| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00381/И |
| Дугаар | 311/ШШ2025/00408 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, .......тоотод оршин суух хаягтай, .....нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд өрөг угсрагчаар ажилд орж, 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд Сүмбэр пүүсийн дөрөвдүгээр цуваа, Алтан харш хувьцаат компани болж нэр нь өөрчлөгдсөн бөгөөд Сүмбэр пүүс болон Алтан харшийн холбогдох бичиг баримт олдохгүй байна.
Иймд намайг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестэд өрөг угсрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Л.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд өрөг угсрагчаар,
-1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны Брилга трестийн Сүмбэр пүүсийн 4-р цуваанд өрөг угсрагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1989 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 307750 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестийн даргын 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 144 дугаартай Техник мэргэжлийн сургууль төгсч ирсэн хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, мөн трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 220 дугаартай Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн трестийн даргын 1991 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай Ажилчин албан хаагчдыг салбар, цувааны мэдэлд шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Л.......н өгсөн мэдүүлгийн: ...******* 1989 оноос хойш Завхан аймгийн барилга трестэд өрөг угсрагчаар ажилладаг байсан. ...тухайн үед би мөн энэ барилга трестэд өрөг угсрагчаар ажилладаг байсан. ...өрөг угсрагч гэдэг нь барилга дээр өрлөг өрнө гэсэн үг. ...өвөл нь барилгаа өрөөд, зун нь барилгын засал чимэглэлийг хийдэг байсан. ..дан ганц өрлөг хийхгүй барилгын бүх л зүйлийг хийдэг байсан. ...бид 1995 он хүртэл хамт ажилласан. ... гэх хэсэг,
гэрч Ц...... өгсөн мэдүүлгийн: ...Л.******* 1989 оны 7 сараас эхлэн Завхан аймгийн барилга трестэд өрөг угсрагчаар ажилладаг байсан. би мөн өрөг угсрагчаар ажилладаг байсан. ...******* 1995 он хүртэл ажилласан. ...тухайн үед Сүмбэр пүүсийн 4 дүгээр цуваа, Алтан харш хувьцаат компани болж нэр нь өөрчлөгдөж байсан. ... гэх мэдүүлэгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Л.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........г 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн техник туслалцааны барилгын тавдугаар трестэд өрөг угсрагчаар,
-1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүртэл Завхан аймгийн Техник туслалцааны Брилга трестийн Сүмбэр пүүсийн 4-р цуваанд өрөг угсрагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ