Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0475

 

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2017/0475

Улаанбаатар хот

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Х.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, К ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К ХХК-ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нарын тогтоосон 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актаар ногдуулсан төлбөрөөс 44.369.3 мянган төгрөгийн торгууль, 17.989.7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү, нийт 62.357.2 мянган төгрөгийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: ... Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 тоот актад манай компанийг 2010 онд 8899,3 мянган төгрөг, 2011 онд 16168,6 мянган төгрөг нийт 25067,9 мянган төгрөгийн орлогын аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй гэж акт тавьсныг анхан шатны шүүх зөв байна хэмээн үзэж энэ зөрчил нь тус компанийн 2010 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж илт худлаа тайлбарлаж хууль зөрчсөн. Орлого нуусан гэх 25067,9 мянган төгрөг нь илт үндэслэлгүй ба энэ нь ямар газраас хэзээ орж ирсэн гэдэг нь ойлгомжгүй дээрх тайлангуудад ч харагдахгүй дүн юм. Татварын улсын байцаагчийн 2012.06.29-ний өдрийн 263191 тоот актад ч энэ талаар тодорхой заагаагүй хяналт шалгалтыг хэлбэрийн төдий явуулсан нь үүгээр харагдаж байна.

Мөн шүүх шийдвэртээ зөрчил тус бүрд үнэлэлт дүгнэлт өглөө гэсэн атлаа 2011 оны алдагдлыг 16168,6 мянган төгрөгөөр бууруулсан актад үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан байна. Алдагдал бууруулна гэдэг чинь манай компанид энэ хэмжээгээр хохирол учирч байгааг шүүх ойлгосонгүй.

Шүүхийн шийдвэрт ... Нэхэмжлэгч К ХХК нь 2010, 2011 онд олсон 25067,9 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулан төлөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, К ХХК-ийн 2010, 2011 оны санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан зэргээр тогтоогджээ ... гэж мөн илт үндэслэлгүй дүгнэлт өгсөн. Дээрх орлогыг хэзээ яаж нуусан нь тодорхой бус байхад шүүх яаж үүнийг санхүүгийн тайлангаас яаж гаргаж ирээд байгаа нь ойлгомжгүй байна.

Манай компанийг нэр бүхий компаниудаас хуурамч 1428298,6 мянган төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татвараас 203411,8 мянган төгрөгийн хасалт хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Манай компани бодит худалдан авалт хийсэн ба дээрх компаниудын падааныг татварын сайтад шивэхэд хүлээн авч байсан тул бид хууль бус гэдгийг мэдээгүй. Үүнийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж үзээд манай компанийг буруугүй болох нь тогтоосон. Шүүхээс анхан шатны баримтыг бүрдүүлээгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь анхан шатны баримтгүй бол тайлан автоматаар хүлээн авдаггүй. Гэтэл тайлан хүлээн авсан байхад шүүх энэ тал дээр үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглохоор зааснаас гадна татварын улсын байцаагчийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно:

30.1.1.татварын хяналт, шалгалтыг удирдамж, томилолтгүйгээр хийх гэж заасан. Гэтэл татварын улсын байцаагч нар К ХХК-д хяналт шалгалт хийхдээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг зөрчиж татварын хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн байна. Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний №263191 тоот актын эхлэл хэсэгт ... албан татварын ногдуулалт, төлөтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 албан тоотын дагуу ... гэж хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн нь харагдаж байна. Энэхүү хууль бус үйлдлээ нуухын тулд дахин хууль бус үйлдэл гаргаж хуурамч удирдамж буюу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийг архивын баримтад нөхөн хийсэн байна. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч удирдамжийг нөхөж хийсэн талаараа мэдүүлсэн байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг шүүх хэрэгжүүлсэнгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д Шүүх хууль хоорондоо зөрчилтэй болон хууль шударга бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндэслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзах эрхгүй гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2008 оын 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний Татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм-ийг шүүх хэрэглэсэн байсан.

Татварын ерөнхий газрын даргын 2008 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний Татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм-ийн /цаашид дүрэм гэх/ 2.1.8-д Татвар төлөгчдийг татварын гэнэтийн, хэсэгчилсэн, нийтийг хамарсан болон тусгай удирдамжаар хийх хяналт шалгалтад хамруулах, түүнд зарцуулах хугацаа зэргийг тухайн хяналт шалгалтын онцлог, гүйцэтгэх ажлын хэмжээ, хяналт шалгалт хийх татварын улсын байцаагчдын тоот харгалзан Татварын албаны даргын баталсан удирдамжаар тогтооно гэж заасны дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар удирдамжаа батлуулах байжээ. Татварын албаны дарга гэдэг нь дүүргийн татварын хэлтсийн даргыг ойлгоно. Дүрмийн 2.3.5.б-д Хяналт шалгалтыг эхлэхдээ татвар төлөгчид нэр, албан тушаалаа хэлж, татварын улсын байцаагчийн үнэмлэх, Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тусгай удирдамжаа үзүүлэн хяналт шалгалт хийхээр томилогдсоноо мэдэгдэж, үйл ажиллагааныхаа зорилгыг тайлбарлана гэж заасан байтал татварын улсын байцаагч нар удирдамж ерөөсөө үзүүлээгүй ба харин шүүхийн шатанд томилолтоо гарган өгсөн. Дүрмийн 2.3.6.а-д Хяналт шалгалтын удирдамжийг үндэслэн хийх ажлын жагсаалт гаргаж, удирдамж, томилолтод заасан хугацаанд багтаан хянан шалгах дарааллыг тогтооно гэж зааснаас үзэхэд удирдамж дээр хугацаа хийх ажлын жагсаалтыг заахаар зохицуулсан. Эдгээрээс үзэхэд хуурамч хүчин төгөлдөр бус удирдамж хийсэн нь тогтоогдож байгаа ба нөхөж хийсэн ул мөр нь шүүхээс үзлэг хийх явцад илэрхий болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж зааснаар татварын улсын байцаагчийн акт гаргах эрх зүйн гол үндэслэлийн нэг бол удирдамж бөгөөд эрх зүйн үйлчлэлгүй удирдамжийн үндсэн дээр гарсан акт бүхэлдээ илт хууль бус юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Д, Х.П нар К ХХК-ийн 2010-2011 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 263191 дүгээр актын 1/-ийн а/ 2010 онд 8899,3 мянган төгрөгийн орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй татвар ногдуулан төлөөгүй зөрчилд б/ 2010 онд 335375,6 мянган төгрөг, 2011 онд 1092923,0 мянган төгрөг нийт 1428298,6 мянган төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр тус компаниудын нэр, тамга бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамчаар бичүүлэн авч, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зэх зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасч, аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2/ ... 2010 онд 8899,3 мянган төгрөг, 2011 онд 16168,6 мянган төгрөг, нийт 25067,9 мянган төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төлөөгүй гэсэн зөрчил тогтоон, шалгалтаар илэрсэн 1478434,4 мянган төгрөгийн зөрчилд 146226,6 мянган төгрөгийн нөхөн татвар, 44369,3 мянган төгрөгийн торгууль, 17982,7 мянган төгрөгийн алданги, 5,2 мянган төгрөгийн хүү нийт 208.583,8 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ, 8 дугаар зүйлийн 8.2-т Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилтийг хэрэглэнэ гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч К ХХК нь 2010 оны 10 дугаар сард Г С ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын 007525379, 007525380 дугаартай падаанаар нийт 274.466.509 төгрөгийн, 2010 оны 09 дүгээр сард Дөрвөн гангууд ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын 007386732, 007386733 дугаартай падаанаар нийт 60.909.091 төгрөгийн, 2011 оны 09 дүгээр сард Арвит ХХК-аас нэмэгдсэн өртгийн албан татварын 008721232, 008721231, 008721234, 008721243, 008721223 дугаартай падаанаар нийт 363.636.363 төгрөгийн, 2011 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад Г С ХХК-аас 008094580, 008392271, 008392272, 008392202, 008392293, 008721450, 008721449 дугаартай падаанаар нийт 569.497.544 төгрөгийн, 2011 оны 03 дугаар сард Ф С ХХК-аас 008094567, 008094569 дугаартай падаанаар нийт 159.789.091 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх боловч энэ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримт буюу төлбөрийн нэхэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебит, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасч тооцохоор байх тул нэхэмжлэгчийн ... манай компани бодит худалдан авалт хийсэн, падаануудыг сайтад шивэхэд хүлээн авч байсан тул бид хууль бус гэдгийг мэдээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан нь анхан шатны баримтгүй бол тайлан автоматаар хүлээн авдаггүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс ...Татварын улсын байцаагчийн 2012 оны 06 дугаар сарын 29-ний №263191 тоот актын эхлэл хэсэгт ... албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/1320 албан тоотын дагуу ... гэж хяналт шалгалтыг удирдамжгүйгээр хийсэн нь харагдаж байна. Энэхүү хууль бус үйлдлээ нуухын тулд дахин хууль бус үйлдэл гаргаж хуурамч удирдамж буюу Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийг архивын баримтад нөхөн хийсэн байна. ... эрх зүйн үйлчлэлгүй удирдамжийн үндсэн дээр гарсан акт бүхэлдээ илт хууль бус гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан боловч хариуцагчаас Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамжийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж, ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл тус бүрт үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон холбогдох хуулиудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.ШҮ

  

ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                   Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ