| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0647/З |
| Дугаар | 128/ШШ2025/0652 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт Ч*******гийн А******* /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга,
Маргааны төрөл: Төрийн жинхэнэ албан хаагчийн нэг зөрчилд ёс зүйн хариуцлага болон сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан гэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрч Б.У, П.Х нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Т.Түвшинбаяр хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр “Ч.А*******д ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн” тушаал, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар “Ч.А*******д сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалыг тус тус хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нийслэлийн Бизнес, инновацын газрын нийт албан хаагчдын хагас жилийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх үеэр тус газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан Ч.А******* ажлын байранд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаарх мэдээлэл, гомдлыг мөн хэлтсийн ажилтан П.Хөөс гаргасныг Ёс зүйн дэд хороо хурлаар хэлэлцэж 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр Ч.А*******г ажлын байранд удирдах албан хаагч болон бусад албан хаагчийг хэл амаар доромжлох, ёс бус үл хэллэг хэлэх, айлган сүрдүүлэх байдлаар бусдыг айдаст автуулах үйлдэл гаргасан, өөрийн буруутай үйлдлийн улмаас бусад албан хаагчдад учирч болох сөрөг үр дагаврыг урьдчилан тооцоолоогүй, гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй гэж үзэн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж,
2.2. Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр “Ч.А*******д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” тушаалаар түүнд байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага,
2.3. Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар “Ч.А*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч “ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй, Ёс зүйн дэд хороо хууль бус бүрэлдэхүүнтэй, ашиг сонирхлын зөрчилтэй тул зөрчил гэх үйлдлийг шалгасан дүгнэлт үндэслэлгүй, нэг үйлдлийг үг болон үйлдлээр нь ёс зүйн хариуцлага болон сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулсан нь хууль бус, хариуцлага зөрчлийн шинж байдалд тохироогүй” гэх үндэслэлүүдээр маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа: “Ч.А******* миний бие Нийслэлийн Бизнес, инновацын газрын Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 6 жил тасралтгүй ажиллаж байгаа болно.
Уг байгууллагын дарга, удирдлага солигдох бүрд дагаад дунд шатны удирдлагууд тогтмол солигдож, гүйцэтгэх албан тушаалтнуудыг хавчин ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт шахалт учруулах зэрэг үзэгдлүүд байнга гарч төрийн албаны "мэргэшсэн, тогтвортой байх", "... улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх", "төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах", "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” зарчмууд алдагдаж, хууль, тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилт огт хэрэгждэггүй.
Энэхүү хууль бус үйл ажиллагаа Б.М тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болсноос хойш улам ихсэж өөрийнх нь шударга бус үйл ажиллагаа, хууль бус шийдвэрийг эсэргүүцэн санал зөрөлдсөн албан хаагчдыг элдэв хорон байдлаар хавчин гадуурхаж, ил далд янз бүрийн аргаар ажлын байрны дарамт үзүүлж, өөрсдөөр нь өргөдөл өгүүлэх замаар албан тушаалаас нь зайлуулах, эсвэл өөрийнхөө хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой, хүмүүсээр үндэслэлгүй гомдол, мэдээлэл гаргуулан ёс зүйн зөрчилд албаар холбогдуулан өөрийнхөө гаргасан /Б.М нь Ёс зүйн дэд хорооны дарга бөгөөд гишүүн/ дүгнэлтээ үндэслэн ёс зүйн хариуцлага болон сахилгын шийтгэл ногдуулж, улмаар ажлаас нь халах болсон.
Зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаал болон тус газрын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах" шаардлага бүхий нэхэмжлэлийг миний бие гарган маргасан. Гэтэл нэхэмжлэл гарган хууль бус шийдвэрүүдийг эсэргүүцсэний улмаас намайг ажил дээр болон шүүх хуралдаан завсарлахад Б.М дарга янз бүрийн байдлаар надад дарамт шахалт үзүүлэн "...маргааш чи бид хоёр шүүх дээр болзоотой билүү, би шүүхэд олон жил ажилласан, намайг ялж чадахгүй ээ, хариуцлага тооцно оо, ... өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өг эсхүл өөрт чинь дахин арга хэмжээ авч төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас хална" гэж сүрдүүлж, дарамтлан улмаар дахин хариуцлага тооцохоор зохион байгуулалттай үйл ажиллагааг шат дараалан явуулж, Ёс зүйн хорооны хууль бус, үндэслэлгүй дүгнэлтийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гарган 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар дахин ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ. Мөн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар дээрх гаргасан гэх ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар давхардуулан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 3.10-т заасныг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын гэх зөрчлийг миний бие огт гаргаагүй болно.
Түүнчлэн, Нийслэлийн Бизнес, инновацын газрын ажилтан, албан хаагч нарын гаргасан гомдолтой холбоотой асуудлаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хяналт, шалгалт хийсэн. Ингэхдээ ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт, өргөдөл, гомдол гаргасан ажилтнуудыг гомдол гаргасны төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт үзүүлдэг эсэх, Ёс зүйн дэд хороог байгуулахад газрын дарга, Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.М нар санал хураалтад шууд нөлөөлсөн эсэх, Газрын дарга болон Ёс зүйн хорооны дарга, гишүүд, нарийн бичгийн дарга нар бүгд нэгдмэл нэг ашиг сонирхолтой эсэх, тус хороонд гаргасан гомдол, мэдээллийг бүрэн гүйцэт үнэн зөв хянан шалгадаг эсэх, хэр шударга ажилладаг, шийдвэр нь үндэслэлтэй гардаг эсэх талаар асуулга явуулж, ажилтан албан хаагч нартай ганцаарчлан уулзалт хийн ажилтнуудын санал, хүсэлт, гомдлыг тэмдэглэн улмаар энэ талаар дүгнэлт гарган, Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга болон тус газрын дэргэдэх Ес зүйн дэд хороонд шаардлага хүргүүлэхээр болсон.
Миний бие Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хороо болон тус дэд хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02 дүгнэлт, уг дүгнэлтийг үндэслэн гарсан 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж байгаа болно.
Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Б.М бөгөөд Ёс зүйн дэд хорооны гишүүн, дэд хорооны дарга нь Б.М юм. Үүнээс үзэхэд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан "Ёс зүйн дэд хорооны ажиллах" журам тус тус зөрчигдөж, ашиг сонирхлын зөрчил шууд үүссэн. Тодруулбал, Ёс зүйн дэд хороо нь холбогдох хууль, журамд заасны дагуу хяналт шалгалт хийж дүгнэлт гаргадаг. Тухайн дүгнэлтийг үндэслэн байгууллагын эрх бүхий албан тушаалтан буюу дарга тушаал гаргана. Гэтэл энэ тохиолдолд Б.М дарга /мөн Ёс зүйн дэд хорооны гишүүн бөгөөд дарга/ нь өөрийнхөө гаргасан дүгнэлтийг өөрөө үндэслэн тушаал, шийдвэр гаргасан. Энэ нь холбогдох хууль, журам зөрчсөн, ашиг сонирхлын шууд зөрчил юм.
Холбогдох хууль, журмаараа Б.М нь Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч болсон цаг хугацаанаасаа Ёс зүйн дэд хорооны гишүүн, дэд хорооны даргаасаа өөрөө шууд татгалзах ёстой байсан бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, "Ёс зүйн дэд хорооны ажиллах" журамд зааснаар байгууллагын нийт албан хаагчдын санал хураалтаас олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр шинээр сонгож, гишүүд дотроосоо даргаа дахин сонгох ёстой байсан. Гэвч энэхүү үйл ажиллагаа огт явагдаагүй.
Ёс зүйн дэд хороог анх байгуулах процесс мөн хууль бусаар явагдаж, холбогдох хууль, журмыг дагаж мөрдөлгүй, байгууллагын ажилтан, албан хаагчдын сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, илт ашиг сонирхлын зөрчилтэй Ёс зүйн дэд хороог 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан. Албан хаагчдын дунд нээлттэй байдлаар зохион байгуулах ёстой атал Гүүгл формоор авсан санал хураалтын үр дүнг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр албан хаагчдад танилцуулахдаа нээлттэй ил харуулалгүйгээр хамгийн их санал авсан гэх 5 хүний нэрийг хэлж, улмаар эдгээр 5 хүнээс дахин 3-ыг нь сонгох тухай, сонгох сонгохдоо тэр тэрийг заавал сонгохыг газрын дарга Б.Б, Захиргаа, төлөвлөлт санхүүгийн хэлтсийн дарга Б.М нар шууд санал болгон хүчлэн тулгаж, өөрийн хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүсийг /Б.М, Т.Х, Б.О/ дэд хорооны гишүүн болгож, хамгийн их санал авсан Х.Бг дэд хорооны гишүүн болголгүй хууль, журмыг ноцтой зөрчин байгууллагын ажилтан, алба хаагчдын сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдсан. Энэ талаар Нийслэлийн Бизнес, инновацын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд зарим гол зүйлсийг хассан байдлаар тусгасан байдаг.
Мөн Ёс зүйн дэд хорооны гишүүн болох Б.О нь надад холбогдуулан Б.М даргын хууль бус үүрэг даалгавраар үндэслэлгүй гомдол гаргасан. Уг гомдол болон холбогдох баримтуудтай танилцаж үзэхэд "2024.12.18" гэсэн огноотой гомдол байдаг бөгөөд тус гомдлыг өргөдөл, гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгэж авалгүй Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.Мид 2024.12.30-ний өдөр шууд цохон шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ үед /2024.12.18/ өмнөх Ёс зүйн дэд хороо хэвийн ажиллаж, чиг үүргээ хэрэгжүүлж байсан. Иймээс Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.О нь Ёс зүйн дэд хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралд болон ёс зүйн зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгаж, дүгнэлт гаргах ажиллагаанд оролцох ёсгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д зааснаар Б.О нь татгалзан гарах ёстой байсан боловч хуралд гишүүн, нарийн бичгийн даргаар оролцон дүгнэлт гаргаж, гарын үсэг зурсан байдаг.
Иймд Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн , 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ч.А******* ёс зүйн болон сахилгын зөрчил огт гаргаагүй тус зөрчлийг тогтоогоогүй байхад энэ нөхцөл байдлыг зориуд бий болгож улмаар , дугаар тушаал гаргасан байна. Тодруулбал, нэхэмжлэгч өөрийн зөрчигдсөн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар Монгол улсын Ёс зүйн хороо, Захиргааны хэргийн шүүхэд хандаж маргасны төлөө төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх, чадахуйн зарчим алдагдсан. Хууль тогтоомжоор баталгаажсан хөдөлмөрлөх, ажил эрхлэх хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт шахалт, хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар хамт олны хуралдаан дээр хэлсний төлөө ажлын байранд болон шүүх хуралдаан завсарлахад хариуцагч янз бүрийн байдлаар дарамт шахалт үзүүлсэн байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгд гэж хэлсэн. Үүнийг тулгасан учир татгалзсан.
дүгээр тушаалд “нэхэмжлэгч нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мэдээлэл гаргагч П.Х болон хэлтсийн дарга н.Г нарыг хэл амаар доромжлох, ёс бус үг хэллэг хэлэх, айлган сүрдүүлэх байдлаар айдаст автуулах, П.Хийн биед халдаж цохиж хүчирхийлэл үйлдэж хавчин гадуурхсан” гэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д үйл ажиллагааны үр дүнг үнэлэхийг харьяалах дээд шатны удирдах ажилтнаас шаардах, үнэлгээг зөвшөөрөх, эс зөвшөөрөх төрийн албан хаагчийн нийтлэг эрхийг заасан. Нэхэмжлэгч өөрийн үнэлгээг эс зөвшөөрч хэлтсийн дарга н.Гт үнэн зөв, шударгаар үнэлэх талаар хэлж төрийн албан хаагчийн нийтлэг эрхээ эдэлсэн. Энэ талаар гэрч нар тайлбарлаж нотолж байгаа. Иймд хэлтсийн дарга н.Г нь алдаа гаргаж оноог нь буруу бодсон талаараа нэхэмжлэгчид тухайн өдөр утсаар хэлсэн тул уг асуудал дууссан. Гэтэл хариуцагч сахилгын арга хэмжээний үндэслэл болгосон. Энэ талаар хэлтсийн дарга н.Г 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн тайлбартаа “ажлын гүйцэтгэлийн онооны задаргааг дахиж харахад нийлбэр оноогоо зөв хэлсэн байсан боловч доторх ажлын гүйцэтгэл, багаар ажиллах ёс зүйн үнэлгээ зэргийн оноог андуурч хэлсэн талаараа мэдсэн. Өөрт нь утсаар ярьж мэдэгдсэн” талаараа хэлж буруугаа хүлээсэн.
Тухайн үед нэхэмжлэгч хэлтсийн даргадаа Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх аргачлалыг шинээр орсон хүмүүстээ танилцуулж, ажлын гүйцэтгэл үнэлдэг талаар хэлсэн эсэхийг тодруулж асуусан. Шинээр орсон хүмүүс энэ талаар мэдээлэлгүй байна гээд аргачлалын 4.4, 4.5-д заасныг, өөрийн ажлын гүйцэтгэл, багаар ажиллах ёс зүйн үнэлгээг буруу үнэлснийг, үнэн зөвөөр үнэлэхийг шаардсан.
Мэдээлэл гаргагч П.Хийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “н. амралтаа авах гээд ажлаа хүлээлгэж өгөхөөр завгүй байтал хэлтсийн дарга цаас хэвлэж өгсөн. Тухайн үед би сайн ойлгоогүй. Яараад бөглөж өгсөн гэтэл тэр нь үнэлгээний хуудас байсан. 7 хоногийн дараа хэлтсийн дарга оноо танилцуулсан. Ямар учиртай үнэлгээ байсан талаар мэдэхгүй байсан тул Ч.А******* эгчид бага оноо тавьсан байж магадгүй” гэсэн тайлбар өгдөг. Юу бөглөснөө ч мэдээгүй байдаг. Ч.А*******гийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хэлтсийн дарга дүн танилцуулсан, надад санаанд орохооргүй дүн байсан. Иймд чанга дуугаар ярьсан. Дараа нь хэлтсийн дарга буруу бодсон байна гэж хэлсэн. Хүмүүст тайлбарлаж өгөөрэй гэж хэлсэн. Маргааш нь хэлтсийн дарга П.Хт тайлбарлаж өгсөн” гэх тайлбараар давхар нотлогдож байгаа.
Нэхэмжлэгч бусдыг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлээгүй, хэлтсийн даргатайгаа ярилцсан. П.Хт “эгчид нь ямар нэгэн асуудал байвал хамт олноороо суугаад юу болж бүтэхгүй байна. Энэ талаар нээлттэй яръя, би чамтай муухай харилцаад байна уу” гэж хэлсэн. Дараа нь П.Хөөс “хэлсэн үгэнд нь эмзэглэсэн, буруугаар ойлгосон бол эгчийгээ зөвөөр ойлгоорой” гэж уучлалт гуйсан.
Гэрчийн тайлбар мэдүүлэг эргэлзээтэй гэж үздэг. Гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй. Өөр бусад ямар нэгэн баримтаар давхар нотлогдох ёстой. Гэтэл Ёс зүйн дэд хороонд албан хаагч нарын өгсөн тайлбар хоорондоо зөрүүтэй эргэлзээтэй байдаг. Тодруулбал хэлтсийн дарга н.Г 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ёс зүйн дэд хороонд “П.Х дээр очиж дал мөр хэсэгт нь цохиод би та нарыг яасан юм бэ гээд байсан” гэх тайлбар, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сахилгын зөрчилтэй холбоотой өгсөн “Нуруу руу нь алгадсаныг харсан” гэх зөрүүтэй тайлбар өгдөг. Мөн Ч.А*******гийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “цохисон зүйл байхгүй” гэдэг тайлбар зөрдөг.
Ёс зүйн дэд хороо хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийгээгүй, Ч.А******* хэлтсийн дарга н.Г, мэдээлэл гаргагч П.Х нарын хооронд болсон яриаг сонсож, болсон зүйлийг харсан Б.Уаас тайлбар аваагүй, Б.У гадаад явсан байсан ч, гадаадаас ирэхэд нь тайлбар авч болно, цахимаар ч авах боломжтой байсан. Сахилгын зөрчлийг 14 хоног, 14 хоног нийт 28 хоногоор шалгах ёстой. Тэр хугацаанд Б.У ирсэн байгаа. Гэтэл нэг хоногийн дотор шалгаж өөр өрөөнд байсан хүмүүсээс тайлбар авсан байдаг. Тухайн үед байгаагүй юу болсон талаар сонссон, харах боломжгүй н.Бямбадэлгэр, гараад явсан гэх н.Б нарын тайлбарыг гол үндэслэл болгож дүгнэлт гаргасан байна.
дугаар тушаалын хувь. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15.3-т ёс зүйн зөрчлийг хянаж шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ гэж заасан. Сахилгын гэх зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, гаргасан гэдгийг хяналт шалгалтаар бүрэн гүйцэт тогтоогоогүй. Хэрвээ П.Хийг цохисон гэж үзэж байгаа бол цагдаагийн байгууллагаар шалгуулж зөрчлийн хэрэг бол Зөрчлийн тухай хуулиар, эрүүгийн хэрэг бол Эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулж шалгах ёстой. Биед нь халдаж цохисон гэдгийг хуулийн байгууллага тогтоосны дараа нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэхээ шийдвэрлэх ёстой байсан. Ийм процесс ажиллагаа огт явагдаагүй. Гэрч П.Х цагдаагийн байгууллагад хандаагүй, гомдол гаргаагүй.
дүгээр тушаалаар Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэж үйлдэл болон үгээр нь тусад нь ёс зүйн болон сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.
Давтан зөрчил гаргасан гэдгийг эцэслэн тогтоогоогүй, өмнөх зөрчлийн талаар шүүхийн маргаан дуусаагүй. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.2, 2.4.3, 2.4.4, 2.4.5 дахь заалтуудыг болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх, 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэрийг гаргах буюу хууль дээдлэх зарим зөрчигдсөн.
Нийслэлийн Бизнес, инновацийн газрын даргын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны гишүүд нэгдмэл нэг ашиг сонирхолтой, 3 гишүүн бүгд захиргааны хэлтсийн хүмүүс байдаг. Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 1.4-т зааснаар Ёс зүйн дэд хороо бие даасан, хараат бус зарчмаар ажиллах ёстой, Нийслэлийн Бизнес, инновацийн газрын дарга дэмжлэг үзүүлж ажиллах нөхцөл боломжоор нь хангах үүрэгтэй. Тус журмын 3.6-д Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно. Хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гарсан тохиолдолд Ёс зүйн дэд хорооны дарга гишүүн нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу холбогдох байгууллагад мэдэгдэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.7-д ашиг сонирхлын зөрчилтэй бол захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гарах боломжийг хангах гэж заасан. Гэтэл Нийслэлийн Бизнес, инновацийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.М нь Ёс зүйн дэд хорооны гишүүн бөгөөд дарга нь тул Ёс зүйн дэд хорооны бие даасан хараат бус зарчим алдагдаж үйл ажиллагаанд тус газрын дарга шууд хөндлөнгөөс нөлөөлж ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Гэтэл Б.М дарга нь өөрөө Ёс зүйн дэд хорооны гишүүн бөгөөд дарга нь тул Ёс зүйн дэд хороонд нөлөөлж өөрийнхөө гаргасан дүгнэлтийг үндэслэн тушаал гаргадаг.
Ёс зүйн дэд хорооны гишүүн н.Х нь 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шилжсэн, Ёс зүйн хорооны ажиллах журмын 2.8-д зааснаар байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж нь нөхөн сонгох арга хэмжээг ажлын 7 хоногийн дотор зохион байгуулах ёстой. Гэтэл үүнийг зөрчиж 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дараагийн гишүүнийг сонгох ажиллагаа явагдсан.
Маргаан бүхий , дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн зэрэг дэв нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн дотоод журмаар олгох “байгууллагад тасралтгүй 5 жилээс дээш хугацаагаар тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажилласан” албан хаагчид олгох мөнгөн урамшуулал авах, төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр тооцон олгодог улирлын мөнгөн урамшуулал авах эрх зөрчигдөж байгаа.
Шүүхээс тус тушаалуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зэрэг дэвийн нэмэгдүүлэх, холбогдох урамшууллыг авах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх болно. Мөн маргаан бүхий тушаалууд нь дараагийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох эрсдэлтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 48.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 38 дугаар зүйлд заасан зөрчлийг албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан тохиолдолд зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзана гэж заасан.
Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4-т төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа 1.1.4-т хариуцлага гарцаагүй байх, 1.4.2-т сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх, 1.4.5-д хууль зүйн үндэслэлтэй байх зарчим баримтална. Журмын 3.3.1-3.3.7, 3.4, 3.5-д сахилгын шийтгэл ногдуулахдаа харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлүүдийг заасан. Журмын 5.1-д албан хаагч сахилгын шийтгэл тооцох хугацаанд сахилгын зөрчил дахин гаргасан эсвэл зөрчлийн шинж байдал нь илүү хүнд ногдуулах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд эсвэл зөрчлийн шинж байдал нь төрийн албанаас халах үндэслэл болохооргүй байвал албан хаагчид албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал түүнийг анх буюу давтан гаргасан эсэхийг харгалзан үзээгүй. “Бацаан” гэдэг үг нь орчуулбал “хүн” гэсэн утгатай.” гэв.
3.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “” хэмээн маргаж, үндэслэлээ тайлбарлахдаа: “1/ Байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороог шинэчлэн байгуулсан талаар: Төрийн албан хаагчийн Ёс зүйн тухай хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн, хуулийн 13.1-д Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байхаар ерөнхийлөн тусгагдсаны дагуу тус газрын дэргэдэх Ёс зүйн дэд хороог Бизнес инновац хөгжлийн газар (хуучин нэрээр)-ын даргын 2023 оны дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, албан тушаалаар нь захиргааны асуудал хариуцсан нэгжийн дарга Ёс зүйн дэд хорооны дарга байхаар, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн нь нарийн бичгийн дарга байхаар байгуулсан нь дээрх хуулийн зарчмын агуулгад нийцээгүй байсан.
Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан төрийн байгууллагуудын дэргэдэх "Ёс зүйн дэд хорооны ажиллах журам"-ын 2.4-т 40 ба түүнээс цөөн төрийн албан хаагчтай байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 3 гишүүнтэй байхаар зааснаар Бизнес, инновацын газар нь нийт 36 хүний орон тоотой тул газрын даргын 2023 оны дугаар тушаалыг 2024 оны дүгээр тушаалаар хүчингүй болгож, Ёс зүйн дэд хорооны гишүүдийг шинээр сонгох үйл ажиллагааг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13.2, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 2.1, 2.2-т заасны дагуу нээлттэй, илээр сонгон шалгаруулалт хийсэн. Ёс зүйн дэд хороог шинэчлэн байгуулах тухай мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан хаагчдын дундын вайбер группт байршуулж, гүүгл формоор санал хурааж, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хамгийн өндөр санал авсан 5 албан хаагчаас дахин санал хурааж, 3 албан хаагчийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр сонгосон. Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга Б.М (24 хүн), тус хэлтсийн мэргэжилтэн Б.О (23 хүн), Инновацын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Т.Х (16 хүн) нар хамгийн олон санал авч гишүүнээр сонгогдож, газрын даргын 2025 оны дугаар тушаалаар баталгаажуулсан.
Мөн Ёс зүйн дэд хорооны гишүүн Т.Х шилжин ажилласан тул журмын 2.8-д зааснаар нөхөх сонгон шалгаруулалтыг 2025 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдөр 2 үе шаттай сонгон шалгаруулах байдлаар Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Ж.С******* сонгогдож, газрын даргын 2025 оны дүгээр тушаалаар баталгаажуулсан.
2/ Мэргэжилтэн Ч.А*******д ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Газрын нийт албан хаагчдын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны үеэр Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн ажилтан П.Х "... Уг хэлтсийн мэргэжилтэн Ч.А******* нь 2025 оны хагас жилийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх үеэр хамт олноос өгсөн ёс зүй, харилцаа хандлагын үнэлгээг үл зөвшөөрч, бага оноо өгсөн гэх үндэслэлээр хэлтсийн дарга болон үнэлгээ өгсөн албан хаагчид руу уурлаж ажлын байранд орилж хашгарч, улмаар намайг элдэв бусаар доромжилсон, зөвшөөрөлгүй биед гар хүрсэн гэх" мэдээллийг өгсөн.
Энэ асуудал нь Ёс зүйн дэд хорооны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны үеэр яригдаж, журмын 3.1.3-т "дэд хорооны гишүүдийн ажлын чиг үүргийг батлах, гомдол, мэдээллийг хуваарилах", 5.1-д "дэд хороо нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлд 15.1-д заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж, шийдвэрлэнэ", 5.4-д "дэд хорооны дарга нь гишүүдэд тойргийн журмаар, дарааллын дагуу гомдол, мэдээллийг хуваарилна" гэж тус тус заасны дагуу шалгаж ёс зүйн зөрчил байгаа эсэхийг тогтоохоор Ж.С*******т хуваарилсан.
Ж.С******* гомдол, мэдээллийг хянан шалгах ажиллагааг явуулж, мэдээлэл гаргагч П.Х болон тухайн үйл явдал болох үед 1 өрөөнд байсан гэх Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Г, Инновацын хөгжлийн хэлтсийн ажилтан Б.Б, Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ажилтан Б.Бямбадэлгэр, зөрчилд холбогдогч Ч.А******* нараас тайлбар авсан.
- Мэдээлэл гаргагч П.Х 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан тайлбартаа "... хэлтсийн дарга Ч.А******* эгчид түрүүлж оноог нь танилцуулсан чинь “муусайн бацаанууд яахаараа ингэж үнэлдэг юм, дээрээсээ тушаал аваад намайг ингэж үнэлж байгаа. Муусайн бацаанууд чацганууд яахаараа ингэж үнэлдэг юм, хэн нь үлдэхээ харна, ажилд ороод удаагүй бацаанууд ингэх болоогүй” гээд орилоод унасан. Тэгээд араас ирээд миний дал руу алгадаад “андаа ямар асуудал байна, би чамтай яаж харьцсан болоод ингэж үнэлсэн бэ” гэхэд нь би их айсан..., Ч.А******* эгч ёс суртахуунгүй үйлдэл гаргахад нь би их айсан" гэсэн;
- Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Г 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа "хэлтсийн албан хаагчдын үнэлгээг танилцуулсны дараа Ч.А******* яагаад ёс зүйн асуудлыг ийм байдлаар үнэлж байгаа вэ гээд уурлаж хүлээж авсан, ... П.Х болон надад хандаж уурлаад хэд хэдэн үг хэлсний дараа мөн би та нарыг яасан юм бэ гэж хэлсэн, мөн П.Х дээр очоод араас нь дал мөр хэсэгт цохиод би та нарыг яасан юм бэ гээд байсан" гэсэн;
- Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ажилтан Б.Бямбадэлгэр 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан тайлбартаа "Ч.А******* нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр албан хаагчдын дунд дургүйцсэн өнгө аясаар гэнэт чанга дуугаар уурлаж орилсон. Хэлтсийн даргатайгаа муудалцаж байгаа өнгө аястай байсан. Ажиллаж байх хугацаандаа ийм хөгийн оноо авч үзээгүй, яагаад надад ийм оноо өгдөг юм. Муусайн бацаанууд дээрээсээ захиалгатай болохоор ийм оноо өгч байгаа ш дээ гэсэн. Үнийгээ дахин дахин өндөр дуугаар хэлж байсан..." гэсэн;
- Инновацын хөгжлийн хэлтсийн ажилтан Б.Б 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан тайлбартаа "Ч.А******* хэлтсийн даргатайгаа ярьж байгаад гэнэт чанга дуугаар “яагаад ийм оноо өгч байгаа юм” гээд орилоод унасан. Хэлтсийн дарга нь “бусад албан хаагчид чинь ингэж дүгнэсэн байна” гэж хэлсэн. Мөн “хэн ийм оноо өгсөн бэ, Х чи надаа ийм оноо өгсөн үү, өгсөн үү? хэлдээ, яагаад ийм оноо өгсөн бэ” гэсэн;
-Зөрчилд холбогдогч Ч.А*******гийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан тайлбартаа "...хэлтсийн дарга гүйцэтгэлийн тайлангийн дүнг танилцуулсан. Надад санаанд оромгүй дүн байсан. Тиймээс би чанга дуугаар ярьсан. Дараа нь хэлтсийн дарга буруу бодсон байна гэж ярьсан ... сүүлд нь Х дээр очоод нуруун дээр нь гараа тавиад би чамтай муухай харьцаад байна уу гэсэн..." гэсэн.
Мөн газрын нийт албан хаагчдын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны үеэр мэргэжилтэн Ч.А******* "миний буруу, харилцааг үнэлсэн үнэлгээнд миний оноо 3,3 үнэлсэн байсан" гэсэн тайлбарыг тус тус өгсөн байна.
Иймд Ч.А******* нь хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлүүлэх үедээ хамт олны зүгээс өөрийг нь үнэлсэн харилцаа хандлага, ёс зүйн үнэлгээнээс шалтаглан хэлтсийн дарга, албан хаагчийг хэл амаар доромжлох, ажлын байранд орилж, хашгирах, хавчин гадуурхах үйлдэл гаргасан нь нотлогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь,
а/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т "зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх", 7.1.7-д "албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх", 7.1.8-д "байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх" гэснийг,
б/ Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор батлагдсан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ"-ний 2.2.1-д "ажлын байранд зүй бус үг хэрэглэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх", 2.2.2-д "үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх", 2.3.9-д "албан хаагчийг ажил үүргээ гүйцэтгэхэд хууль бусаар нөлөөлөх, саад учруулах, хөндлөнгөөс оролцох, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардахгүй байх", 2.4.2-д "өөрийн гаргасан ажил мэргэжлийн алдаа, дутагдал, ёс зүйн зөрчлийг шударгаар хүлээн зөвшөөрөх, үйлдэлдээ дүгнэлт хийж бусдаас уучлалт гуйх, зохих хариуцлага хүлээх чадвартай байх.", 2.6.1-д "хувийн үзэл бодлоос үл хамааран ... шийдвэр, эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөх", 2.7.1-д "албан үүргээ гүйцэтгэхдээ хүнийг ... ялгаварлан гадуурхахгүй байх, эрхийг нь аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх", 2.7.3-д "албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдад үг, үйлдлээр дарамт, хүчирхийлэл үзүүлэхгүй байх", 2.7.4-д "бусдыг аливаа хэлбэрээр дарамталж хууль бус үйлдэл хийхэд хүргэхгүй байх", 2.7.5-д "албаны харилцаанд үг хэллэг, бусад байдлаар бусдыг үл тоомсорлох, тохуурхан даажигнах, дорд үзэх зэрэг харилцаа, хандлага гаргахгүй байх", 2.8.2-д "харилцаа, хандлага, ... үг, үйлдлээрээ бусдад зөв үлгэрлэн, манлайлах", 2.10.1-д "хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлал үзүүлэх", 2.10.2-д "хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэж тэдэнд учирч болох эрсдэл, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх", 2.10.3-т "албан харилцаанд зүй бус үг хэллэг, үйлдэл, зан байдал гаргахгүй байх, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх зүйлд бусдыг уриалахгүй, турхирахгүй байх" гэж заасныг,
в/ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.1-д "Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргээс гадна 8.1.3-т "бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх,... ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх", 8.2-т "Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан хориглолт, хязгаарлалтаас гадна 8.2.1-д "төрийн албан хаагчийн хувьд... бусдыг өдөөн турхирах", 8.2.3-т "хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах"-ыг хориглоно гэж төрийн албан хаагчид тавигдах ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн.
Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д "Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг хүндэтгэж, сахин биелүүлэх", 37.1.3-т "...өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх", 37.1.7-д "төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн.
Иймд Ч.А******* ажлын байранд бусдыг хэл амаар доромжлох, чанга хашгирах зэргээр байгууллагын соёл, дэг журмыг зөрчсөн болох нь холбогдох албан хаагчдын тайлбаруудаар нотлогдсон, энэхүү үйлдлүүд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжуудын дээрх заалтуудыг зөрчсөн нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлтээр нотлогдсон тул газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулсан.
3/ Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн талаар:
Ч.А*******д холбогдох ёс зүйн асуудлыг шалгах ажиллагааны явцад тогтоогдсон мэргэжилтэн П.Хийн биед гар хүрч ар нуруу руу нь цохисон, айлган сүрдүүлсэн явдал нь Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын зөрчлийн асуудал гэж үзэж асуудлыг харьяаллын дагуу томилох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн.
Газрын даргаас "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.2-т заасны дагуу газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн С.Ц*******ид шилжүүлснийг сахилгын зөрчлийг хянан шалгах ажиллагааг явуулж, сахилгын зөрчил гаргасан болохыг тогтоосон 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгнэлтийг гаргасан.
Иймд Төрийн албаны тухай хуулийн 48.1, 48.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дахь заалт, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг тус тус үндэслэн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй, мөн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл буюу бусдыг хавчин гадуурхах, дарамт хүчирхийлэл үйлдэх сахилгын зөрчилд газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар албан тушаалын цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
4/ Сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээлгэхдээ дараах хууль тогтоомжид заасан зарчмыг удирдлага болгосон.
Төрийн албан хаагч ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлэх зорилгыг хангахаар, мөн төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх зорилтыг хэрэгжүүлэхээр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд хуульчилсан.
Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А******* нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйл, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь холбогдох баримт, эрх бүхий албан тушаалтны дүгнэлтүүдээр бүрэн нотлогдсон тул Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1.4.1 дэх хэсэгт заасан хариуцлага гарцаагүй байх зарчмын дагуу шийдвэр гаргасан.
5/ Ашиг, сонирхлын зөрчил гаргасан гэх гомдлын тухайд:
Мэргэжилтэн Ч.А*******гийн ёс зүйн үйлдлийн талаарх асуудлыг Ёс зүйн дэд хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцсэн. Зөрчилд холбогдогч Ч.А*******гээс Ёс зүйн дэд хороо нь хууль бусаар байгуулагдсан, ёс зүйн дэд хорооны дарга Б.М болон гишүүн Б.О нар нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хэлж, хуралдаан даргалагчийн үгэнд захирагдалгүй хуралдааныг орхин гарсан тул Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 6.8-д заасны дагуу хуралдааныг үргэлжлүүлж, шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж, асуудлыг хэлэлцэж дүгнэлтийг гаргасан.
Ч.А*******гийн тайлбарт дурдсан ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг Ёс зүйн дэд хорооны хуралдааны үед шалгаж үзсэн бөгөөд Ёс дэд хорооны ажиллах журмын 5.5 дахь хэсэгт гишүүн гомдол, мэдээллийг өөрөө гаргасан аль эсвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.5, 3.1.6, 3.1.11-д заасан "хамаарал бүхий этгээд", "нэгдмэл сонирхолтой этгээд", "ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал" зэрэг үндэслэл үүссэн бол зөрчлийг шалгахаас татгалзан гарахаар тодорхой заасан бөгөөд хуралдаанаас энэхүү нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн.
Мөн Ёс зүйн дэд хорооны дарга Б.М нь Бизнес, инновацын газрын даргын албан тушаалын чиг үүргийг өөрийн үндсэн албан тушаал буюу Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийнхээ зэрэгцээ түр орлон гүйцэтгэж байгаа, нийт албан хаагчдаас хамгийн олон санал авч Ёс зүйн дэд хорооны гишүүнээр сонгогдсон, мөн гишүүн Ж.С*******ийн ёс зүйн зөрчил шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтын хүрээнд асуудлыг хэлэлцэж, хамтын зарчмын хүрээнд асуудлыг шийдвэрлэх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдал үүсээгүй, гишүүн Б.Оийн Ч.А*******д холбогдуулан өмнө нь гаргасан гомдлын асуудлыг шалгасан, Ёс зүйн дэд хороо хуралдаанаар хэлэлцэж, хамтын зарчмаар шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзсэн.
6/ Сахилгын шийтгэлийн арга хэмжээг давхардуулсан гэх тухайд:
"Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 3.10-т "сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэлийг ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй" гэж заасан нь зөвхөн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглосон агуулга бөгөөд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16.4-т "төрийн албан хаагчид энэ хуульд заасны дагуу ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд заасны дагуу эрүүгийн, зөрчлийн, сахилгын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй." гэж, Төрийн албаны тухай хуулийн 48.1-д "хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" гэж заасан, төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөнд үндэслэн сахилгын шийтгэлийг тусад нь шалган шийдвэрлэснийг сахилгын шийтгэлийг давхардуулсан гэж үзэх үндэслэлгүй.
Мэргэжилтэн Ч.А******* нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд хандах эрхтэй ч, төрийн албан хаагчийн хувьд аливаа хэлбэрээр бусдын нэр хүндэд халдах, гүтгэхгүй байхаас гадна, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.2 "зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх", 7.1.4 "албан үүргээ гүйцэтгэхдээ гаргасан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ёс зүйн хариуцлага хүлээдэг байх" төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, Төрийн албаны тухай хуулийн 37.1.3 "хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх" төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж, бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулсан, гүтгэсэн мэдээлэл, тайлбар, гомдол, нэхэмжлэл гаргаж хүний нэр төрд халдахаас гадна хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулж байна.
7/ Ч.А*******д ялгамжтай хандсан гэх тухайд:
Байгууллагын зүгээс нийт албан хаагчийг нөөц боломжид тулгуурлан бүхий л талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ч.А*******д 2024 онд ар гэр, хувийн асуудлыг нь харгалзан газрын даргын дугаар тушаалаар 8 өдрийн, дугаар тушаалаар 3 өдрийн, дүгээр тушаалаар 3 өдрийн, Б/93 дугаар тушаалаар 4 өдрийн, дугаар тушаалаар 4 өдрийн, 2025 оны 05 дугаар сарын байдлаар ******* дүгээр тушаалаар 5 өдрийн, ******* дугаар тушаалаар 5 өдрийн, 8 дугаар сарын 11-ний өдрийн ******* дүгээр тушаалаар ажлын 20 өдрийн чөлөөг тус тус олгосон байна. Мөн 2024 онд газрын даргын ******* дугаар тушаалаар БНХАУ-ын Худалдааны яам болон Өвөр Монголын Хөдөө, аж ахуйн их сургуулиас зохион байгуулсан 20 хоногийн гадаад сургалт хамруулсан, мөн Удирдлагын академийн Төрийн албаны сургуулийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдахад 2024 оны дүгээр тушаалаар ажлын нэг өдрийн цалинтай чөлөө олгож сурч хөгжих тэгш боломжоор ханган, дэмжлэг үзүүлж ажилласан.
Гэрчийн мэдүүлэг дээр үндэслэж шийдвэр гаргасан, гэрчийн мэдүүлэг зөрсөн зүйлгүй. Б.У нь нэхэмжлэгчтэй найз нөхдийн холбоотой хүн, худал мэдүүлэг өгч байна.
Иймд Ч.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Маргаанд хамаарах үйл баримтын хувьд.
1.1. Нийслэлийн Бизнес, инновацын газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А*******г 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлын байранд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн талаарх мэдээлэл, гомдлыг Ёс зүйн дэд хороо 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж дүгнэлтээр “Ч.А*******г ажлын байранд удирдах албан хаагч болон бусад албан хаагчийг хэл амаар доромжлох, ёс бус үл хэллэг хэлэх, айлган сүрдүүлэх байдлаар бусдыг айдаст автуулах үйлдэл гаргасан, өөрийн буруутай үйлдлийн улмаас бусад албан хаагчдад учирч болох сөрөг үр дагаврыг урьдчилан тооцоолоогүй, гаргасан зөрчлөө ухамсарлаж ойлгоогүй” гэж үзэн ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэж,
Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар Ч.А*******д байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн,
1.2. Дээрх зөрчлийн “бусдын биед халдаж цохисон” гэх асуудлыг тус газрын сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтны 2025 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “сахилгын зөрчил” гэж үзсэн дүгнэлтээр тус газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар тушаалаар Ч.А*******д албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Хоёр. Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгээр хангаж, Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар “Ч.А*******д сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалыг хүчингүй болгож, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр “Ч.А*******д ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1. Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн “Ажлын байранд албан хаагчийг доромж, ёс бус үг хэллэгээр айлган сүрдүүлсэн ёс зүйн зөрчил гаргасан” гэсэн хэсэг нь, улмаар уг зөрчилд тус газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаалаар “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн нь дараах байдлаар тушаалд баримталсан Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.7, 7.1.8-д нийцсэн, хуульд зааснаар байгуулагдсан Ёс зүйн дэд хорооны шалгаж шийдвэрлэсэн процесс нь хууль зөрчөөгүй, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтэд үндэслэсэн нь маргаан бүхий шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчөөгүй гэж шүүх үзлээ.
2.1.1. Нэхэмжлэгч бөгөөд тус газрын Төсөл хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ч.А******* нь 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлын байранд ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болох нь тодруулбал хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээнд түүнд бусад албан хаагчдаас өгсөн харилцаа хандлагын талаарх үнэлгээг эс зөвшөөрч, улмаар ажлын байранд “муусайн бацаанууд, чацганууд” гэх доромж, ёс бус үг хэллэгээр чанга дуугаар орилж ажилтнуудыг ажилласан хугацаагаар нь ялгаварласан, ажилтан П.Хийг нурууны ар хэсэгт далны орчимд алгадах, /цохих/ үйлдлээр биед нь халдаж “андаа ямар асуудал байна, би чамтай яаж харьцсан болоод ингэж үнэлсэн бэ” хэмээн айлган сүрдүүлсэн зөрчил гаргасан болох нь Ёс зүйн дэд хороонд ажилтан, албан хаагчдын өгсөн тайлбараар тогтоогдсон, тухайлбал,
а/ Хамт олны хурал дээр энэ талаар гомдол гаргасан ажилтан П.Хийн Ёс зүйн дэд хороонд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өгсөн "Ч.А******* эгч оноог нь танилцуулсан чинь “муусайн бацаанууд яахаараа ингэж үнэлдэг юм, дээрээсээ тушаал аваад намайг ингэж үнэлж байгаа. Муусайн бацаанууд, чацганууд яахаараа ингэж үнэлдэг юм, хэн нь үлдэхээ харна, ажилд ороод удаагүй бацаанууд ингэх болоогүй” гээд орилоод унасан. Тэгээд араас ирээд миний дал руу алгадаад “андаа ямар асуудал байна, би чамтай яаж харьцсан болоод ингэж үнэлсэн бэ” гэхэд нь би их айсан" гэх,
б/ Төсөл, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ёс зүйн дэд хороонд өгсөн "хэлтсийн албан хаагчдын үнэлгээг танилцуулсны дараа Ч.А******* яагаад ёс зүйн асуудлыг ийм байдлаар үнэлж байгаа вэ гээд уурлаж хүлээж авсан, ... П.Х болон надад хандаж уурлаад хэд хэдэн үг хэлсний дараа мөн би та нарыг яасан юм бэ гэж хэлсэн, мөн П.Х дээр очоод араас нь дал мөр хэсэгт цохиод би та нарыг яасан юм бэ гээд байсан" гэх,
в/ Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн ажилтан Б.Бямбадэлгэрийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ёс зүйн дэд хороонд өгсөн "Ч.А******* нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр албан хаагчдын дунд дургүйцсэн өнгө аясаар гэнэт чанга дуугаар уурлаж орилсон. Хэлтсийн даргатайгаа муудалцаж байгаа өнгө аястай байсан. Ажиллаж байх хугацаандаа ийм хөгийн оноо авч үзээгүй, яагаад надад ийм оноо өгдөг юм. Муусайн бацаанууд дээрээсээ захиалгатай болохоор ийм оноо өгч байгаа ш дээ гэсэн. Үнийгээ дахин дахин өндөр дуугаар хэлж байсан..." гэх,
г/ Инновацын хөгжлийн хэлтсийн ажилтан Б.Бийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ёс зүйн дэд хороонд өгсөн "Ч.А******* хэлтсийн даргатайгаа ярьж байгаад гэнэт чанга дуугаар “яагаад ийм оноо өгч байгаа юм” гээд орилоод “хэн ийм оноо өгсөн бэ, Х чи надаа ийм оноо өгсөн үү, өгсөн үү? хэлдээ, яагаад ийм оноо өгсөн бэ гэсэн” гэх тайлбаруудаар тогтоогджээ.
2.1.2. Мөн зөрчилд холбогдогч Ч.А******* Ёс зүйн дэд хороонд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн тайлбартаа "...хэлтсийн дарга гүйцэтгэлийн тайлангийн дүнг танилцуулсан. Надад санаанд оромгүй дүн байсан. Тиймээс би чанга дуугаар ярьсан. Х дээр очоод нуруун дээр нь гараа тавиад би чамтай муухай харьцаад байна уу гэсэн." хэмээн зөрчилд тооцсон дээрх үйлдлийн талаарх үйл баримтыг үгүйсгээгүй байдаг.
2.1.3. 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн үнэлгээнд түүнд өгсөн харилцаа хандлагын талаарх хамт олны үнэлгээг эс зөвшөөрснөөс энэ асуудал үүссэнтэй талууд маргаагүйн дээр ийнхүү үнэлгээг эс зөвшөөрснийг ёс зүйн зөрчил гэж үзээгүй, харин ийнхүү үнэлгээг эс зөвшөөрөхдөө ажлын байранд ажилтантай доромж, ёс бус үг хэллэгээр айлган сүрдүүлж харилцсан үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзсэн.
2.1.4. Төрийн албан хаагч төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэх үнэт зүйлс, соёлыг төлөвшүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д "төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг, 5.1.2-т "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж энэ хуульд заасан ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
2.1.5. Төрийн албан хаагч албан хэргийн үйл ажиллагаандаа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх, зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх” ёс зүйн нийтлэг хэм хэмжээг мөрдөнө.
2.1.6. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т төрийн албан хаагч дээрх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үүргийг хүлээж, 39 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг хориглоно, тухайлбал Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нийтлэг үүргийг хүлээхээр, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “бусдыг хавчин гадуурхах, дарамт, хүчирхийлэл үйлдэх”-ийг хориглоно.
2.1.7. Мөн Засгийн газрын 2024 оны 109 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдөнө, үүнд 2.1.4-т төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд ажлын байр, олон нийтийн газар, ... төрийн албаны нэр хүндэд харшлах ... үг, үйлдэл гаргахгүй байх, 2.2.1, 2.2.2-т Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд ажлын байр, олон нийтийн газар ... зүй бус үг хэрэглэхгүй, үйлдэл, зан байдал гаргахгүй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэхдээ хүний эрх болон хүн, хуулийн этгээдийн нэр төрийг хүндэтгэх, 2.7.5-д Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд албан харилцаанд нүүрний хувирал, биеийн хэлэмж, үг хэллэг, бусад байдлаар бусдыг үл тоомсорлох, тохуурхан даажигнах, дорд үзэх зэрэг харилцаа, хандлага гаргахгүй байх, 2.8.2-т Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд харилцаа, хандлага, хувцаслалт, биеэ авч явах байдал, ажлын арга барил, үг, үйлдлээрээ бусдад зөв үлгэрлэн, манлайлах, 2.10.1, 2.10.2, 2.10.3-т Багаар ажиллах, ... хамт олны итгэлцлийг эрхэмлэх, удирдах албан тушаалтны итгэлийг дааж ажиллах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, саналын зөрүүтэй тохиолдолд бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, мэргэшсэн байдалд хүндэтгэлтэй хандах, зөрчилдөөнийг шударга, эв зүйгээр шийдвэрлэхэд манлайлал үзүүлэх, хувийн үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэхдээ бусдын үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэх, албан харилцаанд зүй бус үг хэллэг, үйлдэл, зан байдал гаргахгүй байх, хамт олны эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх зүйлд бусдыг уриалахгүй, турхирахгүй байх хэм хэмжээг заасан.
2.1.8. Дээрх ёс зүйн хэм хэмжээнээс Ч.А*******гийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гаргасан “ажлын байранд “муусайн бацаанууд, чацганууд” гэх доромж, ёс бус үг хэллэгээр чанга дуугаар орилж ажилтнуудыг ажилласан хугацаагаар нь ялгаварласан, ажилтан П.Хийг нурууны ар хэсэгт далны орчимд алгадах /цохих/ үйлдлээр биед нь халдаж “андаа ямар асуудал байна, би чамтай яаж харьцсан болоод ингэж үнэлсэн бэ” хэмээн айлган сүрдүүлсэн үйлдэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан албан хэргийн үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээний 7.1.2 “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.7 “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, 7.1.8 “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, ... байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан “бусдыг хавчин гадуурхах, дарамт, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэснийг, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний 2.2.1, 2.2.2, 2.7.5, 2.8.2, 2.10.1, 2.10.2, 2.10.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн Ёс зүйн дэд хорооны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
2.1.9. Иймд Ёс зүйн дэд хорооны “ёс зүйн зөрчил үйлдсэн” гэсэн дүгнэлтийг үндэслэн “ёс зүйн хариуцлага” хүлээлгэсэн Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр тушаал үндэслэл бүхий, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1, 8.2-т заасныг зөрчсөн тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан Ёс зүйн хорооны, Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг үндэслэн зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан дараах ёс зүйн хариуцлагын аль нэгийг ногдуулна”, 16.1.3-т “байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах” гэсэнд нийцжээ.
2.1.10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “бацаан” гэх үгийг “хүн” хэмээн орчуулагддаг, доромж үг хэллэг биш гэж тайлбарлах ч төрийн албаны харилцаанд тухайн тохиолдолд “муусайн бацаанууд, чацганууд, ажилд ороод удаагүй бацаанууд” зэргээр ажилтнуудыг ажилласан жилээр нь ялгаварлах агуулга, хандлагаар бүдүүлэг доромж байдлаар уг үг хэллэгийг ашигласан байх тул “доромж, ёс бус үг хэллэг” гэж Ёс зүйн дэд хороо дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2.2. Харин Ч.А*******гийн дээрх үг, үйлдлийг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь “бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх, ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх” гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй, учир нь энэ заалтын ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх агуулга нь “бусдын бие эрхтний онцлогийг зохисгүй үг, үйлдлээр илэрхийлэхийг цээрлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний өөрийгөө илэрхийлэх үйлдлийг даган дуурайхгүй байх” гэсэн агуулгатай уялдаж хэрэглэгдэнэ, өөрөөр хэлбэл хэлтсийн ажилтан П.Хт хэрэглэсэн “бацаан” гэх зохисгүй үг хэллэг нь түүнийг шинэ ажилтан буюу ажилласан хугацаагаар нь ялгаварласан хандлага болохоос жирэмсэн гэдгээр нь буюу бие эрхтний онцлогийг зохисгүй үг үйлдлээр илэрхийлсэн агуулгагүй байна.
Гэхдээ энэ үндэслэл үгүйсгэгдсэн ч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 “зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.7 “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх”, 7.1.8 “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, ... байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх” зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
2.3. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Ёс зүйн дэд хороо нь байгууллагын албан хаагчийн тооноос хамааран 3-7 гишүүнтэй байх”-аар, Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан төрийн байгууллагуудын дэргэдэх Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 2.4-т “40 ба түүнээс цөөн төрийн албан хаагчтай байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь 3 гишүүнтэй байх”-аар бүрэлдэхүүний тоог нарийвчлан зохицуулсан, хуулийн 13.2, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 2.1, 2.2-т заасны дагуу албан хаагчдын дунд нээлттэй, илээр сонгон шалгаруулж Ёс зүйн дэд хороог Бизнес, инновацын газрын даргын 2025 оны дугаар тушаалаар баталгаажуулсан байх бөгөөд Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 2.8-д зааснаар орон гарсан гишүүнийг нөхөх сонгон шалгаруулалтаар газрын даргын 2025 оны дүгээр тушаалаар баталгаажуулсан нь хуульд нийцсэн тул “Ёс зүйн дэд хороог хууль бусаар байгуулагдсан, бүрэлдэхүүн нь хууль бус” гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
Гурав. Ёс зүйн дэд хороо Ч.А*******гийн ажилтан П.Хийг доромж, ёс бус үг хэллэгээр айлган сүрдүүлэхдээ “биед нь халдсан” гэх үйлдлийг сахилгын зөрчлийн шинжтэй хэмээн тусад нь шалгуулахаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т зааснаар сахилгын шийтгэл хүлээлгэх эрх бүхий этгээдэд буюу томилох эрх бүхий албан тушаалтанд шилжүүлсэн байна.
Тодруулбал Нийслэлийн Бизнес, инновацын газрын сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг хянан шалгах албан тушаалтан Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ёс зүйн дэд хорооноос шилжүүлсэн “П.Хийн биед халдаж цохисон” гэх асуудлыг Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын дагуу шалгаж, “Ч.А*******гийн ажилтан П.Хийн биед халдаж /цохих/ хүчирхийлэл үйлдсэн, бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхсан зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх “... бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхах, хүчирхийлэл үзүүлэхийг хориглосон” заалтыг зөрчсөн гэж дүгнээд,
Энэ дүгнэлтийн дагуу Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 7 дугаар сарын 185-ны өдрийн дугаар тушаалаар “ажилтан П.Хийн биед халдаж /цохих/ хүчирхийлэл үйлдсэн, бусдыг аливаа хэлбэрээр хавчин гадуурхсан” зөрчилд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасан “төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нийтлэг үүргээ биелүүлээгүй”, 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасан “бусдыг хавчин гадуурхах, дарамт, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэснийг зөрчсөн гэж үзэж мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь заалтаар цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд шүүх энэ шийдвэрийг дараах байдлаар үндэслэлгүй болсон гэж үзлээ.
3.1. Зөрчил гаргагчийн өөр өөр үйлдлийг ёс зүйн болон сахилгын зөрчил гэж тусад нь шалгаж болох ч нэг үйлдлийг үг болон үйлдлээр салгаж ёс зүйн болон сахилгын хариуцлага хүлээлгэх нь нэг зөрчилд хариуцлагыг давхардуулан хүлээлгэх агуулгад хамаарна.
Өөрөөр хэлбэл мэргэжилтэн Ч.А*******гийн 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажлын байранд ажилтан П.Хтэй доромж, ёс бус үг хэллэгээр айлган сүрдүүлж харьцан, биед нь халдсан нэг үйлдлийг хариуцагч Нийслэлийн Бизнес, инновацын газрын дарга ёс зүйн зөрчил гэж үзэж ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн атлаа тухайн үйлдлээс “биед нь халдсан” гэх үйлдэлд давхардуулан сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж заасанд нийцээгүй байна.
Ёс зүйн дэд хороо ийнхүү ёс зүйн зөрчил гэж дүгнэсэн атлаа уг үйлдлээс “биед нь халдсан” гэх үйлдлийг сахилгын шинжтэй бие даасан өөр зөрчил гэж үзэж шилжүүлснийг, улмаар хариуцагч Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ёс зүйн зөрчил гэж үзэж ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн атлаа тухайн үйлдлээс “биед нь халдсан” гэх үйлдэлд давхардуулан сахилгын шийтгэл хүлээлгэснийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь “Ёс зүйн зөрчлийг хянан шалгах ажиллагааны явцад тухайн асуудал нь гэмт хэргийн, зөрчлийн, сахилгын шинжтэй бол гомдол, мэдээллийг холбогдох материалын хамт зохих байгууллага, эрх бүхий албан тушаалтанд шилжүүлнэ” гэсэн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ.
3.2. Түүнчлэн Нийслэлийн Бизнес, инновацын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт, Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалтай нэхэмжлэгч маргаж, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байх тул түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа “сахилгын зөрчил давтан гаргасан” гэх хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулахгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангаж, Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар “Ч.А*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр “Ч.А*******д ёс зүйн хариуцлага хүлээлгэх тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.7, 7.1.8, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.3, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг баримтлан Ч.А*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар “Ч.А*******д сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас “2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн дүгээр “Ч.А*******д ёс зүйн хариуцлага хүлээлгэсэн” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлого хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА