Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01410

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01410

 

 

К.З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23ы өдрийн 182/ШШ2021/01390 дугаар шийдвэртэй, К.З ХХК-ийн нэхэмжлэлтэй ТОСК ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 172 697 470 төгрөг гаргуулах,

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах,

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах,

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгахаар нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Манлай, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч К.З ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2014/2-35 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2015/2-02 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2016/2-06 дугаартай гэрээ зэргийг ТОСК ТӨҮГ-тай байгуулсан. Эдгээр 4 гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

2014/2-35 дугаартай гэрээгээр манайх Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдах Буянт Ухаа-2 хорооллын 54 айлын 9 давхар 48 орон сууцны барилга угсралтын ажлын явцад зохиогчийн хяналтыг хийж ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг 378 129 117 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд энэ үүргээ гэрээнд зааснаар бүрэн биелүүлсэн, барилгыг 2019 оны 9 дүгээр сард Улсын комисс хүлээн авсан. Харин ТОСК нь гэрээний үлдэгдэл төлбөр болох 13 251 647 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй.

2014/2-60 дугаартай гэрээгээр 72 айлын 60 ширхэг орон сууцны барилгын холболтын зураг төсөл, төсөв боловсруулах ажлыг 1 624 884 540 төгрөгөөр хийж гүйцэтгэх үүрэг хүлээж, захиалагч тал 2016 оны 2 дугаар сарын 29-ний байдлаар Буянт Ухаа 2 хорооллын 2 дугаар ээлжийн зураг төслийг 87,01 хувиар тооцон акт үйлдэж гэрээг дүгнэсэн.

Энэ гэрээний үлдэгдэл тооцоо болох 149 346 676.25 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

2015/2/02 тоот гэрээгээр үүргээ манайх бүрэн биелүүлсэн, захиалагч нь үлдэгдэл төлбөр 7 107 147 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй.

2016/2-06 тоот гэрээгээр манай компани үүргээ бүрэн биелүүлсэн, захиалагч 2 992 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул дээрх 4 гэрээний дутуу гүйцэтгэсэн үүрэгт нийт 172 697 470 төгрөгийг ТОСК ТӨҮГ-аас гаргуулж өгнө үү. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг,

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг хариуцагчид тус тус даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх 4 төрлийн гэрээг байгуулсан. Нийт 1 264 465 362 төгрөгийн санхүүжилтийг олгосон. ТОСК ТӨҮГ нь К.З ХХК-иас гэрээнд заасан шаардлагын дагуу зургийн ажлуудыг авч холбогдох санхүүжилтийг олгосон. К.З ХХК нь гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасныг зөрчин өнөөдрийг хүртэл нийт хийгдэх ажлуудаас 2014/2-60 тоот гэрээний 2.1.6-д заасан Гадна шугам, сүлжээний иж бүрэн ажлын зураг, төсөв, 2.1.8-д заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг, төсөв зэрэг нийт 280 000 000 төгрөгийн ажлуудыг огт хийгээгүй, хүлээлгэн өгөөгүй.

Нэхэмжлэгч К.З ХХК нь 2014/2-60 тоот гэрээний 4.2-д зааснаар мөн Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар барилгын зураг, төсөвт заавал магадлал хийлгэсэн, хуулийн шаардлагыг хангасан зураг төсөв ирүүлээгүй, гэрээний 2.1.6, 2.1.7, 2.1.8-д заасныг зөрчсөн, уг ажлыг захиалагчаар хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэсэлгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заасныг баримтлан хариуцагч ТОСК ТӨХХГ-иас 7 107 147 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 165 590 323 төгрөгт холбогдох хэсгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу манай туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,232,137.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 128,664 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2014/2-35 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 13 215 647 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл уг гэрээгээр ажил үүргээ хийж гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагч нь 13 215 647 төгрөгийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч тооцооны баримтыг хэрэгт гаргасан. 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2016/2-06 тоот гэрээний үлдэгдэл 2 992 000 төгрөгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл энэ гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч ч үлдэгдэл төлбөр төлөхийг зөвшөөрч тооцооны баримт үйлдэж хэрэгт гаргаж өгсөн.

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2014/2-60 тоот гэрээний дагуу хийсэн ажлын талаар хоёр ч тооцоо нийлсэн баримт байгаа. Гэрээний нэг талын төлөөлөгч Цэнгэлийн гарын үсэгтэй 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн зураг төсөл хүлээлцсэн актад гэрээний нөгөө тал К.З ХХК-ийн гарын үсэг огт байхгүй, энэ хүлээлцсэн актаар ажлын гүйцэтгэлийг 80,18 хувь гэж тооцсон. Шүүх уг баримтыг үндэслэл болгосон. Гэтэл нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий гэрээний ажлын гүйцэтгэлийг 87,01 хувиар ажил хүлээлцсэн акт үйлдсэн ба хоёр тал хоёулаа байлцаж гарын үсэг зурсан баримтыг шүүх үндэслэл болгоогүй огт үнэлээгүй. Хариуцагч 2020 онд ажил хүлээлцэх актыг шинээр үйлдэж манайх 87,01 хувиар тооцож мөнгөө гаргуулахаар нэхэмжилсэн болохоос үлдсэн 13 хувийг шаардаагүй. Гэрээний 2.1.6, 2.1.8-т заасан ажлыг гүйцэтгэхэд бэлэн байсан боловч захиалагч талаас шаардагдах архтектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөл зэрэг баримтуудыг гаргаж өгөөгүйн улмаас ажил зогсонги байдалд орсон. Биднээс шалтгаалах ажлаа хийсэн учраас ажлын хөлсөө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч К.З ХХК нь хариуцагч ТОСК ТӨҮГ-т холбогдуулан 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2014/2-35 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээний үүрэгт 3 251 647 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний үлдэгдэл тооцоо болох 149 346 676 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2015/2-02 дугаартай барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээний үлдэгдэл төлбөр 7 107 147 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2016/2-06 дугаартай гэрээний ажлын үлдэгдэл төлбөр 2 992 000 төгрөг, нийт 172 697 470 төгрөг гаргуулахаар шаардсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний 2.1.6 дахь хэсэгт заасан гадна шугам сүлжээний иж бүрэн ажлын зураг төсөв буюу туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хүргүүлсэн зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах,

2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний 2.1.7 дахь хэсэгт заасан үйлчилгээний барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй экспертизийн дүгнэлт гаргуулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгах, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний 2.1.8 дахь хэсэгт заасан кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг төсвийн хийсэн ажлыг баталгаажуулахад шаардагдаж буй зураг төсвийн даалгавар боловсруулан өгч, уг ажлыг хүлээн авахыг даалгахаар тус тус шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч .., нийт хийгдэх ажлуудаас 2014/02-60 тоот гэрээний 2.1.6-д заасан гадна шугам, сүлжээний иж бүрэн ажлын зураг, төсөв, 2.1.8-д кино театр, үзвэр үйлчилгээний төвийн барилгын иж бүрэн ажлын зураг, төсөв зэрэг нийт 280 000 000 төгрөгийн ажлыг огт хийгээгүй. К.З ХХК нь ТОСК-д нийт 243 717 856 төгрөгийн НӨАТ-ын өртэй гэж маргажээ./хх114-117/

 

Зохигчдын хооронд 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 2014/2-35 тоот барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2014/2-60 тоот барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 2015/2-02 тоот барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 2016/2-06 тоот Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо 8 дугаар хэсгийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 12,5 га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил нэртэй гэрээ тус тус байгуулагдсан үйл баримт талуудын тайлбар, гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогжээ./хх72-91/

 

Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2014/2-35 тоот гэрээний үлдэгдэл 13 251 647 төгрөгийг, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 7 107 147 төгрөгийг, 2014/2-06 тоот гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар хэсгийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын үлдэгдэл төлбөр 2 992 000 төгрөгийг хариуцагч тооцооллын хувьд хүлээн зөвшөөрч дээрх хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан./хх 52/ Мөн ажлын гүйцэтгэлийн жин хувиар, нийт ажлын жингээр хувиар гэх мэт үзүүлэлтээр тооцсон Буянт-Ухаа 2 хорооллын 2-р ээлжийн зураг төслийг хүлээлцсэн акт нэртэй баримтад хариуцагч байгууллагын Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын дарга С.Ариунзул болон К.З ХХК-ийн захирал Б.Манлай нар гарын үсэг зуржээ. /хх 20/

 

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт өмнө нь нийт 1 264 465 362 төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. /хх43-44/ Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талууд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 дугаартай гэрээний ажлын хөлсний үлдэгдэлд 149 346 676 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй эсэхэд, мөн тодорхой үйлдэл хийлгэхээр даалгах шаардлагуудын хувьд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь зураг төсөл, зураг төсвийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хариуцагчийн хийвэл зохих үйлдлээ хийгээгүйгээс улбаалан ажлын үр дүнг хүлээлгэн өгч чадахгүй байгаа талаар тайлбарласан бол хариуцагч нь... ажлуудыг огт хийгээгүй, үр дүн гаргаагүй гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Хариуцагчийн талуудын гэрээ байгуулагдаад 6-7 жил өнгөрсөн, гэрээний хугацаа дууссан, үүргийг гэрээгээр тохиролцсон хугацаанд гүйцэтгээгүй гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй боловч талууд гэрээг хуульд заасан журмын дагуу цуцалсан гэх үйл баримт мөн тогтоогдоогүй буюу гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болоогүй буюу хариуцагч байгууллага ажлын хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөөгүй.

 

Нэхэмжлэгч мөн гэрээгээр тохиролцсон хугацаанд үүргээ зохих ёсоор биелүүлсэн болохоо нотлоогүй. Тодруулбал, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь ажлыг зохих ёсоор, хугацаанд нь гүйцэтгээгүй гэх нөхцөл байдлыг тайлбарлахдаа хариуцагч байгууллагаас зохих заавар өгөөгүй, шаардлагатай баримт бичиг бэлэн бус байсан гэх агуулгаар тайлбарлажээ. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3, 351 дүгээр зүйлийн 351.1.3, 351.1.4 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэхтэй холбоотой талууд харилцан хамтран ажиллах, нөгөө талд мэдэгдэх үүргийг тодорхойлсон бөгөөд эдгээр дагалдах үүргийг биелүүлсэн буюу захиалагчаас шаардлагатай байгаа зүйлийн талаар мэдэгдэх ажиллагаа хийсэн талаар хэрэгт баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүн гаргахын тулд хариуцагчаас хийвэл зохих үйлдлээ хийхийг нэхэмжлэгчийн зүгээс шаардаж, харилцаж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Харин хариуцагч талаас 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр,2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр , 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдөр тус тус ажил хүлээлгэн өгөхийг сануулсан мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан талаар албан бичгийг нотлох баримтаар өгсөн байна. /хх 110-112/ Иймд нэхэмжлэгч тал нь ажлын хөлсийг бүтнээр нь шаардах эрх үүссэн болохоо баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2 дах хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах юм. Иймд туслан гүйцэтгэгч Түвшинжин ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/209 албан тоотоор хариуцагч буюу захиалагчид хүргүүлсэн гэх зураг төслийг хүлээн авсан тухай баримт гаргаж өгөхийг даалгах нь үндэслэлгүй юм. Ажлын үр дүнг хариуцагчийн өмнө биечлэн хариуцах этгээдийн хувьд зохих ёсоор хүлээлцэх нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.6-д заасан нэхэмжлэгч буюу ажил гүйцэтгэгчийн үндсэн үүрэг бөгөөд захиалагчид Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар уг үр дүнгийн талаар хугацаанд нь хүлээн авахыг мэдэгдсэн баримт байхгүй тул шүүхээс гэрээнд заасан хугацаа өнгөрснөөс хойш нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн барилгын ажлын холболтын зураг гэх баримтыг үндэслэн хариуцагчид уг зургийг хүлээн авахыг даалгах боломжгүй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Хэргийн 52 дугаар талд авагдсан гэрээт ажлын тооцоо гэх баримт нь хэдий нэг талын буюу захиалагчийн баримт боловч уг баримтад тусгагдсан үлдэгдэл санхүүжилтийн үнийн дүн нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тусгасан дүнтэй тохирч байх тул нэхэмжлэлээс талуудын маргаагүй, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэсгийг хангах нь зүйтэй. /хх1,52/

 

Харин зохигч 2014/2-60 дугаартай барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний үлдэгдэл тооцоо гэх 149 346 676 төгрөгийн хувьд маргаантай байна.Талууд 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 тоот барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний биелэлт хэдэн хувьтай болох, хэдэн төгрөгийн ажлын хөлс буюу санхүүжилтийг нэхэмжлэгч нь хариуцагчаас авах эрхтэй эсэх талаар маргаж байна.

 

Уг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2014/2-60 тоот барилгын ажлын холболтын зураг төсөв боловсруулах гэрээний зүйл нь гэрээний 2.1-д зааснаар Буянт-Ухаа 2 хороолол төслийн батлагдсан хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу 2 дугаар ээлжийн барилгажих 12 давхар 72 айлын 6 ширхэг орон сууцны барилгын холболтын зураг төсөл, төсөв боловсруулах ажил байна.

 

Энэ гэрээний 2.1-т заасан ажил нь гэрээний 2.2-т заасан бүрдэл хэсгүүдээс бүрдэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 149 346 676 төгрөгийн нотлох баримтаар хэргийн 20 дугаар талд авагдсан зураг төслийг хүлээлцсэн актыг заасан боловч уг актын аль ажил нь хэдэн төгрөгийн үнэлгээтэй болох буюу нэхэмжлэгч нийт хэдэн төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь санхүүгийн тооцоо баримтаар давхар нотлогдоогүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2014/2-60 тоот гэрээний үнийн дүнгийн 87,01 хувиар тодорхойлжээ. Гэтэл ажил хүлээлцсэн актаас үзэхэд зарим дээрх ажлын хэсгийн гүйцэтгэл 0,00 хувьтай, тухайлбал гадна тохижилтын ажил, үерийн усны далан байгууламж, замын ус зайлуулах сувагчлал гэх мэт ажлууд ямар үнэлгээтэй болох нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь хариуцагчтай санхүүгийн хувьд тооцоо нийлээгүй, хариуцагч талын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн, 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн тооцоо нийлж актаар баталгаажуулах саналыг хүлээж аваагүй, 149 346 676 төгрөгийн хэмжээний ажлыг зохих ёсоор гүйцэтгэж хүлээлгэн өгснөө нотлоогүй байна. /хх 110-112/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ эргэлзээгүй баримтаар нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэвэл зохих нийт ажил нь дотроо задаргаа, бүрдэл хэсэгтэй байх бөгөөд нийт 8 нэр төрлийн ажлуудаас зарим нь бүрэн хийгдээгүй нөхцөлд ажил тус бүрийн үнэлгээ тодорхойгүй, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын үнэлгээг хийгээгүй, дутуу хийсэн ажлаас салгаж үнэлэх боломжгүй, талууд тооцоо нийлээгүй, дээрх актыг талууд баталгаажуулаагүй тул 149 346 676 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй харин хариуцагчийн 38 367 062 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар болон, өмнө дүгнэгдсэн ажлын талаарх хэргийн 52 дугаар талд авагдсан барилгын зураг төсөл боловсруулах, зохиогчийн хяналт хийх гэрээт ажлуудын тооцоо гэх баримтад үндэслэн хэсэгчлэн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

Тодруулбал, зохигчдын тооцооллын хувьд маргахгүй байгаа 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 2014/2-35 тоот гэрээний үлдэгдэл 13 251 647 төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр суманд хийж гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 7 107 147 төгрөг, 2014/2-06 тоот гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар хэсгийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын үлдэгдэл төлбөр 2 992 000 төгрөг /хх52/ мөн дээр хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр 38 367 062 төгрөгийг нэмж, нийт 61 717 856 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 23ы өдрийн 182/ШШ2021/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 7 107 147 /долоон сая нэг зуун долоон мянга нэг зуун дөчин долоон/ төгрөгийг гэснийг 61 717 856 төгрөг гэж, 165 590 323 гэснийг 110 979 614 төгрөг гэж, 2 дахь заалтын 128 664 гэснийг 466 539 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 196 510 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД