Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 109/ШШ2025/0045

 

 

 

 

 

 

 

 

 

 

                       109/ШШ2025/0045

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “М” ХХК

 

Хариуцагч: Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг нарын хоорондын Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн . дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах”-аар маргаж байна.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн тухайд:

 

2.1. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.А, “М” ХХК-ийн захирал Л.М нар 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “. м.кв талбайг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2029 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд эмийн сангийн талбай түрээслэх зориулалтаар” орон нутгийн өмчийн түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд Архангай аймгийн орон нутгийн өмчийн газраас тус гэрээг баталжээ. (Хавтаст хэргийн 150-154 дэх тал)

2.2. С.М.Немойн нэрэмжит Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” . дугаар тушаалаар “Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн даргаар Т.О, нарийн бичгийн даргаар Н.П, Х.Б, Б.О, О.З, Э.А, А.Э гэсэн гишүүдтэй байгуулж, түрээслэгчийн сонгон шалгаруулах ажлыг холбогдох заавар журмын дагуу зохион байгуулахыг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Н.П.д даалгажээ” (Хавтаст хэргийн 51 дэх тал)

 

2.3. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс тус эмнэлгийн 1 давхрын . м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэхээр, материал хүлээн авах хугацааг 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17 цаг гэж түрээслэгч шалгаруулах сонгон шалгаруулалтыг нийтэд зарлажээ. (Хавтаст хэргийн 12 дахь тал)

 

2.4. Тус нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохоор “Х” ХХК, “М” ХХК, “Ш” ХХК, “Д” ХХК тус тус материалаа ирүүлж оролцсон байна. (Хавтаст хэргийн 176, 181 дэх тал)

 

2.5 Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс тус эмнэлгийн 1 давхрын . м.кв талбайг эмийн сангийн зориулалтаар түрээслүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэлд: “... 1 давхарын .м .кв талбайг эмийн сангийн зориулалтаар ашиглах хүсэлт ирүүлсэн 4 эмийн сан. . материал бүрдүүлэлт 2022, 2023 оны санхүүгийн тайлан ирүүлсэн, 2024 оныг ирүүлээгүй, ажлын туршлага 13 жил, үйл ажиллагааны танилцуулга ирүүлсэн, 15 ажилтантай, Д ХХК  ажлын туршлага, хүний нөөцийн талаар ирүүлээгүй, 2024 оны санхүүгийн тайлан ирүүлсэн, “Х” ХХК  үйл ажиллагааны тайлан, хүний нөөцийн танилцуулга ирүүлсэн, 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулсан, хүний нөөц 6 ажилтантай. Шийдвэр М санг шалгаруулав. Үндэсний үйлдвэрлэгч, нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд чиглэсэн эмийн сургалт зохион байгуулдаг, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмийн мэдээлэл болон мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх чиглэлийн сургалт, үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг давуу талтай гэж үзсэн.” гэж тэмдэглэжээ. (Хавтаст хэргийн 181 дэх тал)

 

2.6. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр . дугаартай албаны бичгээр тус эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О нь “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулах шалгаруулалтад танай байгууллагаас ирүүлсэн материал шалгарсан болохыг мэдэгдэж байна” гэсэн хариуг “М” ХХК-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 59 дэх тал)

 

2.7. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Т.О-г ажлаас чөлөөлөх тухай” . дугаар тушаалаар “Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О-г өөрийнх нь хүсэлтээр 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж”, мөн тус газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-г нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” . дугаар тушаалаар “Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдан эмнэлгийн даргыг томилох хүртэл хугацаанд нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч эмч Д.Н-г 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.” (Хавтаст хэргийн 52, 60 дахь тал)

 

2.8. Үүний дараа Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх 51 дүгээр тогтоолд заасан шалгуур үзүүлэлтийг сонгон шалгаруулалтын зард бүрэн тусгаагүй, өмнөх хийгдсэн гэрээ цуцлагдсан эсэх нь тодорхойгүй /Мо ХХК, Beanie coffee shop, иргэн М байхад сонгон шалгаруулалтыг явуулсан/, сонгон шалгаруулалтад томилогдсон комиссын гишүүд орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах хууль эрх зүйн мэдлэг дутмаг, туршлагагүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, сонгон шалгаруулалтыг дахин явуулах саналтай. Тухайн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дахин томилох /хуулийн зохих мэдлэгтэй, сургалтад хамрагдсан, А3 сертификаттай, туршлагатай мэргэжилтнийг комиссын бүрэлдэхүүнд оруулах/ хүсэлттэй байна” гэж тусгагдсан байна. (Хавтаст хэргийн 54 дэх тал)

 

2.9. Улмаар Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд болох Т.О, Н.П, Б.О, А.Э, Х.Б А.Ам нараас “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дүгээр тогтоолын дагуу явагдаагүй, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд холбогдох хууль эрх зүйн мэдлэг дутмаг, А3 сертификатгүй, туршлагагүй ажлын хэсэг томилогдон ажилласан. Иймд 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт гаргасан байна. (Хавтаст хэргийн 53 дахь тал)

 

2.10. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 281 дүгээр албан бичгээр “Нэгдсэн эмнэлэг өөрийн байрны талбайг түрээслэх сонгон шалгаруулалт 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр хийгдсэн. Дахин 2025 оны 3 дугаар сарын 25-нд ажлын хэсэг хуралдаж өөрсдийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Иймд асуудлыг судалж, шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 55 дахь тал)

 

2.11. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар албан бичгээр “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичгийн 4 дүгээр зүйлд зааснаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох асуудлыг тухайн байгууллага шийдвэрлэхээр тусгагдсан байна. Иймд дээрх журамд заасны дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариуг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 56 дахь тал)

 

2.12. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” . дугаар тушаалаар “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаар тогтоол, 51 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн саналыг үндэслэн сонгон шалгаруулалтыг хүчингүй болсонд тооцсон байна.” (Хавтаст хэргийн 57 дахь тал)

 

2.13. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгээс 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр .. дугаар албан бичгээр “Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн . тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн саналыг үндэслэн талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болсныг мэдэгдэж байна. Иймд түрээслэн ажиллуулж байгаа талбайг чөлөөлж өгнө үү” гэсэн мэдэгдлийг “М” ХХК-д хүргүүлжээ.” (Хавтаст хэргийн 58 дахь тал)

 

2.14. Улмаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ашиглалтгүй талбайг түрээслүүлэх, ажлын хэсэг томилох тухай” А/27 дугаар тушаалаар “Авлигатай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 06/10572 тоот зөрчил арилгуулах тухай албан бичиг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, Төрийн болон орон нутгийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 49, 50, 51 дүгээр тогтоол, Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн удирдлагын зөвлөлийн 06 хурлын шийдвэрийг тус тус үндэслэн нэгдсэн эмнэлгийн ашиглалтгүй 2 давхрын 24 м.кв талбайг кофе шоп, 1 давхрын 36 м.кв талбай бүхий өрөөг эмийн сангийн зориулалтаар тус тус түрээслэхээр, нэгдсэн эмнэлгийн талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Ө.Г, нарийн бичгийн даргаар Б.О, Б.Х, М.Ж, М.А гэсэн гишүүдтэй бүрэлдэхүүнтэй томилохоор шийдвэрлэсэн байна.” (Хавтаст хэргийн 65 дахь тал)

 

2.15. Дээрх тушаалаар байгуулагдсан нэгдсэн эмнэлгийн талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хуралдсан хурлын протоколд “... сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цаг хүртэл нэгдсэн эмнэлгийн бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгч 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагт үнэлгээний хорооны гишүүд материал задалж хурал хийхээр шийдвэрлэсэн” талаар тусгагджээ. (Хавтаст хэргийн 162 дахь тал)

 

2.16. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протоколд “... үнэлгээний хорооны гишүүдийн саналын дагуу орон нутгийн өмчийн газарт гаргасан өргөдлийг шийдвэрлэтэл тодорхойгүй хугацаагаар сонгон шалгаруулалтын материалыг нээхийг хойшлуулж байна” гэжээ.

 

2.17. Архангай аймгийн С.М.Немойн нэрмжит нэгдсэн эмнэлгээс 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 644 дүгээр албан бичгээр “Нэгдсэн эмнэлгийн эмийн сангийн зориулалтаар талбай түрээслэх сонгон шалгаруулалттай холбоотой гомдол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт ирсэн бөгөөд орон нутгийн өмчийн газар гомдлыг шийдвэрлэн шалгаж хариу мэдээлэх болсон тул тодорхойгүй хугацаагаар тендерийг нээх хугацааг хойшлуулсан талаар” Монос Архангай ХХК-д мэдэгдсэн байна. (Хавтаст хэргийн 167 дахь тал)

 

2.18. “Монос Архангай” ХХК-иас  2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11/13 дугаар албан бичгээр “... Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс энэ оны 3 дугаар сарын 6-ний өдөр зарласан эмийн сангийн зориулалтаар талбай түрээслэх сонгон шалгаруулалтад манай компани материалаа өгч оролцсон бөгөөд сонгон шалгаруулах комиссын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийдвэрээр манай компани шалгарсан юм. Ингээд үйл ажиллагаа эхлүүлэх зорилгоор түрээсийн гэрээ байгуулахаар болоход тус нэгдсэн эмнэлгийн шинээр томилогдсон удирдлага нэгэнт дууссан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгоно, би сонгон шалгаруулалтын материалтай танилцаагүй гэдэг хууль бус шалтаг гаргаж гэрээ байгуулахаас татгалзаж дахин сонгон шалгаруулалт явуулна гэдэг хариуг өгч байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам"-ын 10 дахь заалт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 51 дугаартай тогтоолын хавсралт “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 2.3.6 дахь заалтын дагуу шалгарсан оролцогчид мэдэгдэл хүргүүлсний дараа түрээсийн гэрээг байгуулах гэснийг ноцтой зөрчиж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл тул энэ талаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаанд анхааруулж дахин шинээр зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож мэргэжлийн чиглэл, зөвлөмжийг хүргүүлж ажиллахыг хүсье.” гэсэн гомдлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт гаргажээ. (Хавтаст хэргийн 61 дэх тал)

 

2.19. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А-1/1716 дугаар албан бичгээр “М ХХК-с ирүүлсэн гомдол”-ыг Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн байна.

 

2.20.  Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 370 дугаар албан бичгээр “Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай бичгээр эмийн сангийн зориулалттай талбайн түрээслэгчээр танайхыг сонгон, эрх олгож шийдвэрлэжээ. Энэ шийдвэр гарсны дараа эмнэлгийн удирдлага солигдон шинээр томилогдсон дарга өмнөх шийдвэрийг судлах явцад уг шалгаруулалтыг зохион байгуулсан сонгон шалгаруулах хороо өмнө гаргасан дүгнэлтээ хүчингүй болгосон байна. Энэ шийдвэрийг үндэслэн Нэгдсэн эмнэлэг дахин сонгон шалгаруулалтыг зарласан нь холбогдох хууль, журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Танайхаас гаргасан гомдлын дагуу 2025 оны 9 дүгээр сарын 24-нд нээгдэх сонгон шалгаруулалтын нээх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн болно.” гэсэн хариуг “М” ХХК-д хүргүүлжээ. (Хавтаст хэргийн 63 дахь тал)

 

2.21. Улмаар нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” . дугаар тушаалыг хүчингүй болгох, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гурав. Хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэл:

 

3.1. Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М ХХК нь Архангай аймагт 2012 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгслийг тусгай зөвшөөрлийн дагуу ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зарласан эмийн сангийн зориулалтаар талбай түрээслэх сонгон шалгаруулалт хуулийн дагуу оролцож, сонгон шалгаруулах комиссын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай шийдвэрээр шалгарсан. Гэтэл Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинээр томилогдсон удирдлага, түр орлон гүйцэтгэгч Д.Н түрээсийн гэрээ байгуулахаас татгалзаж, манай компанийн шалгарсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зарлана гэсэн хариуг бидэнд 2025 оны 05-р сарын 29-ний өдрийн 400 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Дахин сонгон шалгаруулалт зарлаж, түрээсийн байрнаас гарахыг шаардаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Засгийн газрын 2001 оны 06-р сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 10 дахь заалт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 51 дугаартай тогтоолын хавсралт “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 2.3.6-д заасны дагуу “Шалгарсан оролцогчид мэдэгдэл, бусад оролцогчид үндэслэл бүхий хариу хүргүүлнэ”, 2.3.8-д “Ажлын хэсэг нь түрээсийн гэрээг байгуулах гэрээний төслийг бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хүргүүлнэ” гэж заасныг зөрчсөн, 4 дэх хэсэгт заасан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцох үндэслэлд хамаарахгүй байна. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага хуульд зааснаар холбогдох журмын дагуу хууль ёсоор сонгон шалгарсан М ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзаж, өөрт олгогдоогүй эрхийн хүрээнд шийдвэр гаргасан нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байх тул Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

3.2. Хариуцагч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхрын 36 м.кв талбайг эмийн сангийн, 2 давхрын 12 м.кв талбайг кофе шопын, 1 давхрын 36 м.кв талбайг хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээслэхээр Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн А/06 дугаар тушаалаар ажлын хэсэг томилон сонгон шалгаруулалт зарлаж 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10 цагт нээж сонгон шалгаруулалт хийсэн байсан. Миний бие Д.Н нь 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын Б/13 дугаар тушаалаар Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг нь “М’’ ХХК-тай талбай түрээслэх гэрээ хийхэд шаардлагатай ажлын хэсгээс гаргасан сонгон шалгаруулалтын үнэлгээ дүгнэлт гаргасан баримтыг хүссэн. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулсан Т.О даргатай ажлын хэсэг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дахин хуралдаж Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагад орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүний 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шалгаруулалт төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 51-р тогтоолын дагуу явагдаагүй, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүд холбогдох хууль эрх зүйн мэдлэг дутмаг, АЗ сертификатгүй, туршлагагүй байсан тул ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 281 дугаар албан бичгээр ажлын хэсгийн хүсэлтийг Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газар руу шийдвэрлэж өгөх хүсэлт явуулсан. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар хариу албан бичиг ирүүлсэнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох сонгон шалгаруулалтын жишиг баримт бичгийн 4 дүгээр зүйлд зааснаар сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох асуудлыг тухайн байгууллага шийдвэрлэхээр тусгагдсан байна. Иймд дээрх журамд заасны дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэр ирсэн. Сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн хүсэлт болон Архангай аймгийн Орон нутгийн өмчийн хариу шийдвэрт үндэслэн Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар “Талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох тухай” тушаал гарч, уг тушаалд үндэслэн “М” ХХК-д Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн . дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, Нэгдсэн эмнэлэг дээр талбай түрээслэх сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсэг нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын 2.3.5 заалтыг зөрчсөн зааварт заасны дагуу дүгнэлт гаргаагүй байж Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай “М” ХХК-д “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулах шалгаруулалтад танай байгууллагаас ирүүлсэн материал шалгарсан болохыг мэдэгдэж байна” гэсэн албан тоотыг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О хүргүүлсэн байна. Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Б/12 дугаар Т.О-г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар чөлөөлөгдсөн байсан. Иймд дээрх Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай албан бичиг хүчингүй гэж үзэж байна. ” ХХК нь 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11/13 дугаартай гомдлыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт гаргасан ба уг гомдлыг Архангай аймгийн орон нутгийн өмчийн газарт өргөдөл гомдлыг харьяаллын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А1/1716 дугаартай албан бичгээр шилжүүлсэн байсан. Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газраас түрээслэгчийг сонгон шалгаруулалттай холбоотой гомдлыг судлан 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 370 дугаар албан бичигт Нэгдсэн эмнэлэгт дахин сонгон шалгаруулалтыг зарласан нь холбогдох хууль, журмын дагуу явагдсан гэсэн байна. Нэгдсэн эмнэлгийн удирдлагын зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 06 хурлаар нэгдсэн эмнэлэгт ашиглаагүй байгаа 1 давхрын өрөөг эмийн сангийн, 2 давхрын талбайг кофе шопын зориулалтаар түрээслэгч сонгон шалгаруулж ажиллуулах гэсэн шийдвэр гарсан. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст бүртгэлийн 506 дугаартай гэмт хэргийн мөрдөн шалгах хяналтаар манай байгууллага дээр зарлагдсан эмнэлгийн ашиглалтгүй талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг хянаж шалган Авлигатай тэмцэх газраас 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 06/10572 дугаар албан бичигт Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн 2 давхарт кофе шопоор үйл ажиллагаа явуулахаар талбай түрээслэх сонгон шалгаруулалт алдаатай шударга бус явагдсан тогтоогдсон. Эдгээрт үндэслэн талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулах Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/27 дугаар тушаалаар ажлын хэсэг томилогдон талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг зарласан. Түрээсийн талбай сонгон шалгаруулах ажлын хэсэг 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж “М” ХХК-ийн гомдлын дагуу 1 давхрын эмийн сангийн зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтыг хойшлуулсан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь эм ханган нийлүүлэх компани бөгөөд 2012 оноос эхлэн Архангай аймагт эм, эмийн сангийн сүлжээг өөрсдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр байгуулсан. Орон нутгийн төсөвт даатгалыг төвлөрүүлж, Архангай аймгийн алслагдсан сумдын иргэдэд хямд үнэтэй, чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг тогтмол үзүүлж ирсэн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинээр баригдсан барилга нь 2025 оны 1 сард ашиглалтад орсон бөгөөд үүдний нэг давхрын хэсэгт хөрөнгө, мөнгө дутаж байгаа учраас нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулаач, бидэнд туслаач гэсэн хүсэлтийг нэгдсэн эмнэлгийн дарга гаргаж байсан. Манай компанийн хувьд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад орох гээд хөрөнгө, санхүүжилт шаардлагатай үед мөнгө санхүүг саадгүй олгож өгсөн. Нэгдсэн эмнэлгийн зүгээс танай эмийн санг байршуулна гэж гэрээ байгуулсан. Сонгон шалгаруулалт явуулахгүй бол болохгүй гэсэн учраас 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдөр эмийн сангийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтад бид материалаа өгч оролцоод хамгийн өндөр буюу 100 оноо авч шалгарсан. 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр сонгон шалгаруулалт явуулснаас хойш 4 хоногийн дараа танай компани шалгарлаа гэх хариуг өгсөн. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн мэдлэг, боловсрол, хуулийн мэдлэг дутуу учраас энэ сонгон шалгаруулалтыг дутуу дулимаг явуулсан гэсэн санал, дүгнэлтийг манайд 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 400 дугаартай албан бичгийг ирүүлсэн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн, сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт орж ажилласан хүмүүсийн эрхэлж байгаа албан тушаал, ажилласан жил, боловсролын зэргийг үзэхэд бүгд бакалавр, магистрын зэрэгтэй, тухайн салбартаа тодорхой хэмжээнд ажилласан, Нэгдсэн эмнэлгийн захиргаа талдаа туршлагатай хүмүүс байсан. Мөн энд орсон ажлын хэсгийн гишүүд нь туршлагатай, урд нь ийм сонгон шалгаруулалтын ажилд 1-2 удаа орсон. Тус эмнэлэгтээ 14-16 жил ажилласан хүмүүс байна. Оноо бөглөгдсөн байдал, ажлын хэсгийн хурлын протоколд “М” ХХК-ийн ажилласан жил, туршлага, хүний нөөц, бусад хүчин чадал, мөн нийгмийн хариуцлагыг тодорхой хэмжээнд хэрэгжүүлдэг зэргийг харж, үзээд шалгарууллаа гэсэн үг, үсэгтэй протокол байгаа. Яг юун дээр мэдлэг, чадвар, боловсрол дутсан талаарх үндэслэл байхгүй. Тухайн ажлын хэсгийн хүмүүсийн мэдлэг, боловсрол дутаж байгаа бол үүнд “М” ХХК буруугүй. Хуулийн мэдлэг дутуу гэх үндэслэлээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй байна. “Монос Архангай” ХХК-ийн эмийн санг энэ эмнэлэгт байршуулахгүй гэсэн хувийн шинжтэй хандлага гараад байгаа учраас эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хэрэгт ирсэн баримтыг харахаар зөвхөн кофе шоптой холбоотой баримт байдаг. Манай сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох зүгээр нэг шалтаг байсан гэж үзэж байна. Дараа нь сонгон шалгаруулалтын оноо өгсөн байдлууд, хурлын протоколыг харахаар үнэхээр энэ сонгон шалгаруулалтыг хууль бус болсон гэж үзэх боломжгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түрээсийн гэрээ хийхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Эхний сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан учраас дээрх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

3.4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр ажлаа авчхаад нэгдсэн эмнэлгийн бүх нэгж, салбар, өрөө, тасалгаагаар явж танилцсан. Тэгэхэд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа “М” ХХК-ийн өрөө цоожтой байсан. 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчөөс нэгдсэн эмнэлгийн талбай дээр үйл ажиллагаа явуулах аж ахуй, нэгжүүдийн талбай түрээслэх сонгон шалгаруулалтыг явуул гэсэн бичиг нь ирсэн учраас сонгон шалгаруулалтыг зарласан. Уг сонгон шалгаруулалт 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдөр нээгдсэн бөгөөд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шалгарсан гэх мэдэгдлийг “М” ХХК-д өгсөн. “М” ХХК-ний Архангай аймаг дахь захирал н.М надтай гэрээ хийхээр ирсэн. Би анхнаасаа энэ байгууллагатай гэрээ хийхгүй гэсэн бодол санаа байхгүй байсан.  Гэрээ байгуулахад тухайн сонгон шалгаруулалтыг хийгээд гарсан дүгнэлт, шийдвэр дээр үндэслэх шаардлагатай байсан. Нэгдсэн эмнэгийн даргын тушаал, сонгон шалгаруулалттай холбоотой албан бичиг гараагүй байсан болохоор би ажлын хэсгээс холбогдох баримтыг шаардсан. Ажлын хэсэг хуралдаж шийдвэр, протоколоо ирүүлсэн. Гэтэл сонгон шалгаруулалтын ажлын хэсэг “бид буруу шийдвэр гаргажээ. Энэ хурлыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Архангай аймгийн Төрийн өмчийн газар руу албан бичгээр явуулсан. Төрийн өмчийн дарга н.Г “Нэгдсэн эмнэлгийн асуудал учраас өөрсдөө хүчингүй болгох эсэх асуудлаа шийдвэрлэ” гэсэн хариу ирүүлсэн. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг “Яг энэ сонгон шалгаруулалтын процесс, үйл ажиллагаанд анх удаа оролцож байгаа учраас учир дутагдалтай сонгон шалгаруулалт хийсэн байна. Иймд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байсан учраас хүсэлтийг нь үндэслэн холбогдох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон. Үйл ажиллагаа явуулах боломжгүй гэдгийн “М” ХХК-нд албан бичгээр мэдэгдсэн гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

2. Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч “М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

 

3. Нэхэмжлэгчийн зүгээс Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргыг хариуцагчаар тодорхойлон маргасан бөгөөд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар тушаалыг хүчингүй болгуулах, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүхэд гаргасан маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.

4.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно”, 28.2. дахь хэсэгт “Засгийн газраас тусгайлан журамласнаас бусад үл хөдлөх хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төрийн өмчит хуулийн этгээд эдэлнэ.” гэж зохицуулжээ.

 

5. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 24.-д “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл зохих шатны шүүхэд хандаж маргааныг шийдвэрлүүлнэ.” гэж заасан.

 

6. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар, татгалзалын үндэслэлээ: “Нэгдсэн эмнэлэгийн байрны талбайг түрээслэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан тухайн үеийн Т.Отгонбат даргын ахласан ажлын хэсэг нь 2025 оны 3 дугаар сарын 25-нд дахин хуралдаж тодорхой үндэслэл, тайлбарыг дурьдан өөрсдийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргад ирүүлсэн. Манайхаас Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт дээрх хүсэлтийг уламжилхад Архангай аймгийн орон нутгийн өмчийн газраас албан бичгээр: “...сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох асуудлыг тухайн байгууллага шийдвэрлэхээр тусгагдсан байна. Иймд дээрх журамд заасны дагуу асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн хариуг ирүүлсэн учраас дээрх үндэслэлээр ажлын хэсгийн хүсэлтэд үндэслэн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгосон гэж тайлбарлан маргадаг.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч “М” ХХК-иас 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 11/13 дугаар албан бичгээр түрээслэгчийг сонгон шалгаруулахтай холбоотой эл асуудлаар гомдол гаргасан байх бөгөөд Архангай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 370 дугаар албан бичгээр “...Энэ шийдвэр гарсны дараа эмнэлгийн удирдлага солигдон шинээр томилогдсон дарга өмнөх шийдвэрийг судлах явцад уг шалгаруулалтыг зохион байгуулсан сонгон шалгаруулах хороо өмнө гаргасан дүгнэлтээ хүчингүй болгосон байна. Энэ шийдвэрийг үндэслэн Нэгдсэн эмнэлэг дахин сонгон шалгаруулалтыг зарласан нь холбогдох хууль, журмын дагуу явагдсан гэж үзэж байна...” гэсэн хариуг өгч байжээ. (Хавтаст хэргийн 63 дахь тал)

 

8. Энэхүү маргаан бүхий харилцаанд хамаарах нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээ болох Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын 8.-дТөрийн өөрийн өмчийн тухайн эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд түрээслэх бол түрээсийн гэрээний нөхцөлийг түрээслэгч, түрээслүүлэгч харилцан тохиролцоно.”, “Харин төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг зөвхөн нэг этгээдэд түрээслүүлэх бол түрээслэгчийг сонгон шалгаруулна.”, 10.-д “Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, түрээслэгчийг сонгон шалгаруулах журмыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар батална.” гэж заажээ.

 

9. Эрх олгосон дээрх хэм хэмжээний дагуу Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг тухайлан зохицуулсан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ын 2.3.5.-д “Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг материал нээснээс хойш ажлын 10 (арав) өдрийн дотор энэхүү зааварт заасны дагуу дүгнэсэн байна.” гэж, 2.3.6.-д “Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг шалгарсан оролцогчид мэдэгдэл, бусад оролцогчид үндэслэл бүхий хариу хүргүүлнэ.” гэж, 2.3.8.-д “Ажлын хэсэг нь түрээсийн гэрээг байгуулах гэрээний төслийг бэлтгэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлнэ.” гэж тус тус журамлан зохицуулжээ.

 

10. Эрх зүйн дээрх хэм хэмжээнээс үзвэл төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэгчийг сонгон шалгаруулж дүгнэх, шалгарсан оролцогчид мэдэгдэл, хариу хүргүүлэх, түрээсийн гэрээний төслийг бэлтгэх зэрэг ажиллагааг тухайн түрээслэгчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг гүйцэтгэхээр, ажлын хэсэг гол эрх хэмжээг эдлэх буюу ажлын хэсгийн шийдвэрээр шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулжээ.

 

11. Дээрх эрх зүйн хэм хэмжээнээс үзвэл маргаан бүхий энэ хэргийн тухайд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эд хөрөнгийн тодорхой хэсгийг эмийн сангийн зориулалтаар түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа нь ажлын хэсгийн санал, шийдвэрээр шийдвэрлэхээр байна.

 

12. Нарийвчилсан эрх зүйн хэм хэмжээ болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ын 4.4.-т “Сонгон шалгаруулатыг хүчингүй тооцох эсэх асуудлыг тухайн түрээслүүлэгч байгууллага шийдвэрлэнэ.” гэж заажээ.

 

13. Өөрөөр хэлбэл түрээслүүлэгч байгууллагаас ажлын хэсгийн санал, шийдвэрт үндэслэн тухайн түрээслэгчийг сонгосон шалгаруулалтыг хүчингүйд тооцох эрх хэмжээ олгогдсон гэж үзнэ.

 

14. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7.-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж тус тус заажээ.

 

15. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг.

 

16. Энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр сонгон шалгаруулалтыг эрхлэн явуулсан ажлын хэсэг нь өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгож энэ талаар байгууллагын удирдлагад мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлсэн болох нь тогтоогдож буй нөхцөлд эл үндэслэлээр тухайн эд хөрөнгийн түрээслэгч байгууллага буюу хариуцагч Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга /түр орлон гүйцэтгэгч/ нь сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсоныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан зарчмын агуулгад нийцсэн гэж үзлээ.

 

17. Өөрөөр хэлбэл нарийвчилсан харилцааг зохицуулсан журмын дээрх эрх олгосон зохицуулалтын дагуу хариуцагч захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу сонгох боломж, эрхийн хүрээндээ шийдвэрлэсэн шийдвэр байна гэж үзлээ.

 

18. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ын 2.3.6.-д “Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг шалгарсан оролцогчид мэдэгдэл, бусад оролцогчид үндэслэл бүхий хариу хүргүүлнэ.” гэж журамласан.

 

19. Хэрэгт авагдсан Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Т.О-г ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар тушаалаар  Т.О нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Д.Н-аг нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар тушаалаар Д.Н-г Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажилд томилсон болох нь тогтоогддог.

 

20. Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай албан бичгээр тус эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.О-с “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулах шалгаруулалтад танай байгууллагаас ирүүлсэн материал шалгарсан болохыг мэдэгдэж байна” гэсэн хариуг “М” ХХК-д хүргүүлсэн. (Хавтаст хэргийн 59 дэх тал)

 

21. Энэ тохиолдолд Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/06 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.От-с нэхэмжлэгч байгууллагад 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 150 дугаартай албаны бичгээр “Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийн сонгон шалгаруулах шалгаруулалтад танай байгууллагаас ирүүлсэн материал шалгарсан болохыг мэдэгдэж байна” гэсэн хариуг “М” ХХК-д хүргүүлсэн боловч тухайн өдрийн буюу 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн “Т.О-г ажлаас чөлөөлөх тухай” Б/12 дугаар тушаалаар ажлын хэсгийн ахлагч, Т.О-г Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх тул ийнхүү хүрүүлсэн мэдэгдлийг хүчин төгөлдөр эрх зүйн үйлчлэлтэй гэж үзэх боломжгүй юм.

 

22. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ын 2.3.5-д. “Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг материал нээснээс хойш ажлын 10 (арав) өдрийн дотор энэхүү зааварт заасны дагуу дүгнэсэн байна” гэж зохицуулжээ.

23. Хэрэгт авагдсан баримтаар Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт эмийн сангийн зориулалтаар түрээслэх талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон Н сан, М, Д, Х эмийн сангийн сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудаст тухайн үед ажлын хэсгийн ахлагч Т.О, нарийн бичгийн дарга Н.П, А.Э нар гарын үсэг зурсан байх боловч ажлын хэсгийн бусад гишүүд болох Х.Б, Б.О, О.З, Э.А нар гарын үсэг зураагүй байна. (Хавтаст хэргийн 178 дахь тал)

24. Эмийн сангийн талбай түрээслэгч сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалтын үнэлгээ гаргасан боловч сонгон шалгаруулалтын материалыг дүгнэх үнэлгээний хуудаст бүгд гарын үсэг зураагүй тухайн тохиолдолд уг үнэлгээний хуудсыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгох “Сонгон шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ын 2.3.5. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг материал нээснээс хойш ажлын 10 (арав) өдрийн дотор энэхүү зааварт заасны дагуу дүгнэсэн байна.” гэж заасантай бүрэн нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

25. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.А, “М” ХХК-ийн захирал Л.М нар 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1 давхрын 41.4 м.кв талбайг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2029 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд эмийн сангийн талбай түрээслэх зориулалтаар” орон нутгийн өмчийн түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд Архангай аймгийн орон нутгийн өмчийн газраас тус гэрээг мөн баталсан баримт хэрэгт авагдсан. (Хавтаст хэргийн 150-154 дэх тал)

 

26. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхээс “М” ХХК болон Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг, Архангай аймгийн орон нутгийн өмчийн газрын хооронд байгуулсан 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээтэй холбоотойгоор эрх зүйн дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

27. Түүнчлэн нэгдсэн эмнэлгийн 1 давхрын 41.4 м.кв талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг түрээслүүлэгч байгууллагаас хүчингүй болгосонтой холбоотойгоор сонгон шалгаруулалтыг дахин зарласан байх бөгөөд тус сонгон шалгаруулалтад оролцохоор нэхэмжлэгч байгууллагаас материалаа хүргүүлсэн байгаа талаар шүүх хуралдаан дээр мэдүүлсэн.

 

28. Улмаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн талбайн түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хурлын протоколд “... үнэлгээний хорооны гишүүдийн саналын дагуу орон нутгийн өмчийн газарт гаргасан өргөдлийг шийдвэрлэтэл тодорхойгүй хугацаагаар сонгон шалгаруулалтын материалыг нээхийг хойшлуулж байна.” гэж тусгагджээ. (Хавтаст хэргийн 163-164 дэх тал)

 

29. Шүүхийн энэхүү шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон тухайлсан тодорхой маргааныг шийдвэрлэсэн бөгөөд эл шийдвэр нь тус дахин зарласан түрээслэгчийн сонгон шалгаруулалтад оролцох нэхэмжлэгчийн эрх болоод хариуцагч буюу түрээслүүлэгч байгууллагаас шалгаруулалтыг зохих хууль журмын дагуу зохион байгуулж шийдвэрлэх харилцаанд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй болохыг дурьдах зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 106.3.14., 106.5., 106.7. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                             

ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 42 дугаар зүйлийн 42.1., 42.2. дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан “Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн . дугаар тушаалыг хүчингүй болгуулж, түрээсийн гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        А.ТҮВШИНТУЛГА