Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0511/З |
Дугаар | 714 |
Огноо | 2016-09-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 714
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Батмөнх
Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгуулах”
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батмөнх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баярдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Ахлах ахлагч Ц.Батмөнх би Сүхбаатар аймгийн Онгон сумын 0184 дүгээр ангийн 5-р заставын жагсаалын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ба тус ангид тасралтгүй нийт 17 жил ажилласан. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны үед ээлжийн амралтаа эдэлж байтал тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Энхсүх надад “Цагаан сар болох гээд чиний ажлын байранд ажиллах хүн байхгүй байна, цагаан сар өнгөртөл хэд хоног ажиллаж бай” гэж хэлсэн. Би хурандаа С.Энхсүх даргын тушаалаар ээлжийн амралт эдэлж байх хугацаандаа ажиллаж
байхдаа буюу 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр харуулын ажил шалгах явцдаа манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Т.Мөнх-Эрдэнийн 1963 ЕР4456 дугаарын гол төмөртэй АКМ бууны хоолойг сумлан шалгаж үзэх явцдаа өөрийн болгоомжгуй байдлаас баруун хөлөө буудаж хүнд гэмтэл учруулсан.
Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав “архидан согтуурч өөрийгөө санаатайгаар буудаж биедээ хүнд гэмтэл учруулсан ...” гэдэг үндэслэлээр намайг буруутган 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б\256 дугаартай “Ц.Батмөнхийг үүрэгт ажлаасчөлөөлж, цэргийн албанаас халах тухай” тушаал гаргаж, би цэргийн албанаас чөлөөгдсөн. Харин дээрх хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн
үйлдсэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5\ 182 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд “... Ц.Батмөнх нь харуулын ажил шалгах явцдаа манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Т.Мөнх-Эрдэнийн 1963 ЕР4456 дугаарын гол төмөртэй АКМ бууны хоолойг сумлан шалгаж үзэх явцдаа өөрийнхөө болгоомжгүй байдлаас бар^ун хөлөө буудаж хүнд гэмтэл учруулсан болох нь Шинжээч эмчийн 127 тоот дүгнэлтээр тогтоогдсон ... тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна” гэсэн байдаг.
Би 2014 оны 1 дүгээр сарынн 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, амралтаа эдэлж дуусаад тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байсан төдийгүй ажлаас халагдах тушаал гарах хүртэлх хугацаанд цэргийн албанд тасралтгүй 25 жил 4 сар ажиллачихсан байсан юм. Гэтэл болгоомжгүй байдлаас биедээ хүнд гэмтэл учруулж хэвтэрийн дэглэм барих шаардлагатай болсон тул цэргийн тэтгэвэр болон тэтгэмжтэй холбоотой асуудлыг тухайнн үед өөрийн биеэр хөөцөлдөх боломжгүй байсан.
Гэсэн ч 2015 оны 3 дугаар араас миний биеийн байдал сайжирч, таяг тулан алхаж эхэлсэн тул өөрийн бичеэр тэтгэвэртэй холбоотой асуудлаа зохих байгууллагад хандсан бөгөөд намайг цэргийн албанд нийт 25 жил 4 сар ажилласан ба үүнээс Сүхбаатар аймгийн АХГЗахиргааны цагдаагийн хэлтэст 3 жил 1 сар, хилийн цэрэгт 22 жил 3 сар ажилласныг Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тогтоосон тул 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн надад тэтгэвэр олгож эхэлсэн.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Цэргийн албан хаагч эрэгтэй 25-наас доошгүй ... жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан.
Монгол улсын Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журамын 3 дахь хэсэгт “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээгээр тооцно.” гэж заасныг үндэслэн нэг удаагийн тэтгэмж нь 18.423.851 төгрөг болж байгаа юм.
Дээрх хуулиуд болон журамд зааснаар Ц.Батмөнхөд нэг удаагийн тэтгэмжийг авах хууль зүйн үндэслэл бий болсон атал эрх бүхий албан тушаалны гаргасан хууль бус актын улмаас Ц.Батмөнх нь цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.
Иймд Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ч.Сайнтөрийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3\626 дугаартай албан бичгийг хүчингүйд тооцож, эрх бүхий албан тушаалтанд Ц.Батмөнхөд 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох тухай акт гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хилийн 0184 дүгээр ангийн дугаар
заставын жагсаалын дарга, ахлах ахлагч Ц.Батмөнх нь заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Н.Энхтайвангаас “Золголт хийгээд ирье” гэж чөлөө авч заставын байрлалаас мотоцикль уналгатайгаар 17.00 цагийн үед яваад Заставын байрлалд 23.00 цагийн орчим ирэхэд нь заставын жижүүр, дэд түрүүч П.Борбанди угтаж очиход нилээд хэмжээний согтолттой байсан. Шөнийн 01.30 цагийн орчим заставын цагийн манааг дуудаж буугаа шалга гээд бууг шалгуулан авч, дахин өөрөө шалган 5-6 алхам зайд очин зогсож байснаа баруун хөлнийхөө шилбэн тус газар буудаж гэмтээсэн.
Тус аймгийн Наран сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Төрболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Занданбал нарт хэргийг шалгуулахаар эд мөрийн баримтыг хүлээлгэн өгч зохих журмын дагуу шалгуулсан. Сүхбаатар аймгийн прокурорын газрын 2014 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 5/182 тоот тогтоолоор Ц.Батмөнх нь өөрөө өөртөө гэмтэл учруулсан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Хилийн 0184 дүгээр ангийн заставын жагсаалын дарга, ахлах ахлагч Ц.Батмөнх нь архидан согтуурч өөрийгөө буудаж, биедээ хүнд гэмтэл учруулж цэргийн дүрэм, сахилгыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-ын 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 6/256 дугаар тушаалаар захиргааны санаачилгаар үүрэгт ажпаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халсан.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Батмөнх нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс цэргийн тэтгэвэр тогтоолгосон байна.
Цэргийн алба хаагч нь төрийн тусгай алба хаагч буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарагддаг.
Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн/ үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ алба хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж,
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.
Дээрхээс бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд 36 хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тусламж, тэтгэмж олгох хуулийн зохицуулалт байхгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Батмөнх нь цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж захиргааны санаачилгаар цэргийн жинхэнэ албанаас халагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 36 сарын цалин
хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй байна. Иймд иргэн Ц.Батмөнхөөс гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс “…Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагчид даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичиг -ээр “...Ц.Батмөнх нь “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын дагуу цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчиж захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1, 19 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгохгүй...” гэж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...зохих байгууллагын шийдвэрээр цэргийн албан хаагчийн тэтгэврээ тогтоолгосон, нэг удаагийн тэтгэмж авах хууль зүйн үндэслэл бий болсон атал хариуцагчийн гаргасан энэхүү хууль бус актын улмаас цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчиж байгаа нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...Ц.Батмөнх нь архидан согтуурч өөрийгөө буудаж, биедээ хүнд гэмтэл учруулж цэргийн дүрэм, сахилгыг зөрчсөн тул Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны б/256 дугаар тушаалаар захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж цэргийн жинхэнэ албанаас халсан, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халагдаагүй тул нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Нэхэмжлэгчид цэргийн албан хаагчид олгох нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзахдаа Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.4 “...цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн бол цэргийн жинхэнэ албанаас халах” гэж заасны дагуу захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халагдсан мөн Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид ажилласан хугацааг нь харгалзан 1-12 сарын үндсэн цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19.1-д “Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 2О-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд З6 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж заасан хуулийн заалтуудын дагуу тэтгэмжийг олгох боломжгүй гэж тайлбарлан татгалзсан нь хуулиар хүлээсэн үүргээ үндэслэлгүйгээр биелүүлэхээс татгалзаж, нэхэмжлэгчид хуулиар олгосон эрхийг нь зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.
Тодруулбал Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.4-д заасны дагуу нэхэмжлэгчийг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн б/256 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн албанаас халах тухай шийдвэрийг гаргасан гэх шалтгаанаар түүний эрх бүхий байгууллагын шийдвэрээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байдал болон хуульд зааснаар цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах эрхийг нь хязгаарлаж байгаа нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19.1-д “Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 2О-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд З6 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 21 дүгээр зүйлийн 21.2-д “Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага... олгоно” гэж тус тус заасантай нийцээгүй шийдвэр болсон байна.
Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн дээрх заалтуудаас үзэхэд нэг удаагийн тэтгэмж авах гол хуулийн шаардлага бол тухайн цэргийн албан хаагч нь хуульд зааснаар цэргийн албанд 25 жил тасралтгүй ажиллаж эрх бүхий байгууллагын шийдвэрээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагатай болохоос бус ямар нэг байдлаар ажлаас захиргааны шийдвэрээр халагдаагүй байх гэсэн тусгай шаардлагыг тавиагүй ба энэ үндэслэлээр тэтгэмжийг олгохгүй байх хуулийн хориглосон заалт цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж олгох тухай асуудлыг зохицуулсан зохицуулалт хуульд байхгүй байна.
Нэхэмжлэгчийн хувьд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгож, тэтгэврээ авч байгаа болох нь хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1/98 дугаар, Хил хамгаалах ерөнхий газрын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1-3/2095, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/620 дугаартай албан бичиг зэргээр нотлогдож байгаа ба 2014 онд болсон үйл баримтыг 2015 онд нэхэмжлэгчийн цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон, нэг удаагийн тэтгэмж авахтай холбогдуулан хуульд заасан үүргээ биелүүлэхээс татгалзах шалтгаан болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг авах /эрэгтэй 25-аас доошгүй жил цэргийн алба хааж, тэтгэвэрт гарсан байх/ хуульд заасан ажилласан жилийн болон тэтгэвэр тогтоолгосон байх шаардлагыг бүрэн хангаж байхад хариуцагч байгууллагаас “...нэхэмжлэгч нь ажлаас халагдахдаа сахилгын зөрчил гаргаж захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж цэргийн жинхэнэ албанаас халагдсан, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас халагдаагүй...” гэх шалтгаанаар татгалзаж байгаа нь нэхэмжлэгчийн дээрх тэтгэмж авах эрх үүссэн байдлыг үгүйсгэх боломжгүй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчид хуульд заасан нэг удаагийн тэтгэмжийг түүний 36 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээтэйгээр олгохыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “Цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг төрийн захиргааны холбогдох төв байгууллага... олгоно”, Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 3-д “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно” гэж зааснаар бодож хариуцагчаас олгох үүрэгтэй байхад энэ үүргээ хэрэгжүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгож, Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журамд зааснаар тооцон нэхэмжлэгчид 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг Хил хамгаалах ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 36 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохыг хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ