Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 29

 

 

  2024     04        16                                              2024/ДШМ/29

 

Д.Өлзийсайханд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11ий өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Өлзийсайханд холбогдох эрүүгийн 2436000890050 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн Парзынхан ургийн овогт Дамдины Өлзийсайхан, 1966 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, суурь боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл нэг, Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар (Бичигт) багийн 7-23 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

2. Шүүгдэгч Д.Өлзийсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар (Буянт) багийн 13-30 тоотод байх гэрт 2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой согтууруулах ундаа хэрэглэж тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч 3.Батхүүгийн нүүрэн тус газар усны төмөр саваар цохиж, хохирогчийн зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод хэсэгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн Прокурорын газраас Д.Өлзийсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1  Шүүгдэгч  Парзынхан ургийн овогт Дамдины Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

4.2 Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийсайханыг 450(дөрвөн зуун тавин ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянган )төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

4.3 Шүүгдэгч Д.Өлзийсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,

4.4 Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

4.5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1  Шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

 Үүнд: Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан "...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэх шаардлагыг, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан "гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх" -ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэх шаардлагыг хангаагүй байна.

5.2 Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд Хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломж хомс учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй юм. Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/61 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Өлзийсайханд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг  хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байна.

3.Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд мөрдөн байцаалтын  болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

4. Ховд аймгийн Прокурорын газраас “шүүгдэгч  Д.Өлзийсайханыг  хохирогч З.Батхүүгийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 5. Шүүгдэгч Д.Өлзийсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын 05 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт 13-30 тоотод байх гэртээ 2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой хохирогч З.Батхүүгийн нүүрэн тус газар усны төмөр саваар цохиж, хохирогчийн зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод хэсэгт тус бүр зулгаралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.Батхүүгийн мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 178 дугаартай дүгнэлтэд “...З.Батхүүгийн биед зүүн нүдний доод зовхи, зүүн хацар хамарт цус хуралт,зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний доод хэсэгт тус бүр зулгаралт зэрэг учирсан гэмтэл нь 1-2 удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ  гэмтлүүд тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт,гэрч Ө.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан  баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна. 

6. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Өлзийсайханд холбогдох хэргийг хянан хэлэлцээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг  зааснаар түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна..

7. Прокурор эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүх шүүгдэгч  Д.Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний  эрүүл мэнд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч нь ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тусгаагүй, түүнд эрх зүйн үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй,ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн  байх  тул шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдаж   нэмэлт өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

7.1.Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Өлзийсайхан нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны орой гэртээ хохирогч  Батхүүгийн нүүрэн тус газар усны төмөр саваар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Өлзийсайхан нь хохирогч  Батхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар   маргаагүй байна.

7.2 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Өлзийсайханд торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх заалтыг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж  хэрэглээгүй орхигдуулсан байх   тул  прокурорын эсэргүүцлийг хүлээн  авч   шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож, 

ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 2024/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Д.Өлзийсайханд тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.НЯМБАЯР  

 

                                                 ШҮҮГЧ                                            Ж.ОТГОНХИШИГ

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Н.ТУЯА