Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 143

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганчимэг,

хохирогч Б.Б-,

шүүгдэгч М.Ө-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т О- овогт М-ын Ө-ад холбогдох эрүүгийн 1710006530196 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, ........ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 1 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Т О- овогт М-ын Ө-  /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч М.Ө- нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух иргэн Б.Б-ын монгол гэрийн хаалгыг эвдэн, нэвтэрч орж “Делл” маркийн 14 инчийн зөөврийн компьютер хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ө- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа гэртээ байсан. Би орой 17 цагийн үед айлын найранд найз нартайгаа явсан бөгөөд найран дээр сууж байхад манай эхнэр над руу залгаад “гэрт хулгай орсон байна” гэхээр нь орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэлсэн байсан. Гэрээс зөөврийн компьютер алга болсон байсан. ТҮЦ ажиллуулдаг эгч манай зөөврийн компьютерыг хулгайлсан хүнээс авч үлдсэн байсан. Гэрийн хаалгыг эвдэж орсон засах боломжгүй тул үнийг нэхэмжилж байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

1. Шүүгдэгч М.Ө- 2018.03.07-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн ... тоот хаягт зүс таних Б-ын гэрт архи уухаар очиход тэдний гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. Би хаалгыг нь татаж эвдэлж ороод зурагтны хажуу талын тавиур дээр байсан хар өнгийн цүнхтэй зөөврийн компьютерыг аваад буцаад гарсан. Хулгайлсан эд зүйлээ аваад гудамжаар явж байтал үл таних хүн ирээд булааж аваад гүйгээд явчихсан. Би Б-ын гэрийн хаалганы хохирлыг төлж барагдуулаагүй. Ажил олдвол хийж байгаад хохирлыг төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/,

 

2. Хохирогч Б.Б- 2017.10.11-ний өдөр мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг хүртэл эхнэр, хүүхэд бид гурав гэрээсээ гараагүй. Би 16 цагийн үед ажлынхаа газрын хүмүүстэй найранд явсан. 16.30 минутын үед манай эхнэр, хүүхэд хоёр гэрээсээ гарсан байсан. Орой 19 цагийн үед эхнэр над руу залгаад “гэрт хулгай орсон байна, гэрээс нөүтбүүк алга болсон байна, хулгайчийг нь хажуугийн ТҮЦ-ний эгч харсан байна” гэхээр нь би гэртээ иртэл гэрийн хаалгыг эвдэж хулгайч орсон байсан. Гэрт орж үзэхэд хойморийн мөлхөө тавилгын зүүн хэсэгт байсан хар өнгийн цүнхтэй “Делл” маркийн хар саарал өнгийн зөөврийн компьютер байхгүй, өөр зүйлс алдагдаагүй байсан. Уг нөүтбүүкийг 2017 оны 09 дүгээр сард хувь хүнээс 300.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

2017.11.13-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би нөүтбүүкээ буцаагаад авчихсан. Харин гэрийн хаалгаа 170.000 төгрөгөөр худалдан авсан тул гэрийн хаалганы мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

3. Гэрч Ч.Б- 2017.10.08-ны өдөр мэдүүлэхдээ: ... Би тухайн өглөө 09 цагт ажилдаа явахаар гэрээсээ гарахад Б- гэртээ байхгүй, гэр нь цоожтой, ажилдаа явцгаасан байсан. 17 цаг өнгөрч байхад манай баруун талд байдаг ТҮЦ-ний эгч над руу яриад “танай дүүгийн чинь гэрийн хаалгыг эвдээд хулгайч орчихсон байна” гэхээр нь тэр даруй очоод хартал Б-ын Монгол гэрийн хаалгыг эвдчихсэн байхаар нь 102-т дуудлага өгсөн. ... ТҮЦ-ний эгч хулгай хийгээд хашаанаас гарч явсан залууг харсан байсан. Барьж чадахгүй араас нь дагаж яваад хойд гудамжны С-тай тааралдаж, түүнд учир байдлыг хэлээд хулгайчийг барьж, нөүтбүүкийг нь аваад тэр хүнийг явуулчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

4. Гэрч Д.М- 2017.10.08-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 18 цагийн үед гадаа бүрэнхий болсон байх үеэр би дэлгүүр орох гээд гэрээсээ явах замд ... тоотоос хар куртик, эрээн өмд өмссөн, ердийн биетэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн уг хашаанаас хар өнгийн цүнхтэй эд зүйл бариад гарч байхыг харсан. Тэр хүнийг би хулгайч байх гэж сэжиглээд түүний араас дагаад гудамжны үзүүр тойрсон. Тэр үед С- гараад ирэхээр нь түүнд учир байдлыг хэлээд нөгөө хүнээс цүнхтэй эд зүйлийг нь авсан. Цүнхийг нээж үзэхэд хар өнгийн “Делл” гэсэн бичиглэлтэй зөөврийн компьютер, залгууртайгаа, 1 ширхэг дэвтэр, 1 ширхэг ном байхаар нь гэртээ оруулсан. Тэр хүнийг С- Ө- гэж дуудаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

5. Гэрч С.Г- 2018.02.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би “Дамно” хөрөнгийн үнэлгээний компанид туслах үнэлгээчнээр ажилладаг. 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Б.Б- томилсныг хүлээн авсан. Уг тогтоолд шинжилгээнд тавиулсан асуулт нь “Делл” маркийн 14 инчийн зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээ болон Монгол гэрийн модон хаалганы үнэлгээг гаргаж өгнө үү гэсэн байсан. Уг хоёр зүйлд зах зээлийн бодит үнэлгээг гарган 2017.10.13-нд шинжээчийн тайлан гаргасан. Уг тайланд “Делл” маркийн зөөврийн компьютерын хулгана, залгуур дагалдах хэрэгслийн хамт үнэлсэн ба үнэлгээ нь 270.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 

6. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-12-р хуудас/,

7. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хх-ийн 13-16-р хуудас/

8. Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-20-р хуудас/,

9. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38-р хуудас/,

10. Шүүгдэгч М.Ө-ын хувийн байдалтай холбоотой баримтууд:

- гэрч Н.У-ын мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,

- гэрч Х.О-гийн мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010.01.08-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тотгоол /хх-ийн 54-55-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2010.09.16-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 57-58-р хуудас/,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012.03.06-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 59-61-р хуудас/,

- Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013.05.30-ны өдрийн 17 дугаартай “Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай” шүүгчийн захирамж /хх-ийн 62-р хуудас/,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.01.12-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 64-65-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч М.Ө-ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Ө- нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух хохирогч Б.Б-ын монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч “Делл” маркийн 14 инчийн зөөврийн компьютер хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ын “... Орой 19 цагийн үед эхнэр над руу залгаад “гэрт хулгай орсон байна, гэрээс нөүтбүүк алга болсон байна, хулгайчийг нь хажуугийн ТҮЦ-ний эгч харсан байна” гэхээр нь би гэртээ иртэл гэрийн хаалгыг эвдэж хулгайч орсон байсан. Гэрт орж үзэхэд хойморийн мөлхөө тавилгын зүүн хэсэгт байсан хар өнгийн цүнхтэй “Делл” маркийн хар саарал өнгийн зөөврийн компьютер байхгүй, өөр зүйлс алдагдаагүй байсан. Уг нөүтбүүкийг 2017 оны 09 дүгээр сард хувь хүнээс 300.000 төгрөгөөр худалдан авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,

2017.11.13-ны өдөр: ... Би нөүтбүүкээ буцаагаад авчихсан. Харин гэрийн хаалгаа 170.000 төгрөгөөр худалдан авсан тул гэрийн хаалганы мөнгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

  Гэрч Ч.Б-ийн “... орой 17 цаг өнгөрч байхад манай баруун талд байдаг ТҮЦ-ний эгч над руу яриад “танай дүүгийн чинь гэрийн хаалгыг эвдээд хулгайч орчихсон байна” гэхээр нь тэр даруй очоод хартал Б-ын Монгол гэрийн хаалгыг эвдчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

 

  Гэрч Д.М-ийн ... ... тоотоос хар куртик, эрээн өмд өмссөн, ердийн биетэй, 35-40 орчим насны эрэгтэй хүн уг хашаанаас хар өнгийн цүнхтэй эд зүйл бариад гарч байхыг харсан. Тэр хүнийг би хулгайч байх гэж сэжиглээд түүний араас дагаад гудамжны үзүүр тойрсон. Тэр үед С- гараад ирэхээр нь түүнд учир байдлыг хэлээд нөгөө хүнээс цүнхтэй эд зүйлийг нь авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

 

 Гэрч С.Г-ын ... тайланд “Делл” маркийн зөөврийн компьютерын хулгана, залгуур дагалдах хэрэгслийн хамт үнэлсэн ба үнэлгээ нь 270.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/,

 

 “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-38-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Ө-ын “...Б-ын гэрт архи уухаар очиход тэдний гэрт нь хүн байхгүй, гэр нь цоожтой байсан. Би хаалгыг нь татаж эвдэлж ороод хойморт зурагтны хажуу талын тавиур дээр байсан хар өнгийн цүнхтэй зөөврийн компьютерыг аваад буцаад гарсан. Хулгайлсан эд зүйлээ аваад гудамжаар явж байтал үл таних хүн ирээд булааж аваад гүйгээд явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94-р хуудас/ гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Ө-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч М.Ө-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч М.Ө-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нараас “...хэргийн үйл баримт болоод шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй” болно.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Ө- нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух хохирогч Б.Б-ын монгол гэрийн хаалгыг эвдэн, нэвтэрч орж “Делл” маркийн 14 инчийн зөөврийн компьютер хулгайлж 270.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ын мэдүүлэг, гэрч Ч.Б-, Д.М- нарын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч М.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

           Шүүгдэгч М.Ө-ыг хохирогчийн гэрээс хулгайлсан эд зүйлээ авч явахад гэрч Д.М- “Делл” маркийн компьютерийг авч хохирогчид хүлээлгэн өгсөн ба хохирогчийн гэрийн хаалгыг эвдсэн 168.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй тул шүүгдэгч М.Ө-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэхгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ.

 

           Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүгдэгч М.Ө-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

           Хохирол төлбөрийн талаар:

           Хохирогч Б.Б- нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэрийн хаалгыг эвдсэн тул 168.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн бөгөөд “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд ...Монгол гэрийн модон хаалгыг 168.000 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 37-38-р хуудас/ байх тул шүүгдэгч М.Ө-аас 168.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б-т олгохоор шийдвэрлэв.

 

         Шүүгдэгч М.Ө-ыг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр,  /хх-ийн 41-42-р хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр /хх-ийн 78-79-р хуудас/ тус тус баривчилсан, 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл, нийт 10 цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах зүйтэй.