүлгээр дугаараа нууцалсан дугаараас залгаж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байна гэдэг асуудал тавьсны дагуу ирж шалгасан байдаг. Ийм ч учраас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь арай илүү үнэмшилтэй байна. Тухайн шалгах өдөр нэхэмжлэгч би үүнийг уусан, эсвэл дахиад үлээгээд үзье гэх байдлаар хандах боломж байсан. Үүний дагуу туршилт хийх ажиллагаа явагдсан. Туршилтаар долоогонын хандыг нэхэмжлэгч А.******* бид хоёр хэрэглэж үзсэн. Тэгэхэд над дээр 5-10 минутын дотор 00 промиль заасан. А.******* миний ходоод муу учраас ингэж заагаад байдаг гэж тайлбарладаг. Долоогонын ханд спиртийн суурьтай бүтээгдэхүүн ходоод руу ороод ходоодонд байгаад байдаг зүйл биш дороо шимэгдээд алга болдог. Тэгэхээр тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд 5-10 минутын дотор уусаад үгүй болно. Хэрвээ амандаа байлгаад, хадгалаад үлээлгэвэл магадгүй согтолтын зэрэг гарах байх” гэж тайлбарлаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа “...Нэхэмжлэгч А.******* нь *******-д ХГ2023339 дугаартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн гэрээний 7.5.1-т “Ажлын байранд болон ажлын цагаар ажлын талбарт, унаанд суух үед согтууруулах ундаа хэрэглэсэн, амьсгалд спиртийн агууламж 0,20-с дээш байгаа тохиолдолд ноцтой зөрчил гаргасанд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална” гэж талууд тохиролцсон. Мөн гэрээний сүүлийн хуудсанд гэрээ байгуулахад заавал танилцаж, гарын үсэг зурах баримт байдаг. Энд ажлын байрны тодорхойлолт, тухайн нэгжийн ажлын байрны журам, хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, компанийн ёс зүйн дүрэм зэрэг бүх дүрэм журам багтах ба уншиж зөвшөөрсөн А.******* гээд гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгч нь зөрчил гаргасан 2024 оны 10 дугаар сарын 31-ний долоогонотой холбоотой асуудал ярьдаггүй. Амьсгал дахь спиртийн агууламж 0.45 хувь гарсантай маргадаггүй. А.******* нь *******-ийн *******ар ажиллаж байсан. Төмөр толгойн уурхай бол 300-400 ажилтантай. Маш чухал, компаниас 30-д км зайтай байдаг томоохон нэгж. Уурхайн даргын ажлын байрны тодорхойлолтын 2.3.8-д “Уурхайн дарга нь хөдөлмөрийн сахилга батыг сахин компанийн хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийг дагаж мөрдөнө.” 2.3.17-д “Уурхайн ажилчдын хөдөлмөрийн сахилга батыг сахиулж, зөрчил арилгуулах харьяалах нэгж тасгийн даргад мэдээлэх, сахилгын арга хэмжээ авах санал оруулах”, 2.4.7-д “Нийт ажилтнууддаа ажлын хариуцлага, ёс зүйн талаар манлайлах” ийм үүрэгтэй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “Аривжих ази фарм” гэж компанийн эмч үзлэг хийгээд надад дээрх эмийг уухыг зөвлөж жор бичиж өгсөн тул жорын дагуу би авч уусан гэдэг. Үүнтэй холбоотой спирт, архины асуудал ярилаа гэдэг. “Аривжих ази фарм” компани тодорхойлолт гаргасан. Жор гэж гараар бичсэн баримтад спиртийн суурьтай буюу долоогонын ханд хэрэглэх ёстой гэж зөвлөсөн зүйл байхгүй. Мөн тухайн үед байсан уурхайн хоёр бага эмч гэрчийн мэдүүлэг өгсөн. Тухайн өдөр нэхэмжлэгчийн согтолтын зэрэг 0.45 хувьтай гарсан. Тэгэхэд А.******* дарга “Вивамагнизм” гэж витамин уусан өөр эм уугаагүй гэхээр нь ахлах инженер Д.*******д түүний уусан бэлдмэлийг уулгаад хэмжиж үзэхэд 00 хувь гардаг. Компанийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журам байдаг. Энэ журмын 6.9-д “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд, шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль буюу уг хэмжээнээс их гарвал энэ журмын 11.3-т заасан арга хэмжээг авна.” 11.3-т “Ажилтныг шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль буюу уг хэмжээнээс их гарсан эсхүл Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болох нь тогтоогдвол хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ." Компанийн ёс зүйн дүрмийн 7.1.5-д “Ажлын байранд болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн бодис хэрэглэж бусдыг дайлсан, нөхцөлөөр хангасан тохиолдол гаргахыг хориглоно. 9.1-т “Энэхүү дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд зохих журмын дагуу хариуцлага ногдуулна.” Мөн компанийн дотоод журмын 8.3.5-д Дараах зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзнэ. 5.3.5.1-т “Ажлын байранд болон ажлын цагаар ажлын талбайд хүрэх буюу ирэх унаанд суух үед согтууруулах ундаа хэрэглэсэн. Амьсгалах спиртийн агууламж 0.20 буюу түүнээс дээш байгаа тохиолдолд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцална.” гэж заасан. Нэхэмжлэгч эмч зөвлөж долоогонын ханд хэрэглэсэн гэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” Мөн хуулийн 25.2-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ. 25.2.1-д “Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, гаргаж өгөх үүрэгтэй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл Төмөр толгойн уурхайн 2 бага эмч хоёулаа гэрчээр мэдүүлэг өгч тайлбар гаргахдаа А.******* долоогонын ханд ууж байгаа мэдээлэл өгөөгүй, компаниас долоогонын ханд спиртийн суурьтай бэлдмэл өгөөгүй, цахим бүртгэлд байхгүй гэдгийг тайлбарласан. “Арвижих ази фарм” ХХК эсвэл бусад эмнэлгийн байгууллагаас А.*******ий эрүүл мэндтэй холбоотой, долоогоно, бусад эм бэлдмэл хэрэглэх заавар зөвлөгөө жор хэрэгт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлаж, талууд маргаж байна.
4.*******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай “А.*******ий хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалд “...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5.1, ажилтантай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ХГ-2023-339 тоот хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д заасныг тус тус үндэслэн Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга А.******* нь 2024.10.31-ны өдөр ажил эрхлэх явцад согтолтын зэрэг тогтоогдсон ноцтой зөрчил гаргасан тул 2024.11.25-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалсугай” гэжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, Ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болно. Ингэхдээ ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцлах тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тухайлан заахаас гадна ажилтны гаргасан зөрчил нотлогдсон байхыг шаардана.
*******-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.5.1-д “Дараах тохиолдлуудыг ноцтой зөрчил гэж үзнэ. Ажлын байранд болон ажлын цагаар, ажлын талбайд хүргэх болон ирэх унаанд суух үед, кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн /амьсгал дахь спиртийн агууламж 0.2 промиль ба түүнээс дээш байх/ үедээ компанийн объектод нэвтэрсэн, ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн” гэжээ.
2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №ХГ-2023-339 дугаартай хариуцагч *******, нэхэмжлэгч А.******* нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.5.1-д “Ажлын байранд болон ажлын цагаар, ажлын талбайд хүргэх болон ирэх унаанд суух үед кемпед согтууруулах ундаа хэрэглэсэн /амьсгал дахь спиртийн агууламж 0.02 хувиас дээш байх/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ компанийн объектод нэвтэрсэн, ахуйн байранд согтууруулах ундаа авч ирсэн, хэрэглэсэн, зөвшөөрөгдөөгүй газарт гурваас дээш удаа тамхи татсан нь нотлогдсон бол ноцтой зөрчил гаргасанд тооцож, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл болно” гэж заажээ.
Дээрх дүрэм журмуудтай нэхэмжлэгч танилцсан, тухайн журмуудыг удирдлагын хувьд мэднэ гэж тайлбарладаг бөгөөд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор талууд тохиролцсон байна.
5.Нэхэмжлэгч А.*******ийг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчил гаргасан гэж тогтоосон 2024 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн зөрчлийн хуудсаар: Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн дарга А.******* нь ажлын байранд болон ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн, амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.45 промиль гэсэн байх бөгөөд зөрчлийн талаарх ажилтны тайлбар хэсэгт А.******* нь Ажлын байр болон ажлын цагаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн согтолтыг хэмжсэн тухай баримт дээр А.*******ий 2024.10.31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тодорхойлохоор драйгер багажаар үлээлгэв. Согтолт 0.45% промиль байгаа нь үнэн, байлцсан П., Ж., Н., Д.*******, А.******* гэжээ.
Мөн нэхэмжлэгч А.******* нь зөрчил гаргасан гэх 2024.10.31-ний өдөр тодорхойлолт тайлбар бичсэн байх бөгөөд түүнд “...миний бие согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, тухайн өдрийн 1 цагийн үед viva de magnisium гэх витамин уусан” гэж, харин 2024.11.01-ний гаргасан тайлбартаа “...миний бие тухайн өдөр ажлын цагаар ажлын байранд ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд эмчийн заавраар долоогонын ханд хэрэглэсэн” гэжээ.
Гэрч П. "...тухайн өдөр харуулын ахлах н.******* намайг дуудсан. Очиж А.*******ийг драйгераар үлээлгэсэн. Тухайн үед драйгераар үлээлгэхэд спиртийн зэрэг нь 0,45 хувь гарсан. Viva de magnesium витамин хэрэглээд согтуурлын зэрэгтэй гарсан байх гэж А.******* хэлсэн. Тэгэхээр нь Э.******* гэдэг хүнд тухайн эмийг уулгаад драйгераар үлээлгэхэд спиртийн зэрэг гараагүй” гэж, гэрч Д.******* “...эмч орж ирээд драйгер үлээлгээд 0.45 хувь гарахад А.******* би долоогоно уусан байсан гэж хэлж байсан” гэж, гэрч Э.******* “...А.******* нь би витаминууд ууж байгаа гээд аль нэгийг нь сонгоод надад өгөх шиг болсон. Би тэрнийг нь уугаад драйгерт үлээхэд согтолтын зэрэг илрээгүй” гэж мэдүүлэг өгсөн байна.
6.Дээрх гэрч нарын тухайн өдөр А.******* нь ямар нэг эм бодис хэрэглэсэн гэж байсан гэх мэдүүлэг, мөн нэхэмжлэгч А.******* нь тухайн зөрчлийг газар дээр нь шалгах үед мөн согтууруулах ундааны зүйл бус эм бодис хэрэглэсэн гэж тайлбарлаж өөр ажилтанд хэрэглэж байсан эм витаминууд дотроосоо хамгийн сүүлд хэрэглэсэн гэх эмийг уулгаж үлээлгэж үзсэн гэх байдал, мөн шүүхээс туршилт хийх явцад илэрсэн үр дүнгээр долоогонын ханд хэрэглэсэн 10-20 минутад хүний онцлог байдлаас шалтгаалж согтуурлын зэрэг илэрдэг зэрэг нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримт эргэлзээтэй, бүрэн нотлогдож тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.
Шүүх 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч талын хүсэлтээр долоогонын ханд хэрэглэсний дараагаар драйгер багажаар согтолтын зэрэг илрэх эсэх дээр 2 багажаар туршилтыг харьцуулан хийсэн бөгөөд үүнээс хариуцагч байгууллагын драйгер багажаар илэрсэн үр дүнг нотлох баримтаар үнэлсэн болно.
*******-ийн Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнд хяналт тавих журмын 6.5-д “шалгалтын үр дүн нь эерэг гарсан хүнд 30 минутын дотор дахин сорил өгөхийг зөвлөнө” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь зөрчлийг шалган тогтоохдоо нэхэмжлэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эм бодис хэрэглэсэн гэж маргаж байхад дээрх журмын дагуу нэхэмжлэгчид дахин 30 минутын дотор сорил өгөхийг зөвлөж, эргэлзээтэй байгаа сорилын үр дүнг баталгаажуулаагүйгээс дээрх маргаан үүссэн байна.
Иймээс дээрх үндэслэлээр буюу нэхэмжлэгчийг ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тооцох журам”-ын 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж, мөн журмын 2.1.2-д “нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт өдрийн тоонд хуваана” гэж заасан.
Дээрх журмаар тооцоход:
Нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр ажлаас халагдсан, тус өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон өдрийг хүртэлх хугацаанд нийт ажлын 154 өдөр байна.
Нэхэмжлэгч А.******* нь ажлаас халагдахаас өмнөх 3 сарын хугацаанд 2024 оны 8-р сард 5,146,625 төгрөг, 9-р сард 5,172,750 төгрөг, 10-р сард 5,303,375 төгрөгийн цалин авсан байна. Нийт 3 сарын цалин 15,622,750 төгрөгийг тухайн саруудад ажилласан нийт ажлын өдөр болох 66 хоногт хуваахад нэг өдрийн цалин 236,708 төгрөг, үүнийг нийт ажилгүй байсан хугацаа болох 154 хоногоор үржихэд 36,453,032 төгрөг болж байна.
Иймээс хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 36,453,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, тухайн олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ: 158.2.2.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/1258 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.*******ийг *******-ийн Төмөр толгойн төмрийн хүдрийн уурхайн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 36,453,032 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, тухайн олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагч *******-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 340,215 төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НОМИН