| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000000017 |
| Дугаар | 27 |
| Огноо | 2024-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 27
2024 04 09 2024/ДШМ/27
Е.Аманжолд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Е.Аманжолд холбогдох эрүүгийн 2436000000017 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн Жадик Хуланбай овогт Елсинханы Аманжол, 2002 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл гурав, эх дүүгийн хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суудаг, аминдаа 200 толгой малтай, сарын орлого 400000 төгрөг, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: БВ02251818.
2. Шүүгдэгч Е.Аманжол нь 2023 оны 12 дугаар сарын 19- 20-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-38 Г тоот хашааны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Р.Галцогийг хамт явсан Э.Түвшинсайхантай маргалдлаа, түүнийг найз охин Т.Гэсэрбадамтай уулзуулсангүй гэх шалтгаанаар хохирогчийн хэвлийн баруун дээд хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Е.Аманжолын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Жадик Хуланбай овогт Елсинханы Аманжолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жадик Хуланбай овогт Елсинханы Аманжолыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Е.Аманжолд оногдуулсан 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж,
4.4 Шүүгдэгч Е.Аманжол нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.5 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 2500000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж,
4.6 Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг хутгыг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлж
4.7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "... Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг хангаагүй байна.
5.2 Шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсэгт шүүгдэгч Е.Аманжолыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломж хомс учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй юм. Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч Е.Аманжолыг 2023 оны 12 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 1-38 Г тоот хашааны гадна согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Р.Галцогийг хамт явсан Э.Түвшинсайхантай маргалдлаа, түүнийг найз охин Т.Гэсэрбадамтай уулзуулсангүй гэх шалтгаанаар хохирогчийн хэвлийн баруун дээд хэсэгт хутгаар 1 удаа хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Шүүгдэгч Е.Аманжол нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Р.Галцог, гэрч Т.Даваадорж, Т.Гэсэрбадам, Р.Батболд, Р.Бадам, Э.Түвшинсайхан,С.Бадамцоож нарын мэдүүлэг, мөн хохирогч Р.Галцогийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 75 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Е.Аманжолыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
6. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч Е.Аманжолд торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ
6.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Е.Аманжолд тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР