| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00373/И |
| Дугаар | 311/ШШ2025/00409 |
| Огноо | 2025-08-11 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 311/ШШ2025/00409
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймаг, У...... оршин суух хаягтай, .... нэхэмжлэлтэй,
Д.....тай хамтын амьдралтай байсан болохыг болон 1998 онд 526 толгой мал, 2000 онд 319 толгой мал, 2001 онд 389 толгой мал, 2002 онд 60 толгой мал, 2003 онд 62 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нарийн бичгийн дарга Н.Энхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь 1974 онд төрсөн, Ургамал суманд оршин суудаг. Би 2010 онд *******тай гэр бүл болсон бөгөөд 2010 оноос өмнө нь буюу 1995 оноос 2000 он хүртэл ихэр ах......нарын хамт Ургамал сумын Хульж багт маллан, мал тооллогын "А" дансанд мал тоолуулж байсан. Одоо тэтгэвэрт орох гээд малын "А" дансны лавлагаа автал 1995-1999 оны хооронд ихэр ах С...., 2000 онд ээж Т.... нарын нэр дээр гарч ирсэн бөгөөд Нийгмийн даатгалын хэлтсээс та эдгээр хүмүүстэй хамт мал маллан, мал тооллогын "А" дансанд мал тоолуулж байсан нь тодорхойгүй байгаа тул шүүхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох шаардлагатай гэсний дагуу 1995 оноос 2000 оны хооронд ихэр ах С.... нарын хамт амьдарч, мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэж анх нэхэмжлэл гаргасан.
Гэтэл миний бие нь би 1996 оны 10 сард Увс аймгийн Цагаанхайрхан сумын ..... 1996 оны 10 сараас хамтран амьдарч эхэлсэн. ******* бид хоёр анх 1996 оны 10 сард хоёр талаасаа нийт 600 гаруй малтай нийлсэн. Гэвч Д....... нь маллаж байсан малаа зарж үрэгдүүлж архи уудаг болсон. Тухайн үед малаа зарж архи уухад нь эсэргүүцэхэд харааж дарамталж, агсан согтуу тавьж хамт амьдрах нөхцөлгүй болгосон учир дундаасаа хүүхэдгүй байсан тул 1996 оны 11 сарын 20-нд салаад өөрийн ээж дээрээ буцаж ирсэн. Гэтэл ******* нь 1997 оны 11 сарын сүүлээр гэрт ирээд дахиад малаа зарж архи уухгүй гэж гуйж 1998 оноос дахин хамтран амьдарч эхэлсэн. Ингээд бид 1998 онд адуу 18, үхэр 8, хонь 280, ямаа 220, нийт 526 толгой мал, 2000онд адуу 25, үхэр 4, хонь 150, ямаа 140, нийт 319 толгой мал, 2001 онд адуу 21, үхэр 48, хонь 190, ямаа 130, нийт 389 толгой мал, 2002 онд адуу 15, үхэр 4, хонь 21, ямаа 20, нийт 60 толгой мал, 2003 онд адуу 12, үхэр 2, хонь 27, ямаа 21, нийт 62 толгой мал малласан. Гэсэн хэдий ч ******* архи уух нь багасахгүй малаа зарж үрэгдүүлж, дарамтлаад байсан тул 2004 оны хавар хамтран амьдрах боломжгүй болсон учир салаад ээж дээрээ буцаж очсон. Түүнээс хойш бид хамт амьдраагүй, одоо би өөр хүнтэй гэр бүл болж, бид дундаасаа 2 хүүхдийн ээж, аав болон өдий хүртэл сайхан амьдарч байна.
Иймд намайг 1996 оноос 2004 он хүртэл Д.*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, мөн 1998 онд 526 толгой мал, 2000 онд 319 толгой мал, 2001 онд 389 толгой мал, 2002 онд 60 толгой мал, 2003 онд 62 толгой мал тоолуулж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь анх 1995 оноос 2000 оны хооронд ихэр ах ......нарын хамт амьдарч, мал тоолуулж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Д.......лтай хамтын амьдралтай байсан болон 1998 онд 526 толгой мал, 2000 онд 319 толгой мал, 2001 онд 389 толгой мал, 2002 онд 60 толгой мал, 2003 онд 62 толгой мал тоолуулж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Тэрээр .... нар нь 1996 оны 10 дугаар сараас 2004 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 03-02/5258 дугаартай бүртгэлд ...... аймгийн Цагаанхайрхан сумын .... тэргүүлэгч өөрөө, 1970 оны 6 сард төрсөн, 29 настай, эрэгтэй, Сайнхүү *******, эхнэр, 1974 оны 5 сард төрсөн, 25 настай эмэгтэй гэх баримт, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 277 дугаартай лавлагаа, мал тооллогын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг Д......ай хамтын амьдралтай байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Б...... өгсөн мэдүүлгийн: ...1992 онд манай эхнэр Завхан аймгийн Завханмандал сумд эмч болж очиж байхад би тус сумд дагаж ирсэн юмаа. ...1996 он байна уу Завхан аймгийн Дөрвөлжин сумын Таван толгой бригад руу манай эхнэр эмчээр очсон үеэс *******ийг таних болсон. ...******* Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хульж бригадад ...... гэх хүнтэй хамт амьдарч, мал маллаж байсан. ...би Увсын хүн болохоор *******ыг сайн мэднэ. ...*******ын аавын ..... гэж авгайлдаг юм. ...дараа нь энэ хоёр салаад ******* ээж ....... нарын хамт мал маллаж байгаад одоогийн нөхөр .......й суусан. ...******* мөн манай Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хульж багийн хүн. ... гэх хэсэг мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч ....... нарыг 1998 оны 10 дугаар сараас 2004 он хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч ........ нар нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хульж багт мал маллаж байхдаа 1998 онд 526 толгой мал, 2000 онд 319 толгой мал, 2001 онд 389 толгой мал, 2002 онд 60 толгой мал, 2003 онд 62 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ