| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/00436/И |
| Дугаар | 305/ШШ2025/00460 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2025/00460
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ...... оршин суух, Н овгийн Д-ийн И-ын нэхэмжлэлтэй С.Ж-тай хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч, гэрч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1.Нэхэмжлэлийн шаардлага: 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: С.Ж, Д.И бид хоёр 1994 онд танилцаж 1995 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хурим найраа Жаргалан сумын Завхан гол багт Хонгор толгой гэдэг газар хийж түүнээс хойш тасралтгүй мал маллаж амьдарч байна. Тухайн үед гэрлэлтээ батлуулж амжаагүй байгаад 2006 оны 11 дүгээр сарын 17-нд гэрлэлтийн гэрчилгээгээ авсан. 2025 оны 07 сарын 12-нд 50 нас хүрч малчин тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж байгаа. 1994-2000 оны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдан тооцуулсан бөгөөд гэрлэлтээ батлуулаагүйн улмаас нөхрийн нэрээр бичигдсэн мал тооллогын А дансаар малчны жил тооцуулах боломжгүй, хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгох талаар нийгмийн даатгалын байцаагч зөвлөсөн. Бид хоёрын дундаас 1999 онд охин Ж.Аг, 2006 онд хүү Ж.М нар төрсөн лавлагаа авсан. 1995-2000 оны мал тооллогын А дансны лавлагаа авсан. 2000 оны хүн амын тооллогын лавлагаа авсан. Мөн Жаргалан сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, 2006 оны гэрлэлтийн гэрчилгээ зэргийг бүрдүүллээ. Д.И миний бие өөрийн биеэр оролцох боломжгүй тул С.Ч-г итгэмжлэл олгуулж өөрийгээ төлөөлүүлсэн болно. Иймд 1995 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд С.Ж-тай хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахдаа: Д-ийн И нь С-ийн Ж-тай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд нэмэлт тайлбар залруулга гаргаж байна. С.Ж, Д.И нар нь 1995 онд анх танилцаж дотносон 1996 оны 03 дугаар сард анхны хүү Н төрсөн, тухайн үед хуримаа хийж амжаагүй байсан учир ээж И-аар овоглосон. 1996 оны 09 дүгээр сарын 27-нд хуримаа хийсэн. Тухайн үед И-ын аав Д, ээж Ц нар нь гал голомтод төрсөн галын зээгээ өгөхгүй, бие хүн хийж авна гээд өгөөгүйгээс хүүгийн эцэг Ж дургүйцэн гэрлэлтээ батлуулахаа хойшлуулсан байна. 1999 онд охин А төрсөн. 2006 онд дахин жирэмсэлж эмнэлгийн дүгнэлтээр хүү байна гэснээр 2006 оны 11 сард гэрлэлтээ батлуулжээ. Өмнө өгсөн нэхэмжлэлээр гэрлэсэн оныг 1995 он гэж андуурч бичсэн байна. С.Ж нь айлын отгон хүү учир эцгийн гэрт гэрлэж өндөр настай ээжийгээ асран хамт амьдарч байсан. 1998 онд С.Жы дүү Ховдын багшийн дээдийг төгсөн аймагт суурьшин ээжийгээ өөр дээрээ авснаар Говь-Алтай аймгийн төвд амьдарсан байна. Тухайн үеийн мал тооллогын А дансанд бичигдсэн байгаа. 1996 онд хуримаа хийснээр одоог хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт хувийн мал маллан амьдарч байна гэжээ. 4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: -Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 3-р багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаар тодорхойлолт, - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн төрсний бүртгэлийн лавлагаанууд, -Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03-10/4164 дугаартай лавлагаа, - Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар архивын лавлагаа, -Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 300 дугаар лавлагаа, -Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дугаартай лавлагаа, эх баримтын хамт.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв. 2. Нэхэмжлэгч Д.И нь С.Ж-тай 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. 3. Доржийн И, Сэрээтэрийн Ж нар нь 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь: 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд “Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг гэсний 11 дугаарт С.Ж ...ам бүлийн тоо 3, малчдын тоо 2, 16-34 насны 2.... гэж бичигдсэн 2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд “Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг гэсний 15 дугаарт С.Ж ...ам бүлийн тоо 3, малчдын тоо 2, 16-34 насны 2.... гэж бичигдсэн, - Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Харчин овгийн Сэрээтэрийн Ж, Н овгийн Д-н И нарыг гэрлэсний бүртгэлийн лавлагаанд бүртгэсэн газар Говь-Алтай Есөнбулаг сум, бүртгэлийн дугаар: 311, бүртгэсэн он сар өдөр 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэж бичигдсэн, -тус газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эцгийн нэр Сэрээтэр Ж, эхийн овог нэр Д-йн И, хүүхдийн овог нэр Жы Аг, эмэгтэй, 1999 оны 07 дугаар сарын 08 өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 8222000048-рт 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, - тус газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эцгийн нэр Сэрээтэр Ж, эхийн овог нэр Доржийн И, хүүхдийн овог нэр Жы М, эрэгтэй, 2006 оны 12 дугаар сарын 27 өдөр эмнэлэгт төрснийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 12-рт 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, -Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03-10/4164 дугаартай 2000 оны хүн амын тооллогод Говь-Алтай аймгийн Жаргалан сум Завхан гол баг Сэрээтэрийн Ж тэргүүлэгч өөрөө 29 настай, эрэгтэй, Доржийн И эхнэр, 24 настай эмэгтэй, Жы Аг, охин 0 настай эмэгтэй” гэж бүртгэгдсэн, - Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар “********* регистрийн дугаартай Д-н И нь “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1994 оны 06 дугаар сараас 2000 он дуустал нийт 7 жил 7 сар баталгаажуулсан болохыг тодорхойлов” гэх лавлагаа, -Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19 дугаар “Тус аймгийн Жаргалан сумын Завхан гол багийн малчин өрхийн тэргүүлэгч С-ийн Ж-ы мал маллаж байсан хугацаа /1995-2000 он/ гээд тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо бичигдсэн, эх баримтуудын хамт, Гэрч Д.Ч-ын “...Д.Иыг танина. Манай доод ангид сурдаг байсан. Аав ээжтэй нь ойрхон саахалт байдаг байсан. Д.И, С.Ж нар 1996 оны 10 дугаар сард хуримаа хийсэн. Ойрхон айл байдаг байсан болохоор хуриманд очиж байсан. Ж нь ээжтэйгээ хөдөө амьдардаг байсан. Д.И нь аав, ээжийн хамт амьдардаг байсан. Хуримаа хийгээд гурвуулаа амьдардаг байсан. Хуримаа хийхээсээ өмнө 1 хүүхэдтэй байсан. Хийсний дараа 1 хүүхэдтэй болсон” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Шүүх хамтын амьдрал эхэлсэн хугацааг 1998 оны 9 сарын 08-ны өдрөөс гэж тооцох үндэслэлтэй гэж үзэхдээ тэдний дундаас 1999 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Жы А төрсөн байгаа нь биологийн үүднээс үзэхэд тухайн хугацаанаас урагш хүүхэд тээж төрүүлэх хугацааг тооцох буюу үйл явдлаар хугацааг тодорхойлох иргэний эрх зүйн хугацаа тоолох журмыг баримталсан болно. 4. Харин Д-йн И, С-ийн Ж нарыг 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан нь хэрэгт авагдсан доорхи нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. “1995 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд “Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг гэсний 2 дугаарт С.Ж ...ам бүлийн тоо 4, 16 -аас дээш нийт малчдын тоо-4, 16-34 насны 3, тэтгэврийн насны 1.... гэж бичигдсэн, “1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд “Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг гэсний 7 дугаарт С.Ж ...ам бүлийн тоо 4, 16 -аас дээш нийт малчдын тоо-4, 16-34 насны 3, тэтгэврийн насны 1.... гэж бичигдсэн, “1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд “Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол баг гэсний 23 дугаарт С.Ж ...ам бүлийн тоо 5, 16 -аас дээш нийт малчдын тоо-3, 16-34 насны 2, тэтгэврийн насны 1.... гэж бичигдсэн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эхийн овог нэр Д-йн И, хүүхдийн овог нэр И-ын Н, эрэгтэй, 1996 оны 03 дугаар сарын 02 өдөр төрснийг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 0027-рт 1996 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр өрхийн ам бүлийн тоо, уг ам бүлд байгаа насны ангиллын тоо нь зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл 1996-1997 оны “А” дансанд С.Ж нь өрхийн тэргүүлэгчээр бүртгэгдсэн байгаа боловч тухайн ам бүлд эх болон бусад ах, дүү нарын хамт эсхүл Д.И-ын хамт хэнтэй нь мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй уг хугацаанд Д.Иыг хамт амьдарч байсныг нотлох бусад бичгийн нотлох баримт авагдаагүй байх тул уг хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ үүргээ биелүүлээгүй байна. Гэрч Д.Ч “...Д.И-ыг танина. Манай доод ангид сурдаг байсан. Аав ээжтэй нь ойрхон саахалт байдаг байсан. Д.И, С.Ж нар 1996 оны 10 дугаар сард хуримаа хийсэн...” гэж мэдүүлж байгаа боловч тухайн мэдүүлэг нь өөр бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул дан ганц уг мэдүүлгээр 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хамтын амьдралтай байсан гэж тогтоож шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр нь таамаглалд үндэслэхгүй бөгөөд шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн болно. 5. Иймд Н овгийн Доржийн И, Х овгийн С-ийн Ж нарыг 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Н овгийн Д-ийн И, Харчин овгийн С-ийн Ж нарыг 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, 1996 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1998 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА |