Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 305/ШШ2025/00479

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ****** тоотод оршин суух С овгийн Д-ийн Б-ийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, гэрч Ш.Г, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинист,

1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт машинист,

1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь пүүст машинист,

1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсныг тус тус тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1964 оны 09 сарын 10-нд төрсөн. Одоо 60 настай. Би 1982 оны 09 дүгээр сарын 01-нээс 1983 оны 06 дугаар сарын 25-ны хооронд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар ажиллаж байгаад 1983.06.13-1986.08.17 хугацаанд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1987 оны 06 дугаар сарын 12-нд Барилга угсралтын конторт ажилд орсон. Үүнээс хойш тасралтгүй 1992 оныг дуустал ажилласан. Барилга угсралтын контор 1990.12.25-нд Говь пүүс болж өөрчлөгдсөн. Улмаар 1993-1994 онуудад Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт галч, машинист хийж байсан. Миний хөдөлмөрийн дэвтрийг Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн боловсон хүчин гэх хүн хурааж аваад алга болгосон. Одоо тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт зарим баримт байхгүй, зарим оны архивын лавлагаа дутуу, гарч ирэхгүй байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинист, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт машинист, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь пүүст машинист, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 101 дугаар тушаалын хуулбар,

- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тушаалын хуулбар, хавсралтын хамт

- Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 140 дугаартай тушаалын хуулбар,

- БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

- БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

- Говь-Алтай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар тодорхойлолт,

- гэрэл зураг,

 4. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар албан бичиг,

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай албан бичиг, хавсралтуудын хамт,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д-ийн Б нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинист, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт машинист, 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь пүүст машинист, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсныг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3.1. С овгийн Д-ийн Б нь 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт машинистаар ажиллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 101 дугаар Д.Б, Ц.Б нарыг 09 дүгээр сарын 01-нээс эхлэн халаалтын зуухны машинистаар томилсугай... гэх тушаалын хуулбар,

- Говь-Алтай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1983 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ... Ардын цэргийн албанд нас бие тэнцсэн слесарь ....Д.Б.... нарыг 06 дугаар сарын 25-наас үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй... гэх тушаалын хуулбар, хавсралтын 2 дугаарт Д-ийн Б гэж бичигдсэн,

- Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 140 дугаартай ...Ажилд орохыг хүссэн Д.Б нарыг ...1987 оны 06 дугаар сарын 12-оос эхлэн авч ажиллуулсугай... гэх тушаалын хуулбар,

- БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1989 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаартай ... Болзолт наръядын шагнал олгох тухай гээд хавсралтын 13 дугаарт Д.Б гэж бичигдсэн тушаалын хуулбар, хавсралтын хамт,

- БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б дугаартай Пүүс хоршоолол байгуулах тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт,

- Говь-Алтай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай ... Д.Б нарыг 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...тушаалын хуулбар,

- Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 59 дугаар ******* регистрийн дугаартай Д-ийн Б-ийн ажиллаж байсан Говь пүүс нь 1991, 1992 онд НДШ бүтэн төлсөн, мөн ажиллаж байсан Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1993, 1994 онд НДШ бүтэн төлсөн гэх тодорхойлолт,

Говь-Алтай аймгийн Алтай-Улиастайн эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компанийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 138 дугаар ... Д.Бийн 1993-1995 оныг дуустал хугацаанд ажиллаж байх үеийн орсон гарсан тушаал болон бусад баримтууд Говь-Алтай аймгийн Төрийн архивт хадгалагдаж байгаа тул уг баримтуудыг төрийн архивын газраас авах боломжтой болно гэх албан бичиг,

Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаартай ... Тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад аймгийн Барилга угсралтын конторын 1990 онд даргын тушаал, Говь-пүүсийн баримт шилжиж ирээгүй, мөн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн 1993-1994 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд байхгүй, мөн тушаалыг шүүж үзэхэд Д.Б-ийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хавсралтаар гаргаж хүргүүлэв гэх албан бичиг, хавсралтад БНМАУ-ын Улсын барилгын хорооны харьяа Говь-Алтай аймгийн барилга угсралтын конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 177б дугаартай Пүүс хоршоолол байгуулах тухай тушаалын хуулбар, Говь-Алтай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай ... Д.Б нарыг 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...тушаалын хуулбар,

Гэрч О.Б-тын ... Холбооны хажууд байсан уурын зууханд 1990 оноос 1996 он хүртэл хамт ажиллаж байсан. 1990 онд эрчим хүчинд шилжиж ирж байсан. 1997 онд Илч Алтай байгуулагдаад 2013 он хүртэл ажиллаж байсан. Хэзээ анх орсон талаар он сарыг сайн санахгүй байна... Энэ хүн 1993 оноос эхлэн ажилласан байдаг. Тодруулбал, 1993 оноос хойш 1994, 1995, 1996 онуудад тасралтгүй ажиллаж байсан юм... Хамт 1993-1995 онуудад ажиллаж байсан... Тухайн үед Эрчимд 1990 онд шилжиж ирсэн. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар тухайн үед Эрчимтэй нэгтгэгдэж байсан юм...Говь пүүс гэж мэдэхгүй... Д.Б Эрчимд 1992-1993 оны үед л орж байсан байх... Элч Алтайг байгуулагдсанаас хойш Д.Б ажиллаж л байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Г-ийн ...Бид нар нэг байгууллагад ажиллаж байсан. Говь-Алтайн дулааны станцад тухайн үед би ажиллаж байсан. Манайх тухайн системийнхээ дагуу дулааны станц Эрчим хүчний харьяанд орсон. Үүний дараа Илч Алтай нэртэй компани байгуулагдсан юм. Тэгээд тэр компанийн байгуулагдсанаас хойш Б миний галчаар, би өөрөө ээлжийн слесариар ажиллаж байсан. Бид 36 дугаартай зуухан дээр, тэр зуухны галлагааны хэсэгт хамт ажиллаж байсан. Би анх 1986 онд дулааны станцад ажиллаж эхэлсэн. Үүний дараа "Эрчим"-ийн харьяанд "Илч Алтай" компани 1990 онд байгуулагдсан. Түүнээс хойш "Их Алтай" компани байгуулагдаж, Говь-Алтай аймгийн халаалтын систем, зуухнуудын хэвийн ажиллагааг хариуцан ажиллаж ирсэн. Тэр үеэс эхлэн бид Говь-Алтай аймгийн төвийн халаалтын систем, түүний дотор цогцолборын зуух болон холбооны дээд талд байрлах бусад зуухнууд дээр хамтран ажилладаг байсан. Би тухайн ажлын хүрээнд тасралтгүй оролцож, зуухны галлагаа болон дулааны шугамын үйл ажиллагаанд гар бие оролцсон. Он сарыг одоо жаахан мартаад байна. 1990 оны үеэс л эхэлсэн нь санагдаад байна. Яг хэдэн онд гэдгийг нь би одоогоор тод санахгүй байна, тэр систем хувьчлагдаад, тухайн байгууллагууд задарсан. Тэр үед дулааны системд хувийн хэвшлийн оролцоо нэмэгдсэн, бүтэц нь өөрчлөгдсөн юм. Д.Б галчаар ажиллаж байсан. Харин би түүний ээлжийн слесарь байсан юм. Уг нь би өмнө нь дулааны станцад ажиллаж байхдаа цахилгаанчин хийдэг байсан. Дараа нь "Илч Алтай" компанид орж, слесарийн ажил хийсэн. Үүний дараа "Илч Алтай" компанид мөн слесарь хийж байгаад тэндээсээ тэтгэвэрт гарсан. Бидний хувьд тухайн үед улирлын чанартай ажлын байртай байсан. Бид нар хамтдаа ажилладаг, тогтмол ажлын ачаалалтай, тухайн салбарын үндсэн ажилчид байсан юм. Би барилга угсралтын конторт байгаагүй. Говь пүүс гэж мэдэхгүй би байгаагүй. Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт улирлын чанартай ажилладаг байсан. Зун нь амраад хувиараа юм хийдэг. Цалин олгогдохгүй. Илч Алтайн анхны дарга нь Я.Чр гэж байсан. Түүнээс хойш 2-3 дарга солигдсон. О.Б бид 2 нэг зуухан дээр слесарь хийдэг байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

3.2. Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг хооронд нь харьцуулж, харилцан бие биенээ дэмжин нотолж байгаа талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно.

Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь пүүст машинист, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Учир нь дээрх онуудад холбогдох баримт хэрэгт нотлох баримтаар ирээгүй бөгөөд Говь-Алтай аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1993 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 40 дугаартай ... Д.Б нарыг 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй...тушаалын хуулбар байгаа боловч ажилд хэзээ томилогдсон болох нь тодорхойгүй шүүх хуралдаанд оролцсон гэрч нар нь нэхэмжлэгч Д.Бийг Говь пүүсд ажиллаж байсан гэдгийг мэдэхгүй, харин Эрчим хүчний үйлдвэр болон Илч Алтайд улиралын чанартай ажилладаг 8-9 сард ажилд ороод хавар 5-6 сард гарч зун нь өөр ажил хийдэг байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байна.

4. Иймд С овгийн Д-йн Бийг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт машинистаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь пүүст машинист, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овгийн Д-ийн Бийг 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт машинистаар, 1987 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Барилга угсралтын конторт машинистаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь пүүст машинист, 1993 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинистаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ч.МӨНХТУЯА