Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01404

 

Т.Мөнхтамирын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00270 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1594 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Мөнхтамирын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох,

Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Халиуны гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Мөнхтамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаатар, Н.Хангай, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлын 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 тоот тушаалаар Санхүүгийн удирдлагын газарт мэргэжилтнээр анх хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Улмаар тус байгууллагадаа эрсдэлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж, ажиллаж байх хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан.“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ болж өөрчлөгдсөнтэй холбоотойгоор 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б/13 тушаалаар Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцаа, стратеги бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнээр томилогдож ажилласан.Гэтэл байгууллагын зүгээс 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр дуудаж уулзаад ажлаас халах тухай мэдэгдэх хуудас, бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбоотой чиний ажлын байр байхгүй болсон тул хөдөлмөрийг гэрээг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр цуцлахаар болсон гэж мэдэгдсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн.Тухайн өдрөө байгууллагын удирдлагадаа хандаж өргөдөл бичиж өгсөн боловч татгалзсан хариу өгч, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/33 тоот ажлаас халсан тушаалыг хүлээлгэн өгч, ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Иймд тус шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг ажлаас халсан тушаал гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэн, харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээр баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.Ажиллаагүй байсан бүх хугацааны цалин 2015 оны 9, 10, 11 дүгээр сарын цалингаас тооцсон энэ 3 сарын цалингийн дундаж 1 005 727 төгрөг, ажлын дундаж хоногоо 21,5 хоногоор тооцоход нэг өдрийн цалин 46 778 төгрөг болно. Үүнийг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажлын 93 хоногоор үржүүлэн тооцоход нийт 4 350 354 төгрөг болж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ бол Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоох, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох нь ерөнхий захирлын үүрэг гэсэн заалт бий.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д ажилтны цалинг хийснээр, цагаар хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгоно гэж заасан. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ бол Засгийн газрын 298 дугаар тогтоолоор 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан, 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээгээ авснаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүний дараа бүтэц үйл ажиллагаагаа жигдрүүлж ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.Хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилтан болон ажил олгогчийн хооронд ямар нэгэн хэвийн бус харилцаа байгаагүй, хөдөлмөрийн гэрээ хэвийн үргэлжилж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр урт хугацааны чөлөө авах хүсэлт гаргасан. Чөлөө авах хугацаатай нь уялдуулан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ийг Засгийн газрын 419 дүгээр тогтоолоор Төрийн өмчийн хорооны харьяанд шилжүүлсэн. Газрын дүрмийг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн дотор шинэчлэн баталж цаашид үйл ажиллагаанд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн.Ингээд манай байгууллага Төрийн өмчийн хорооны харьяа байгууллага болсон. Энэ үйл явцтай зэрэгцэн нэхэмжлэгч 6 сарын цалингүй чөлөө авсан. Манай бүтэц үйл ажиллагаа Төрийн өмчийн хороон дээр танилцуулагдах, балансаас баланс руу шилжүүлэх үйл ажиллагаа, манай хуулийн хэлтсийн ажилласан бүтэц орон тоогоо жигдрүүлэх ажил 2016 оны 4 дүгээр cap хүртэл үргэлжилсэн.Төрийн өмчийн хороо, Барилга, хот байгуулалтын яаманд саналаа хүргүүлж, хариу санал авсны үндсэн дээр бүтэц орон тоогоо Төрийн өмчийн хорооны дүрмээр батлуулаад жигдрүүлж ажилласан. Шинэчилсэн бүтэц, шинэчилсэн дүрэм түүний хавсралтаар батлагдсан бүтцийн схемээр манай байгууллага 3 газар, 5 хэлтэстэй болсон. Шинээр байгуулагдсан бүтцээр Т.Мөнхтамирын ажиллаж байсан ерөнхий төлөвлөгөө, судалгаа, газрын харилцааны газар гэж бие даасан газар байсныг Төрийн өмчийн хороо шилжүүлж аваад үр нөлөөгүй бүтэц өндөртэй газрыг зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс болгож өөрчлөх нь зүйтэй гэж үзээд зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс болгож өөрчилсөн.Уг хэлтэс дотор нэхэмжлэгч Т.Мөнхтамирын стратеги бодлого төлөвлөлтийн ажил албан тушаал нь хасагдсан. Урт хугацааны чөлөөтэй байгаа мөн ажил, албан тушаал нь шинээр үүрэг хүлээж авсан Төрийн өмчийн хорооноос баталсан ажил албан тушаалын жагсаалт, бүтэц схемд тусгагдаагүй учраас манай шинэчилсэн бүтцээр чиний ажлын байр байхгүй учраас Архангай, Увс, Ховд, Сэлэнгэ аймгуудын борлуулалт, ашиглалт, түрээс хариуцсан ажилтнаар ажиллах санал тавьж байх хугацаанд ч нэхэмжлэгч Т.Мөнхтамир урт хугацааны чөлөөтэй байсан.Ажил олгогч урт хугацааны чөлөөтэй байгаа ажилтнаа ажлаас нь халахгүй юмсан ажилд нь үлдээчих юмсан гэсэн зорилгоор ажил санал болгосон. Хариуд нь Т.Мөнхтамир ийм ажил албан тушаалд ажиллах бололцоогүй байна тийм учраас намайг ажлаас чөлөөлж 6 cap хүртэл хугацаатай тэнцэх тэтгэмж олгож өгнө үү гэсэн хүсэлт өгсөн.Ажил албан тушаал нь цомхотгогдсон буюу орон тоо нь цөөрсөн албан тушаалтанд өөр ажил албан тушаал санал болгох ёстой ийм бололцоо байхгүй бол хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар цуцална гэсэн тушаал байгаа гэвч манайх үүнийг хэрэгжүүлэхгүйгээр өөр ажил албан тушаал санал болгосон чинь 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдье гэсэн манайх энэ хүсэлтийн дагуу хөдөлмөрийн дотоод журмын 7.11 дэх хэсэгт заасны дагуу тэтгэмж олгохоор болсон.Т.Мөнхтамиртай холбогдоод ажлаас чөлөөлөгдөж байгаа учраас тэтгэмжийг чинь олгох гэж байна, хэрвээ манай байгууллагын саналыг хүлээн зөвшөөрвөл цалин авдаг дансаар чинь тэтгэмжийг чинь хийе гээд тэтгэмжийг олгосон. Гэтэл Т.Мөнхтамир тухайн үед өргөдөл, хүсэлт бичээгүй тийм учраас үндэслэлгүй халлаа гэж нэхэмжлэл гаргасан байна.Т.Мөнхтамир 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд урт хугацааны чөлөөтэй байгаа. Урт хугацааны чөлөөтэй байхад нь ажлаас халаад 3 сарын цалинг нь өгөөд байхад 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс миний нийгмийн даатгалын шимтгэл төлж бичилт хийгээд өгөөч надад цалин олгооч Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн, аж ахуй нэгж, аливаа этгээд эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол шүүхэд хандана гэж заасан манай байгууллага Т.Мөнхтамирын эрх хууль ёсны ашиг сонирхолд ямар нэгэн ноцтой хохирол учруулаагүй.Бид 3 сарын тэтгэмжийг нь олгосон өөртэй нь харилцан тохиролцсон, адил чанарын ажил албан тушаал санал болгосон. Банк санхүүгийн мэргэжилтэн хүнийг зураг төсөл, төлөвлөлтийн хэлтэс эсхүл өөр чухал нэгжид инженерийн чиглэлийн ажилд ажиллуулах ямар ч бололцоогүй хамгийн боломжтой нь гэвэл санхүү, борлуулалт, түрээслэлт, ашиглалт хариуцсан нягтлан бодох бүртгэлийн ажил хийх санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хэрэгжүүлж байгаа төсөл дээр ажиллахаар 1 жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулсан.Өөрөөр хэлбэл байгууллагаасаа урт хугацааны чөлөө гуйж авчихаад өөр субьекттэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулчихаад тэр нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан тохиолдолд яаж дахиад төрийн өмчит үйлдвэрийн газрыг гэрээний хугацааг 6 сарын хугацаагаар сунга, надтай холбоотой, ажил албан тушаалыг хадгалж бай, би эргэж ажилдаа орно гэж хэлж болж байна. Ажил олгогчийн зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00270 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг урьд эрхэлж байсан “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Ерөнхий төлөвлөгөө, бодлого төлөвлөлт, судалгаа, зураг төсөл, газрын харилцааны газрын газрын харилцааны мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 263 006 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Мөнхтамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 087 348 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамирын болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41. дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхтамир нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 105 062 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1594 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Т.Мөнхтамирын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие давж заалдах шатны шүүхийн 1594 тоот магадлалыг эс зөвшөөрөн давж заалдах гомдол гаргаж байна. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Хэдийгээр нэхэмжлэгч нь ажлаас халах тушаал гарах үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргаагүй байсан нь тогтоогдсон байх боловч гэрч П.Мөнхдорж нь нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг өөрийн өмнөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг утсаар нэг бүрчлэн хэлж бичүүлж, ажил олгогчид хүргүүлж байсан талаар мэдүүлсэн байна” гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс...”, Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолын 14-т “...Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ”, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.2-т “Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлтэй бол энэ тухай өргөдлөө Захиргаа, удирдлагын газарт бичгээр гаргана” гэж заасныг зөрчсөн байна.Учир нь нэхэмжлэгч Мөнхтамир нь ажлаас халагдах үед өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг удирдлагадаа бичиж өгөөгүй нь тогтоогдсон гэж шүүхээс үзсэн атлаа нэхэмжлэгчийг захиргааны зүгээс өдөр болгон утсаар ярин өргөдлөө бичиж өг гээд байсан тул захиргааны дарамтаар өөрийнхөө өмнөөс хамт ажилладаг хүнээ бичиж өгөөч гэж хэлснийг өөрөө өргөдлөө бичиж өгсөнтэй адилтгаж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 39.1, 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр...”, 43.2.1-т “...хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж зааснаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэл зоригоо илэрхийлээгүй байна. Ажил олгогч нь тухайн ажилтныг эзгүйд түүний өмнөөс өөр хүнээр өргөдлийг нь бичүүлж авсан үйлдэл нь нэхэмжлэгчийг хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” заасныг зөрчиж Мөнхтамираас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлээгүй, бичгээр өргөдлөө бичиж өгөөгүй, эзгүй байх хугацаанд нь өөр хүнээр өргөдлийг нь бичүүлж аван ажлаас халсан тушаал гаргасан байгаа нь анхнаасаа хууль зөрчсөн байгаа тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт заасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3-т “Төлөөлөгчийн    бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасныг зөрчсөн байна. Гэрч Мөнхдоржид нэхэмжлэгч Мөнхтамир нь өөрийгөө төлөөлүүлэх талаар хуульд зааснаар итгэмжлэл олгоогүй, үүнтэй холбоотой нотлох баримт хэргийн материалд байхгүй ба төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэгчийн өмнөөс төлөөлсөн байгаа нь үндэслэлгүй байна.Шүүхээс нэхэмжлэгч Мөнхтамир нь өөрөө бичиж гарын үсгээ зурсан баримтад 2016 оны 3 дугаар сарын 21-ний эхлэн ажлаас чөлөөлж, 6 сарын тэтгэмж олгохыг хүссэн талаар заасан байна гэжээ. Уг бичгийн баримтыг үйлдэхэд хариуцагч байгууллагын зүгээс дарамт шахалт үзүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэжээ. Шүүхээс “хэдийгээр нэхэмжлэгч нь ажлаас халах тушаал гарах үед ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргаагүй байсан нь тогтоогдсон байх боловч” гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийг шүүхэд хандсаны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын зүгээс гэрч Мөнхдоржийг “хүний өмнөөс өргөдөл бичсэн талаар удирдлагын зүгээс захиргааны дарамт үзүүлэн, нэхэмжлэгчээс өөрөөс нь өргөдлийг нь нөхөн бичүүлж авчир, чадахгүй бол хариуцлага тооцно гэж дарамталсан. Иймд гэрчийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэгчтэй энэ талаар Facebook мессежээр харилцаж, өөрийн учир байдлаа хэлж ятгасан тул нэхэмжлэгчийн зүгээс хамт ажилладаг байсан хүнээ асуудалд оруулахгүйн тулд өргөдлийг нөхөж бичиж өгсөн. Энэ нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт хавсаргасан нотлох баримтаар нотлогдоно.Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн 182/ШШ2016/00270 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 1594 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэж чадаагүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Т.Мөнхтамир хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан учир урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулах шаардлага тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй татгалзсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1.-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцласан нь зөв гэж үзэж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл ажил олгогч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөр цуцлах тухай мэдэгдлийг түүнд 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн боловч ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б\33 дугаар тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1., 39 дүгээр зүйлийн 39.2. дахь хэсгийг заажээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт ч нэхэмжлэгчийн эрхэлж байсан газрын харилцааны мэргэжилтний ажил албан тушаал бүтцийн өөрчлөлтөөр байхгүй болсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Т.Мөнхтамирын ажил олгогчид гаргасан хүсэлт нь нэгдүгээрт, хөдөө орон нутагт ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн, хоёрдугаарт, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж хүссэн агуулгатай байхад давж заалдах шатны шүүх уг хүсэлтийг мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөх тухай өргөдөл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Анхан шатны шүүх ажил олгогчийн тушаалын үндэслэл, ажилтны захиргааны чөлөөтэй байх үед ажлын байрыг хадгалах үүрэг, ажилтны ажил албан тушаал хавсран гүйцэтгэх эрх, ажилтны ажилгүй байсан хугацаа зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийсэн байх ба нэхэмжлэгч Т.Мөнхтамирыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг түүний цалингүй чөлөөтэй байсан хугацааг харгалзан тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжтой гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1594 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2016/00270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН