| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0100/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/101 |
| Огноо | 2018-04-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Л.Отгончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг
Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1838000560053 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Г.Д-,
Шүүгдэгч Г.Д- нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2.234.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д- нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Гэгээ захын хашаанд байрлах Гэгээ дэлгүүрт нэвтрэн орж бэлэн мөнгө, эд зүйл хулгайлж 2.234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн өглөө 11 цагийн үед Гэгээ гээд дэлгүүр дээр очоод гадна талын хаалганы шар өнгөтэй цоожийг онгойлгоод орох гэтэл дотор талын хаалганы барууд доод хэсгийг цөм цохиод эвдчихсэн байсан. Тэгэхээр нь би Цагдаагийн газрын 7038102 дугаарлуу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,
Хохирогч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүр лангуу түрээслэж наймаа хийдэг. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өглөө ажил дээрээ ирсэн. Манай дэлгүүрт хулгай орсон байна гээд манай дэлгүүрийн худалдагч нар гадаа зогсож байсан. Тэгээд л хулгай орсон талаар мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагын ажилчид үзлэг хийсний дараа би өөрийнхөө эд зүйлүүдийг үзэхэд миний лангуунаас 2 ширхэг эмэгтэй үнэртэй ус, нэг ус нь 44.000 төгрөг, нөгөө эмэгтэй ус нь 48.000 төгрөгийн үнэртэй ус, 6 ширхэг эрэгтэй үнэртэй ус алга болсон байсан. Эрэгтэй үнэртэй ус нь франц үнэртэй уснууд байсан. Үнэртэй усны үнэ нь 32.000, 20.000, 22.000, 28.000, 18.000, 6.500 төгрөгний үнэтэй үнэртэй ус байсан. Миний нийт хохирол 218.500 төгрөг болсон...” /хх-ийн 35-36-р тал/,
Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүрт лангуу түрээсэлж наймаа хийдэг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны орой ажлаа тараад хүмүүсийг гарч дууссаны дараа гоо сайхны бараа зардаг Идэрээ эгч бид 2 дэлгүүрийнхээ хаалгыг хааж 4 цоожоор нь давхарлаж цоожлоод явцгаасан. Тэгээд өнөөдөр өглөө ажилдаа очиж явтал гоо сайхны бараа зардаг Идэрээ эгчийн хүүхэд Ням-Эрдэнэ ирж байхаар нь хамт дэлгүүр дээр очиж үүдний таампарыг онгойлготол дотор талын хаалгыг нь эвдэж цөмлөөд хулгай орсон байсан. Тэгээд Ням-Эрдэнэ ах цагдаад дуудлага өгсөн. Анх дэлгүүрийн гадна шилэн цонхыг хагалж дотогш орж дотор хаалгыг эвдсэн байсан. Тэгээд цагдаа нар ирж үзлэг хийсний дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд нугастай 14 инчийн ДиВиДитэй “LFJTS” маркийн телевизор плүүттэй мемори уншдаг чихэвч, машины мф-3, андройд USP-8 нарны гэрэл, мемори карт, сахлын машин, спикер, чулууны гэрэл, машины карт уншигч, мотоциклийн хөгжим алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р тал/,
Хохирогч Н.Н-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 16-ны орой би ажилаа тараад маргааш өглөө нь ажилдаа ирсэн чинь манай дэлгүүрт хулгай орж миний лангуунаас Нокиа маркийн 19 ширхэг гар утас, жи мобайлын 5 ширхэг товчлууртай гар утас алга болсон. Нокиа 73-60 гар утас 2 ширхэг цайвар ягаан өнгөтэй, нокиа 1600 гар утас 1 ширхэг хар өнгөтэй, нокиа 6030 гар утас голдоо нэг содон товчтэй хар өнгөтэй, нокиа 6020 гар утас 2 ширхэг мөнгөлөг саарал өнгөтэй, нокиа 1680 гар утас 2 ширхэг шар өнгөтэй, нокиа 6070 гар утас 2 ширхэг, нокиа 1601 гар утас 2 ширхэг, нокиа 2100 гар утас 2 ширхэг, хар өнгөтэй жи мобайл гэсэн бичигтэй, антенны оролттой миний лангуунаас алдагдсан утаснууд бүгд товчлууртай утаснууд би нийт 26 ширхэг гар утсаа 940.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүрт лангуу түрээсэлж гоёл чимэглэлийн зүйл худалдаалдаг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны орой ажил тараад гэртээ харьсан. Дэлгүүрийн хүн гарсны дараа Удвал, Идэрээ эгч хоёр гадна, дотно хоёр цоожоор цоожлоод харьцгаадаг юм. Тэгээд өглөө ажил дээрээ очих гэж зах руу орж явтал Нямцэцэг миний урдаас ирээд дэлгүүрлүү хулгай орчихож манаач нь алга байна гэсээр ирсэн. Би лангууныхаа доогуур бэлэн 80.000 төгрөг алга болсон байсан. Өөр эд зүйл манай лангуунаас алдагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р тал/,
Хохирогч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Гэгээ захын Гэгээ дэлгүүрт лангуу түрээслэн гоёл чимэглэл худалдаалдаг. 2017 оны 7 дугаар сарын 16-ны орой ажил тараад гэртээ харьсан. Дэлгүүрийн хүн гарсны дараа Удвал, Идэрээ эгч хоёр гадна, дотно хоёр цоожоор цоожлоод харьцгаадаг юм. Тэгээд өглөө ажил дээрээ очих гэж зах руу орж явтал Нямцэцэг миний урдаас ирээд дэлгүүрлүү хулгай орчихож манаач нь алга байна гэж байсан. Би лангуун дотроо 25.000 төгрөг хийсэн байсан. Мөн 10 ширхэг нэг бүр нь 6.000 төгрөгийн оймс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р тал/,
Гэрч Н.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 6 дугаар сард би Гэгээ захын манаачаар ажилд орсон одоог хүртэл хийж байна. Би өдөр болгон ажил дээрээ байдаг. Зах дотор манай байшин байдаг юм. Тэндээ амьдардаг. Надаас өөр манаач байхгүй. Би ганцаараа үүрэг гүйцэтгэдэг. 2017 оны 07 дугаар сарын 16-нд би зах дээр байсан. 2017 оны 7 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би шөнө 03 цагт Гэгээ захыг эргэхэд нөхцөл байдал тайван байсан. Ганцаараа байнга гардаг болоод тэрүү шөнө их нойр хүрээд 03 цаг өнгөрч байхад унтсан. Ер нь бол зун архичид зах дотор их цуглардаг болохоор шөнө ер нь унтдаггүй. Тэгээд өглөө би 06 цагт босоод гэртээ байсан. Манай хажуу талын үсчин рүү хулгай орсон гээд цагдаагийн хүмүүс ирсэн байж байсан. Тэгээд би очоод байж байтал хүмүүс Гэгээ дэлгүүр лүү хулгай орсон байна гэж л би Гэгээ дэлгүүрт хулгай орсныг мэдсэн. Намайг шөнө 03 цагт эргүүл хийж зах дотор явахад Гэгээ дэлгүүрийн гадаа хаалга, цонх бол зүв зүгээр байсан. Гэхдээ хүнд харагдахгүй талын цонхыг хулгайч хагалж орсон байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Э-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайд манай нөхрийн дүү Г.Д- гээд Их-Уул суманд байдаг залуу хааяа, хааяа ирдэг байсан. Тухайн үед 2017 оны 07 дугаар сард санаж байна. Манай хашаанд манай нөхрийн ээж Ичинхорлоо гээд Г.Д-гийн эмээ манай хашаанд байсан. Тухайн үед манайх рашаанд явсан байсан. 2017 оны 7 дугаар сарын сүүлээр гэртээ ирсэн чинь цагдаагийн байгууллагаас хүлээлгэн өгсөн эд зүйл алга болсон байсан. Тухайн үед угаасаа Г.Д- л аваад явсан байх гэж бодож байсан. Сүүлд цагдаагийн байгууллагаас эд зүйл хүлээж авахад угаасаа Г.Д- манай эд зүйлийг авсан нь бүр тодорхой болсон. Тухайн үед манай хашаанд байсан Ичинхорлоо гээд манай хадам ээжид манай гэрийн түлхүүр байсан. Тэр эмээ нь манай гэр лүү ороод манай гэрийг онгорхой орхисон байсан. Тэгээд Г.Д- манайхаас хөнжил, жижиг сажиг эд зүйл аваад явсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р тал/,
Шүүгдэгч Г.Д-н хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Гэгээ гээд дэлгүүрийн баруун талаар гарсан чинь баруун талын үүдэн хэсгийн том цонх онгорхой байдалтай, хаалганы доод ирмэгийг нь цөм татаад хүн орох хэмжээтэй болгосон байсан. Тэгэхээр нь би энэ чинь утас зардаг дэлгүүр учраас гайгүй утас байж магадгүй гэж бодоод хаалганы цөмөрсөн хэсгээр орсон. Дэлгүүр дотор ороход утас зардаг лангуун дээр утаснууд нь алга болсон байсан. Тэр лангуунаас би 3-н Жи мобайлын соронзтой утас аваад нэг боодол нокианы баттерэй, 2 үнэртэй ус, хүрэн өнгийн нэг ширхэг түрийвч, 2 кошлок, самсунгийн 2 чихэвч, Сонигийн 1 чихэвч, нэг ширхэг ягаан өнгийн импи, нэг ширхэг жижиг дивиди, өөрт хэрэгтэй жижиг чихэвч зэрэг эд зүйлийг аваад дэлгүүрээс гарч 9 дүгээр хороонд байдаг Ичинхорлоо гээд эмээгийнх рүүгээ алхаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103-р тал/- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-16-р тал/,
Эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 23-24-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Г.Д- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 114-117-р тал/-аар тогтоогдож байна.
2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1.2-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 01-ниы өдрийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнссэнийг өршөөлд хамрагдаж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Шүүгдэгч Г.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн 1738000560053 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Д-гаас 189.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н-д, 204.500 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-д, 735.500 төгрөг гаргуулж хохирогч Б.С-д, 80.000 төгрөг гаргуулж хохирогч Г.О-д, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгөтэй сони гэсэн бичигтэй чихэвч 1 ширхэг, хар саарал өнгөтэй чихэвч 1 ширхэг, улаан өнгийн жижиг цүнх 1 ширхэг, шар эрээн өнгийн жижиг цүнх 1 ширхэг, Коко шанел гэсэн бичигтэй үнэртэй ус 1 ширхэг, шар өнгийн бугуйн цаг /шил нь хагархай/ 1 ширхэг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн утасны чихэвч 1 ширхэг, нокиа гэсэн бичигтэй утасны баттерей 6 ширхэг зэргийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Д-г бусдын эд зүйлийг үйл ажиллагаа явуулах зориулалтын орон байранд нэвтэрч хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д-д 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Д-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Г.Д-гаас 189.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Н-д, 204.500 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-д, 735.500 төгрөг гаргуулж хохирогч Б.С-д, 80.000 төгрөг гаргуулж хохирогч Г.О-д, 75.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж улаан өнгөтэй сони гэсэн бичигтэй чихэвч 1 ширхэг, хар саарал өнгөтэй чихэвч 1 ширхэг, улаан өнгийн жижиг цүнх 1 ширхэг, шар эрээн өнгийн жижиг цүнх 1 ширхэг, Коко шанел гэсэн бичигтэй үнэртэй ус 1 ширхэг, шар өнгийн бугуйн цаг /шил нь хагархай/ 1 ширхэг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, хар өнгийн утасны чихэвч 1 ширхэг, нокиа гэсэн бичигтэй утасны баттерей 6 ширхэг зэргийг шүүгдэгч Г.Д-д буцаан олгосугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ