| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0272/З |
| Дугаар | 128/ШШ2025/0697 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2025/0697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д******* овогт С******* О******* /РД:*******/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба,
Гуравдагч этгээд: Б******* овогт Б******* Т /РД:/,
Маргааны төрөл: газар эзэмших эрх олгосон болон шилжүүлсэн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё., хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.И нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг О.Тэмүүлин хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.
1.2. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар.
2.1. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар С******* д Чингэлтэй дүүрэг, хороо /хуучнаар хороо/, Ш хаягт байрлах 279 м.кв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж,
2.2. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар дээрх газрыг эзэмших эрхийг Бгийн Тт шилжүүлсэн.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч “аав, ээжийн хамт амьдарч байсан, 2005, 2012 онд барьсан 2 байшин 2016 онд гал түймэрт өртөж, 2021-2024 онд сэргээн барьж амьдарч байсан хашааны газрыг төрсөн эгч С., түүний хүүхэд Б.Т нар эзэмших эрх авсан, С.ыг нас барсны дараа газар эзэмших эрх олгосон захирамж гарсан нь эрх зүйн чадваргүй этгээдэд эрх олгосон шийдвэр тул “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр илт хууль бус хэмээн маргаж, хариуцагч, гуравдагч этгээд нар маргаан бүхий газарт нэхэмжлэгч С.О*******ын 2 байшин байдагтаа маргадаггүй бөгөөд “С. газар эзэмших хүсэлтээ өгөх үедээ эрх зүйн чадвартай байсан, нас барснаас нь хойш газар эзэмших эрх олгосон захирамж гарсан нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа удааширснаас үүдэлтэй тул илт хууль бус гэж үзэхгүй” хэмээн тайлбарлажээ.
3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Чингэлтэй дүүргийн хороо, Шд байрлах өвлийн болон зуны 2 сууцны доорх нэгж талбарын дугаартай 297 м2 газрыг С******* д эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсэг болон энэ шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Тт шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын холбогдох хэсэг нь дараахь үндэслэлээр илт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.
Миний аав, ээж хоёр 1970-аад оноос хойш Шд оршин сууж, 8 хүүхдээ өсгөн амьдарсан, энэ үед оршин сууж байсан газар нь хожим сансраас авсан зургаар 2005 онд Н.Д, Б.Т нарын нэр дээр бүртгэлтэй байсан 738 м2 хэмжээтэй нэгж талбарын ******* дугаартай хоосон газар, одоо маргаж буй нэгж талбарын дугаартай миний байшингууд орших 297 м2 газар гэсэн 2 хэсэгт хуваагдан газрын мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг. Аав С 1993 онд, ээж Н.Д 2005 онд тус тус нас барсан.
Ээж Н.Дыг нас барсны дараа том охин нь болох С******* ээж Н.Д болон өөрийн хүү Б.Т нарын нэр дээр бүртгэлтэй байсан 738 м2 газрыг өвлөн авч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар 3 хувааж, өөрийн охин Б.д 129 м2, хүргэн Б.Пд 231 м2, бэр Д.М /Тын эхнэр/-д 433 м2 нийт 793 м2 болгож шилжүүлсэн, мэдээллийн санд тэдгээрийн нэр дээр бүртгэлтэй байна. Би энэ газартай маргаагүй.
Н.С, Н.Д нарын бага хүү нь болох С.О******* би аав, ээжийн голомт гэж оршин сууж байсан байшинг нь өвлөн авсан, 2012 онд урд талд нь дахин 1 өвлийн сууц нэмж барьсан, тухайн өвөл, зуны 2 байшинд буюу нэгж талбарын дугаартай 297 м2 газарт би 2016 он хүртэл амьдарч байсан, тухайн хаягтаа цахилгааны мөнгийг 2012 оноос өнөөдрийг хүртэл төлж ирсэн баримт бий.
2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 2 байшин маань түймэрт шатаж, би орох оронгүй болсон ч ах, эгч нарынхаараа дамжин амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Энэ хооронд 2021 оноос эхлэн түймэрт шатсан байшингуудынхаа үлдэгдэл суурь хэсгийг буулгаж суурин дээр нь өөрийн эгч болон зээ дүү Ж.Г нарын тусламжтайгаар шинээр өвлийн ба зуны зориулалттай 2 ширхэг тоосгон байшин засварлан барьж 2024 оны намар 2 байшингаа барьж дуусгаад цахилгаан дахин залгуулахад газрын зөвшөөрөл шаардлагатай гэсэн тул Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргахаар очиход миний 2 байшингийн доорх газрыг Бгийн Тт эзэмшүүлсэн болохыг олж мэдсэн.
Б.Т нь С.ын хүү бөгөөд өмнө нь миний амьдарч байгаад түймрээс хойш сэргээн барьсан, одоо амьдарч буй 2 байшинг өөрийнх гэж маргахгүй гэдэг, миний өмч мөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл 2024 оноос "газар чинь одоо минийх болсон, байшингуудаа буулгаад аваад яв" гэж маргах болсон юм.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн газрыг 2023 онд С.ын нэр дээр илт хууль бусаар эзэмших гэрчилгээ гаргуулан авч, Б.Т нь газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар шилжүүлж авсан болохыг мэдсэн.
Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална, 4.1.7. "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх" гэж заасны дагуу газар өмчлөгч болох төр, түүнийг төлөөлөн газар эзэмшүүлэх эрх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хуулийн хүрээнд эрхлэн хэрэгжүүлэгч дүүргийн Засаг дарга нь миний өмчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх эрхгүй байх тул Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн Бгийн Тт холбогдох хэсэг нь хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр байна.
Нэг. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл:
1/ С.д газар эзэмшүүлсэн шийдвэр болон түүнийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дараах үндэслэлээр илт хууль бус захиргааны акт байна. Үүнд:
- С. нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нас барсан,
- 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр С.д газар эзэмшүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын дугаар захирамж гарсан,
- 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр "С." гэсэн гарын үсэг зурж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн мэдүүлэг гаргасныг Газрын алба хүлээж авсан.
- 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр С.ын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон.
- 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэрчилгээг Б.Тт өвийн журмаар шилжүүлсэн тухай нотариатаас “Өвлөх эрхийн гэрчилгээ" олгосон.
С.д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан, өөр хэн нэг этгээд С.д газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг хүлээн авсан, С.ын газар эзэмших эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон үйл явдлууд түүнийг нас барсны дараа хийгдсэн захиргааны үйлдлүүд байна. Иргэний эрх зүйн чадвар дуусгавар болж өөртөө эрх олж авах, үүрэг биелүүлэх боломжгүй болсны дараа захиргааны байгууллага С.д газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байхгүй болсон. Өөрөөр хэлбэл, С.ын нэр дээр газар эзэмшүүлэх тухай захирамж, энэ захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, иймд гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт байна.
2/ Хариуцагч илт хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар:
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хуульчлахдаа 4.1.7-д газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байхаар заасан. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.2, 84.3-т зааснаар миний байшингууд газраас салгамагц зориулалтаа алдах миний өмчийн үл хөдлөх эд хөрөнгө мөн тул төр, түүнийг төлөөлөн газар эзэмшүүлэх эрх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэгч дүүргийн Засаг дарга нь миний өмчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа газрыг бусад этгээдэд эзэмшүүлэх эрхгүй.
3/ Захиргааны ерөнхий хуулийн зүйлд зааснаар захиргаа шийдвэр гаргахдаа түүнд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээнэ.
Гэтэл Чингэлтэй Дүүргийн Засаг дарга нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийг гаргахдаа хүсэлтэд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээс иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсон этгээдэд эрх олгосноос гадна бусдын байшин, барилгын доорх газрыг С.ын нэр дээр "эзэмшүүлж” Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. Захиргааны ерөнхий хуулийн зүйлийг бүхэлд нь зөрчсөн хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус шийдвэр гаргажээ.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасан үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.
Хоёр. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсэг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл:
1/ Б.Тын С.аас өвлөн авсан гэх газар эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй, тухайлбал тайлбар 1.1-д дурдсанаар С.д газар "эзэмшүүлсэн" шийдвэр, С.ын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь түүнийг нас барсан, иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсноос хойш гарсан, олгогдсон байх тул эдгээр шийдвэр, гэрчилгээ нь С.д газар эзэмших эрх үүсгээгүй илт хууль бус
захиргааны акт бөгөөд, өөрөөр хэлбэл С. д бусдад өвлүүлэх газар эзэмших эрх үүсээгүй байна.
2/ Хариуцагч газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан болон тухайн үед мөрдөгдөж байсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны дугаар тушаалаар баталсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-д заасан шийдвэрт холбогдох нөхцөл байдлыг тодруулах, тогтоох суурин болон хээрийн судалгаа хийх үүргээ биелүүлээгүйгээс хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус шийдвэр гаргасан.
Суурин судалгааг зохих ёсоор хийсэн бол С.д газар эзэмшүүлсэн шийдвэр, түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох ажиллагаа тухайн хүний иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсноос хойш явагдаад байгааг тогтоох боломжтой байсан, гэтэл харин ч иргэнийг нас барснаас хойш 1 жил 3 сарын дараа буюу 2024 оны 06 дугаар сард нас барсан хүний нэр дээр гэрчилгээ шинээр бичиж нөхөн олгосон нь захиргааны илт хууль бус үйлдэл байна
Мөн журамд зааснаар хээрийн судалгаа хийгээгүйгээс бусдын өмчийн үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг Б.Тт нэр шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох заалтууд, газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмыг зөрчсөн үйлдэл төдийгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн илт хууль бус шийдвэр болсон байна.
Дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.
Захиргааны ерөнхий хуулийн зүйл, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2, 106.3.12-т зааснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсэг нь тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй байсан боловч тухайн байшингууд нь нэхэмжлэгчийн өмч гэдэг талаар гуравдагч этгээд болон бусад ах дүүс нь маргадаггүй. Маргаж байгаа гуравдагч этгээд нь нэхэмжлэгчтэй ах, дүүгийн холбоотой. Сы нь Сы О*******ын том эгч нь. Гуравдагч этгээд нь Б.Т нь С.ын хүү. С.О******* энэ газар хоёр байшингаа бариад 2012 оноос хойш оршин сууж байгаад тухайн байшин нь 2016 онд түймэрт өртсөн. Энэ талаар галын улсын байцаагчийн дүгнэлт болон эрүүгийн хэргийн прокурорын тогтоол гэх баримтууд хэрэгт авагдсан. Энэ хугацаанд тухайн байшин нь бүр мөсөн устаж алга болоогүй. Нэг байшингийн дээвэр, нөгөө байшингийн хананы зарим хэсэг нь шатсан. Улмаар тухайн хоёр байшинд амьдрах боломжгүй болсон тул суурийг ямар нэгэн байдлаар оролдоогүй, сэргээн засварлаж барьсан. 2021 онд барьж дуусаад амьдрахын тулд цахилгаан дахин залгуулах хүсэлт гаргахад газар эзэмших эрхийн гэрчилгээг шаардсан. Түүнээс өмнө нь тухайн байшинг барьж байхад хугацаанд, өвөлж авсан нэг байшингаа сайжруулж байх хугацаанд, түүний дараа түймэрт өртсөний дараа, тухайн барилгуудыг сэргээн засварлаж барьж байх хугацаанд төрсөн том эгч С., түүний хүүхдүүд маргаагүй. Барилга барихад С.ын нөхөр болох И.Б туслаад, цуг барилцсан. Хөрөнгө нь нэхэмжлэгчээс гарсан. С.О******* нь Унгар улсад 2002- 2012 онуудад ажиллаж олсон хөрөнгөөр барьсан. Энэ талаар баримт байгаа.
Хэргийн нотлох баримттай танилцахад 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр С. нь тухайн газарт 1981 оноос хойш амьдарсан гэх өргөдөл гаргаж, кадастр хийлгүүлснийг үндэслэн эзэмших эрх олгосон баримт байдаг.
С.д газар эзэмшүүлсэн шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу тухайн шийдвэр гарах эрх зүйн үндэслэлгүй байсан гэж үзээд илт хууль бус гэж маргаж байгаа. С. нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан. Гэтэл 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр тухайн хүнд газар эзэмшүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Засаг даргын дугаар захирамж гарсан. Энэ захирамжтай холбоотой дүүрэг дээр очиход хүсэлт гаргахдаа амьд байсан гэх агуулгаар тайлбарладаг. Хүсэлт гаргаснаар биш эзэмших эрх олгосон захирамж гарснаар газар эзэмших эрх үүсэх тухай хуульд заасан байгаа. С.ыг нас барснаас хойш 4 сарын дараа газар эзэмшүүлэх захирамж гарсан. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр буюу тухайн хүнийг нас барснаас нэг жилийн дараа нь ямар нэг итгэмжлэл байхгүйгээр С. гэж гарын үсгийг нь зураад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гаргасан. Түүнийг нь бүртгэж хүлээж аваад 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр буюу нас барснаас 1 жил 3 сарын дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг С.ын нэр дээр олгосон.
2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дээрх гэрчилгээг Б.Тт өвийн журмаар шилжүүлсэн тухай өвлөх эрхийн гэрчилгээ авсан. Энэ үндэслэл нь илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэл болно. Иргэний эрх зүйн чадварыг хэн ч хязгаарлахгүй. Иргэний эрх зүйн чадвар нь төрснөөр үүсэж, нас барснаар дуусгавар болно. Иргэний эрх зүйн чадвар гэдэг нь эрх олж авах, үүрэг хүлээх чадварыг хэлнэ. Эрх зүйн чадвар нь дууссан байхад нь газар эзэмших субьектив эрх үүссэн байх боломжгүй. Иймд С.д газар эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болох юм. Эрх зүйн үндэслэлгүйгээр гарсан, гарсан цагаасаа үйлчлэлгүй захирамж болох юм.
Тухайн захирамж гарснаар нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэхээр тухайн газар дээр аав, ээжийг нь нас барсны дараагаар хэнтэй ч маргалгүйгээр газар дээрх байшинд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Хэдий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй боловч газраас салгамагц зориулалтаа алдах 2 байшин байгаа. Энэ талаар газар эзэмшигч болон түүний хамаатан, гэр бүл маргахгүй байгаа. Тэгээд 2022 оноос хойш гуравдагч этгээд Б.Т, түүний эгч Б., дүү Б.Түвшинбат нар “газар нь минийх болсон хоёр байшингаа буулгаад аваад яв” гэх маргаан үүсгэж эхэлсэн. Б. нь нэхэмжлэгчтэй хөрш, залгаа амьдардаг, Б. болон н.П гэх нэг гэр бүлийн хоёр хүний нэр дээрх хоёр газар нь тухайн маргаж буй газрын хойд талд, тусдаа нэгж талбарын /хуучнаар/ ******* дугаартай, 738 м.кв газар байсан. энэ маргаан бүхий газартай хамааралгүй. 738 м.кв талбай бүхий газар нь илүү том болоод 3 хуваагдаж, Б., н.П, н.Т гэх хүмүүст хуваагдаад ямар нэгэн маргаангүйгээр маргаж байгаа газрын хойд талд байсан хэвээр байгаа.
Маргаж байгаа газар нь нэгж талбарын дугаартай. Тухайн илт хууль бус захирамжаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрх нь хөндөгдөнө. Өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр бүртгэхээр заасан тул үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ бүртгүүлэх боломжгүй, улмаар бусдад алдах эрсдэл, үр дагавар үүсэх нөхцөл үүссэн байгаа. Тиймээс энэ илт хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна. Газраас салгаж үл болох эрхийн агуулгыг Иргэний хуулиар тайлбарлахаас гадна Газрын тухай хуулийн 4.1.7-д заасны дагуу тайлбарлана. Төрөөс газар эзэмшүүлэхдээ баримтлах зарчим байгаа. Үүнд үл хөдлөх эд хөрөнгө нь газрын салшгүй хэсэг байх тухай заасан.
Эзэмших хүсэлт гаргасан газар дээр нь өөр хүний үл хөдлөх эд хөрөнгө байгаа талаар маргадаггүй этгээд болох С.д эзэмшүүлсэн нь дээрх хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл болно гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.
Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагын тухайд Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсэг нь илт хууль бус захиргааны акт болох үндэслэлийн тухайд.
Б.Т нь шинээр газар эзэмшээгүй, ээж С.аас өвлөн авсан газрыг шилжүүлж эзэмшүүлсэн. Өмнөх шаардлагад дурдсанаар газар эзэмших эрх үүссэн үндэслэл нь илт хууль бус, С.д газар эзэмших эрх байхгүй, бусдад өвлүүлэх эрх үүсээгүй гэж үзэж байгаа. Тухайн дугаартай тушаалаар байхгүй эрхийг шилжүүлсэн нь илт хууль бус захиргааны акт болно. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгө хэнийх талаар тодруулах Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-р зүйлд заасан шийдвэр гаргахын өмнө нь бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүйн улмаас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2021 оны дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд”-д заасан үүргээ биелүүлээгүй. Энэ журам шийдвэр гаргаж байх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ журмаар захиргааны байгууллага газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргахдаа ямар үйлдэл хийх ёстой талаар заасан. Газрын албанаас суурь судалгаагаа журамд заасны дагуу зохих ёсоор хийсэн бол С.ын иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон хойно газар эзэмшүүлэх харилцаа явагдаж байгаа талаар тогтоох боломжтой байсан. Гэтэл иргэнийг нас барснаас 1 жил 3 сарын дараа буюу 2024 оны 3 дугаар сард нас барсан хүний нэр дээр нас барсан хүний гарын үсэгтэй хүсэлтээр гэрчилгээг нь бичиж олгосон нь эрх зүйн үндэслэлгүй байна. Журамд заасны дагуу хээрийн судалгаа хийсэн бол газар дээрх хоёр байшин хэнийх гэдгийг тодруулах байсан. Хээрийн судалгааг зохих ёсоор хийгээгүйгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг Б.Тт нэр шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь журамд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас илт хууль бус тушаал гаргажээ. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Б.Тт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.
С.ын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан газар эзэмших тухай хүсэлтэд “1981 оноос хойш амьдарсан” гэсэн нь үндэслэлгүй, тухайн хүний иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ, газрын албанд гаргасан бичиг баримтад хаяг нь Баянгол дүүрэг, ны хаягтай байдаг. Чингэлтэй дүүргийн Татварын албанаас Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай албан бичигт иргэн С. нь Б.Ттай төрөл садны холбоотой учир татвараас чөлөөлөгдөнө гэж бичсэн байдаг. Иргэний эрх зүйн чадвар дууссан нас барсан хүний талаар тодорхойлолт гаргаж байгаа нь тухайн шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдгийг давхар нотолж байгаа.
Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д тус тус заасныг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.2, 106.3.12-т тус тус заасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсэг болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалын Бгийн Тт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлтээ Газар зохион байгуулалтын албанд гаргасны дараа буюу 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ямар хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулахаар ямар хүсэлтийг, аль захиргааны байгууллагад, хэзээ гаргаж байсан нь тодорхойгүй, баримтгүй байдаг. Он цаг дарааллаар С. нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмших хүсэлтээ өгсөн. Тухайн хүсэлтийг Газар ашиглах, эзэмших зөвлөлийн хурлаар хэлэлцдэг. Тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хүсэлтүүдийг тухай бүрд нь шийдвэрлэх боломжгүй байсан. Газар зохион байгуулалтын албанаас нэгтгэн ирсэн мэдээлэлд үндэслэн шууд шийдвэрийг гаргадаггүй. Тодорхой хугацааны дараа шийдвэр гаргадаг. Иймд маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан журмын дагуу гарсан, хүсэлтийн дагуу С.д эзэмших эрх олгогдсон хууль ёсны захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.5. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар өвлөх эрхийн дагуу С.ын газар эзэмших эрхийг Б.Т руу шилжүүлсэн. Харин нэхэмжлэгчээс газар эзэмшихээр хүсэлт гаргасан зүйл байдаггүй.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хувьд цахим гэрчилгээ үүссэн байгаа. Газар эзэмших эрх шилжүүлж авсан иргэн нь www.egazar.gov.mn цахим сайт руу орж иргэний “ДАН” системээрээ нэвтрэн хүссэн үедээ хэвлэж авах боломжтой болсон. Түүнээс үнэт цаас бүхий гэрээ, гэрчилгээг олгохоо больсон.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамж болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны дүгээр тушаалууд нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн захирамж, тушаал биш. Манай албаны зүгээс хуульд үндэслэн захирамж, тушаалын төслийг бэлдсэн.
Нэхэмжлэгч С.О******* нь Газрын тухай хуулийн 27.4-д заасныг зөрчсөн. Ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр байшин барьсан. Түүнийгээ давуу байдал мэтээр тайлбарлаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамж болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны дүгээр тушаалуудыг эсэргүүцэж байгаа нэхэмжлэлийг хууль бус гэж үзэж байна” гэв.
3.6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжийн С.д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай холбоотой дараахь тайлбарыг гаргаж байна.
2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 110 дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг тогтоолын дагуу 2022 оноос хойш газрын гэрчилгээг цахимжуулж эхэлсэн. С.аас 2022 онд гаргасан газар эзэмших тухай өргөдлийг цахим системд бүртгэж, тухайн системд мэдээллийг авч үлдэх тогтолцоог бий болгосон. Дээрх тогтоолын 2.2-т газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох тухай шийдвэр, холбогдох мэдээллийг газрын кадастрын улсын мэдээллийн санд тусгах болон улсын бүртгэлийн дундын мэдээллийн санд бүртгэх ажлыг газрын мэдээллийн удирдлагын нэгдсэн системээр дамжуулан гүйцэтгэхээр заасан.
Тухайн тогтоол үйлчилж эхэлсэн цагаас иргэн нь газар эзэмших хүсэлтээ цахимаар болон биечлэн гаргах боломж бий болсон. С. нь өргөдлөө биеэр гаргасан. Тухайн хүсэлт нь цахим мэдээллийн санд хадгалагдаж үлдэж байгаа. Тиймээс тухайн этгээд нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай байх хугацаандаа хүсэлтээ гаргасан. Тус хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох тухай” журмын 5.1.4-т зааснаар Монгол Улсын иргэн үнэ төлбөргүйгээр газар эзэмших хүсэлтийг гаргахдаа засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа хүсэлтээ гаргана, тухайн хүсэлтийг шийдвэрлэх хүртэл бүртгэлийн мэдээллийн санд хадгална гэж заасны дагуу цахим системд хадгалдагдаж үлдсэн.
Засаг даргын дугаартай захирамжтай маргадаг. Тус захирамж нь яагаад тухайн этгээдийг нас барсны дараа гарсан гэхээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журмын 5.1.5-т зааснаар иргэнээс гаргасан өргөдлийг бүртгэсэн огноо, дарааллын дагуу үнэлэгдэхээр заасан. Тус журамд заасны дагуу иргэн нь тухайн нэгж талбараас сонгохоос татгалзсан бол жагсаалтын эхэнд хэвээр үлдэж, дараа жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахаар заасан.
Үүний дагуу С. нь 2022 онд хүсэлтээ гаргасан. Тухайн хүсэлт нь цахим системд хадгалагдаж үлдсэний дагуу тухайн маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай захирамж гарсан. Үүгээр нэхэмжлэлийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсны дараагаар газар эзэмших эрх олгосон байна гэх үндэслэлийг үгүйсгэж байна.
Нэхэмжлэгч талаас С.ын иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон байхад эрх олгосон нь илт хууль бус гэж тайлбарладаг боловч хэргийн 105 дугаар талд авагдсан тухайн хүний гараар бичсэн баримтаар тухайн этгээд нь амьд байхдаа хүсэлтээ гаргасан гэдэг нь нотлогдож байгаа. Тухайн цаг үед хүчин төгөлдөр үйлчилж байсан журмын дагуу хүсэлт нь цахим системд хадгалагдаж, улмаар маргаан бүхий дугаартай захирамж гарсан.
Газар зохион байгуулалтын албанд холбогдох шаардлагатай холбоотойгоор тайлбарлахад нэхэмжлэлийн үндэслэлдээ хээрийн судалгааг дутуу хийсэн гэдэг. Дээр дурдсан журмыг захиргааны байгууллага биелүүлээгүй гэж нэхэмжлэгч талаас дурдаж байна. Тухайн журамд хээрийн судалгаа гэж юу гэдгийг, ямар тохиолдолд хийх талаар заасан. Журамд зааснаар хээрийн судалгааг нэгж талбарын эргэлтийн цэг, солбицлын утгыг тооцоолох, хүсэлтэд дурдсан газрын хил хязгаарыг тогтоох, бусдын эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж байгаа эсэхийг шалгах, инженерийн шугам сүлжээ, үерийн усны далангийн эрсдэлтэй нөхцөл байгаа эсэх талаар тодруулах, хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц гарцыг тодорхойлох, эзэмших, ашиглах эрхийн хязгаарлалт байгаа эсэх талаар тодорхойлох зорилгоор хийгдэнэ.
Түүнээс газар дээр байгаа байшин хэнийх болохыг тодруулахаар тус ажиллагааг хийхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ ч аваагүй байгаа байшинг хэний өмчлөлийн болохыг тогтоох ажиллагаа хийхээр журамд заагдаагүй. Тиймээс захиргааны байгууллага нь өөрсдийн үүргийн дагуу хуульд заасан зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.О******* “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсгийг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохоор маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.
1. Чингэлтэй дүүргийн хороо, Шд байрлах нэгж талбарын дугаартай 297 м2 маргаанд хамаарах Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар С.д эзэмшүүлж, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар Б.Тт эзэмших эрх шилжүүлсэн газарт блокон хашаа, 2 байшин байгаа нь шүүхийн үзлэг, агаар сансрын зургаар, С.О******* амьдарч байсан болох нь 2014-2016 онд цахилгааны төлбөр төлсөн баримтаар, түүний амьдарч байсан 4х7 м хэмжээтэй өвлийн байшин нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гал түймэрт шатсан болох нь гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоосон галын шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр дүгнэлт, мөрдөн байцаагчийн үйлдсэн эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн баримт, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 524 дугаартай тогтоолоор, 2 байшинг 2021-2024 онд сэргээн барьж амьдарч буй нь С.О*******од Чингэлтэй дүүргийн хороо, Ш хаягаар 2023-2024 онд цахилгааны төлбөр төлсөн баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ггийн бусадтай байгуулсан 7х6 м, 6х4 м хэмжээтэй 2 байшингийн засвар, засал хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ, зардлын баримтуудаар тус тус тогтоогдсон, уг 2 байшинг С.О******* барьсан, амьдарч буй үйл баримттай гуравдагч этгээд Б.Т маргахгүй байгаа зэргээр уг газрыг төрсөн эгч С., түүний хүүхэд Б.Т нарт эзэмшүүлсэн шийдвэртэй нэхэмжлэгч С.О******* нь маргах эрхтэй, энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192 дугаар тогтоолдоо “захиргааны шийдвэрийн үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлөх нь тодорхой байвал нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзнэ, С.О*******ын амьдарч байгаа гэх байшин, үл хөдлөх эд хөрөнгийн байрлах газрыг бусдад эзэмшүүлсэн, уг шийдвэрийн улмаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бодитойгоор хэрэгжүүлэхтэй холбогдуулан маргах эрхгүй гэж үзэхээргүй” гэх зэргээр дүгнэжээ.
2. С.О*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тоотоор, С.О*******од Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тоотоор “гомдолд дурдсан газрыг эзэмших эрхийг маргаан бүхий актуудаар олгосон” тухай хариу өгснөөр 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “илт хууль бус болохыг тогтоолгох” агуулгаар тодорхойлсон.
3. Маргаанд хамаарах шийдвэр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар С.д эзэмших эрх олгосон ч тэрээр нас барснаар түүний хүү Б.Тт 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 49 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалаар шилжүүлсэн тул маргаан бүхий дээрх шийдвэрүүдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхдээ эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр Б.Тыг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.
4. С.ыг нас барсны дараа буюу иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсноос хойш газар эзэмших эрх олгосон нь эрх зүйн чадваргүй этгээдэд эрх олгосон гэх агуулгаар, түүнчлэн үүсээгүй эрхэд өвлөх эрх үүсэхгүй агуулгаар С.д газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн түүнд холбогдох хэсгийг болон Б.Тт өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхийг шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын түүнд холбогдох хэсгийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” хэмээх илт хууль бус болох үндэслэлд хамаарна гэж маргаж буй нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
4.1. Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж нас барснаар дуусгавар болно, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно.
Газар эзэмшүүлэх, ашиглуулах түүнтэй холбоотой харилцааг зохицуулах Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "газар эзэмших" гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.7-д "газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, -ын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор зааснаар, 6 дугаар зүйлийн 6.1-д газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, ... энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж, маргаан бүхий захирамжид баримталсан 21 дүгээр зүйлийн 21.5.3-т дүүргийн Засаг дарга ... газрыг ... иргэн ...-д эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.2-т газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн ...-д олгоно гэж зааснаар газар эзэмших эрх нь эрх зүйн чадвар бүхий иргэнд зохих журмын дагуу үүснэ.
4.2. Гэтэл С. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нас барснаас хойш буюу иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсноос хойш 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжаар түүнд газар эзэмших эрх үүсгэсэн захирамж гарсныг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй бөгөөд субьектив эрх үүсгэсэн шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй үндэслэлээр уг захирамжийн түүнд холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байна.
4.3. Түүнчлэн газар эзэмших эрх олгож буй Засаг даргын захирамж нь захиргааны акт бөгөөд захиргааны акт нь тодорхой нэг тохиолдолд иргэнд эрх үүсгэх, үүрэг хүлээлгэх, хариуцлага ногдуулах эрх зүйн тодорхой үр дагавар үүсгэхэд чиглэнэ, өөрөөр хэлбэл ийнхүү олгосон, үүсгэсэн газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх этгээд нь иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсон байсан энэ тохиолдолд газар эзэмшүүлэх уг шийдвэр бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй, өөрөөр хэлбэл уг эрхийг хэрэгжүүлэх эрх зүйн чадвар, бүрэн чадамжтай иргэн байхгүй энэ тохиолдолд уг акт мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар илт хууль бус байна.
4.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байх тул, нөгөөтээгүүр өвлөгдөх эрх үүсээгүй энэ нөхцөлд газар эзэмших эрхийг өвлөх эрхийн гэрчилгээгээр шилжүүлсэн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны шийдвэр мөн л Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д зааснаар захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлүүдээр илт хууль бус болжээ.
4.5. С. газар эзэмших хүсэлтээ өгөх үедээ эрх зүйн чадвартай байсан, газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ эрх хүссэн этгээд эрх зүйн чадвартай хэвээр эсэхийг шалгах үүрэггүй гэх хариуцагчийн тайлбар нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус шийдвэрийг зөвтгөхүйц үндэслэл болохгүй.
4.6. С.аас гаргасан гэх “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүссэн” 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр буюу түүнийг нас барсан, иргэний эрх зүйн чадвар нь дуусгавар болсны хойно түүний нэрээр, түүнээс хуулийн шаардлага хангасан аливаа итгэмжлэлгүйгээр гаргасан мэдүүлгээр захиргааны байгууллага шийдвэр гаргаж буй нь хуульд нийцэхгүй.
5. Нэхэмжлэгчийг маргаанд хамаарах газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө барьж амьдарч ийнхүү газрыг бодитоор ашиглаж буйг мэдэж байсан, уг үйл баримттай маргаагүй гуравдагч этгээдийн хүсэлтээр газар эзэмших эрх олгосон, шилжүүлсэн шийдвэр Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7-д заасан төрөөс газрын талаар баримтлах газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах, газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх зарчимд нийцэхгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.
6. С.О******* нь газрын кадастрын мэдээллийн системд 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй ч энэ нь энэ хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаар дүгнэх асуудалд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн нэхэмжлэгч газар эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаж байгаагүй гэх тайлбар бодитоор үл хөдлөх эд хөрөнгө байгаа газрыг түүний өмчлөгч бус өөр этгээдэд эзэмших эрх олгосон шийдвэрийг зөвтгөх үндэслэл биш.
7. Нэхэмжлэгч иргэн газар эзэмших хүсэлт гаргаж шийдвэрлүүлэхгүйгээр газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн эсэхэд хяналт тавих, шийдвэрлэх нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах эрх хэмжээнд хамаарах бөгөөд иргэний тодруулбал иргэн С., Б.Т нарын газар эзэмших, эрх шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийх үүргээс чөлөөлөхгүй.
8. Захиргааны байгууллага аливаа шийдвэр гаргахдаа баримтлах журмыг тухайлсан хуулиар зохицуулахаас гадна Захиргааны ерөнхий хуулиар нарийвчлан тогтоосон, тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ хэмээн, газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой тухайлсан харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна хэмээн газар эзэмшүүлэх, ашиглуулахад тавигдах шаардлагыг заасан.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба С.ын газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоох, суурин болон хээрийн судалгаа хийх үүргээ биелүүлээгүйгээс хүсэлт нь газар эзэмшүүлэхэд тавигдах дээрх шаардлагыг хангаагүйг, хүсэлт гаргасан газарт тухайн газраас салгаж үл болох бусдын үл хөдлөх эд хөрөнгө ашиглагдаж байгаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, улмаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.7, 6 дугаар зүйлийн 6.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн зүйлийн 24.1, 24.2, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 47.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.О*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар захирамжийн С******* д холбогдох хэсгийг, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр тушаалын Бгийн Тт холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА