Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2025/0660

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д*******ийн Ц******* /РД: /,                                                                                                         

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,                                     

Гуравдагч этгээд: Б овогтой М /РД:/,

Маргааны төрөл: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хувьцаа эзэмшигч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.                                                                             

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч н.Г нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Т******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн, 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах.                               

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:                               

2.1. Т******* ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц*******ээс 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлснийг, гүйцэтгэх захирлаар Б.М томилогдсоныг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

2.2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар магадлалаар “Т******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож”, улсын бүртгэлийн байгууллага 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.Ц*******ийг бүртгэсэн бүртгэл сэргээж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тамга, тэмдгийн хяналтын дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Ц*******д олгосон.

2.3. Улсын бүртгэлийн байгууллагын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр дүгнэлтээр хяналт шалгалтын ажиллагаа дуустал бүртгэлийг түдгэлзүүлсэн.

2.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2025 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Б.М, Д.Ц******* нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Мд шилжүүлэхийг хариуцагч Д.Ц*******д даалгаж” шийдвэрлэсэн.

2.5. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6952 дугаар захирамж, 586 дугаар гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, улсын бүртгэлийн байгууллагад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэнээр 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.Мийн нэр дээр шилжүүлсэн бүртгэл хийгдсэн.

2.6. Улмаар компанийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүд хийгдсэн.   

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: Нэхэмжлэгч “бүртгэл хийх боломжгүй, хуулиар хориглосон нөхцөл байдалд бүртгэл хийсэн” гэж маргаж, хариуцагч, гуравдагч этгээд тал “95 хувийн хувьцаанд хамаарах хуулийн байгууллагын хязгаарлалт байхгүй” гэж тайлбарлажээ.                                            

3.1. Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Иргэн Д.Ц миний бие Т******* ХХК-ийг /РД:/ үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн гэрчилгээ авсан. Гэвч намайг тус компанийн үйл ажиллагаанд оролцож байх хугацаанд, компанийн улсын бүртгэлд миний зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Т******* ХХК-ийн 75 хувийн хувьцаатай холбоотой иргэний хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа, тус шүүх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлд хориг тавигдсан. Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М хууль бусаар гэмт хэргийн шинжтэй үйлдлээр  шилжүүлэн авсан талаарх үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд тухайн хэрэг маргаанууд эцэслэн шийдвэрлэгдээгүй, баримт бичгийн бүрдэл дутуу байхад компанитай холбоотой улсын бүртгэл хийгдэх боломжгүй.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэхийг хориглоно”, 20.1.10-т  “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” 20.1.14-т “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэж заасанд хамаарах нөхцөл байдал үүссэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг нь бүрэн бус бол бүртгэхээс татгалзана” гэж зааснаар татгалзах ёстой атал улсын ахлах бүртгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “хориг цуцлах” шийдвэрээр бүртгэсэн байна. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэгч хууль зөрчсөн, эрх мэдлээ урвуулан ашиглаж, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “компанийн хаягийн мэдээлэл”, “компанийн удирдлагын мэдээлэл”, “компанийн гэрчилгээ шинээр олгох”, “эрх барих этгээдийн мэдээлэл”, “компанийн дүрэм”-ийг тус тус бүртгэж, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Компанийн эцсийн өмчлөгч” бүртгэсэн нь хууль бус үйлдэл юм. 

Маргаан бүхий бүртгэлийг хүчингүй болгосноор Д.Ц******* миний компанийн хувьцаа эзэмшигчийн болон гүйцэтгэх захирлын эрхээ хэрэгжүүлэх боломжтой болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах нөхцөл бүрдэнэ.

Миний дээрх хууль бус бүртгэлийн талаар гомдлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дугаар албан бичгээр хариу өгснийг 10 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн болно. Иймд бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.      

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа: “95 хувийн хувьцааг шилжүүлэхэд гарын үсгийн асуудал яригддаг. Б.Мийн гарын үсэг эсэхтэй холбоотой маргаан үүссэн. Одоо Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нь ажиллагаанд явж байгаа. Шинжээчийн дүгнэлт нь ирээгүй байгаа. Хэрэг бүртгэлийн хэргийг хаасан прокурорын тогтоолд дээд шатны прокурорт гомдол гаргасан байгаа. Мөн энэ хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нарыг залилж 3 тэрбум төгрөг авсантай холбоотой эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Мөн н.Бгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэлийн хувь гардуулах ажиллагаа хийх гэхээр Б.М нь хаягтаа байхгүй, оршин суудаггүй гэсэн шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байгаа. Улсын бүртгэлийн байгууллагын зүгээс бүртгэл хийхдээ юу ч шалгахгүйгээр бүртгэл хийж байна. Шүүхийн шийдвэрээр 95 хувийг Б.М авсан байж болох ч өөр бусад олон холбоотой маргаан байхад яагаад бүртгэл хийсэн бэ гэж маргаж байгаа.  Д.Ц*******ээс улсын бүртгэлийн байгууллага руу удаа дараа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Гол үйл баримтын хүрээнд шүүх дүгнээсэй гэж хүсэж байна.” гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Талс” ХХК-ийн зарим бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг Д.Ц*******ээс гаргасан байгаа. Д.Ц*******ийн хувьд Т******* ХХК-ийг үүсгэн байгуулж, 100 хувь хувьцаа эзэмшигчээр нь гүйцэтгэх захирлаар анхнаасаа ажиллаж байсан. Хувьцааны 95 хувийг өөрийн үеэл дүү Б.Мд шилжүүлсэн байдаг. Гэтэл Б.М нь уг хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлж авсан мөртөө улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхдээ худалдах худалдан авах гэрээгээр бүртгүүлсэн. Шүүх гэрээний дагуух үүргээ биелүүлж, хувьцааг шилжүүлэхээр шийдсэн байгаа. 95 хувийг шилжүүлж авсны дараа Б.М нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийхдээ Компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахад 30-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, хувьцаа эзэмшигчдийн хурлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана, гүйцэтгэх захирал хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлана гэж заасан. Тухайн үед Д.Ц******* гүйцэтгэх захирал байсан бөгөөд тухайн үед шүүхэд маргаантай байсан учраас хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй. Гэтэл Б.М өөрөө хурлаа зарлаж, өөрөө хувьцаа эзэмшигчдийн хурлын маргаан бүхий тогтоолыг гаргаж, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар компанийн гэрчилгээг сольж, гүйцэтгэх захирлаар өөрийгөө томилж, компанийн дүрмийг өөрчлөх зэрэг тогтоолуудыг гаргасан байна. Улсын бүртгэлийн байгууллага дээрх хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгах үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг хангаж байгаа эсэхийг шалгах ёстой. Гэтэл 2 хоногийн өмнө хурлаа зарлаж, ирээгүй гэх үндэслэлээр хурлаа хийж, хувьцаа эзэмшигчдийн хурлын хууль бус шийдвэрүүдийг гаргасан байдаг.

Улсын бүртгэлийн байгууллага “шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бүртгэ гэсэн” гэх тайлбар хэлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа. Иргэний хэргийн шүүхээр 95 хувийн хувьцааг гэрээний дагуу шилжүүлэхийг Д.Ц*******д даалгаж шийдвэрлэсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэх боломжгүй гэх тайлбараа удаа дараа шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргүүлсэн боловч эцэст нь ямар нэгэн байдлаар процессын бус нөлөөлөл орсон гэж үздэг. Хамгийн сүүлийн бүртгэлийн асуудал шүүхийн шийдвэрт заагдаагүй асуудал. Одоогоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд бүртгэлтэй холбоотой маргаан явж байгаа. Энэ компанид хөрөнгө оруулсан гадны иргэн байдаг. Энэ маргааны гол асуудал нь тусгай зөвшөөрөлтэй холбоотой. Ховд аймгийн Алтай суманд байдаг уурхайд Хятад улсын иргэн хөрөнгө оруулснаар энэ уурхай бий болсон байдаг. Б.М Д.Ц*******д “гадаадын хөрөнгө оруулагч олж ирнэ, хөрөнгө оруулагч нарт хувьцааны 75 хувийг өгнө” гэдэг байдлаар 95 хувийн хувьцааг үнэ төлбөргүй авсан байдаг. Гэхдээ 75 хувийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагч нарт шилжүүлээгүй, өөртөө үлдээсэн байдаг. Энэ асуудал нь мөн хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулсны дараа хувьцаагаа авч чадаагүй гадаадын иргэд маш их гомдолтой байгаа. Хувьцаатай холбоотой маргаан явж байгаа тохиолдолд бүртгэл хийгдэх ёсгүй. Гэтэл тэрийг үл хайхран бүртгэсэн. Улсын бүртгэлийн байгууллага ирсэн цаас болгоныг бүртгэдэг байгууллага биш. Хариуцлага, үр дагавар нь их учраас тухайн бүртгэл нь хуулийн дагуу явагдаж байх ёстой. Хуульд заасан үндэслэл бүрдсэний дараагаар бүртгэл хийгдэх ёстой. Компанийн гэрчилгээ байсаар байхад шинээр гэрчилгээ авчихсан, хаягийг өөрчилсөн, гүйцэтгэх захирлыг хүчээр авчихсан. Д.Ц*******ийг оролцуулахгүйгээр, саналын сонсохгүйгээр ганцаараа хурлын шийдвэрүүдээ гаргачихсан. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэл хийгдсэнээр компанийн хаяг өөрчлөгдсөн, гэрчилгээ шинээр олгогдсон, хуулийн этгээдийн мэдээлэл солигдсон, дүрэм шинэчлэгдсэн байгаа. Дүрэм шинэчилж баталсан хувьцаа эзэмшигчийн тогтоолд Д.Ц*******ийн гарын үсэг байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хийхдээ нотлох баримт цуглуулах, бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Хууль зүйн үндэслэл бүрдээгүй байхад бүртгэл хийсэн нь хууль бус захиргааны акт болж байна. Өмнө нь хоригтой байсан учраас бүртгэл хийгдэхгүй байсан. Маргаантай асуудал байгаа учраас хориг тавигдсан. Энэ бүртгэлийг хийхийн тулд 06 дугаар сарын 18-ны өдөр хоригийг хүчээр цуцалж, бүртгэл хийсэн. Хоригийг цуцлах шийдвэр гаргаагүй байхад улсын ахлах байцаагч нь дур мэдэн хоригийг цуцалж, хориг цуцлагдсан учраас маргаан бүхий бүртгэлийг хийсэн байдаг.

Хориг цуцалсан асуудал нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай ямар ч холбоогүй асуудал. 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хийх зорилготойгоор хоригийг цуцалсан байдаг. Бүртгэл хийгдсэний дараа дахин хориг тавьчихсан. Одоо хоригтой байгаа. Иймэрхүү байдлаар улсын бүртгэлийн байгууллага төрийн үйл ажиллагааны зарчмаа зөрчиж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Мөн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн компанийн эцсийн өмчлөгч бүртгэхтэй холбоотой асуудлыг мөн мэдэгдээгүй. Компанийн хувьцаа эзэмшигч нарын асуудал компанийн дүрэм батлагдсаны дараагаар эцэслэгдсэн шийдвэрлэгдэх ёстой. Компанийн дүрмийг Б.М нь 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дангаараа баталсан. Дүрэм байхгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын асуудлыг шийдэх боломжгүй. Гурван шатны шүүхийн шийдвэрээр 95 хувийн хувьцааг шилжүүлэхийг Д.Ц******* даалгаж шийдвэрлэсэн. Д.Ц*******д даалгасан асуудлыг шууд улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн байдаг. Гэхдээ цаасан дээр биш зөвхөн цахим байдлаар бүртгэл хийчихсэн. Дээрх асуудлаа шийдээгүй байхад шууд эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн асуудал нь хууль зөрчсөн байна.” гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: “Т******* ХХК-ийг 2013 онд иргэн Д.Ц******* үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуульд заасан холбогдох баримтыг үндэслэн Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар иргэн Б.М болсныг улсын бүртгэлд бүртгэсэн байна.  Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны дүгээр зөвшөөрлөөр Т******* ХХК-ийн хувьцаа болон уг хуулийн этгээдийн  эрхийг бусдад шилжүүлэх, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалган шийдвэрлэсний дагуу тавьсан хоригийг Нийслэлийн  Прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор цуцалсан болно.                                                                                                     Нийслэлийн  Прокурорын газрын 2022 оны дугаар зөвшөөрлөөр Т******* ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд тавьсан хоригийг Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 32 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж Т******* ХХК-ийн гээд хэсгийг хасаж шийдвэрлэсний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд тавьсан хоригийг цуцалсан болно.                                                                               Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2023/0076 дугаар магадлалаар Т******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичгийг ирүүлсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу  Т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.Ц*******ийг бүртгэсэн бүртгэл сэргэсэн ба 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тамга, тэмдгийн хяналтын дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээгээрээ олгосон болно.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 101/ШШ2023/03973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 210/МА2023/02025 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТХ2024/00021 дүгээр тогтоолоор Б.М, Д.Ц******* нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Мд шилжүүлэхийг хариуцагч Д.Ц*******д даалган шийдвэрлэсэн байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8097 дугаар захирамжаар Т******* ХХК-ийн хувьцааны 5 хувийг бусдад шилжүүлэхгүй байхыг Д.Ц*******д даалгасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр хориг тавьсан болно.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2024/0035 дугаар захирамжаар Б.Мийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон хууль  бус бүртгэл, Т******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирлаар Д.Ц******* болон өөрчилсөн Т******* ХХК-ийн дүрмийг бүртгэсэн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах" хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийг тус тус ирүүлсэн. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.Мийн нэр дээр шилжүүлж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болно.           

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичигт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Т******* ХХК-ийн гэрчилгээ, тамганы асуудлыг шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг бүрэн хангуулах арга хэмжээ авах мэдэгдэл ирүүлсэн тул Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллах талаар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаар албан бичгийг хүргүүлсэн.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.10-т "хуулийн этгээдэд хэрэглэсэн эрх хасах, татан буулгах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллийг улсын бүртгэлд бүртгэх." гэж, 8.2-т "Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэлийг хийнэ." гэж, 8.8.6-д "улсын бүртгэлийг хүчингүйд тооцсоны улмаас гэрчилгээ болон тамга, тэмдгийг ашиглах боломжгүй болсон." гэж заасныг тус тус баримтлан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцаа Б.Мийн хүсэлтийн дагуу тамга тэмдгийн хяналтын дугаар олгосон болно.

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8097 дугаар захирамж хүчинтэй хэвээр, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн хориг тавих тухай мэдэгдэл өөрчилж цуцлагдаагүй байхад уг хориг тавьсан бүртгэлийг ахлах бүртгэгч хүчингүй болгох эрхгүй бөгөөд энэ үйлдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, 20.1.14-т заасныг ноцтой зөрчсөн гэсэн байх боловч дээрх захирамж нь Т******* ХХК-ийн хувьцааны 5 хувийг бусдад шилжүүлэхгүй байхыг Д.Ц*******д даалгасан шийдвэр юм.         

Манай байгууллагын зүгээс Д.Ц*******ийн эзэмшлийн 5 хувийн хувьцааг бусдад шилжүүлэх, өөрчлөх шийдвэр гаргаагүй бөгөөд дээрх захирамжийн үйлчлэл хэвээр байгаа болно. Т ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т "төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан;" гэж заасны дагуу тус компанийн 95 хувийн хувьцаа эзэмшигч Б.Мөөс 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц*******ийн цахим хаягт хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан тухай удаа дараа илгээсэн цахим шуудангууд, болон утасны мессежүүд, хэлэлцэх асуудлын жагсаалт, хуралдах газрын хаяг, огноо, цаг байх боловч 5 хувийн хувьцаа эзэмшигч Д.Ц******* нь тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг зөвхөн гүйцэтгэх захирал Д.Ц******* гаргах эрхтэй." гэсэн хариу өгөн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргаагүй нь тус хуулийн 61.4-т "Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хуралдуулах тухай санал, шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах эсэх талаар шийдвэр гаргана." гэж заасантай зөрчилдөж байх тул мөн хуулийн 61.7-д "Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно." гэж зааснаар 95 хувийн хувьцаа эзэмшигч Б.М хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа хуралдуулж гаргасан тогтоол, тэмдэглэл, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар баталсан компанийн дүрэм, төлбөрийн баримт, батлагдсан маягт зэрэг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хандан бүртгүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.       

3.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Ц******* 95 хувийн хувьцааг Б.Мд “компанийн хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ”-гээр  шилжүүлсэн. Тус гэрээний дагуу 2017 оны 01 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэл хийгдсэн. 2019 оноос Б.М, Д.Ц******* нарын хооронд маргаан үүссэн. Энэ хоёр ах, дүү хүмүүсийн хүүхдүүд байгаа. Тэгээд 2020 оны 02 дугаар сард Захиргааны хэргийн шүүхэд 2017 оны бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэр маргаан 3 жил үргэлжилж, 2023 оны 01 дугаар сарын 26-ны өдрийн Давж заалдах шатны шүүхийн 76 дугаартай магадлалаар бүртгэлийг хүчингүй болгосон. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хувьцааны 95 хувийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн мөртөө хувьцаа эзэмшигч шийдвэр гаргахдаа 95 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гээд тогтоол дээр бичигдсэн байсан. Тэгэхээр  шийдвэр нь бэлэглэл, эрх зүйн баримт бичиг нь худалдах, худалдан авах гэрээгээр хийгдсэн зөрүүтэй баримтаар бүртгэсэн үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгосон. Гэхдээ бэлэглэлийн гэрээгээр үү, худалдах, худалдан авах гэрээгээр шилжсэн эсэхтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр нээлттэй орхисон. Манай зүгээс Дээд шүүхэд хандсан ч гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, 2023 оны 076 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдэж, 2023 оны 05 дугаар сард бүртгэлүүдэд өөрчлөлт оруулсан. Тэгээд Д.Ц*******ийн хамгийн анхны эрх нь сэргэсэн. Д.Ц******* өөрийнхөө хүсэлтээр улсын бүртгэгчийн хоригийг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр цуцлуулсан. 2023 оны 04 дүгээр сард манай зүгээс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэрээр 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хувьцаа худалдан, худалдан авах гэрээгээр хувьцаа шилжүүлсэн гэдгийг тогтоож, 95 хувийн хувьцааг буцааж Б.Мд шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг давж заалдах болон Улсын Дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаан хийж, тогтоолоо 02 дугаар сарын сүүлээр гардуулж өгсөн. Тэгээд бид тогтоолоо гардаж авч, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх, гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлтээ өгсөн байдаг. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Д.Ц*******д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч хувьцааг шилжүүлж өгөөгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удаа дараа хүргүүлсэн мэдэгдлийн дагуу улсын бүртгэлийн байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Б.Мд 95 хувийн хувьцааг бүртгэсэн. Дээрх бүртгэлээр “Т ” ХХК-ийн 95 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.М болсон гэсэн үг. Үүний дараа нэхэмжлэгчээс компанийн тамга тэмдгийг өгөхгүй байсан учраас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бидний хүсэлтийн дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тамга, тэмдгийн дугаар өгсөн байдаг. Д.Ц*******ийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлтэй холбогдуулж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгээд шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4664 тоот захирамж гаргаж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Дээрх захирамжийг Давж заалдах шатны шүүхээс 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0518 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн байгаа. Дараа нь дахин захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Давж заалдах шүүхээс татгалзсан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгаа.

Тэгээд 95 хувийн хувьцаа Б.Мийн нэр дээр шилжсэн учир 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эцсийн өмчлөгчийг бүртгэсэн. Компанийн дүрэм, гүйцэтгэх захиралтай холбоотой асуудлыг Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдэх асуудал гэж улсын бүртгэлийн байгууллагаас хэлсэн. Ийм учраас бид Компанийн тухай хуулийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Ц*******д ээлжит бус хурал хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Энэ хүргүүлсэн шаардлага нь хэрэгт авагдсан байгаа. Гэтэл Д.Ц*******ийн зүгээс ээлжит бус хурлыг хуралдуулах боломжгүй, хурлыг зөвхөн гүйцэтгэх захирал хуралдуулах ёстой гэсэн хариуг цахим хаягаар ирүүлсэн байдаг. Мэйлээр ирсэн хариу хэрэг авагдсан байгаа. Компанийн тухай хуулийн 61.7-д “Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно” гэж заасны дагуу Б.М хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргасан. Үүнийг Д.Ц*******д хуулийн хугацаанд мэдэгдсэн. Гэтэл Д.Ц******* хуралд ирээгүй. Хурлыг Ула хотод хийсэн. Ингээд манайх 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, холбогдох шийдвэрүүд болох гүйцэтгэх захирлыг өөрчлөх, компанийн дүрмийг шинэчлэх зэргийг улсын бүртгэлийн байгууллагад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн. Дээрх үйл ажиллагаа Компанийн хуульд заасан журмын дагуу явагдсан.

Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нэхэмжлэгчийг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа этгээд гэж заасан. Шүүхийн шийдвэрээр 95 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.М гэдэг нь тогтоогдож, энэ шийдвэрийн дагуу улсын бүртгэлд бүртгэл хийгдсэн. Энэ бүртгэл нь Д.Ц******* гэдэг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй. Өөрөөр хэлбэл Д.Ц*******ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчийн асуудлыг хөндөөгүй. Одоо хүртэл Д.Ц******* нь 5 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байгаа. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг дийлэнх олонхын саналаар гаргадаг. Өөрөөр хэлбэл 50+1 эсвэл тодорхой нэг асуудлаар 66 хувиас дээш саналаар шийдвэр гаргадаг. Б.Мийн эзэмшил нь 95 хувь учир хувьцаа эзэмшигчийн шийдвэр хуульд заасны дагуу гарсан.

Мөн нэхэмжлэгч “хоригтой байхад хууль бусаар хориг цуцалж, дахин хориг тавьж бүртгэлийг хийсэн” гэж байна. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэр гарсны дараа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргасан. Гомдлын агуулга нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хувьцаа шилжүүлэх гэрээнд зурагдсан гарын үсэг Б.Мийн гарын үсэг биш гэж гомдол гаргасан. Энэ асуудал 2020 оноос 2023 оны хооронд Захиргааны хэргийн шүүхээр маргаан явж байх хооронд шийдэгдсэн асуудал. Тухайн үед бүх гарын үсэгт шинжээч томилогдож, дүгнэлт нь гарчихсан байсан. Шүүхээр дүгнэгдсэн үйл баримтууд шүү дээ. Гарын үсэг мөн байна, хуулийн дагуух гэрээ байна гэж иргэний шүүхээс дүгнэсэн. Хятад улсын 3 иргэн гомдол гаргасан нь үнэн. Үүнтэй холбоотойгоор эрх бүхий байгууллагаас хувьцаа шилжүүлэхтэй холбоотойгоор хориг тавигдсан. Гэхдээ тэр хоригийг нэхэмжлэгч тал өөрсдөө хүсэлт гаргаад цуцлуулсан. Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд н.Бгээс “Т*******” ХХК-ийн 75 хувийн хувьцааг шаардаж нэхэмжлэл гаргаад, тухайн нэхэмжлэлтэй холбогдуулж “Т*******” ХХК-ийн хувьцаанд өөрчлөлт оруулахгүй байх хүсэлт гаргасан. Шүүхээс 2023 онд зөвхөн Д.Ц*******ийн 5 хувийн хувьцаанд өөрчлөлт оруулахыг хязгаарласан. 95 хувийн хувьцаанд өөрчлөлт хийхдээ манай бүртгэлийн системд улайж, бүртгэл хийгдэхгүй байсан учир хориг цуцалж байгаад бүртгэсэн байдаг. Гэхдээ шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгчийн 5 хувийн хувьцаанд халдаагүй. Нэхэмжлэгч “Хятад улсын иргэдийг хохироосон, залилсан” гэх тайлбарыг хэлдэг. Энэ асуудлыг Цагдаагийн байгууллага 5 жил шалгасан. Хамгийн сүүлд санхүүгийн шинжээчээс дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Хятад улсын иргэд тодорхой хэмжээний мөнгийг 2018 оны 2, 3 дугаар саруудад Б.Мд зээлж, 10 дугаар сард буцааж төлсөн гэдгийг тогтоож, залилах гэмт хэргийн шинжгүй гээд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тиймээс Б.М Компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулж, шийдвэр гаргасан. Үүний дагуу хууль ёсны бүртгэлүүд хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “Хэргийн материалд байгаа зарим баримтыг зориуд худал үйлдсэн байдлаар тайлбарлаж байна. Хэргийн материал дотор ээлжит хурлын бичиг баримтууд байхгүй. Ээлжит бус хурлын бичиг баримтууд байгаа. Ээлжит хурлыг 30 хоногийн өмнө зарласан байх ёстой. Харин ээлжит бус хурал зарлахтай холбоотой тодорхой хугацаа байхгүй. Компанийн ээлжит бус хурал хуралдуулах товыг Д.Ц*******д мэдэгдсэн нээлттэй болон шуудангаар хүргүүлсэн тухай баримт хэрэгт байгаа. Оролцох үүргээ биелүүлээгүй учраас Компанийн тухай хуулийн 60.1-д заасны дагуу хяналтын эрхээс давсан хувьцаа эзэмшигч буюу 95 хувийн хувьцаа эзэмшигч Б.Мд ээлжит бус хурлыг зарлах эрхийг хуулиар олгосон байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу холбогдох бүх бичиг баримтуудыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад өгсөн. Бүртгэлийн байгууллагаас холбогдох бичиг баримтууд бүрэн гэж үзсэн учраас бүртгэлийг хийсэн. Хэрэв бүртгэл дутуу, бичиг баримтууд дутуу байгаа бол улсын бүртгэгч бичиг баримтыг буцаах эрх байгаа. Тэгэхээр буцаах эрх зүйн үр дагавар үүсээгүй учир бүртгэл хийгдсэн.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Т******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Ц******* “бүртгэл хийхийг хориглосон байхад бүртгэл хийсэн нь хууль бус” гэх үндэслэлээр тус компанийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

1. Т******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн маргаж буй бүртгэлүүдээр,

1.1. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн бүртгэлээр “эцсийн өмчлөгчийн өөрчлөлт”-ийг бүртгэсэн.

1.2. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлээр компанийн “дүрмийн өөрчлөлт”, “ТУЗ-ийн гишүүдийг сонгосон”, “гүйцэтгэх удирдлагыг томилсон”,  “гэрчилгээ шинээр авах”, “хаягийн мэдээлэлд орсон өөрчлөлт”-ийг бүртгэсэн байна.

2. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэлийн “хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагын “бүртгэл хийхийг хориглосон байхад бүртгэл хийсэн нь хууль бус” гэх үндэслэлийн тухайд.

Т******* ХХК-ийн хуулийн этгээдийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаарх лавлагааны “хориг тавьсан, цуцалсан мэдээлэл” хэсэг[1], түүнд дурдагдсан хэрэгт авагдсан эрх зүйн актуудаас үзвэл уг компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааныг шийдвэрлэх явцад улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон, хоригийг цуцалсан эрх бүхий этгээдийн дараах шийдвэрүүд гарчээ.        

2.2.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дүгээр зөвшөөрөл, албан бичгээр Т******* ХХК-ийн хувьцаа болон уг хуулийн этгээдийн  эрхийг бусдад шилжүүлэх, шилжилт хөдөлгөөнд хориг тавьсныг 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн, Нийслэлийн  Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоол, мөн өдрийн ******* тоотоор цуцалсныг мөн өдөр бүртгэсэн, хориг цуцалсан төлөвтэй,

2.2.2. Эрүүгийн уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар зөвшөөрөл,  11 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар албан бичгээр Т******* ХХК-ийн хувьцаа болон уг хуулийн этгээдийн  эрхийг бусдад шилжүүлэх, шилжилт хөдөлгөөнд хориг тавьсныг 11 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэж, Нийслэлийн  Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/2302 тоотоор өөрчлөлт оруулж цуцалсныг 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн, хориг цуцалсан төлөвтэй,

2.2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар дүгнэлтээр “шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг түдгэлзүүлсэн”-ийг хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн дүгээр дүгнэлтээр “улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын ажиллагаа дуустал 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн бүртгэлийг түдгэлзүүлж” гэж өөрчилж[2], хяналт шалгалтын ажиллагаа дууссанаар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар дүгнэлтээр хоригийг цуцалсан, хориг цуцалсан төлөвтэй,

2.2.4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 11548 дугаар захирамжаар компанийн 95 хувийн хувьцаа, түүнд ногдох компанийн нэр дээр бүртгэлтэй өмчлөл, эзэмшлийн хөрөнгийн захиран зарцуулах, шилжүүлэх ажиллагаа хийхгүй байхыг Д.Ц*******д даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан,

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* тогтоол, тус газрын мөн өдрийн ******* тоот албан бичгээр “компанийн хувьцаа шилжүүлэх эрх түдгэлзүүлсэн”-ийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн дугаар албан бичгээр цуцалсан[3] нь 05 дугаар сарын 15-ны өдөр бүртгэгдсэн, хориг цуцалсан төлөвтэй,

2.2.5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8097 дугаар захирамжаар Т******* ХХК-ийн хувьцааны 5 хувийг бусдад шилжүүлэхгүй байхыг Д.Ц*******д даалгаж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар албан бичгээр 5 хувийн хувьцаанд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж хориг тавьсан[4] нь “хориг тавьсан” төлөвөөр бүртгэлтэй байна. Тодруулбал уг хориг тавьсан шийдвэр энэхүү маргаанд хамаарах компанийн хувьцааны 95 хувьд хамаарахгүй, маргаанд хамааралгүй Д.Ц*******ийн эзэмшлийн 5 хувьд хамаарах юм.

Тиймээс компанийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргааныг шийдвэрлэх явцад улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бүртгэл хийгдсэн хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 20-ны өдөр байгаагүй, цуцлагдсан байжээ.

2.3. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Компанийн эцсийн өмчлөгч”-ийн өөрчлөлтийн бүртгэл шүүхийн шийдвэрээр хийгдсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийн дагуу хийгдсэн, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалтын “иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулна”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой шүүх, арбитрын шийдвэр гарсан бол хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт үндэслэн улсын бүртгэл хийнэ” гэсэнд нийцжээ.

Тодруулбал нэхэмжлэгч Д.Ц*******, гуравдагч этгээд Б.М нарын хооронд Т******* ХХК-ийн хувь эзэмшилтэй холбоотой 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлснийг, гүйцэтгэх захирлаар Б.М томилогдсоныг бүртгэсэн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлтэй холбоотой маргаан үүсэж, шүүхээр шийдвэрлэгдсэний дүнд дараах бүртгэл хийгдсэн.

а. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаар магадлалаар Т******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож,

Уг шийдвэрийн дагуу Д.Ц*******ийн мэдүүлгээр 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.Ц*******ийг бүртгэсэн анхны бүртгэл сэргэж, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тамга, тэмдгийн хяналтын дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээг Д.Ц*******д олгосон.[5]

б. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 3973 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Б.Мийн нэхэмжлэлийг хангаж, Б.М, Д.Ц******* нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Мд шилжүүлэхийг хариуцагч Д.Ц*******д даалгаж шийдвэрлэсэн,

Улмаар шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 6952 дугаар захирамж, мөн өдрийн 586 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн , 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар албан бичгээр “шүүхийн шийдвэр биелүүлэхийг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ******* тоот албан бичгээр түдгэлзүүлснийг сэргээж /ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 159/10 дугаар тогтоол/, хуулийн этгээдийн 95 хувийн хувьцааг Б.Мийн нэр дээр шилжүүлж бүртгэх”-ийг мэдэгдсэнээр[6], улсын бүртгэлийн байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.Мийн нэр дээр шилжүүлж бүртгэсэн.

в. Д.М Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “улсын бүртгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамганы хяналтын дугаар олгосон, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Д.Ц*******ийн бүртгэлийг сэргээсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ “иргэний хэргийн шүүхийн дээрх шийдвэрээр 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлэхийг Д.Ц*******д даалгаж шийдвэрлэсэн” үндэслэлээр татгалзаж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 335 дугаар захирамжаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Улмаар “компанийн 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлэхийг Д.Ц*******д даалгасан” иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дээрх бүртгэл хийгдсэн.

Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор “Т******* ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлыг өөрчилсөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн бүртгэл хийх үндэслэл болсон Б.М, Д.Ц******* нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх, Б.М нь Д.Ц*******ийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй эсэх талаар, ... хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг зохигчид байгуулж, уг гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн нь тогтоогдсон, ... гэрээнд зурагдсан гарын үсгүүд зохигчдын гарын үсэг болох нь иргэний болон захиргааны хэрэгт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, ... бэлэглэлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдоогүй, гэрээнд “талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, худалдан авагч нь төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төлж дуусгасан” гэх агуулга тусгагдсан, хувьцааны төлбөрт төлбөл зохих төлбөр төлөгдсөн гэсэн үйл баримтыг баримтаар үгүйсгээгүй, хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, улсын бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэснээр талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хүчин төгөлдөр үйлчилнэ, ... шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг хэргийн бусад баримттай харьцуулан үйл баримтыг тогтоосон нь нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй” гэж дүгнэсэн байдаг.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, 23.2-т  шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2-т шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж зааснаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр заасан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 586 дугаар гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу уг бүртгэл хийгдсэн.  

Тиймээс 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний дагуу Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.Мд шилжүүлэхийг Д.Ц*******д даалгасан иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаагаар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хийгдсэн хувьцаа эзэмшигчийн бүртгэлд үндэслэсэн эцсийн өмчлөгчийн өөрчлөлтийн бүртгэл шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бүртгэл хийгдэх хуулийн дээрх заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Дээрх агуулгаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах, мөн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хориг цуцалсан, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тамга тэмдгийн хяналтын дугаарыг хүчингүй болгож дахин олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах Д.Ц*******ийн нэхэмжлэлүүдийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 4664, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 7982 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

2.4. 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Компанийн эцсийн өмчлөгч”-ийн өөрчлөлтийн бүртгэл хувьцаа эзэмшигчийн мэдүүлэг, шүүхийн хүчин төгөлдөр холбогдох шийдвэрүүд, хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлан хуралдуулах хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хувьцаа эзэмшигчид хурлын тов мэдэгдсэн баримтууд,  хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн[7] хийгдсэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан байна.

2.5. 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлээр компанийн “дүрмийн нэмэлт өөрчлөлт”, “ТУЗ-ийн гишүүдийг сонгосон”, “гүйцэтгэх удирдлагыг томилсон”,  “гэрчилгээ шинээр авах”, “хаягийн мэдээлэлд орсон өөрчлөлт”-ийг бүртгэсэн  байх бөгөөд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдүүлгээр, түүнд хавсаргасан хувьцаа эзэмшигчдийн хурлын хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудлыг баталсан тогтоол, хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов мэдэгдсэн баримтууд, хувьцаа эзэмшигчдийн хурлын “дүрэмд өөрчлөлт оруулсан, гэрчилгээг шинээр авахаар шийдвэрлэсэн” тогтоол, “төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, даргыг баталсан” тогтоол, “гүйцэтгэх захирлыг томилсон” тогтоол, хурлын тэмдэглэл, шинэчилсэн дүрэм, улсын бүртгэлийн байгууллагад гаргасан гэрчилгээг шинээр авах хүсэлт, шүүхийн шийдвэрүүд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлүүд бүхий материалаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон дээрх өөрчлөлтийг бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.1.5, 22.1.8-д заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан байна.

2.6. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарласан, хурлын тов хүргүүлсэн нь, хувьцаа эзэмшигчдийн хурал, хурлын шийдвэр Компанийн тухай хуульд нийцсэн эсэхийг улсын бүртгэлийн байгууллага шалгах, дүгнэх үүрэг хүлээхгүй, энэ талаар маргаан үүсвэл иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар улсын бүртгэлийн байгууллага мөн зүйлийн 22.1-д зааснаас өөр баримт шаардахгүй тул хуулийн этгээдийн мэдээлэлд орсон дээрх өөрчлөлтийн бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.  

2.7. Нэхэмжлэгч “маргаан шийдвэрлэх явцад хуулийн байгууллагаас хориг тавигдсан” гэх үндэслэлээ “Т******* ХХК-ийн 75 хувийн хувьцаатай холбоотой иргэний хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа, тус шүүх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бүртгэлд хориг тавигдсан” гэж тайлбарлах ч энэ үндэслэлд дурдагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 8097 дугаар захирамжаар Т******* ХХК-ийн хувьцааны Д.Ц*******ийн эзэмшлийн 5 хувийг бусдад шилжүүлэхгүй байхыг Д.Ц*******д даалгасан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоол, дугаар албан бичгээр дээрх захирамжийн дагуу 5 хувийн хувьцаанд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж хориг тавьсан, энэ шийдвэр 95 хувийн хувьцааны эрхэд хамааралгүй байгаагаар энэ үндэслэл няцаагдаж байна.

Өөрөөр хэлбэл “бүртгэл хийх боломжгүй, хуулиар хориглосон нөхцөл байдал үүссэн байсан” гэж маргаж буй хугацаанд буюу бүртгэл хийгдсэн 2024 оны 05 дугаар сарын 31, 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар маргаж буй 95 хувийн хувьцаа эзэмшилтэй холбоотой бүртгэл хийхийг хориглосон эрх бүхий байгууллагын хүчинтэй хориг битүүмж байгаагүй буюу цуцлагдсан байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь “улсын бүртгэлд хөдөлгөөн хийхийг хориглосон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно”, 20.1.14 дэх “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

2.8. Нэхэмжлэгч мөн “Т******* ХХК-ийн 95 хувийн хувьцааг Б.М хууль бусаар гэмт хэргийн шинжтэй үйлдлээр шилжүүлэн авсан талаарх үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд тухайн хэрэг маргаанууд эцэслэн шийдвэрлэгдээгүй, баримт бичгийн бүрдэл дутуу байхад компанитай холбоотой улсын бүртгэл хийгдэх боломжгүй” гэж тайлбарлах ч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар Д.Ц*******ийн гомдлоор хэрэг бүртгэлтийн ажиллагаанд буй ******* дугаартай хэрэгт хяналт тавьсан талаар 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 210 тоот хариу мэдэгдэх хуудсаар түүнд “хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй” тухай хариу өгсөн байгаа тул ийнхүү хориг тавьсан хүчин төгөлдөр шийдвэр маргаанд хамаарах бүртгэл хийгдэх үед байгаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

2.9. Нэхэмжлэгч улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж буй үндэслэлээ хувьцаа эзэмшигчдийн хоорондын иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд үндэслэдэг. Захиргааны хэргийн шүүх хувьцаа эзэмшигч нарын хоорондын иргэний эрх зүйн харилцаанд үүссэн, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэртэй холбоотой маргааныг харьяалж шийдвэрлэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар улсын бүртгэлийн байгууллагын хууль бус үйл ажиллагаа, бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэх асуудлыг харьяалан шийдвэрлэнэ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.4, 22.1.5, 22.1.8, 22.2 дахь заалтыг баримтлан “Т******* ХХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн 2024 оны 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Ц*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 34 дүгээр хуудас

[2] Хэргийн 2 дугаар хавтсын 154-155, 158-160 дугаар хуудас

[3] Хэргийн 2 дугаар хавтсын 152-153, 156-157 дугаар хуудас

[4] Хэргийн 2 дугаар хавтсын 31-32 дугаар хуудас

[5] Хэргийн 2 дугаар хавтсын 164-215 дугаар хуудас

[6] Хэргийн 2 дугаар хавтсын 22-25,54-66

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 140-241 дүгээр хуудас