Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0745

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Ц.Янсанжав /РД:ЦЗ53032877/, М.Эрдэнэчимэг /РД:ЦЗ55121269/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Б.Мөнх-Од /РД:ЧЕ85021316/, Б.Халиун /РД:ХВ81081385/ нарын хооронд үүссэн

“Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, нэхэмжлэгч Ц.Янсанжавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонбат, гэрч Ш.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Тус шүүхэд иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нараас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан байна.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх

2.1. Анх нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын охин иргэн Я.Ариунцэцэг, түүний нөхөр М.Энхбаяр нараас 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүгийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бугын аманд гэл бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 2 айлын газар эзэмших тухай хүсэлт гаргажээ.

2.2.   Дээрх хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/288 дугаар захирамжаар иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нарт тус дүүргийн 14 дүгээр хороо Түргэний аманд гэр орон сууц хашааны зориулалтаар 700м2 газар эзэмших эрх олгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал)

2.3. Иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нараас 2018 онд гаргасан хүсэлтээс шийдвэрлэгдээгүй үлдсэн газар эзэмших хүсэлт гаргасан 2 байршилд /өөрийн эцэг, эх/ иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэрээр газар эзэмших хүсэлтийг шинэчлэн гаргаж, уг хүсэлтийг 2018 оны хүсэлт бүртгэсэн цахим бүртгэлд өөрчлөн бүртгүүлжээ.

2.4. Гэвч иргэн П.Халиун, Б.Мөнх-Од нараас 2018, 2023 онд гаргасан газар эзэмших эрх олгох тухай хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргаас 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар нэр бүхий 214 иргэнд газар эзэмших эрх олгосны хавсралт 142 дугаарт иргэн П.Халиун, 149 дугаарт Б.Мөнх-Од нарт тус дүүргийн 14 хороонд гэр, орон сууц хашааны зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал)

2.5. Нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нараас газар эзэмших хүсэлт түрүүлж  гаргасан газрыг бусдад эзэмшүүлсэн гэх агуулгаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд хандаж, тус зөвлөлөөс 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр дээрх иргэдээс гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаан бүхий захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 81-85 дахь тал)

2.6.  Ийнхүү дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч нар 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д нийцсэн байх тул захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл: 

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Я.Ариунцэцэг нь миний төрсөн охин ба 2018 оны 7 дугаар сард 2 гэр бүлийн хамтаар гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшихээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний аманд байрлах хэсэгт бусдын эзэмшил ашиглалтад бүртгээгүй, хэн нэгэн өргөдөл хүсэлт өгөөгүй бусдад эзэмшүүлэх боломжтой газар байна гэж Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвшөөрсний дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн өргөдөл хүсэлт, кадастрын зургийг хийлгэн охин Я.Ариунцэцэг, хүргэн М.Энхбаяр нарын нэр дээр зэргэлдээ 4 айлын газар эзэмших хүсэлт гаргасан. Хан-Уул дүүргийн гарын алба өргөдөл хүсэлтийг 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгэн авсан. Ийнхүү өргөдөл бүртгэгдсэн боловч шийдэгдэхүй байсан тул удаа дараа газрын асуудлаа асуух бүрд захирамж гарахгүй байна удахгүй гарна гэх мэтээр олон жилээр хойшлуулж байсан. Ийнхүү удаан хойшлуулсан эцэст 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр охин Я.Ариунцэцэг, хүргэн М.Энхбаяр нарын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргасан. Үлдэх 2 газар эзэмших хүсэлт шийдвэрлэгдээгүй бөгөөд тодруулахад, Хан-Уул дүүргийн Засаг даргаас тухайн газар нутагт нэг хун зөвхөн 1 газар эзэмших эрх олгоно гэх Газрын тухай хууль тогтоомжид нийцэхгүй байгаа талаар мэдэгдсэн тул Ц.Янсанжав болон М.Эрдэнэчимэг нарын нэрээр шинэ кадастрын зураг хийлгэж, өмнөх бүртгэлд бүтгэх талаар заавар зөвлөгөө, зөвшөөрөл өгсний үндсэн дээр бүртгэлийг өөрчлөн бүртгүүлсэн. Ийнхүү Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэрээр бүртгэл хийгдэж,
шийдвэрлэгдэхийг хүлээсэн боловч захирамж гараагүй удааж байсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сард танай газарт өөр хун хашаа барьсан байна, хашаа барьсан хүнд нь газрыг өгнө гэж газар зохион байгуулагчаас хэлсний дагуу газар зохион байгуулагчтай уулзахад хэн түрүүлж өргөдөл өгснийг шүүж үзнэ гээд хашаа барьсан гэх этгээдийн хамтаар өргөдлийг шүүж үзэхэд газар эзэмшихээр гаргасан хүсэлт албан ёсоор цахимаар огт бүртгэгдээгүй байсан. Гэтэл Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргаас Газрын тухай хууль болон Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох журмыг ноцтойгоор зөрчиж, бидний өргөдлийг бүртгэсэн бүртгэл байсаар байхад Газрын тухай хуулийн 32.4-т “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ”, “Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-д заасан иргэний үнэ төлбөргүйгээр газар гаргасан хүсэлт цахим системээр бүртгэгдсэн огноогоор дараах дарааллын дагуу  шийдвэрлэх" гэж заасныг зөрчиж, бидний эзэмшихээр хүсэлт гаргасан газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нарт эзэмшүүлсэн байна. Хан-Уул дүүргийн газрын алба, Засаг дарга дээрх иргэдэд газар эзэмших эрх
олгохдоо өргөдлийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгэн авч ердөө 9 өдрийн дараа газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан байгаа нь Газрын тухай хуулийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг зөрчсөн, иргэдийг ялгаварлан гадуурхсан үйлдэл болсон тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад зааснаар нийслэлийн дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх болсонтой холбогдуулан хүсэлтээ гаргасан боловч нарийвчлан судалж шийдвэрлэхээс татгалзаж, шүүхэд хандах хариу ирүүлсэн. Иймд Газрын тухай хууль тогтоомжийн дагуу холбогдох баримтыг бүрдүүлэн, цахимаар бүртгүүлсэн газар эзэмших тухай хүсэлтийг Нийслэлийн Засаг дарга
шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, зохих журмын дагуу өргөдөл хүсэлт гаргасан Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Ариунцэцэг нөхөр Г.Энхбаярын хамт 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 4 газар буюу Я.Ариунцэцэгийн нэр дээр 2 газар, нөхөр Г.Энхбаярын нэр дээр 2 газар эзэмших хүсэлтийг анх Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд бичгээр гаргаж холбогдох баримтуудыг хавсаргаж өгсөн. Энэ нь 1063 болон 1064 дугаарт нь Я.Ариунцэцэгийн өргөдөл хүсэлт бүртгэгдсэн. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны ирсэн бичгийн өргөдлийн 20-23 дугаарт бүртгэгдсэн байдаг. Газар эзэмших хүсэлт нь Я.Ариунцэцэг болон н.Энхбаяр нарын 4 өргөдөл бүртгэгдээд шийдвэрлэгдээгүй тодорхой хугацаа өнгөрсний үндсэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/288 дугаар захирамжаар Я.Ариунцэцэгийн 1064 дугаарт бүртгэгдсэн газар, М.Энхбаярын 1062 дугаарт бүртгэгдсэн газрын эзэмших эрх нь гарсан. Үлдсэн 2 газрыг эзэмшүүлсэн эсвэл татгалзсан ямар нэгэн шийдвэр гараагүй. 4 газрын 2 газрын нь эзэмшүүлээд хоёрыг нь эзэмшүүлээгүй асуудал гарсан. 2018 оны асуудал 2021 он хүртэл шийдвэрлэгдээгүй удаашраад 2021 онд 2 газрыг эзэмшүүлсэн. Газар эзэмших хүсэлт гаргасан үлдсэн 2 газрыг эзэмшүүлсэн эсвэл татгалзсан ямар нэгэн шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй гаргасан. Яагаад газар эзэмшүүлэхгүй байгаа юм бэ гэдэг асуудал үүсээд Я.Ариунцэцэг Хан-Уул дүүгийн Газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад ямар хариу өгсөн талаар гэрч Б.Батчимэг мэдүүлсэн. Үлдсэн 2 газрыг эзэмшүүлэхийг татгалзсан шийдвэр гараагүй боловч хавтаст хэргийн 151 дүгээр талд 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн огноотой 1064 дугаартай бүртгэлийг татгалзсан буюу Газар зохион байгуулалтын албаны журмын 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн байх тул татгалзаж байна гэх мэдэгдэх хуудас авагдсан байна. 2018 онд татгалзсан гэх хариу өгч байгаагүй боловч 2018 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн огноотой мэдэгдэл гарсан байдаг. Эзэмшүүлсэн 2 газарт мөн адил татгалзсан мэдэгдлийг үйлдсэн байдаг. Я.Ариунцэцэгийн 1 газар эзэмших шийдвэр нь 2021 онд гараад үлдсэн газрыг шийдвэрлээгүй. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Яагаад нэг газрын эзэмших эрхийн асуудал шийдвэрлэгдэхгүй байгаа эсэхийг тодруулахад 1 хүнд 2 газар эзэмшүүлэхгүй гэх тайлбарыг Газар зохион байгуулалтын албанаас өгдөг. Энэ асуудал эрх бүхий албан тушаалтанд асуудал үүсгэж байгаа тул энэ асуудлаа орхиж болох уу гэдэг шаардлага, хүсэлтийг Б.Батчимэг тавьсан байдаг. Тэгэхдээ үйл баримтын хувьд тухайн үед Я.Ариунцэцэг уулзаад чи энэ газар дээрээ өргөдлөө солиод бүртгүүлчих гэх хүсэлтийг тавьсан. 1 хүнд 2 газар эзэмшүүлэх боломжгүй байсан учир Я.Ариунцэцэг өргөдлөө солиод Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэр дээр эзэмшүүлээгүй 2 газрыг эзэмшүүлэх хүсэлт 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Газар зохион байгуулалтын албанд өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлийн бүртгэлийн 1063 болон 1061 дугаар бүртгэгдсэн шийдвэрлэгдэхгүй байгаа 2 газрыг эзэмших хүсэлтийг Г.Энхбаяр болон Я.Ариунцэцэг гэснийг Ц.Янсанжав болон М.Эрдэнэчимэг болгон өөрчлөөд өргөдлөө шинээр бичүүлээд Газар зохион байгуулалтын албанд өгсөн. Газар зохион байгуулалтын албанд солиулах хүсэлт өгөөд бүртгэлийн системд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 19 минутад өргөдлийг бүртгэсэн. Үүний үндсэн дээр е-газар.мн буюу газрын өргөдлийн бүртгэлийн системд бүртгэгдсэн гэх мэдээлэл ирсэн. Ц.Янсанжав болон М.Эрдэнэчимэг нарын өргөдлийг 2022 онд бүртгэсэн бүртгэлийг шинээр өгсөн баримт  дээр 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн цахим системд өргөдөл шийдвэрлэгдээгүй байдаг. 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэрлэх боломжгүй гээд хаасан байдаг. Газрын тухай хуульд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж тайлбарласан зүйл байхгүй. Гуравдагч этгээд П.Халиун, Б.Мөнх-Од нар 2022 оноос гарч ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.Халиун, Б.Мөнх-Од нар анхны өргөдлөө гаргасан байдаг. Тухайн өргөдлийн бүртгэл архивын үзлэгийн баримтуудаар Я.Ариунцэцэг, М.Энхбаяр хоёрын өргөдлийг бүртгэл 2018 оны өргөдлийн бүртгэлийн 20-23 дугаарт бүртгэгдсэн байдаг. Гэтэл гуравдагч этгээд нарынх 2540 болон 2541 дүгээрт газар зохион байгуулагч Ш.Мягмарсүрэн гээд бүртгэсэн байдаг. Энэ бүртгэл дараа нь нөхөж хийгдээд архивд орсон эсэх нь эргэлзээтэй. Б.Мөнх-Од 2017 онд кадастрын зураг хийгдсэн байхад эргэн тойронд нь газар эзэмших захирамж гарсан мэтээр дурдсан байна. Мэдээллийн санд ороход эргэн тойронд нь газар эзэмшсэн зүйл байдаггүй. Бүртгэж хүлээж авснаас хойш 6 хоногийн дараа буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариу мэдэгдлээр татгалзсан байгаа юм. Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг, П.Халиун болон П.Мөнх-Од нарын 2018 оны хүсэлтийг хаасан байгаа юм. Дараа нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн огноотой Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагчийн албанд Б.Мөнх-Од гомдол гаргасан байгаа. Энэ үеэс эхлэн талууд уулзаад манай газар, манайх өргөдөл гаргасан гэдэг асуудал 2022-2023 онд үүсээд эхлэхэд газар зохион байгуулагч энэ 2 хүний өргөдлийг цахим дээр хаая гэж үзээд 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр  боломжгүй гээд хааж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Б.Мөнх-Одыг хүсэлт бичээд өг гэсний үндсэнд 2018 оны 5 дугаар сард хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй гэх агуулгатай өргөдөл гаргасан. Б.Мөнх-Од 2018 оны 10 дугаар сараас хойш ямар нэгэн байдлаар Газар зохион байгуулалтын албанд хандаж өргөдөл, хүсэлт гаргаж байсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Б.Мөнх-Од, П.Халиун нар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд он, сар, өдөргүй хүсэлт гаргасан байдаг. Өргөдлийн бүртгэлийн хуудсаар огноог тодорхойлж байгаа юм. 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өргөдлийн бүртгэлийн 1271 дугаарт Б.Мөнх-Од хүсэлт гаргаад 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/368 дугаар дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан газрыг бусдад эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учир өргөдөл, хүсэлтийн дарааллыг зөрчиж гуравдагч этгээдүүдийн эзэмшүүлсэн шийдвэр хууль бус байна гэдэг агуулгаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол захирамжийг хүчингүй болгосноор сэргэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Яагаад гэвэл Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлдэг хуулиар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч шүүхийн журмаар шийдвэрлүүлье гэдэг шаардлага тавигдсан. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргад хандаад ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа учир хууль бус байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл Газрын тухай хуульд зааснаар газар зохион байгуулах журмаар тухайн газар эзэмших хүсэлт гаргасан дараалал буюу цаг, минутыг нь харах ёстой. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сард анхны хүсэлтээ өгсөн. 4 газар эзэмших хүсэлт өгсөн байхад 2-ыг нь шийдвэрлээд 2-ыг нь шийдвэрлэхээс татгалзсан байдаг. Татгалзсан учир хүсэлтдээ өөрчлөлт оруулаад эцэг, эх болох Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг газар эзэмших хүсэлтийг шилжүүлж өгнө үү гэх хүсэлт гаргасан. 2022 оны 11 дүгээр сард энэ асуудлыг бүртгүүлээд албан ёсоор цахим системд бүртгэгдсэнээс хойш шийдвэрлэгдэхгүй байсаар 2023 оны 1 дүгээр сард цахимаар шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Гэтэл гуравдагч этгээд цаг хугацааны хувьд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр бүртгүүлсэн гэдэг тогтоогдож байгаа. 2018 оны өргөдөл албан ёсоор цахимд бүртгэгдээгүй байдаг. 2018 оны бүртгэлийн өргөдлийн бүртгэлийн дугаар байгаа боловч газар эзэмших хугацааны хувьд 10 дугаар сард бүртгүүлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт нэхэмжлэгчийн дараа бүртгэгдсэн байхад тухайн газрыг эхлээд бүртгүүлсэн этгээдэд бус сүүлд бүртгүүлсэн этгээдэд яаралтай байдлаар 6 хоногийн дараа газар эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуульд заасан  зарчмыг зөрчсөн гэж үзэж Засаг даргын захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэв.

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны А/368 дугаартай захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя. Мөн Нийслэлийн Засаг даргын газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарт газар эзэмшүүлэх захирамж гаргуулах даалгуулах шаардлага гаргасан. Нэгдүгээрт маргаан бүхий 2 газрын зэргэлдээ 2 гээд нийт 4 газар авахаар газар эзэмших хүсэлтээ Хан-Уул дүүргийн газрын албанд өөрийн биеэр хүргэж өгсөн. Энэ үед өөрийнхөө нэр дээр 2, нөхрийнхөө нэр дээр 2 зураг хийлгэж нийтдээ 4 газрыг 2, 2 газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж өгнө үү гэх хүсэлтээ ном журмын дагуу кадастрын зургаа хийгээд очсон. Энд ийм газар байна гэдийг мэдэж тухайн үедээ газар зохион байгуулагчаар шүүлгүүлсний үндсэнд хэн ч эзэмшээгүй хоосон газар байна. Үүний талаар мэдээллийн сан дээр байдаггүй юм байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба дээр очиход тухайн үед Б.Батчимэг ахлах байсан. Би энэ газрыг эзэмших хүсэлттэй байна. Энэ газар хоосон байна өргөдлөө өг гэсний дагуу 4 газар эзэмших өргөдөл өгсөн. Миний гаргасан газрын өргөдөл шийдвэрлэхгүй удаан хугацаа өнгөрсөн. Яагаад гэвэл дүүргийн Засаг дарга нар өргөдөл авахгүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй гэм мэт хуульд заагаагүй эрх хэмжээг хэрэгжүүлдэг. Газар зохион байгуулалтын албанаас 2 газрын захирамж гарсан байдаг. Энэ талаар тухайн үед Газар зохион байгуулагчаар ажиллаж байсан н.Энхмаа гэх газар зохион байгуулагч чиний 2 газрыг эзэмших эрхтэй шийдвэр гарсан гэхэд нь 2 нь яагаад гараагүй вэ гэхэд манай дүүрэг 1 хүнд нэгээс илүү газар олгохгүй байгаа юм. Иймд кадастрын зургаа шинэчлээд аваад ир гэсэн. Нэр сольсноос хойш дахин Б.Батчимэг даргаас өргөдөл маань юу болсон бэ гэж асуухад энэ газрыг хэдэн хүн авах гэж байгаа юм. Чи өөр газар авчих гэж хэлсэн. Би тухайн газар дээр хашаа бариад, урд айлаасаа зөвшөөрөл аваад мөнгө төгрөгөө өгөөд тог цахилгаан татсан байгаа. Дахин газар авахаар дахин тог цахилгааны асуудал үүснэ. Би төрийн албан хаагч учир дахин тог авах боломжгүй гэж хэлсэн. Тэгтэл прокурорууд байгаа юм чи өгчих гэж хэлэхээр нь би хариу хэлээгүй. Тэгээд дараа нь очоод сольж өгөх газрын байршлыг үзүүлнэ үү гэхэд тэр хавьд гээд очоод үзүүлсэн. Тэгтэл тухайн газар тог цахилгаан байхгүй байсан. Хариу хэлж амжаагүй байхад миний газар эзэмших хүсэлтийг хэрэгсэхгүй болгоод өөрт хүнд олгосон байсан. Миний хувьд хууль, журмын дагуу өргөдөл, хүсэлтээ гаргасан. Хэн нэгний зөвшөөрөлгүйгээр дур мэдэж хүсэлтийн нэр сольсон зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн хашаа 09 дүгээр сард баригдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гуравдагч этгээдийн 2018 онд өгсөн өргөдөл хариу мэдэгдлээр хаагдсан байдаг. Үүний дараа 2023 оны 3 дугаар сард гомдол гаргасан байдаг. Гомдол, хүсэлт, өргөдөл гэдэг ойлголт бол өөр ойлголтууд. Хүсэлт гэдэг нь газар эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байгаа хэлбэр, гомдол гэдэг нь миний өгсөн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэдэг асуудал. 2023 оны 6 дугаар сард газар эзэмших хүсэлтийг шинээр өгсөн. Зарим хүнд 6-7 хоногийн дотор газар эзэмших хүсэл гаргаж өгдөг юм байна. Гэтэл зарим хүнд нь 6-7 жилийн хугацаа өнгөр байхад хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэв.

3.4. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаартай захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнх-Одод 678м2, П.Халиунд 699м2 газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалттай 15 жилийн хугацаатай олгосон. Б.Мөнх-Од, П.Халиун нар нь 2018 оны 10 дугаар сарын 12-нд шинээр эзэмших тухай хүсэлт гаргасан бөгөөд тус хүсэлтийг хариу өгөх мэдэгдлээр хаасан бөгөөд албаны архивд цаасан суурьтайгаар хадгалагдаж байна. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 1111 төвд хандаж гомдол гаргасан. 2023 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаартай захирамжаар тус дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Мөнх-Одод 678м2, П.Халиунд 699м2 газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалттай 15 жилийн хугацаатай олгосон. Ц.Янсанжавын охин болох Я.Ариунцэцэг нь 2018 онд өөрийн нэр дээр 2 өргөдөл, М.Энхбаярын нэр дээр 2 өргөдөл, нийт 4 өргөдөл өгч газрын кадастрын мэдээллийн системд бүртгэгдсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2021 оны А/288 дугаар захирамжаар 2 өргөдлийг шийдвэрлэж Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нарт тус бур 700м2 газрыг гэр орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Улмаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Я.Ариунцэцэг дээр бүртгэсэн өргөдлийн бүртгэлийг Ц.Янсанжав, М.Энхбаярын өргөдлийн бүртгэлийг М.Эрдэнэчимэг нарын нэр дээр өөрчлүүлж бүргүүлэн иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгуулахаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.  Иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар нь 2018 онд ХУД-ийн газар зохион
байгуулалтын албанд өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд www.egazar.gov.mn буюу
газрын кадастрын мэдээллийн системд иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг
2024 оны 1/3056 дугаар албан бичгээр нотлогдож Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр Иргэн Ц. Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэжээ.

3.5. Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр А/368 дугаартай газар эзэмших эрх олгох тухай захирамжаар тус бүр 699 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай олгосон байдаг. Б.Мөнх-Од, П.Халиун нар Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2018 оны 10 дугаар сард газар эзэмших хүсэлт гаргасан. 2018-2020 оны хооронд Хан-Уул дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгосон шийдвэр огт гаргаагүй байдаг. 2020, 2021, 2023 онуудад газар эзэмших эрх олгогдож эхэлсэн байдаг. Үүнээс үндэслээд 2023 онд Б.Мөнх-Од, П.Халиун нар Засгийн газрын 1111 төвд гомдол гаргасан байдаг. Уг гомдлыг дагуу холбогдох материалыг судлахад 2018 оны 10 дугаар сард хүсэлт гаргасан материал нь Хан-Уул дүүргийн Газрын албаны материал нь цаасан суурьтай хадгалагдаж байсан. Газрын байршлыг кадастрын цэгээр тодруулахад Я.Ариунцэцэг, М.Энхбаяр, Б.Мөнх-Од, П.Халиун нарын хүсэлт гаргасан газар 2 хүн дээр тогтоогдож байсан. Б.Мөнх-Од, П.Халиун нарын гомдлыг үзэхэд Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нар гарч ирсэн. Тухайн газар нь давхцалтай байгаа юм байна. 2018 онд бүртгэгдсэн 4 хүсэлт байгаа юм байна гэж албаны даргад танилцуулаад албаны дарга газар дээр нь очиж хээрийн судалгаа хийсэн нь зүйтэй газар дээр нь хашаа барьсан байсан гэж хэлсэн. Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нарыг болон гуравдагч этгээд болох Б.Мөнх-Од, П.Халиун нарыг Хан-Уул дүүргийн газрын албанд ирж уулзана уу гэж хэлсэн. Уулзалт хийх үед М.Энхбаяр, Б.Мөнх-Од мөн тухайн үед хариуцаж байсан Ш.Мягмарсүрэн нар ирсэн байсан. Уулзалт хийх явцдаа тухайн газар давхцалтай байна. Хэн нь түрүүлж өргөдөл гаргасан эсэхийг тогтоохоор өргөдөл бүртгэлийн хуудаст үзлэг хийсэн. 2023 онд Б.Мөнх-Од удаа дараа гомдол гаргасан мөн биечлэн ирээд аман байдлаар гомдол гаргасан учир 2023 онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Б.Мөнх-Од, П.Халиун нарт газар эзэмших эрх олгосон. Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын өргөдөл болон нэр солигдсон асуудлыг мэдэх боломжгүй. Энэ нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байгаа гэв.

3.6. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар нь 2018 онд өргөдөл гаргаж байгаагүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танаа гэх гомдлыг 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан бөгөөд гомдлын хариуг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01-01/3986 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Уг албан бичгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аманд шинээр 2 айлын газар эзэмших хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэл бүхий хариуг хүргүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагын хууль бус татгалзал, эс үйлдэхүй байж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг. Уг маргаанд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүйгээс гадна хуулийн дагуу хариуг хүргүүлсэн байна. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тодруулбал тус дүгнэлтийн үндэслэх хэсэгт "Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4.3.2, 4.3.3-т заасны дагуу 2018 онд газрын кадастрын мэдээллийн санд иргэн Янсанжавын Ариунцэцэгийн гаргасан өргөдлийг 01122-05-01063-18 бүртгэлийн дугаараар, иргэн Мажигийн Энхбаяр гаргасан өргөдлийг 01122-05-01061-18 бүртгэлийн дугаартай тус тус бүртгэсэн байх бөгөөд иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар нь газар эзэмших өргөдөл гаргаж байгаагүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1/3056 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 10-17/1126 дугаартай албан бичгээр тус тус нотлогдож байна" гэжээ. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.7. Гуравдагч этгээд Б.Мөнх-Од, П.Халиун нар шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Мөнх-Од, П.Халиун бид 2018 онд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам хэмээх газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг гаргасан. Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж, газар зохион байгуулагч Ш.Мягмарсүрэн уулзан, хээрийн судалгаа хийлгэхэд бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байна гэж хэлсэн. Бид 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бест хашаа төмөр хийцийн үйлдвэртэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар тухайн газарт хашаа барих үед ойр орчим нэг ч айл хашаа бариагүй байсан болно.  Ингээд хээрийн судалгаа хийлгэсний үндсэн дээр тухайн газарт хашаа барьж, бодитоор эзэмших болсон. Газар газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг албан ёсоор өгсөн боловч шийдвэрлэгдэхгүй явсаар 2023 он хүрсэн. 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр дахин өргөдөл өгсөн. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаартай захирамжаар нэр бүхий 214 иргэнд газар эзэмшүүлэх шийдвэрлэсний дотор бидний газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж, тухайн газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Тодруулбал 2018 оноос хойш 5 жилийн хугацаанд хөөцөлдөж байж, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаартай захирамжаар гуравдагч этгээд болох Б.Мөнх-Од, П.Халиун нарт газар эзэмшүүлэхээр болсон нь хууль зүйн үндэслэлтэй, хуулийн дагуу хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар бичгээр нэхэмжлэл гаргасан байдаг. Талуудын тайлбараас үзвэл Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нар 2018 оноос эхлэн өргөдөл гаргасан тул газар эзэмших эрхийг манайх авах ёстой гэдэг асуудыг ярьдаг. Нэхэмжлэгч тал хэний эрх ашиг зөрчигдөж байгаа тухай тодорхой болгож өгнө үү. Я.Ариунцэцэг,  М.Энхбаяр нэр дээр гаргасан хүсэлтийг яагаад Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг болгож өөрчилсөн юм бэ, бусад хүн өөрчилж болдоггүй тул энэ асуудал дээр зөрчилдөөн үүсэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэлийн шаардлага болон яригдаж байгаа асуудлууд маргаан таслах зөвлөлөөр шийдвэрлэхэд тодорхой болсон асуудал. Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэр дээр 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэл хийгдсэн байна. Энэ үйлдлээ хууль ёсны мэтээр надад ийм заавар өгсөн гэж  тайлбарлаж байна. Ийм заавар өгч байгаа тал болон заавар авч байгаа талын хууль зөрчсөн үйлдэл. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нар 4 өргөдөл гаргасан гэх асуудлыг дурдаж байна. Хэрэгт байгаа баримтуудыг бусад баримттай харьцуулахад өргөдөл өгсөн хэсгийг өөрөө нөхөж хийсэн гэж үзэхээр байна. Гуравдугаарт мэдсэн, мэдээгүй асуудлыг дурдаж байна. Энэ хүмүүс 4 газар эзэмших хүсэлт гаргасан боловч 2 газар олгосон. Үлдсэн 2 газрыг олгохгүй гэх хариуг хууль бус байдлаар мэдэгдсэн гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан хууль бус буюу хууль зөрчсөн байдлаар газар олгохоос татгалзсан тухай мэдэгдсэн. М.Энхбаяр, Ц.Янсанжав хоёрыг Я.Ариунцэцэг, М.Эрдэнэцэцэг хоёрыг хооронд нь сольё гэж үзсэн.  1 хүнд 2 газар олгохгүй гэсэн зүйл яригдаж байна. Үүний талаар нэхэмжлэгч тал мэдэж байсан байна. Үүнээс тойруулж өргөдөл, хүсэлт гаргаж байгаа нэрийг өөрчилсөн байна 2022 оны 12 дугаар сард зохион байгуулсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны арга хэмжээнд М.Энхбаяр ирж уулзсан байдаг. Өөрөөр хэлбэл 2018 он болон 2022 онд өөрчилж бүртгүүлснээс хойш Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нар маргаж байсан. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжоос үзвэл нэр дээрээ газар эзэмших эрхтэй болох гэж байгаа үйл баримт тогтоогдож байна. Энэ асуудал дээр Газар зохион байгуулалтын албаны зүгээс цаг хугацаа болон эзэмшилдээ авсан нөхцөл байдалд гуравдагч этгээдүүдийн хувьд бодитой байсан байна. 2022 оны 12 сард уулзалт хийсэн, 2023 оны 01 сард манай хүсэлтийг шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар шийдсэн бол  01 дүгээр сард гомдол, хүсэлтээ гаргахгүй яасан юм бэ? Яагаад удаан хугацаа өнгөрсний дараа гомдол, хүсэлт гаргаж байгаа вэ, мөн 2023 оны захирамж яагаад хууль зөрчсөн гэж үзэж байгаа вэ, тухайн захирамж зөвхөн Б.Мөнх-Од, П.Халиун нарт газарт олгосон захирамж биш бөгөөд уг захирамжаар нийт 350 хүнд газар олгосон захирамж байгаа. Энэ захирамж ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ, нэхэмжлэгчийн ямар эрхийг хөндөж байна вэ, үүний талаар тайлбар хэлж байгаа боловч хуульд үндэслэсэн тайлбар хэлэхгүй байна. Нэхэмжлэл дээрээ Газрын тухай хууль болон Газар зохион байгуулалт хийх журмыг үндэслэсэн байна. Тухайн журам нь 2008  болон 2024 онд шинэчлэгдээд 2025 онд хүчингүй болсон байдаг. Үндэслэж байгаа заалт нь 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлтөөр орсон байдаг. Өөрөөр хэлбэл газар олгосон ажиллагаатай холбогдохгүй хууль зүйн үндэслэл байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Хэргийн үйл баримт

1.1 Анх нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын охин иргэн Я.Ариунцэцэг, түүний нөхөр М.Энхбаяр нараас 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүгийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус бүр 2, нийт 4 айлын газар эзэмших хүсэлт гаргажээ.

1.2. Дээрх 4 хүсэлтээс Хан-Уул дүүргийн Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн А/288 дугаар захирамжаар иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нарт тус бүр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Түргэний аманд гэр орон сууц хашааны зориулалтаар 700м2 газар эзэмших эрх олгосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал)

1.3. Иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нараас 2018 онд гаргасан 4 хүсэлтээс шийдвэрлэгдээгүй үлдсэн газар эзэмших хүсэлт гаргасан 2 байршилд /өөрийн эцэг, эх/ иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэрээр газар эзэмших хүсэлтийг шинэчлэн гаргаж, уг хүсэлтийг 2018 онд өөрсдийн гаргасан хүсэлтийг бүртгэсэн цахим бүртгэлд өөрчлөн бүртгүүлжээ. (2 дугаар хавтаст хэргийн 108-113 дахь тал)

1.4. Гуравдагч этгээд Б.Мөнх-Од, П.Халиун нарын тухайд, анх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанд тус дүүргийн  14 дүгээр хороонд 700м2 газар эзэмших хүсэлтийг тус бүрдээ гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 52-53, 58-59 дэх тал)

1.5. Улмаар дээрх газар эзэмших тухай хүсэлт шийдвэрлэгдээгүй гэх асуудлаар Б.Мөнх-Од, П.Халиун нараас 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд өргөдөл гомдол гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 35-44 дэх тал)

1.6. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсны 2.2-т Эзэмшүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох хэсгийн 14 дүгээр хороонд Ар хөндлөн, Түргэний ам, Баруун хөх уул гэх газарт 24,5 га газар олгохоор тусгасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 200, 207 дахь тал)

1.7. Иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нар 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт /Түргэний ам/ зуслангийн зориулалтаар 0.07 га газар эзэмшиж, ашигладаг талаар тайлбар гаргаж, тус газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай хүсэлтийг дахин гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 102-112 дахь тал)

1.8. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар нэр бүхий иргэдэд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэсний хавсралт 142-т иргэн П.Халиунд 14 дүгээр хороонд гэр, орон сууцны хашааны 699м2 газрыг эзэмшүүлэхээр, 149-д иргэн Б.Мөнх-Одод 14 хороонд гэр, орон сууцны хашааны 699м2 газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал)

1.9. Ийнхүү нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нараас маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд нараас түрүүлж гаргасан гэх агуулгаар тус шүүхэд хандаж маргасан байна.

Хоёр. Хууль зүйн үндэслэл

2.1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана.” гэж заасан.  

2.2. Уг хэргийн тухайд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... анх тус газрыг эзэмших эрхийн хүсэлтийг 2018 онд охин Я.Ариунцэцэг, хүргэн М.Энхбаярын нэр дээр 4 айлын газар авах тухай хүсэлт гаргасан ... үүний дараа Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвлөсний дагуу Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэрээр шинээр кадастрын зураг хийлгэж 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэлийг өөрчлөн бүртгүүлсэн ... Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэрээр бүртгэл хийгдэж, шийдвэрлэхийг хүлээсэн боловч 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар тус газрыг Б.Мөнх-Од, П.Халиун нарт олгосон байна ... 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус газрыг эзэмших хүсэлтийг эхэлж гаргасан ...” гэх агуулгаар,

2.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар нь 2018 онд ХУД-ын газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж байгаагүй,  www.egazar.gov.mn буюу газрын кадастрын мэдээллийн системд иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг өөрчлүүлэн хууль бус аргаар өөрсдийн нэр дээр бүртгүүлсэн байгаа нь Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 1/3056 дугаар албан бичгээр нотлогдож Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлтээр иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ...” тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна. 

2.4. Мөн гуравдагч этгээд нараас “ ... бид 2018 онд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын ам хэмээх газарт зуслангийн зориулалтаар газар эзэмших тухай хүсэлтийг гаргасан. Хан-Уул дүүргийн газрын албанд гаргаж, газар зохион байгуулагч Ш.Мягмарсүрэн уулзан, хээрийн судалгаа хийлгэхэд бусдын эзэмшил, өмчлөлийн газартай давхцаагүй байна гэж хэлсэн. Бид 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Бест хашаа төмөр хийцийн үйлдвэртэй Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, улмаар тухайн газарт хашаа барих үед ойр орчимд нэг ч хашаа бариагүй байсан болно. Ингээд хээрийн судалгаа хийлгэсний үндсэн дээр тухайн газарт  хашаа барьж, бодитоор эзэмших болсон. Газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг албан ёсоор өгсөн боловч шийдвэрлэгдэхгүй явсаар 2023 он хүрсэн. Ингээд 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр дахин өргөдөл өгсөн ... 2023 оны 6 дугаар сард газар эзэмшүүлэх захирамж гарсан ...” гэх тайлбар гаргажээ.

Маргаан бүхий Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийн тухайд:

2.5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 30 дугаар тогтоолоор дүүргийн Засаг даргаас өргөн мэдүүлсний дагуу Хан-Уул дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталжээ. Уг төлөвлөгөөний 2.2 Эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалт, хэмжээг тогтоох хэсэгт 14 хороонд Ар хөндлөн, Түргэний ам, Баруун хөх уул гэх газарт нийт 350 иргэнд 24.5 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэхээр тусгасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 200, 206-207 дахь тал)

2.6. Улмаар Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/368 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.7, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 30 дугаар тогтоолыг үндэслэн тус дүүргийн ...14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хавсралтад заасан 214 иргэнд 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгохоор шийдвэрлэжээ. Уг захирамжийн хавсралт 142, 149 дүгээрт иргэн П.Халиун, Б.Мөнх-Од нарт газар эзэмших эрх олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дэх тал)

2.7. Тодруулбал, маргаан бүхий захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1. дэх хэсэг Дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 62.1.2.-т “дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах”, 62.1.7.-д “нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5. дахь хэсэг Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.5.3.-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”, 33 дугаар зүйлийн 33.1.1.-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” (2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө) гэж заасан зохицуулалтын хүрээнд газар эзэмших эрх олгожээ.

2.8. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3.-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 3.1.10.-т “хүн” гэж Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг”, 17 дугаар зүйлийн 17.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ.”, 52 дугаар зүйлийн 52.5.1.-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаар маргаан бүхий захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэний буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэдэг.

2.9. Уг хэргийн маргааны үйл баримтад хамаарах цаг хугацаанд мөрдөж байсан Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1. дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”, 32.4. дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө.” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.1-д Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана. Үүнд: 3.1.1.-д “Шинээр газар эзэмших, ашиглах”, 4.2.-т “Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө.”, 4.3. Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд бүрэн шаардлага хангасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь доор дурдсан үйл ажиллагааг хийнэ. Үүнд: 4.3.1.-д “ Өргөдлийн маягт дээр холбогдох бичилтийг хийх”, 4.3.2.-т “Өргөдлийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан “Өргөдөл бүртгэх дэвтэр”-т бүртгэх ба өргөдөл бүртгэх өгөгдлийн сан байгаа тохиолдолд уг санд бүртгэх”, 5.1.-д “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх ажлыг дараахь журмаар гүйцэтгэнэ. Үүнд: ...”, 5.2.-т “Шинээр газар эзэмшүүлж, ашиглуулах тохиолдолд: ...”, 8.1.-д “Шийдвэрийн төсөл дэмжигдээгүй бол үндэслэлийг дурдан өргөдөл гаргагчид газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загвар “Хариу өгөх мэдэгдэл” -ээр мэдэгдэж, өргөдлийг хаана.” гэж тус тус зохицуулжээ.

2.10. Дээрх журмын дагуу иргэн М.Энхбаяр, Я.Ариунцэцэг нараас нийт 4 газар  эзэмших тухай хүсэлт гаргасан нь Хан-Уул дүүргийн газрын албаны Ирсэн өргөдөл бүртгэлийн дэвтрийн 20-23 дугаарт 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 122-123 дахь тал)

2.11. Мөн иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нараас нийт 2 газар эзэмших тухай хүсэлт гаргасан нь мөн бүртгэлийн дэвтрийн 2540-2541 дугаарт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүртгэгджээ. (2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал)

2.12. Харин нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нараас 2018 онд өөрсдийн нэрээр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаагүй болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

2.13. Түүнчлэн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас газар эзэмших, ашиглахыг хүссэн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх, суурин болон хээрийн судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулах, нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхлүүлэх, Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системд баталгаажуулах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /цаашид "эрхийн гэрчилгээ" гэх/ олгож, гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахаар заасан бөгөөд иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нараас 2018 онд гаргасан 4 ширхэг газар эзэмших өргөдлөөс 2 өргөдлийг шийдвэрлээгүй гэх боловч эдгээр иргэд нь уг асуудлаар өөрсдийн нэрийн өмнөөс захиргааны байгууллага болон шүүхэд хандаж маргаагүй, 2022 онд иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын нэрээр 2018 оны өргөдлийн нэрийг сольж бүргүүлсэн нь нэхэмжлэгч нарыг 2018 онд газар эзэмших хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

2.14. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус хоёр өргөдлийн нэрийг сольж бүртгүүлэх талаар Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвлөмж авсны дагуу бүртгүүлсэн гэж, гэрч Хан-Уул дүүргийн газрын албаны дарга Н.Батчимэг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... хоёр өргөдлөө солиод өгөө гэдгийг би зөвлөсөн ...” гэх боловч бодит байдалд нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар нь өөрсдийн нэрээр 2018 онд газар эзэмшихээр дээрх хууль, журмын дагуу захиргааны байгууллагад хандаагүй, 2018 онд өөр иргэдийн нэрээр гаргасан өргөдлийн нэрийг 2022 онд сольж өөрчлөх, ингэснээр өргөдөл гаргасан цаг хугацааг нөхөн тооцох асуудал нь хууль болон журмаар зөвшөөрсөн зохицуулалт биш байх тул дээрх нөхцөл нь маргаан бүхий газрын эзэмших эрхийг түрүүлж үүсгэх хууль ёсны үндэслэл болохооргүй байна.

2.15. Мөн шүүхээс уг асуудлыг тодруулахад, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1/2685 дугаар албан бичгээр “ ... өргөдөл нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Я.Ариунцэцэгийн нэр дээр анх бүртгэгдсэн байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний бүртгэлийг М.Эрдэнэчимэг нэрээр, ... өргөдөл нь 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн М.Энхбаяр нэрээр анх бүртгэгдсэн байх боловч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний бүртгэлийг Ц.Янсанжавын нэрээр тус тус өөрчилж бүртгэсэн байх бөгөөд бүртгэсэн мэргэжилтний нэр тодорхойгүй байна ...” гэх тайлбар ирүүлсэн болно. (2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал)

2.16. Түүнчлэн 2018 онд иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нараас гаргасан газар эзэмших хүсэлт, гуравдагч этгээд Б.Мөнх-Од, П.Халиун нараас гаргасан газар эзэмших хүсэлтэд Хан-Уул дүүргийн газрын албаны мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн хариу өгөх мэдэгдэл үйлдсэн боловч уг мэдэгдлийг дээрх иргэдэд танилцуулсан, хүргүүлсэн болох нь тогтоогдсонгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 51, 57, 158, 164, 170, 176 дахь тал)

2.17. Тодруулбал, уг асуудлаар Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 09-19/792 дугаар албан бичгээр тайлбар гаргасан, мөн гэрч Н.Батчимэг шүүхэд гаргасан мэдүүлэгтээ “ ... дүүргийн Засаг даргын зүгээс 2018, 2019 онд шинээр газар олгох ямар ч захирамж гаргаагүй байдаг. Тэгээд 2020 оноос эхлээд гарах гэж явсан боловч энэ систем хөгжүүлэхтэй холбоотой мөн ерөөсөө олголт хийгдээгүй. Тэгээд 2021 оноос ерөнхийд нь газар олгох асуудал хийсэн ...” гэж, гэрч Ш.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “ ... хариу өгөх мэдэгдлээр хариу өгөв гээд өргөдөл хүлээж авсан бүртгэлийн дэвтэрт хаалт хийдэг байсан, тэгээд иргэд нь ирж өргөдлийнхөө хариуг асуухдаа танилцдаг байсан ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

2.18. Мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 09-19/814 дүгээр албан бичгээр “ ... иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нарт 2018 онд өгсөн хариу өгөх мэдэгдлийг тухайн иргэдэд хэрхэн мэдэгдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна ...” гэх тайлбар ирүүлсэн. (2 дугаар хавтаст хэргийн 188 дахь тал)

2.19. Дээрх нөхцөлөөс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нар нь 2018 онд газар эзэмших хүсэлт гаргаагүй, иргэн Я.Ариунцэцэг, М.Энхбаяр нар 2018 онд хүсэлт гаргасан боловч шийдвэрлэгдээгүй үлдсэн 2 хүсэлтийн талаар шүүхэд өөрсдийн нэрээр нэхэмжлэл гаргаж маргаагүй, гуравдагч этгээд Б.Мөнх-Од, П.Халиун нараас 2018 онд гаргасан хүсэлтэд холбогдох хариу өгөх мэдэгдлийг хүсэлт гаргагч нарт мэдэгдсэн танилцуулсан гэж дүгнэх боломжгүй, хүсэлтийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

2.20. Мөн 2018 оноос хойш иргэдээс гаргасан өргөдлийг 2021 он хүртэл захиргааны байгууллага /Засаг дарга/ шийдвэрлээгүй гэх бөгөөд гуравдагч этгээд нараас 2018 онд газар гаргасан газар эзэмших хүсэлтийг захиргааны байгууллага шийдвэрлээгүй асуудлаар 2023 онд гомдол гаргасан, үүнээс хойш дахин 2023 онд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна

2.21. Гуравдагч этгээд нарын тухайд, маргаан бүхий газрыг эзэмших талаар 2018 онд захиргааны байгууллагад хандаж, хээрийн судалгаа хийлгэсний дагуу газрыг хашаалсан гэх бөгөөд иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нараас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрх олгосон нь нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын 2022 онд гаргасан хүсэлтээс түрүүлж гаргасан хүсэлт гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэв. (1 дүгээр хавтаст хэргийн 36-42, 51-56, 58-62, 131 дэх тал)

2.22. Маргаан бүхий Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжаар гуравдагч этгээд Б.Мөнх-Од, П.Халиун нарт газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 33 дугаар зүйлийн 33.1.1.-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” /2023 оны 12 сарын 07 өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх зохицуулалт/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчим, зохицуулалтад нийцсэн байна.

2.23. Иймд Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэн Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

2.24. Дээрх шаардлагад холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт шүүх хуралдаанд “ ... Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор Нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга эзэмшүүлдэг, хуулиар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлэх эрхгүй болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэх агуулгаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч шүүхийн журмаар шийдвэрлүүлье гэдэг шаардлага тавигдсан байгаа. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргад хандаад ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжгүй, шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгаа учир хууль бус байна ..” гэх тайлбар гаргасан.

2.25. Нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нараас 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж Хан-Уул дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийг хүчингүй болгож, Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргуулахаар гомдол гаргажээ. Тус гомдлын дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 01-01/3986 дугаар албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй байгаа талаар мэдэгдэж, холбогдох байгууллагад хандах талаар хариу өгсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 23-29 дэх тал)

2.26. Уг хэргийн тухайд, Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрээр иргэн Б.Мөнх-Од, П.Халиун нарт газар эзэмшүүлсэн тул нэхэмжлэгч нараас гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн Нийслэлийн Засаг даргын татгалзлыг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

2.27. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт гаргасан байршил нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар хариу өгч, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандахыг мэдэгдсэн хариуцагчийн татгалзан шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

2.28. Тодруулбал, шүүхээс хариуцагчийн татгалзалд дурдсан маргаан бүхий Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хууль бус гэж дүгнээгүй тул нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарт газар эзэмших эрх олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэлгүй гэж дүгнэв.  

2.29. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.30. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд, шүүхээс хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус шүүх хуралдаанд оролцох эсэх асуудлаар тайлбар, хүсэлт ирүүлээгүй байна.

2.31. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5. дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2.32. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд мэтгэлцэх, тайлбар, үндэслэлээ гаргах гаргах боломжоор хангаж, хэргийн оролцогч нарыг тайлбар, татгалзлын үндэслэлээ гаргахаас өмнө шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ариунцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулсан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 33 дугаар зүйлийн 33.1.1, /2023 оны 12 сарын 07 өдрийн нэмэлт өөрчлөлтөөс өмнөх/, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нараас Нийслэлийн Засаг дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүгийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн А/368 дугаар захирамжийн Б.Мөнх-Од, П.Халиун нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ц.Янсанжав, М.Эрдэнэчимэг нарын газар эзэмших хүсэлтийг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.