| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2308000002281 |
| Дугаар | 2024/ДШМ/587 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ДШМ/587
2024 5 21 2024/ДШМ/587
Б.Я-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Т,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А,
нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Наранжаргал, шүүгч С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлээр холбогдох ....................дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Я нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...............дүүргийн .... дугаар хороо, ..... дугаар байрны ..... тоотод хамтран амьдрагч Д.О-тэй маргалдаж толгой, цээж хэсэгт нь ганжингаар цохисны улмаас амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Я-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ийн цагдан хоригдсон нийт 119 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я-ээс 7.099.250 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 2 ширхэг ганжинг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисст”-т даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Я-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Я-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Прокурор Т.Т бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Амгалангаас оршуулгын зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн 7.099.250 төгрөгийг шүүгдэгч Б.Я-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй гэх үндэслэлээр гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг шийдвэрлээгүй орхигдуулжээ. Тодруулбал: Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуульд заасны дагуу Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд энэхүү жишиг аргачлалын 3.3-д Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж шүүхэд императив буюу үүрэг болгосон зохицуулалт тусгагдсан. Гэтэл амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А /төрсөн хүү/ нь тухайн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийг гаргаагүй боловч энэ нь тухайн хурлын үед тогтоогдсон нөхцөл байдал болохоос биш цаашид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг хязгаарлах ойлголт биш болно. Учир нь шүүх үүрэг болгож хэрэгжүүлэхээр заасан зохицуулалтыг нэг мөр хэрэгжүүлээгүй /сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхиж, цаашид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж/ нь гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг энэ тогтоолоор хязгаарласан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан заалт болон Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолуудыг зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсэгт “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхийг энэ тогтоолоор нээлттэй үлдээж, шийдвэрлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх зүйл байхгүй, би прокурорын эсэргүүцлийг ойлголоо, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй, анхнаасаа нэхэмжлэхгүй гэж хэлж байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.Я нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ....... дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ......тоотод хамтран амьдрагч Д.О-тэй маргалдаж толгой, цээж хэсэгт нь ганжингаар цохисны улмаас амь насыг нь хохироож хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ийн “...Манай аав архи согтууруулах ундаа тогтмол биш ч хааяа хааяа уудаг байсан. ...Я гэх эмэгтэйтэй сүүлийн 2 жил гаруй хамтран амьдарч байгаа. ...” /1хх 74-76/,
гэрч О.О-ын “...талийгаач том өрөөний цонх руу толгой нь харсан байдалтай, зурагт тал руу хөл нь харсан, дээшээ харсан байдалтай, нэг хөлөө нөгөө хөлөн дээрээ ачсан, өмд нь доошоо өвдөг, бүдүүн гуя хоёрын дунд хүртлээ шувтарсан байдалтай байхаар би согтуу байна гэж бодсон. ...Үүдний өрөөний гэрэл том өрөө рүү тусдаггүй учир талийгаач надад эхлээд ороход сайн харагдаагүй, би согтуу унтаж байна гэж бодоод орхисон. Харин шөнө 1-2 цагийн орчимд ирэхэд үүдний өрөөний гэрэл асаалттай бусад гэрэл унтраастай байсан. Би амь хохирогчийг дөхөж очоод харахдаа том өрөөний гэрлийг асаагаад харсан юм. ... ” /1хх 79-81, 84-87/,
гэрч Ш.З-ын “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хажуу айлд чанга дуу чимээ гараагүй. 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрийн хаалганы гадаа 1 эрэгтэй 2 эмэгтэй маргалдаж байсан. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өглөө би гэрээсээ гарсан чинь саарал куртиктэй эмэгтэй манай хаалганы хажуу ханыг налаад сууж байсан. ... “/1хх 90-91/,
гэрч Ц.Б-ийн “...Би цэвэрлэгээ хийж дуусаад 20 цагийн үед давхруудаа шалгахаар 12 давхарт гартал тус байрны ....тоотод амьдардаг гэх эмэгтэй нэг цэнхэр куртиктэй, 40 орчим насны эрэгтэй хүнтэй дахиад хамт архи ууж байхаар нь гар гэж хэлээд явуулсан. ...” /1хх 95-100/,
гэрч Д.Б-ын “...Тухайн эмэгтэй тэр байрны 8 дугаар давхарт хүүтэй амьдардаг гэж ярьж байсан. Мөн 8 дугаар давхарт гараад зүүн гар талын хамгийн мухрын хаалганы хонхыг дараад хүү ирээгүй байна гэж байсан. ...” /1хх 102-103/,
гэрч Б.Б-ын “...2023 оны 12 дугаар сарын 17-ны өглөө сэрээд би 09 цагийн үед шар дэлгүүр орж, архи аваад буцаж гэртээ ороод хамт уусан. ...Тэр эмэгтэй 12 цагийн үед манайхаас гараад явсан... /1хх 105-107/,
гэрч Л.Э-ийн “...Талийгаач архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг. Архи уухгүй өдөр ховор, хамтран амьдрагч гэх хүүхэнтэйгээ архи уусан үедээ маргалдаж муудалцаад талийгаач нь хамтран амьдрагчаа зодоод байдаг байсан. ...Хамтран амьдрагч эмэгтэй хэд хоногоор яваад алга болчихдог. Талийгаач араас нь очоод аваад ирдэг байсан. ...” /1хх 119-120/,
шинжээч эмч Ч.Э-ын “...шууд бус хугарал гэдэг нь хүч үйлчилсэн газраас өөр газраар хугарахыг хэлдэг. ..Хүний биеийн хэсгээр бол хөлөөр дэвсэх зэрэгт үүсдэг. ...Талийгаачийн цогцос нь ялзарч муудсан, цогцсын эрт үеийн өөрчлөлт буюу хүүрийн хөшилт нь тавигдсан, хүүрийн толбо дарахад арилахгүй болсон байсан. Хүн нас барснаас 72 цаг буюу 3 хоногоос дээш хоноход хүүрийн хөшилт тавигдаж, хүүрийн толбо дарахад арилахгүй болдог. ...Ганжин буюу модон гурилын элдүүр нь хязгаарлагдмал буюу жижиг талбайтай учраас хүний цээж рүү цохих үед шууд хугарал үүсгэнэ. Харин нүүрний ясны хугарал нь ганжингаар цохиход үүсэх боломжтой. Хүн юмыг дэвсэх үед хөлийн цохилт савалтын хүчнээс гадна биеийн жингээрээ цохих учраас талийгаачид учирсан гэмтлүүдийг үүсгэхэд эр, эм хүйсийн ялгаа байхгүй. ...” /2хх 97-99/ гэх мэдүүлгүүд,
“…Б.Я-ийн биед баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 584 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх 183-184/,
“...Талийгаач Д.О-ийн цогцост баруун 3-10, зүүн 2-8 дугаар хавирганы шууд бус хугарал, баруун ухархайн гадна ба доод хана, хацар яс хамарсан хэлтэрхий үүсгэсэн хугарал, толгойн хуйхан доорх болон хоёр талын чамархайн булчин, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зовхины гадна хэсэгт шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэн, чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, чихэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд нас барахын өмнөхөн үүссэн байхаар байна. Дээрх гэмтлүүдийг талийгаач өөрөө өөртөө учруулах боломжгүй. Гэмтэл учирснаас хойш үйл хөдлөл хийх боломж багатай бөгөөд богино хугацаанд нас барсан байна. Дээрх гэмтлүүдээс баруун 3-10, зүүн 2-8 дугаар хавирганы шууд бус хугарал, баруун ухархайн гадна ба доод хана, хацар яс хамарсан хэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, толгойн хуйхан доорх болон хоёр талын чамархайн булчин, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зовхины гадна хэсгийн шарх, зулгаралт, зүүн чихний дэлбэн, чамархай, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, чихний зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугалгын цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачийн цогцос ялзарч муудсан байх тул архаг хууч өвчнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Талийгаач нь нас бараад 72 цагаас дээш хугацаа өнгөрсөн байх бөгөөд цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн цогцост бусадтай тэмцэлдсэн гэхээр гэмтэл үгүй байна. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4.2 промиль илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Талийгаач нь баруун 3-10, зүүн 2-8 дугаар хавирганы шууд бус хугарал, баруун ухархайн гадна ба доод хана, хацар яс хамарсан хэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 152 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 212-221/,
“...Б.Я гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Я нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох өөрийгөө удирдан жолоодох чадвартай байсан байна. Б.Я-д санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Б.Я нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Я нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.Я нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Я нь өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. Б.Я нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Я нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Я-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 201 дүгээр шинжээчийн дүгнэлт /2хх 90-92/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 2/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 1/, хэргийн газрын схем зураг /1хх 3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-14/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-39/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 42-45/ хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 54-57/, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 59-68/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Я-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Тодруулбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх, гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг бөгөөд үхлийн шалтгааныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт болон гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд учирсан хохирол болон энэ үр дагавар нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг шүүх үндэслэлтэй тогтоосон байна.
Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Я-г хамтран амьдрагч Д.О-тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар ганжингаар цохиж, цээжин тус газар нь өшиглөж “баруун 3-10, зүүн 2-8 дугаар хавирганы шууд бус хугарал, баруун ухархайн гадна болон доод хана, хацар яс хамарсан хэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтэл учруулан амь насыг нь хохироосон буюу хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүхээс Б.Я-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан бөгөөд анхан шүүхээс шүүгдэгч Б.Я-д тухайн зүйлд заасан хорих ялын хэмжээний дотор 9 жил 6 сарын хорих ял оногдуулсныг хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэжлэхгүй гэж тайлбарлаж байгаа нөхцөл байдлыг харгалзан прокурорын энэ талаар бичсэн эсэргүүцлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Я гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Я нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Я 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ