Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Б.Амартүвшин

Шүүгдэгч Э.А- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.А-т холбогдох эрүүгийн 1838002470111 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Э.А-,

Шүүгдэгч Э.А- нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод эхнэр Х.Х-тай маргалдаж улмаар түүний биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.А- нь согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод эхнэр Х.Х-тай маргалдаж улмаар түүний биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч Х.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нөхөр Э.А- маань намайг хардалтын улмаас дарамталж зоддог байсан. Би энэ асуудал гарахаас өмнө нийт 2 удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. М-гийн гэрт нөхөр Э.А- бид 2 үлдсэн. Үлдсэн байхад нөхөр Э.А- маань чи дэлгүүр орохдоо дуудлагын такси дуудлаа, таксины жолоочийг яаж танидаг юм бэ гэж хардаад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би цохиулчихаад доошоогоо хараад суугаад байж байхад гаднаас М-гийн эхнэр, М-гийн найзын эхнэр 2 орж ирсэн. Тэр 2 орж ирээд юу болов гэж асуухаар нь намайг нөхөр маань цохичихлоо гэж хэлээд хажуугаар нь зөрөөд гадаа гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

            Гэрч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хүргэн Э.А- маань охин Х.Х-тай маань суусан цагаасаа хойш хардалтын улмас байнгын зодож нүддэг байсан. Сүүлийн үед нилээн хэдэн удаа зодсон. Би охиныгоо зодуулсан байхад нь хоёр ч удаа цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хамгийн сүүлд цэргийн баярын өдөр байхаа охиныг маань зодож нүдийг нь хөх алаг болгосон байсан. Одоо охин маань нөхөр Э.А-аасаа салах гээд надтай хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Э.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэр Х.Х-ынхаа хамтаар М-гийн гэрт үлдсэн, үлдсэн байхдаа би эхнэрээсээ чи дуудлагын таксины жолоочийн дугаар яаж мэддэг юм бэ гэж асуухад чамд ямар хамаатай юм бэ гэж байсан. Тэгэхээр нь би уурандаа нүүр лүү нь баруун гараараа цохьсон. Намайг цохин үед эхнэр маань нүүрээ дараад байж байхад гаднаас Должоо, Шаркаа хоёр орж ирсэн. Тэр хоёрыг орж ирэхэд эхнэр Х.Х- маань зөрөөд гараад явсан. Гарч явчихаад удалгүй буцаж орж ирсэн. Орж ирэхдээ цагдаа дагуулсан орж ирсэн. Тэгээд тэр цагдаа нар нь намайг цагдаа руу дагуулж яваад эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг,

            Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 161 дугаартай:

  • Х.Х-ын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  • Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Э.А- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 41-61-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838002470111 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.А-ийг гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.АРИУНЖАРГАЛ