| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2310012050778 |
| Дугаар | 2024/ДШМ/601 |
| Огноо | 2024-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнхжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2024/ДШМ/601
2024 5 22 2024/ДШМ/601
А.А-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.М,
хохирогч Д.Э,
шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч И.Ч,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.А-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ........................ дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ......... дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... хотхоны ......-г байрны гадна ....... хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдэг, удирдлагатай холбоотой асуудлаар Д.Э-тай маргаан үүсгэж, түүний нүүр хэсэгт нь гараараа маажиж биед нь зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч А.А-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.. ...” гэв.
Шүүгдэгч А.А-ийн өмгөөлөгч И.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод шинжээч дүгнэх ажиллагааг хийлгэж өгнө үү. Нотлох баримтыг үнэлэхэд хүндрэлтэй шинжээчийн дүгнэлтийг шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар үндсэн нотлох баримт эргэлзээтэй байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоо ч гэсэн гомдолтой байна. Энэ хүн өдий хүртэл намайг цаг хугацаагаар хохироосон, ганц удаа ч уучлал гуйгаагүй, бүр хэл амаар доромжилсон. Би гомдолтой байна. Анхан шатны шийдвэртэй санал нэг байна. ...” гэв
Прокурор Т.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан шүүгдэгч А.А-ийн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ........... дүүргийн ....... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... хотхоны .......-г байрны гадна ............ хотхоны Сууц өмчлөгчдийн холбооны тамга, тэмдэг, удирдлагатай холбоотой асуудлаар Д.Э-тай маргаан үүсгэж, түүний нүүр хэсэгт нь гараараа маажиж биед нь зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.Э-ы “...Тэгээд хурал дуусаж, орой 20 цагийн үед СӨХ-ийн гүйцэтгэх захирал Ц-ийн хамтаар ...... хотхоны ....дугаар граашийн урд .....-г байрны хойно машин зам дээр зогсож байтал гэнэт А, Э нар машинтай ирж СӨХ-ийн шинэ гүйцэтгэх захирал Ц-г харааж зүхээд, хөгшин хүн удахгүй үхэх гэж байж гэх мэтээр дайрч доромжилсон. Би хажууд нь байсан учир Ц гуайг өмөөрч А-д харанхуй шөнө дуугаа багасга, настай хүн рүү дайрч доромжлохоо болио гэж шаардлага тавьтал А.А шууд гараараа миний зүүн хацраас доош эрүү хүртэл хумсаараа маажсан. ... /хх 16-17, 19-20/,
гэрч С.Э-ийн “…А.А бид хоёр машинаас буугаад би Д.Э-д хэлэхдээ чи хүний машин өг та нарын буруу, хүнтэй хүний ёсоор харьц, харин Ц гуайд та ямар шалтгааны улмаас А.А-г 18.000.000 төгрөг хувийн дансаар идсэн гэж хэлсэн юм бэ гээд асуухад Ц гуай хүмүүс л тэгж ярьсан гэхээр нь та ёс зүйтэй байгаарай настай хүн байж гэсэн. Тэр үед Д.Э нь А.А-г манай хотхоноос зайл гээд түлхэхэд А.А нь замын боржуур дээр хөлөөрөө суун тусах шиг боссон. А.А намайг яаж дээрэлхэж байгаа юм бэ гээд заамдах шиг болсон. Тухайн хүмүүс нь дахин бага зэргийн маргалдаж муудаад байж байхад удалгүй цагдаа нар ирсэн. Ер нь бол Д.Э, А.А нар нь бие биедээ хүндэтгэлгүй хоорондоо харилцсаны улмаас тухайн хүмүүс нь маргалдаж муудах болсон. А.А нь Д.Э-ыг заамдах шиг болсон, маажсан маажаагүй гэдгийг нь харж чадаагүй, тэгэхдээ маажсан байхыг үгүйсгэхгүй. ...” /хх 24-25/,
гэрч П.Ц-ийн “...Би тухайн өдрийн орой айлаас гараад ирсэн чинь .... байрны ард зам дээр А, Э хоёр Э-тай маргалдаад Э руу дайраад байхаар нь яваад очсон. Тэгсэн А, Э хоёр над руу дайраад Ц гуай та хууль бусаар гүйцэтгэх захирал болсон, удирдах зөвлөл хүчингүй та явах хэрэгтэй гэсэн утгатай зүйл яриад дайрч давшлаад уг хэрүүл 20 орчим минут болсон. Э бид хоёрыг цохиж авчих гээд байсан. Тэгсэн А, Э-ы хацрыг самардаад авсан. Тэгсэн Д.Э-ы зүүн шанаа хэсгээс цус гарч байсан, зүүн хацар 2 газар 10 см урсан байсан. ...” /хх 28-30/,
гэрч Б.Д-ийн “...Д.Э надад хэлэхдээ .......... байрны гадаа А.А, Ц гуайг хэл амаар доромжлоод цохиж зодох гээд дайраад байхаар нь чи хөгшин настай хүнийг хэл амаар доромжлоод байх юмаа, одоо боль гээд шаардлага тавихад баруун гараараа нэг удаа зүүн чихний урдаас эрүү хүртэл маажчихлаа гээд маажуулсан газраа харуулсан. Тухайн үед Д.Э-ы зүүн чихний дунд хэсгээс эрүү хүртэл маажиж цусыг нь гаргасан байсан. 2 билүү 3 хумсны ором орсон байсан. ...” /хх 35-36/,
гэрч О.М-ны “...цонхоороо харахад ...... байрны хойд талын зам дагуу А, Ц, Э, Д.Э нарын хүмүүс зогсож байгаа харагдсан. Харин А.А нь Ц руу орилж хашхирч байгаа нь амны хайрцгаас нь харагдаж анзаарагдсан, хоорондоо маргалдаж дуу нь сайн сонсогдохгүй байсан. А.А нь Ц гэх хүн рүү дайраад байхад нь Д.Э нь голоор ороод салгах гэхэд А.А нь Д.Э-ы нүүр рүү цохисон уу, эсвэл маажсан уу ямар ч байсан нүүр рүү гараараа хүрэх шиг харагдсан. Тэгэхэд Д.Э нь нүүрээ дараад доошоо тонгойсон. ...” /хх 83-84/,
шинжээч С.Ч-ийн “…Д.Э-ы биед учирсан зүүн хацар, эрүү хүзүүнд учирсан зулгаралт гэмтэл нь байрлалын хувьд нэг талдаа чиглэл нь ижил нэг түвшинд байх бөгөөд нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Гаргасан дүгнэлтэд мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь Д.Э-ы биед учирсан нийт гэмтлийн тоогоор авч үзсэн. Д.Э-ы биед зүүн хацар, шанаа эрүүнд зулгаралт гэмтэл нь эд эрхтний бүтцийн өөрчлөлтөд орсон учир гэмтлийн зэрэг тогтоогдсон. Гэхдээ 4 долоо хоног дотроо бүрэн эдгэрэх боломжтой гэж үзсэн учраас гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон. Маажигдсан зулгаралт нь зарим тохиолдолд бохир орж идээлэх, сорвижилт үүсэх зэрэг хүндрэлүүд үүсэж болдог. Хэрвээ дээрх хүндрэлүүд үүссэн тохиолдолд эдгэрэлтийн хугацаа уртсаж болно. Хүндрэл үүсэхгүй бол хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтад жижиг зулгаралт буюу биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй гэсэн шалгуур байдаг. Д.Э-ы биед учирсан гэмтэл нь дээрх шалгуур шинжид хамаарахгүй. Учир нь Д.Э-ы биед зовуурь илэрсэн, эмнэл зүйн шинж илэрсэн. ...” /хх 77-78/ гэсэн мэдүүлгүүд,
“…Д.Э-ы биед зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн маажигдах үйлчлэлээр 2023.03.19-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. …” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4006 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 42-43/,
“...А.А-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 7243 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 48-49/,
дуудлагын лавлагааны хуудас /хх 6/ болон хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалттай нийцжээ.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг болно.
Шүүгдэгч А-ийн үйлдлээс хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд шүүхээс А.А-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Шүүгдэгч А.А “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Давж заалдах гомдлыг хянавал, хохирогч Д.Э-ы “...А.А шууд гараараа миний зүүн хацраас доош эрүү хүртэл хумсаараа маажсан. ... /хх 16-17, 19-20/, гэрч С.Э-ийн “…Д.Э, А.А нар нь бие биедээ хүндэтгэлгүй хоорондоо харилцсаны улмаас тухайн хүмүүс нь маргалдаж муудах болсон. А.А нь Д.Э-ыг заамдах шиг болсон, маажсан маажаагүй гэдгийг нь харж чадаагүй, гэхдээ маажсан байхыг үгүйсгэхгүй. ...” /хх 24-25/, гэрч П.Ц-ийн “...Э бид хоёрыг цохиж авчих гээд байсан. Тэгсэн А, Э-ы хацрыг самардаад авсан. Тэгсэн Д.Э-ы зүүн шанаа хэсгээс цус гарч байсан, зүүн хацар 2 газар 10 см урсан байсан. ...” /хх 28-30/, гэрч Б.Д-ийн “...баруун гараараа нэг удаа зүүн чихний урдаас эрүү хүртэл маажчихлаа гээд маажуулсан газраа харуулсан. Тухайн үед Д.Э-ы зүүн чихний дунд хэсгээс эрүү хүртэл маажиж цусыг нь гаргасан байсан. 2 билүү 3 хумсны ором орсон байсан. ...” /хх 35-36/, гэрч О.М-ы “...А.А нь Ц гэх хүн рүү дайраад байхад нь Д.Э нь голоор ороод салгах гэхэд А.А нь Д.Э-ы нүүр рүү цохисон уу, эсвэл маажсан уу ямар ч байсан нүүр рүү нь гараараа хүрэх шиг харагдсан. Тэгэхэд Д.Э нь нүүрээ дараад доошоо тонгойсон. ...” /хх 83-84/, шинжээч С.Ч-ийн “…Д.Э-ы биед учирсан зүүн хацар, эрүү хүзүүнд учирсан зулгаралт гэмтэл нь байрлалын хувьд нэг талдаа чиглэл нь ижил нэг түвшинд байх бөгөөд нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлчлэлээр үүсэж болно. Гаргасан дүгнэлтэд мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь Д.Э-ы биед учирсан нийт гэмтлийн тоогоор авч үзсэн. Д.Э-ы биед зүүн хацар, шанаа эрүүнд зулгаралт гэмтэл нь эд эрхтний бүтцийн өөрчлөлтөд орсон учир гэмтлийн зэрэг тогтоогдсон. ...” /хх 77-78/ гэсэн мэдүүлгүүд,
“…Д.Э-ы биед зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн маажигдах үйлчлэлээр 2023.03.19-ний өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. …” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 4006 дугаар /хх 42-43/ шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд шүүгдэгч А.А нь 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Д.Э-ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байх бөгөөд тусгай мэдлэг бүхий шинжээчийн 4006 дугаар дүгнэлт үндэслэлтэй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч А.А-ийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ