Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2025/0721

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК

Хариуцагч: Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн,

Маргааны төрөл: “Э” ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хооронд “У*******-М*******-Д*******” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө*******, Б.Х*******, М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1.“Э” ХХК-иас Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд холбогдуулан Э” ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хооронд “У*******-М*******-Д******* чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл /У*******, Д, Ө/ гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгах”  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            2.Нэхэмжлэгч нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс зарласан МУШС/20******* дугаар “У*******-М*******-Д*******” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төслийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарсан.

3.Улмаар хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24/226 дугаар мэдэгдлээр гэрээ байгуулахыг мэдэгдэж, харин нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 421/24 тоот албан бичгээр гэрээг хариуцагчид хүргүүлсэн байна.

4.Харин хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/286 тоот албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзах мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсан.

5.Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

Манай компани Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр зарлаж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээлт хийсэн МУШС/20******* дугаартай “У*******-М*******-Д******* чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл (У*******, Д, Ө)” тендер шалгаруулалтад 3,686,400,000 төгрөгийн үнийн санал бүхий тендер илгээн оролцож 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24/226 тоот мэдэгдлээр гэрээ байгуулах эрх авсан.

Үүнээс хойш захиалагч хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан ямар нэг өөр шийдвэр гаргаагүй ба тус зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар цахим системээр ирүүлсэн 24/226 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл нь захиалагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргасан эцсийн шийдвэр юм.

Дээрх шийдвэрт “Энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гэрээний маягтад гарын үсэг зурж, гүйцэтгэлийн баталгааны хамт манай хүрээлэнд ирүүлнэ үү” гэж заасны дагуу бид тус тендер шалгаруулалтын баримт бичиг дэх гэрээний загварын дагуу Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн болон “Э” ХХК гэсэн хоёр талын байгуулах гэрээг баталгаажуулсан эх хувь, санхүүжих дүнгийн 3 хувиар тооцсон Хас банкны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 101/2138 дугаартай гүйцэтгэлийн баталгааны эх хувийн хамт 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 421/24 дугаартай албан бичгээр хүргүүлснийг тус хүрээлэнгийн ажилтан Б.Туяа 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан.

Хуулийн дагуу захиалагчийн дээрх шийдвэрт холбогдуулан Сангийн яаманд гомдол гаргах хугацаа 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар болох үед ямар нэг гомдол гараагүй тул захиалагчийн шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болж, бидний хүргүүлсэн гэрээг ажлын 5 өдрийн дотор баталгаажуулах үүргийг захиалагч хүлээсэн.

Захиалагч нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий 24/286 тоот албан бичгийг гаргасан гэх боловч тус албан бичгийг Монгол шууданд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр RD18 бүртгэлийн дугаартайгаар хүлээлгэн өгч, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай компанид ирүүлсэн нь хуулийн 30.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдсоноос хойш манай компанид ирснээс гадна хуулийн 30.5-д заасан үндэслэлд хамаарахгүй албан бичиг байсан болно.

Бид тус албан бичгийн хариуд 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Гэрээт ажлын тухай” 03/25 тоот албан бичгийг хүргүүлж, талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдсон бөгөөд тус албан бичигт дурдсан асуудлууд нь маргаантай байгаа талаар албан ёсоор мэдэгдсэн. Тус албан бичгийг Монгол шуудангаас 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн бичиг хэргийн ажилтан Дэлгэрмаад гардуулсан ба хариуцагч нь тухайн албан бичигт дурдсан үндэслэл, тайлбарын талаар дахин бидэнд хандаагүй.

Манай компани нь 2025 оны 02 сарын 04-ний өдрийн 29/25 дугаар албан бичгээр гэрээт ажлын эхлэлийн тайланг захиалагчид хүргүүлснийг Монгол шуудангаас 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн бичиг хэрэгт гардуулсан ба энэхүү тайланд захиалагч санал, дүгнэлтээ өгснөөр дараагийн шатны ажлуудыг хүлээлгэж өгөх ёстой боловч хариу өгөгдөхгүй байдалтай байсан.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан тооцогдсон үйл баримтыг үгүйсгээгүй ба бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу тус байгууллагын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн огноо бүхий 24/286 тоот албан бичигт дурдсан Зам, тээврийн сайдын 2024 оны А/276 дугаар тушаалын биелэлтийг хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзсэн болохыг 2025 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 46/25 тоот, 04 дүгээр сарын 03-ний өдрийн 67/25 тоот, 5 дугаар сарын 01-ний өдрийн 107/25 тоот албан бичгээр тус тус Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд мэдэгдсэн ба тухайн тохиолдлуудад манай компанитай гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаагүй болно.

Гэтэл Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн нь хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанд тооцогдсон үйл баримтыг үгүйсгэсэн шийдвэр гаргаагүй ч гэрээ “цаасан” хэлбэрээр албажаагүйг үндэслэн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэхгүй байдалтай байгаагаас шалтгаалж гэрээний дагуу хийгдсэн дараагийн шатны ажлуудыг Зам, тээврийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлэх, инженерийн нарийвчилсан зураг төслийг магадлалаар баталгаажуулах зэрэгт хүндрэлтэй байдал үүсгэж байна.

Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг гаргах боломжгүй байдлыг бий болгож байгаа бөгөөд шүүхээс талуудын хооронд “У*******-М*******-Д******* чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл (У*******, Д, Ө)” гэрээний харилцаа байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой болох тул гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан болно” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд, анх 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс тодорхой дугаартай У*******, М*******, Д******* чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тендер шалгаруулалтыг зарласан. Тухайн тендер шалгаруулалтад нэхэмжлэгч компаниас оролцоод, хариуцагч нь тендер шалгаруулалтыг 2024 оны 12 дугаар дугаар сарын 12-ны өдөр нээгээд, 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн компанид гэрээ байгуулах эрхийг олгосон. Тус тендер шалгаруулалтад 2 оролцогч оролцсон нь хэрэгт авагдсан материалаас харагдаж байгаа. 12 дугаар сарын 18-ны өдөр хуульд зааснаар гэрээ байгуулах эрх олгосон бол түүнээс хойш ажлын 5 хоног буюу хуанлийн 7 хоногийн хугацаанд тухайн тендер шалгаруулалтын оролцогчид нь хуульд зааснаар гомдол гаргах эрхтэй. Ямар нэгэн байдлаар гомдол гаргах үйл явц болоогүй. Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлд тухайн компанийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэлийн баталгааны хамт ирүүлэхийг нь тодорхой дурдсан албан бичгийг хариуцагчаас ирүүлдэг. Түүний дагуу нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэлийн баталгааг Хас банкнаас гаргуулаад, гэрээний эх хувь дээр тухайн байгууллагын гүйцэтгэх захирал болон ерөнхий төсөлд оролцсон төслийн удирдагч, санхүү, хуулийн мэргэжилтнүүдийнхээ гарын үсгийг зуруулаад тухайн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөртөө хүлээлгэж өгсөн баримт байгаа. Хуульд зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт зааснаар захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно гэдэг. Тэгэхээр энэ хугацааг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс үүсэж байна гэж хуульд тодорхой заасан. Гомдол гаргах хугацаа өнгөрснөөс хойш тоолно гэдэг тухайлсан зохицуулалт байхгүй. Тендерээ хүргүүлээд өгчихсөн байхад хариуцагч байгууллагаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн огноотой боловч өөрсдийнх нь ирүүлж байгаа материалаар шууданд 12 дугаар сарын 26-ны өдөр гэх огноотой байдаг. Өөрөөр хэлбэл, гэрээ, гүйцэтгэлийн баталгааг хүлээж авсныхаа дараагаар шууданд өгсөн гэрээ байгуулахаас татгалзах тухай гэдэг албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзаж байна гэж тайлбарладаг. Энэ албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан захиалагчийн гаргах шийдвэрийн төрөл биш юм. Иймээс нэхэмжлэгч байгууллагын хувьд энэ асуудлаар маргаагүй. Хуулийн 28.1-д ямар шийдвэр гаргахыг тухайлаад заачихсан. Тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана гээд нэгдүгээрт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох, хоёрдугаарт шаардлагад нийцсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй оролцогчийн тендерийг шалгараагүй тухай мэдэгдэх, гуравдугаарт шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэсэн шийдвэр гаргадаг. Энэ шийдвэрээ 12 дугаар сарын 18-ны өдөр гаргачихсан. Үүнээс хойш зөвхөн гомдол гараад, түүнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргасан тохиолдолд энэ шийдвэрүүд хүчингүй болбол Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэрээ дахин гаргах, өөр бусад шийдвэр гаргах хуулийн цар хүрээтэй. Гэтэл хариуцагчаас танай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байгаа тул гэрээ байгуулахаас татгалзаж байна гэдэг агуулгатай албан бичиг ирүүлсэн нь хуульд заасан ямар ч процесст хамааралгүй. Өөрөөр хэлбэл тендер нь тендер нээх үеэс хянан үзэх үед шаардлагад нийцсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд гэрээ байгуулах эрх олгочихсоноосоо хойш дахиад хянан үзэх ажиллагаагаа шинээр хийж байгаа мэт агуулгатай бичиг ирүүлж байгаа нь үндэслэлгүй гэж үзсэн. Энэ бичиг нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч байгууллагад ирсэн. Энэ асуудлаар нь 01 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичгээр хариу хүргүүлсэн. Тухайн албан бичигтээ сая үндэслэл болгосон хуулийн заалтын хүрээнд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцогдсон болно гэдгийг дурдаад, тусгай зөвшөөрөл цуцалсан гэдэг асуудлаар танайхаас ирүүлсэн албан бичгээс мэдлээ. Бид энэ асуудлыг тодруулахаар Зам тээврийн яаманд хандсан. Тодорхой шийдвэр гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу нягталж үзэх ажиллагааг хийж өгөөч гэдэг агуулгатайгаар 01 дүгээр сарын 06-ны өдөр бичиг явуулсан. Энэ тусгай зөвшөөрөл цуцалсантай холбоотой асуудлыг тусдаа маргаанаар шийдвэрлүүлж байгаа. Гэхдээ тайлбарлахад 12 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч байгууллагад бичиг ирүүлэхтэйгээ зэрэгцүүлээд 12 дугаар сарын 20-ны өдөр өөр бичгээр тухайн компанид анх удаа тусгай зөвшөөрөл чинь цуцлагдсан гэдэг агуулгыг Зам, тээврийн яамнаас ирүүлдэг. Тухайн бичигтээ А/276 дугаар тушаалыг ирүүлээгүй. Хариуцагч байгууллага буюу Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд тушаалынх нь хуулбарыг албан бус журмаар өгсөн гэж ойлгогдож байгаа. Яагаад гэвэл зургийг нь оруулчихсан байсан. Хариуцагчаас одоог хүртэл эх хувиас нь хуулбарласан хуулбарыг шүүхэд гаргаж өгөөгүй. Зургийг нь оруулсан материалыг ирүүлдэг мөртөө нэхэмжлэгч буюу эрх, ашиг нь зөрчигдөж байгаа этгээдэд тушаалынх нь хуулбарыг хүргүүлээгүй, ямар тусгай зөвшөөрөл, мөн ямар учиртай гэдэг нь ойлгогдохгүй нөхцөл байдал байсан. Иймээс 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч байгууллагаас Зам, тээврийн яаманд тусгай зөвшөөрөл цуцалсан гэж байгаа тушаалуудаа ирүүлээч гэхэд 01 дүгээр сарын 06-ны өдөр Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээнд бичиг явуулсны дараагаар буюу 01 дүгээр сарын 07-ны өдөр ирээд, үүнээс хойш уг асуудлаар шүүхэд маргаан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлээд Зам, тээврийн сайдын А/276 дугаар тушаалын биелэлт түдгэлзчихсэн байгаа. Мөн энэ асуудлаар шинжээч томилуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн түдгэлзүүлчихсэн байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хувьд ямар нэгэн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд нөлөөлөх нөхцөл байдал байхгүй...” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-Ө шүүх болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-т “Захиалагч энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг цахим системд нийтэлснээр мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарласан МУШС/20******* тоот тендерт шалгарсан “Э” ХХК-тай 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 24/226 дугаартай албан бичгээр “Гэрээ байгуулах мэдэгдэл” хүргүүлсэн.

Гэтэл Зам, тээврийн яамнаас 2024 оны 12 дүгээр сарын 20-ны өдрийн 03/2381 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны А/276 тушаалаар хүчингүй болгож 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/1921 дугаартай албан бичгээр тендер шалгаруулалтад оролцох эрхээ хасуулсан этгээдийн жагсаалтад бүртгүүлэх тухай саналыг Сангийн яаманд хүргүүлсэн тухай мэдээллийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн.

Хариуцагч нь тус мэдээллийг хүлээн авсан даруй 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” 24/286 дугаартай албан бичгийг хүргүүлэхээр хуульд заасан ажлын зургаагаас доошгүй өдрийн дотор буюу Монгол шууданд 2024 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 12:56 минутад RD18 бүртгэлийн дугаартайгаар хүлээлгэн өгсөн.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4-т “.Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан хугацааг нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээг хариуцагчид хүргүүлсэн өдрөөс тоолсон байна. Гэтэл хуулийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа буюу 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хугацааг тоолох ёстой, хуулийн 30.4-т заасны дагуу ажлын 5 хоногийн дотор буюу 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн дотор гэрээг баталгаажуулах ёстой. Нэхэмжлэгч нь хариуцагчийн “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” 24/286 дугаартай албан бичгийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээж авсан. Хариуцагчийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны дотор ямар нэгэн шалтгаангүйгээр гэрээг баталгаажуулаагүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Хариуцагч нь гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэрийг Зам, тээврийн яамнаас ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/2381 дугаартай “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн гаргасан.

Хуулийн 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж зааж өгсөн. МУШС/20******* дугаартай тендерийн баримт бичгийн тендерийн шалгаруулалтын зааварчилгааны 19.3-т Тусгай зөвшөөрөл “Шаардана” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон нь техникийн чадавхын шаардлага хангахгүй болсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтад оролцсон, шалгарсан тухайн үеийн шаардлагыг гэрээ байгуулах болон гэрээний хэрэгжилтийн явцад ч мөн адил хангаж байх ёстой. Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус болсон нь Хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болсон. Хариуцагчаас нэхэмжлэгчид 2025 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн байдлаар гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлэх үед нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байсан. Гэтэл Зам, тээврийн яамнаас Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон тухай хариуцагчид мэдэгдсэн. Тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон нэхэмжлэгч “Э” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй юм. 

Мөн гэрээг нэхэмжлэгч болон хариуцагч нар нь дангаар байгуулах боломжгүй. Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн ЗГ-2/963 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгээр тендерт шалгарсан оролцогч компаниудтай гурвалсан гэрээ байгуулах чиглэл өгсний дагуу “Э” ХХК, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТУГ болон ажлын даалгаврыг нь боловсруулан баталгаажуулж, захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх Зам, тээврийн яам хамтран байгуулах ёстой. Гэтэл гэрээний нэг тал болох Зам, тээврийн яамнаас гэрээг байгуулах биш нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалж хүчингүй болгосон.

    Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн нь Монгол Улсын Шадар сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2024 онд тендерт шалгарсан оролцогч компани, захиалагч холбогдох яам тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг, бусад газруудтай нийт 15 гурвалсан гэрээг байгуулан амжилттай хэрэгжүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/286 дугаартай “Гэрээ байгуулахаас татгалзах тухай”, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25/119 “Хариу хүргүүлэх тухай”, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 дугаартай  “Хариу хүргүүлэх тухай” албан бичгүүд гэрээ байгуулахаас татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй тул ямар нэгэн ажлын гүйцэтгэлд хамаарах санхүүжилтийг олгох боломжгүй тухай мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн  24/286 дугаартай “Гэрээ байгуулахаас татгалзах тухай” албан бичгийг хууль бус, хүчингүй болгуулах талаар маргаж байгаагүй болно.

Гурвалсан гэрээ байгуулагдаагүй, гэрээний харилцаа талуудын хооронд үүсээгүй байхад гэрээт ажлыг гүйцэтгэж, санхүүжилт шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хуулийн 21.1.1-т "тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах" гэсний дагуу тус хугацааг ажлын 36 хоног хүчинтэй байна гэж тендер илгээх маягтад заасан. Тендер 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нээгдэж 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хүчинтэй байсан. Гэтэл хуулийн 21.1.1-т заасны дагуу тендер хүчинтэй байх хугацаа 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болчхоод байхад гэрээ байгуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хуулийн 28.8-д "Захиалагч шийдвэр гаргах, эсхүл гэрээ байгуулах хүртэл хугацаанд оролцогчийн тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж болох ба оролцогч хугацааг сунгах бол захиалагчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасны дагуу тендер хүчинтэй байх хугацааг сунгах тухай хүсэлт нэг ч удаа гаргаж байгаагүй болно.

Монгол Улсын Сангийн сайдаас Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/6474 дугаартай 73 төсөл, арга хэмжээний жагсаалт бүхий "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан боловч 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй төсөл арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг Төрийн сан дахь улсын төсвийн орлогын MN910090100 тоот дансанд 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор буцаан төвлөрүүлэх, төвлөрүүлсэн талаарх нотлох баримтыг ирүүлэх чиглэл өгсөн. Үүний дагуу Хариуцагч нь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нийт 73 төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр болох нийт 47,240,546,625.00 тэрбум төгрөгийг улсын төсвийн MN910090100 тоот дансанд буцаан төвлөрүүлсэн. Үүнээс төсөл, арга хэмжээний жагсаалтын 19-д дурдсан IV.4.4.1 "У*******-М*******-Д******* чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл (У*******, Д, Ө)" тендерийн санхүүжилтийн дүн болох 4,553,900,000.00 төгрөгийн эх үүсвэрийг улсын төсвийн орлогын дансанд төвлөрүүлсэн тул Хариуцагчийн зохих дансанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхий тус арга, хэмжээг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр нь буцаан татагдаж, санхүүжүүлэх эх үүсвэргүй болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.  гэжээ.

8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

...Тендерт 2 компани оролцсон. Хамгийн сайн үнэлэгдээд, 100% шаардлагад нийцээд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манайхаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн. 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зам, тээврийн сайдын А/276 дугаар тушаалаар тухайн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Яагаад тусгай зөвшөөрөл дээр маргаад байна гэхээр манай зарласан тендерийн баримт бичгийн 19 дүгээр зүйлд 4 тусгай зөвшөөрөл шаардсан байгаа. Үүнд авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тусгай зөвшөөрөл, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, мөн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах тусгай зөвшөөрөл, хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлүүдийг шаардсан. Уг тусгай зөвшөөрлийн хүрээнд дээрх ажлыг гүйцэтгэх ёстой. Гэтэл Зам, тээврийн сайдын тушаалаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихсон байхад манай газар ямар ч гэрээ хийх үндэслэл байхгүй. Мөн тендерийн баримт бичгийн гэрээний ерөнхий нөхцөлийн  9.1.7 дээр ажил гүйцэтгэх хугацаанд гүйцэтгэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дуусаж сунгагдаагүй, түдгэлзүүлсэн, хүчингүй болсон бол гэрээг цуцална гээд хуулийн заалт нь байгаа.

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манайх гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлсэн. Мэдэгдэл дээр энэхүү мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд гарын үсэг зурж ирүүлнэ үү гэсэн байгаа. Энэ бол зөвхөн мэдэгдэл дээр бичсэн заалт биш, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан байдаг. Бүх тендер шалгаруулалт энэ процессоор явагддаг, бүх шалгарсан, шалгараагүй мэдэгдлийг бид ажлын 6-аас доошгүй хоногийн дараа хүлээж байгаад гэрээгээ байгуулдаг. Сангийн яам руу залгаад гомдол гаргасан эсэхийг тодруулаад гараагүй бол гэрээгээ байгуулаад, гомдол гаргасан бол бид Сангийн яаманд материалаа шалгуулдаг. Нэхэмжлэгч талын маргаад байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д захиалагч, шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гээд заачихсан байгаа. Тэгэхээр 01 дүгээр сарын 03-ны өдөр гэрээг байгуулах сүүлийн хугацаа нь үүсэж байгаа. Энэ хугацааг яаж тооцсон гэхээр 12 дугаар сарын 18-ны өдөр манайх мэдэгдлээ өгсөн учир хугацааг 19-ний өдрөөс эхэлж тоолно. Захиргааны ерөнхий хуулиар уг үйл явдал болж өнгөрсний дараах өдрөөс тооцож эхэлнэ гэж байгаа. Аливаа хугацааг тухайн үйл явдал болж өнгөрсөн өдрийн маргааш өдрийнх нь ажлын цагаар тооцож эхэлдэг. Ингээд 12 дугаар сарын 19-ний өдрөөс хоногоо тооцохоор ажлын 6 өдөр нь 12 дугаар сарын 27-ны өдөр дуусаж байгаа. Үүнээс хойш ажлын 5 хоногоо тооцно. Энэ нь хуулийн 30.4-д байгаа хугацаа юм. Нэхэмжлэгчээс энэ ажлын 5 хоног өнгөрвөл гэрээнд гарын үсэг зураагүй ч гэрээ байгуулсанд автоматаар тооцно гээд байгаа. Энэ хугацаа нь 01 дүгээр сарын 03-ны өдөр дуусаж байгаа. Зам, тээврийн сайд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалчихсан гэх бичгийн дагуу манайхаас гэрээ байгуулахаас татгалзсан тухай мэдэгдэл 12 дугаар сарын 23-ны өдөр бланк дээр гарсан. Гэтэл шууданч 4 дэх өдөр ирдэг учраас 12 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдлийг авч явсан. Нэхэмжлэгч компанид 01 дүгээр сарын 02-ны өдөр очсон. Тэгэхээр биднийг эс үйлдэхүй гаргаж энэ хооронд юу ч яриагүй, юу ч хийгээгүй гэдэг. Бид гэрээ байгуулахгүй татгалзаж байгаа тухай мэдэгдлээ үндэслэл бүхий хавсралтуудын хамт энэ компанид хүргүүлсэн. Сая шүүхэд шуудангийн лавлагааг гаргаж өгсөн. Үүнийг яагаад өгсөн гэхээр мэдэгдэл 12 дугаар сарын 23-ны өдөр гарчхаад яагаад нэхэмжлэгчид 01 дүгээр сарын 02-ны өдөр очиж байгаа вэ гэдэг эргэлзээ төрж магадгүй гэдэг утгаар өгсөн. Энэ нь шууданчийн алдаа байсан учраас хугацаа хоцорсон. Манай шуудан үдээс өмнө өгвөл үдээс хойшдоо, зарим тохиолдолд маргааш нь очдог хурдан үйлчилгээтэй. Гэтэл хаягийн андуурал үүсгээд өөрсдөө буруу шууданчид өгөөд тойрч явж байгаад 01 дүгээр сарын 02-ны өдөр очсон байгаа. Энэ асуудлыг чухалчилж үзэхгүй байсан ч бид хугацаандаа амжиж гэрээ байгуулахаас татгалзсан бичгээ өгсөн. Хэрвээ 01 дүгээр сарын 03-ны өдрийн дараа мэдэгдэл очсон ч юм уу, тухайн ажлын 5 хоногтоо багтаж очоогүй бол манайхыг гэрээ байгуулсанд автоматаар тооцож болно. Гэтэл бид тэр хугацаанаас өмнө үйлдэл гаргаж тусгай зөвшөөрөл цуцалсан сайдын тушаал гарсан байна, мөн тендерийн баримт бичгийн ерөнхий нөхцөлд заасан 9.1.7-д зааснаар түдгэлзүүлсэн, цуцалсан ямар ч тохиолдолд гэрээг цуцална гээд нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан. Гэтэл нэхэмжлэгч компани 01 дүгээр сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрлийн мэдээллийн талаар манайд бичиг ирүүлсэн. Мөн 02 дугаар сарын 04-ний өдөр эхлэлтийн тайлангаа ирүүлсээр байсан. Гэтэл тендер хүчинтэй байх хугацаатай. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тендер хүчинтэй байх хугацааг тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заадаг. Тус ажлын хувьд өөрсдийнх нь бөглөж ирүүлсэн маягтад тендерийн хүчинтэй байх хугацааг 36 өдрийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. Нээснээс хойш 36 өдрийг тооцохоор 02 дугаар сарын 03-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаж байгаа. Энэ хооронд компани хуулийн 28.8-д зааснаар тендер хүчинтэй байх хугацаагаа сунгуулах хүсэлтээ манайд бичгээр мэдэгдэх ёстой байсан. Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгасан тохиолдолд гүйцэтгэлийн баталгааг мөн адил сунгадаг. Нэхэмжлэгчээс сая гүйцэтгэлийн баталгааг одоо хүртэл хүчинтэй байна гэж байна. Тендерийн хүчинтэй байх хугацаа 02 дугаар сарын 03-ны өдөр дуусчихсан. Бидэнд хугацааг сунгаж байгаа ч юм уу, ямар нэгэн мэдэгдэл бичгээр гаргаж өгөөгүй. Гэтэл гүйцэтгэлийн баталгаа одоо хүртэл хүчинтэй байгаа гэдэг нь шаардлага хангахгүй байгаа. Тендерийн хүчинтэй байх хугацаагаа дагаад гүйцэтгэлийн баталгааны хүчинтэй байх хугацаа давхар сунгагдаж байдаг. Шадар сайдын чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн тухай нэхэмжлэгчээс хэлж байна. Энэ нь захирамжилсан тушаал биш, тогтоол биш, чиглэл хүргүүлж байгаа юм. Манайх Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн буюу эрдэм шинжилгээний байгууллага юм. 2024 онд 73 тендер зарласан байдаг. Тэгэхээр манайд хүлээж авах эрх бүхий замын инженер ч юм уу, мэргэшсэн хүн байхгүй учраас бид ажлын даалгавар боловсруулсан. Барилгатай холбоотой бол Барилга, орон сууцжуулалтын яам, замтай холбоотой бол Зам, тээврийн яам, мал аж ахуйтай холбоотой бол Хүнс, хөдөө аж ахуйн яам гэх мэтчилэн татаж оруулж захиалагчийн хяналтыг давхар хэрэгжүүлсэн. Яагаад гэвэл манайх мэргэжлийн байгууллага биш юм. Гэхдээ бид А3 сертификаттай байж байгаад тендерээ зарласан. Гэхдээ хүлээж авах мэргэжлийн хүн байхгүй, манай бүтэц 40 хүний орон тоотойгоор батлагдсан байсан учраас инженер техникийн ажилтан авах боломжгүй байсан. Тиймээс Шадар сайдын чиглэлээр бүх ажил дээрээ гуравласан гэрээг байгуулаад явсан. Зам, тээврийн яамны хувьд жишээ татаад нэг гэрээ авчирсан. Үүнд, тээвэр логистикийн төвийн ТЭЗҮ гэсэн замын ажил байгаа. Зам, тээврийн яам гэрээний нэг тал болоод гүйцэтгэгч компани болон манайх гэрээ байгуулаад одоо хүртэл техник хяналтыг тайлан бүрд гаргаад бидэнд бичгийг ирүүлдэг. Бид мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслээд санхүүжилтийг олгодог” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.“Э” ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хооронд “У*******-М*******-Д*******” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх шаардлагын тухайд:

1.1.Нэхэмжлэгч Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгээс зарласан МУШС/20******* дугаар “У*******-М*******-Д*******” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төслийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 24/226 дугаар мэдэгдлээр гэрээ байгуулахыг мэдэгджээ.

1.2. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 421/24 тоот албан бичгээр гэрээг хариуцагчид хүргүүлжээ.

1.3. Гэтэл хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 24/286 тоот албан бичгээр гэрээ байгуулахаас татгалзах мэдэгдлийг хүргүүлснийг нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардан авчээ.

1.4. Татгалзалд Зам, тээврийн яамны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн  03/2381 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай мэдэгдэл, мөн яамны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/1921 тоот албан бичгээр тендерт шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгүүлэх санал зэргийг дурджээ.

1.5.Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/276 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

1.6.Тендер шалгаруулалтын зааварчилгааны өгөгдлийн хүснэгтийн 19.3-т тусгай зөвшөөрөл шаардлагатай гээд “5.2.1-Авто зам замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, 5.2.2- Авто зам замын байгууламжийн зураг төсөл боловсруулах эсхүл Хугацаа дуусаагүй тусгай зөвшөөрлийн тухайд: 2.8.1.1техник эдийн засгийн үндэслэл боловсруулах” гэжээ.

Зөвшөөрлийн тухайн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсэгт “Зам, тээврийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно” гээд хүснэгтийн 5.2-т “авто зам, замын байгууламжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэж заасан байна.

1.7.Дээрхээс дүгнэвэл тухайн ажлыг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэхээр байх тул тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцсэн байна.

1.8.Хэдийгээр тендер сонгон шалгаруулалтад оролцох үед нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүд хүчинтэй байсан, мэдэгдэл хүргүүлсэн цаг хугацаатай зэрэгцэн Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/276 дугаар тушаалаар ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг сүүлд мэдсэн, улмаар гэрээ байгуулахаас татгалзах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснийг буруутгах үндэслэлгүй.

1.9.Энэ тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэж заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд гэрээний эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоох үндэслэлгүй.

1.10. Өөрөөр хэлбэл эрхийн аливаа зөрчилгүй гэрээг захиалагчид хүргүүлсэн, уг гэрээг албажуулахгүй эс үйлдэхүй гаргасан тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэх бөгөөд тухайлан нөхцөлд тавьсан /тусгай зөвшөөрөл шаардсан/ дээрх тендерийн тухайд гэрээ байгуулсанд тооцох үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн “Э” ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хооронд “У*******-М*******-Д*******” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

2.1.Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/25 тоот албан бичгээр гэрээт ажлын тухай, 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдөр тайлан, 2025 оны 03 дугаар сарын 10, 2025 оны 04 дүгээр сарын 03, 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдрүүдэд мэдэгдэл, 2025 оны 06 дугаар сарын 16-ын өдрийн 156/25 тоот албан бичгээр гэрээт ажлын тайлан зэргийг хариуцагчид хүргүүлжээ.

2.2. Хариуцагчаас 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр гэрээ хийгдээгүй тул санхүүжилт олгохоос татгалзжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “захиргааны гэрээг бичгээр байгуулна”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” гээд 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэжээ.

2.3.Дээрхээс дүгнэвэл талуудын гарын үсэг зурж албажуулснаар, эсхүл гэрээ байгуулахыг зөвшөөрснөө аливаа хэлбэрээр илэрхийлсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд дээр дурдсанчлан хариуцагчаас гэрээ байгуулахаас татгалзсан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн, гэрээ байгуулах боломжгүй талаар хүсэл зоригоо илэрхийлсээр байхад нэхэмжлэгчээс өөрийн санаачилгаар тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул санхүүжилт олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал хуульд нийцжээ.

2.4.Учир нь гэрээ нь тухайн тендерийн салшгүй нэг хэсэг болохын хувьд албажиж хүчин төгөлдөр болсноор ажил, үйлчилгээ эхлэх, түүний хэрэгжилтэд хяналт тавих, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх үүсэх бөгөөд нэгэнт тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах, байгуулаагүй гэрээний үүргийн дагуу санхүүжилт олгох үүрэггүй.

Иймд 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон Зам, тээврийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/276 дугаар тушаалыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон тохиолдолд дахин тендер зарлахгүй бөгөөд гэрээ байгуулах талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргах, тус шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөвшөөрлийн тухайн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дэх хэсгийн хүснэгтийн 5.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд холбогдуулан гаргасан“Э” ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн хооронд “У*******-М*******-Д*******” чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл, гэрээний харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрөх, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 25/304 тоот албан бичгээр санхүүжилт олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, санхүүжилт олгохыг даалгахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ