Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01409

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01409

 

 

С.Дын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17ы өдрийн 101/ШШ2021/01870 дугаар шийдвэртэй, С.Дын нэхэмжлэлтэй Д.Жд холбогдуулан 51 450 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр танил Д.Жтэй Экскаватор түрээслэх, түрээслүүлэх тухай гэрээ байгуулан өөрийн өмчлөлийн 51-57 УН улсын дугаартай, Хьюндай маркийн NB06111176 арлын дугаартай, шар өнгийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн экскаваторыг түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай байсан бөгөөд 1 сарын түрээсийн төлбөр нь 40 000 000 төгрөг байхаар тохирсон. Д.Ж нь уг экскаваторыг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Дөхөмийн уурхай нэртэй алтны уурхайд газар шороо ухах зорилгоор түрээслэсэн бөгөөд эхний 1 сарын түрээсийн төлбөрөө бүрэн төлж, 2 дахь сарын төлбөрөөс 7 700 000 төгрөг дутуу, 3 дахь сарын төлбөрөөс 26 600 000 төгрөг тус тус дутуу нийт 34 300 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй. Улмаар түрээсийн төлбөрөө 2018 оны 6 сард багтаан төлж барагдуулна гэдгээ өөрийн гараар бичиж өгсөн.

Гэрээгээр 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан дараагийн сарын түрээсийн төлбөрөөс эхлээд огт төлбөр төлөөгүй бөгөөд энэ хугацаанд уурхай ажиллаагүй тул экскаватор сул зогсолттой байсан гэсэн ба гэрээний хугацаа дуусмагц 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр экскаватороо уурхайгаас буцаан татаж авсан. Уг өдрөөс хойш Д.Жгээс өмнөх саруудын үлдэгдэл түрээсийн төлбөрийг нэхсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байгаа бөгөөд сул зогсолттой байсан үеийнх нь түрээсийн төлбөрийг огт нэхэмжлээгүй. Гэрээний 3.4-д зааснаар түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж талууд тохирсон. 1 хоногийн алдангийг гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцоход 34 300 000/100*0,5 хувь=171 500/ төгрөг болж байна. Түрээсийн төлбөр төлөх ёстой байсан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл тооцоход хуанлийн 888 хоног буюу 888*171 500 төгрөг=152 292 000 төгрөгийн алдангийг түрээслэгч тал төлөхөөр байна. Иймд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34 300 000 төгрөг, алданги 17 150 000 төгрөг, нийт 51 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ж нь 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Ч.Төгсжаргалтай экскаватор түрээслэхээр тохиролцож түүнд 7 000 000 төгрөг өгсөн. Ингээд техникийг түрээслэхээр хөдөө очиход гэнэт түрээсийн механизмын эзэн С.Д гарч ирсэн. Ч.Төгсжаргалтай ярьж юу болоод байгааг тодруулахад зүгээр, наад техникийг чинь би энэ хүнээс худалдаж авсан. Одоохондоо С.Дын нэр дээр байгаа учраас чи гэрээг нөхөөд байгуулчих, түрээсийг ажилласан өдрөөр нь тооцох хэвээрээ, санаа зоволтгүй, надад мөнгө өгч байгаа гэж ойлгоорой гэсэн. Ингээд 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гэрээ байгуулахаар уулзахад гэрээний огноог нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэж бичээд нөхөн гэрээ байгуулсан. Түрээсийн механизмыг 2018 оны 2 дугаар сард аваад эвдрэлтэй гээд ажиллаагүй бөгөөд энэ талаар Ч.Төгсжаргал сайн мэдэж байгаа. Экскаватор 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 24-ний хооронд ажилласан. Ажилласан хугацаанд С.Дад 7 000 000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 30 000 000 төгрөг тус тус өгснөөс гадна 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 5 000 000 төгрөгөөр мотор авсан. Иймд үндэслэлгүй нэхэмжилж байгаа төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээг нөхөж байгуулсан, түрээсийн механизм бодит байдал дээр Ч.Төгсжаргал гэж хүнийх учраас түүнтэй хийсэн хэлцлийн дагуу төлбөрөө төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Жгээс 51 450 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.Даас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 415 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгээс 415 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Дад олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Гэрч Ч.Төгсжаргал нь Д.Жтэй анх техник түрээслэх хэлцэл хийсэн, өөрийн техникээ түрээслэсэн гэдгээ тодорхой гэрчлэн мэдүүлдэг, мөн нэхэмжлэгчийн зүгээс гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар нь нотлох баримтаас зөрүүтэй байхад шүүх хэрхэн яаж үнэлсэн талаар шийдвэртээ тодорхой тусгаагүй. Дээр дурдсан үйл баримт болон хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, дансны хуулга, Д.Номинчимэг П.Нямдорж нарын худалдах худалдан авах гэрээ, 03-64 УН улсын дугаартай Хьюндай Робекс маркийн 2004 онд үйлдвэрлэсэн, шар өнгийн экскаваторын тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр гэрч С.Төгсжаргал нь 51-57 УН улсын дугаартай экскаваторыг худалдаж авахаар тохирсон бөгөөд түүний өмчлөлд шилжих учраас Д.Жтэй тохиролцож 51-57 УН экскаваторыг түрээслүүлсэн болох нь тус тус тогтоогдсон боловч шүүх энэхүү үйл баримтад дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл Д.Ж нь С.Дад түрээсийн төлбөр өгөх, хүсэл зориг эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гэрээг хуулийн шаардлагад нийцсэн гэж хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Д.Жд холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 34 300 000 төгрөг, алданги 17 150 000 төгрөг, нийт 51 450 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд С.Д нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Д.Жтэй бичгээр Экскаватор түрээслэх, түрээслүүлэх тухай нэртэй гэрээ байгуулж талууд гарын үсгээ зуржээ./хх 4-5/

Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн лавлагаагаар экскаватор нь нэхэмжлэгч С.Дын өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон./хх 27-28/

Хариуцагч нь 51-57 УН улсын дугаартай, Хьюндай маркийн NB06111176 арлын дугаартай, шар өнгийн, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 1528044 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, экскаваторыг өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авч ашигласан үйл баримтыг үгүйсгээгүй.

Түрээсийн гэрээнд талууд хугацааг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 40 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Мөн гэрээний 3.4-д түрээслэгч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд түрээслүүлэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заажээ. /хх 4-5/

Хэргийн баримтаас үзэхэд Хаан банкин дахь 5034461025 тоот данс нь нэхэмжлэгч С.Дын, 5450371714 тоот данс хариуцагч Д.Жгийн эзэмшлийн данс болох нь данснуудын хуулгаар тогтоогдсон, хариуцагч нь дансаар дамжуулан нэхэмжлэгчид төлбөр төлж байсан үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар зөв дүгнэжээ./хх 25-26,43-46/

Хэргийн 5 дугаар хуудаст 3 сарын үлдэгдэл 7 700 000 төгрөг, 4 сарын үлдэгдэл 26 600 000 төгрөг нийт 34 300 000 төгрөгийн үлдэгдэл, 6 сард төлж барагдуулна гэсэн бичвэр байх бөгөөд уг бичвэрт зурагдсан гарын үсгийг хариуцагч няцааж маргаагүй. Нэхэмжлэгчийн гэрээний дагуу 34 300 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй бөгөөд экскаватор С.Дын өмчлөлийнх биш гэж маргасан байна. /хх5, 18/

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Хариуцагч нь түрээсийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх юм. Талуудын гэрээ хуулийн шаардлага хангасан. Хариуцагч нь ... түрээсийн зүйл С.Төгсжаргалын өмч тул төлбөрийг нэхэмжлэх эрх С.Дад байхгүй бөгөөд нэхэмжлэл гаргах ч эрхгүй гэсэн агуулгаар маргасан.

Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар автотээврийн хэрэгсэл гэж зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгслийг ойлгох юм. Мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлэх-ээр заасан. Хэдийгээр экскаватор нь хөдлөх хөрөнгө мөн боловч уг бүртгэлээс харахад бүртгэлтэй этгээд болох С.Д нь хариуцагчтай түрээсийн гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээ байгуулсан бол үүргээ зохих ёсоор шударгаар гүйцэтгэх бөгөөд тухайн тохиолдолд шүүх С.Д, С.Төгсжаргал нарын хоорондын экскаваторын өмчлөлтэй холбоотой маргааныг биш харин гэрээний үүргийг шаардсан маргааныг шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөрөө нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй юм.

Анхан шатны шүүхээс түрээсийн төлбөр, анзыг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэснийг зөв гэж үзнэ. Харин анхан шатны шүүх маргааны зүйлд хамааралгүй, хэргийн оролцогч биш этгээдэд холбогдуулан ... Ч.Төгсжаргалыг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу түрээслэсэн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй гэсэн өмчийн эрх зүйтэй холбоотой дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой бус байгааг залруулах нь зүйтэй. Иргэний хуульд бичгээр байгуулвал зохих хэлцлийг байгуулсан гэдгээ гэрээний талууд гэрчийн мэдүүлгээр биш, харин гэрээний хувиар нотлох юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн ... хэлцлийг С.Дтай байгуулаагүй, өөрийн техникээ түрээсэлсэн гэдгээ С.Төгсжаргал тодорхой гэрчлэн мэдүүлдэг гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17ы өдрийн 101/ШШ2021/01870 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД