| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0041/З |
| Дугаар | 114/шш2025/0045 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 114/шш2025/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х*******” ХХК /РД:*******/;
Хариуцагч: “Д*******” ХХК /РД:*******/;
Хариуцагч: Д*******ийн “Тендерийн Үнэлгээний хороо”;
Гуравдагч этгээд: “А*******” ХХК /РД:*******/-уудын хооронд үүссэн тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ц.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.З*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Б*******, Б.Ө******* нар,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Д.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг. Нэхэмжлэгч “Х*******” ХХК анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:
1.1. “Д*******” ХХК, тус компанийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Д******* ХХК-ийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар мэдэгдэл, мөн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар мэдэгдэл,
1.2. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах гэж,
2. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа:
2.1. “Д*******” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар мэдэгдэл,
2.2. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг тус тус хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,
2.3. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл,
2.4. “Д*******” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг,
2.5. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн D******* дугаар гэрээ хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах,
2.6. Үйлдвэрлэлд ашиглах автосомасвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “Х*******” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” гэж нэмэгдүүлж тодруулан тодорхойлсон байна.
Гурав. Хэргийн үйл баримт, процессын талаар:
3.1.Хариуцагч “Д*******” ХХК-аас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зарласан “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин” нийлүүлэгчийг сонгох ******* дугаартай тендерт нэхэмжлэгч “Х*******” ХХК, гуравдагч этгээд “А*******” ХХК нар оролцжээ.
3.2.2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 06 дугаар хурлаар тендерийн баримт бичгийг хянан үзэж, “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, нэхэмжлэгч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаснаар Сангийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 29-ны өдөр “Гомдол хянасан тухай” 02/7203 дугаар албан бичигт “...2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн , 01/1780 тоот шийдвэрийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх...” гэж дурдан хариуцагчид хүргүүлсэн байна.
3.3.Сангийн Яамны шийдвэрийн дагуу Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар хурлаар тендерийн баримт бичгийг дахин хянан үзэж, “Х*******”” ХХК-ийг “...гарын үсгийн маягт болон гэрээнд гарын үсэг зурсан нь зөрүүтэй тул шаардлага хангахгүй” гэж, “А*******” ХХК-ийг “...эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ гэсэн дээр ...тодруулга авах”, мөн техникийн тодорхойлолтод хурдны хайрцаг “...дүйцнэ гэж”, урд тал хийн нумтай, ар тал төмөр нумтай илүү давуу тал гэж ирүүлсэн байгааг захиалагч хянаж үзээгүй байна гэснийг илүү давуу талтай бөгөөд Операторын тав тухыг хангаж, төмөр нумнаас шалтгаалсан эвдрэлийг бууруулсан тул нийцэж байна гэж үзээд “А*******” ХХК-аас ирүүлсэн дистрибьютерийн гэрээнд тодруулга авахаар шийдвэрлэв гэжээ.
3.4.Улмаар “Д*******” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний 01/2221 тоот албан бичгээр “А*******” ХХК-д “Дистрибьютерийн гэрээ нь шаардлага хангаж байгаа боловч хянан үзэхэд тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул дистрибьютерийн гэрээтэй уялдаж буй эсэхийг тогтоох зорилгоор ...хуулийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэн тодруулах шаардлагатай байна” гэж илгээсэн байх бөгөөд “А*******” ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/587 албан тоотоор “...БНХАУ-ын S******* үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм...“ гэж тодруулгын хариуг хүргүүлсэн байна.
3.5.Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлаар “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 28 дугаар зүйлийн 28.1.1-ийн дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, гуравдагч этгээд “А*******” ХХК-д Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотыг явуулжээ.
3.6.Нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо гаргасан байх бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8267 дугаар албан бичигт “...хариу өгсөн асуудлыг дурьдсан, мөн гомдол хүлээн авах хуульд заасан дээрх хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгснөөр захиалагчаас тендерийн ялагчтай 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр D******* дугаар гэрээг байгуулснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Дөрөв. Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэлд:
4.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: Би гарын үсгээ ямар ч баримт дээр Уйгаржин Монгол бичгээр, кириллээр зурчихдаг, ийм зүйл болно гэж бодсонгүй. Манайхыг ийм зүйлээр унагачхаад яагаад гарын үсэг ч үгүй, тамга ч үгүй тендерийн материалыг шалгаруулчихдаг юм бэ гэж гайхаж байгаа. Манайх ч гэрээгээ нууцалж явуулсан, “А*******” ХХК ч гэрээгээ нууцлаад явуулсан. “А*******” ХХК-ийн гэрээ гарын үсэг тамга юу ч байхгүй, хоёр хуудас, дараа нь нөхөж өгсөн гэж ярьж байгаа. Хэрвээ ингэж нөхөж өгч болдог бол тендер зарлах хэрэг байна уу. Бид ч гэсэн нөхөөд гарын үсэг зуръя.
Манай техникийн тодорхойлолт захиалагчийн шаардаж байгаатай 100 хувь нийцэж байгаа. Ер нь бол техникийг хүлээж авахдаа үг үсэггүй тулгаж авдаг, тэр нь ч зөв. Гэтэл энэ компанийн хүлээж авах хүмүүс нь нүдээ аниад авчихдаг юм уу.
Эрүүл мэндэд сайн, урт удаан насжилттай гэж байна. Би өөрөө инженер хүн, би бүгдийг нь мэдэж байгаа. Гэхдээ зөрсөн бол зөрсөн, хэрвээ манайх зөрүүлсэн бол шууд унана. Дүйцэхүйц гэсэн бол тайлбар хийх ёстой. Бид хурдны хайрцаг дээр тайлбар хийсэн. Нум аль нь урт настай, зөөлөн гэдэг талаар би 10 дахин илүү ярьж чадна. Хэрэв захиалагч жолоочийнхоо эрүүл мэндийг бодоод хийн нумтай авна гэсэн бол техникийн тодорхойлолт боловсруулахаасаа өмнө инженертэйгээ ярих ёстой байсан. Бид нэг XCMG компанийн 2 диллер хоорондоо маргалдаж байна. Бид XCMG импорт, экспорт гэдэг компаниас албан ёсны зөвшөөрөл авсан. Заавал кран гэхгүй, “А*******” ХХК-ийн кран манай хашаанд зөндөө байгаа. Тэгвэл та нар яагаад манай краныг зөвшөөрөлгүй зараад байгаа юм бэ. Бид тендерт орох болгондоо албан ёсны зөвшөөрөл авч ордог. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
4.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д*******” ХХК-ийн үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн мөн өдийн 2255 дугаар мэдэгдлүүдийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар тэмдэглэл зөвлөмжийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ОМР-2025-03-319 дугаар гэрээ болон Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин нийлүүлэх багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, мөн тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр "Х*******" ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах гэсэн шаардлагуудыг гаргасан.
“Х*******" ХХК нь “Д*******” ХХК-ийн зарласан уулын ажлын автосамосвал, автомашин нийлүүлэх, нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцогчийн зүгээс тендерийн сонгон шалгаруулалтын холбогдох бичиг баримтуудыг цахимаар илгээж, тус сонгон шалгаруулалтад оролцсон байдаг. Үнэлгээний хороо зохих үнэлгээг хийж, 2025 оны 08 дугаар сард 07 болон 08 дугаар тэмдэглэл зөвлөмж гарч захиалагчид хүргүүлсний дагуу захиалагчаас нэхэмжлэгч хуулийн этгээд болох “Х*******" ХХК-д 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2656 дугаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэхүү мэдэгдэлд “Х*******" ХХК-ийг тендер шалгаруулалтын заавар бичгийн 20 дугаар зүйлд заасны дагуу тендерт ирүүлсэн баталгаат гарын үсэгтэй зөрсөн гэдэг байдлаар татгалзаж байгаагаа мэдэгддэг. Нэхэмжлэгч хуулийн этгээд уг мэдэгдлийг хүлээж авсны дараа буюу Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу гомдол гаргах эрх бүхий байгууллага буюу төрийн захиргааны төв байгууллагад зохих гомдлыг гаргасан. Гомдлыг хэд хэдэн үндэслэлээр гаргадаг.
Нэгдүгээрт дистрибьютерийн гэрээ буюу гэрээн дээрх уйгаржин монгол бичиг бүхий гарын үсэг болон тендерт хүргүүлсэн баталгаат гарын үсэг хоёр зөрсөн байгаа нь дистрибьютер гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл байхгүй гэдэг байдлаар маргасан. Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлээд 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хариу ирүүлсэн ба манай тендерээс татгалзаад байгаа гарын үсэгтэй хтой дүгнэлт хийсэн. Дистрибьютерийн гэрээний гарын үсэгтэй хтой асуудал дээр нэхэмжлэгч тайлбар хийсэн, энэ агуулгаар татгалзах үндэслэл байхгүй байна “Х*******” ХХК-аас татгалзсан ганц үндэслэлийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэсэн.
Гуравдагч этгээдээр оролцож байгаа "А*******” ХХК-ийн ирүүлсэн тендертэй хтой манай гомдлыг хангаж, дахин үнэлэх шаардлагатай гэсэн хариу ирүүлсэн бөгөөд энэ гомдлыг хангасан нэг агуулга нь "А*******” ХХК-ийн тендер шалгаруулалтын зааврын 20.1-т заасан үндэслэл буюу “Оролцогч нь тендерт санал болгож байгаа техникийн албан ёсны дистрибьютер бол хүчин төгөлдөр дистрибьютерийн сертификат үйлдвэрлэгч болон байгуулсан гэрээг хэрэв үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ гэсэн. Энэ баримтууд нь эх хувиас татсан хуулбар байх бөгөөд баримт нь гадаад байвал баталгаат орчуулгатай байна гэсэн.
Гуравдагч этгээдийн тендерт ирүүлсэн баримтыг харахад дистрибьютерийн гэрээ ирүүлээгүй, ирүүлээгүй гэдэг нь гэрээний эхний болон хамгийн сүүлийн хуудас хоёр, мөн сүүлийн хуудас дээр Синотрак компанийн тамга, гарын үсэг байхгүй гэрээний хуулбар ирүүлсэн байгаа. Тендер шалгаруулалтын зааврыг харвал гэрээний хуулбар орчуулгын хамт ирүүлнэ гэсэн байгаа, тамга тэмдэг дарагдаагүй гэрээг энэ байгууллагатай байгуулсан дистрибьютерийн гэрээ гэж үзэх боломжгүй. Тендер шалгаруулалтын зааварт энэ бичиг баримтуудыг бүрэн ирүүлж байж энэ шаардлага хангагдана. Гэтэл гуравдагч этгээдийн хувьд энэ бичиг баримтыг ирүүлээгүй байна.
Мөн Захиалагч байгууллагаас техникийн тодорхойлолтыг 2 удаа өөрчилсөн ба өөрчилсөн аль аль хэлбэрт захиалагчийн 7-д заасан хурдны хайрцаг өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөөр эхлээд урагшаа 6, хойшоо 1 араатай гэдэг байдлаар тодорхойлсон ба нэхэмжлэгчээс тухайн техникийн тодорхойлолттой хтой гомдол гаргасныг Монополын газраас хангаад, нарийвчилсан байдлаар тодорхойлох шаардлага байхгүй гэж үзсэний үндсэн дээр үнэлгээний хороо өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулаад урагшаа 12, хойшоо 1 гэсэн байдлаар өөрчилсөн боловч үүнийг дүйцүүлж болно гэж байгаа. Дүйцүүлсэн байдлаар аль аль тал нь ирүүлсэн байдаг, үүн дээр манайхаас маргахгүй.
Техникийн тодорхойлолтын нумтай хтой хэсэг дээр манайх маргаж байгаа. Техникийн тодорхойлолтоор захиалагчаас урд болон ард талдаа төмөр нумтай байхыг шаардсан байдаг. Гэтэл “А*******” ХХК-ийн санал болгосон тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтод урд талдаа хий нумтай, хойноо төмөр нумтай гэсэн байгаа. Энэ нь техникийн тодорхойлолтын захиалагчаас санал болгож байгаа хэсэгт дүйцүүлэх хэлбэрийг агуулаагүй. Захиалагч талаас төмөр нумтай гэж заасан, энэ байдлаар техникийн тодорхойлолт болон техникийн бичиг баримтад заасан шаардлагатай бичиг баримтыг “А*******” ХХК ирүүлээгүй. Гарын үсгийн хувьд шаардлага тавигдаагүй. Баталгаат гарын үсэг гэж яриад байгаа боловч баталгаат гарын үсгийн агуулгыг харвал “Х*******” ХХК энэ тендерт оролцохдоо ямар нэгэн албан бичиг бичих, тайлбар нотлох баримт хүргүүлэхээр бол энэ гарын үсгээр баталгаажна гэсэн агуулга л байгаа. Түүнээс өмнө нь байгуулсан дистрибьютерийн гэрээ энд заагдсан гарын үсэгтэй зөрж болохгүй гэдэг агуулга байхгүй. Энэ нөхцөл байдлууд байхад тендерийн үнэлгээний хороо хамгийн сайн тендерийг шалгаруулж чадаагүй байна.
Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд хамгийн сайн тендер хуулийн этгээдийг шалгаруулж, гэрээ байгуулна гэсэн заалт байгаа боловч хамгийн сайн тендер шалгараагүй. Сонгон шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, түүнийг сонгон шалгаруулахдаа харьцуулах үнийн аргыг хэрэглэнэ гэж байгаа. “Д*******” ХХК анх тендер зарлахдаа ийм шаардлага тавьсан. Хэрэв хангаж байгаа бол хангаж байгаа байгууллагуудын хооронд харьцуулах үнийн аргаар шалгана. Шалгараад байгаа “А*******” ХХК 2,250,000,000 төгрөгийн үнэ санал болгосон, гэтэл “Х*******” ХХК 2,200,000,000 төгрөгийн үнийг санал болгосон. Бичиг баримтын бүрдлийг харсан ч тендерт ирүүлсэн үнийг харсан ч ямар аргаар сонгон шалгаруулалт явуулахыг харьцуулах үнийн аргаар бодсон ч “Х*******” ХХК хамгийн сайн тендерээр шалгараад байхад “Х*******” ХХК-ийг тендерт шаардаагүй буюу баталгаат гарын үсэг буюу дистрибьютерийн гэрээ хоёрын гарын үсэг зөрсөн гэдгээр унагаасан. Гэтэл шалгараад байгаа компани нь өөрөө ямар компани вэ гэдгийг нягталж үзээгүй байна.
Мөн Сангийн яамнаас гомдол хянан шийдвэрлэхдээ үнэлгээний хороог техникийн тодорхойлолтод үнэлгээ хийгээгүй байна гэж үзсэн. Би ч үүнийг зөв гэж үзэж байгаа. Үнэлгээний хороо хоёр ч удаа хуралдсан. Эхний хурал 06 дугаар сарын 26-ны өдөр, дараа нь 08 дугаар сард хоёр ч удаа хуралдсан. Гэтэл энэ хурлаараа авах гэж байгаа техникийнхээ үзүүлэлтийг огт үнэлдэггүй. Уг нь авах гэж байгаа зүйлийнхээ гол техникийн үзүүлэлтийг шалгаж, нийцэх юм уу, нийцэхгүй юм уу гэдгийг дүгнэх ёстой. Гэтэл өнгөц байдлаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд авах гэж байгаа техникүүд ямар хүчин чадалтай, яагаад бид төмөр нумтайг захиалсан, урагшаа 6, хойшоо 1 байсан, дүйцүүлэх гэж тавиад 12, 1 болгож өөрчилсөн бэ гэдэг талаар огт тусгаагүй байдаг. Үнэлгээний хорооны үнэлээгүй, дүгнээгүй байгаа асуудлыг Сангийн яам бичээд өгсөн ба “Х*******” ХХК-ийн гомдоод байгаа хэсэгт дүгнэлт өг, яагаад энэ байгууллагуудын санал болгоод байгаа техникийн хүчин чадал гэсэн хэсгийг дүгнэхгүй байгаа юм бэ гэсэн байгаа. Гэтэл үнэлгээний хорооны аль ч хурал дээр энэ асуудал яригддаггүй. Зөвхөн үнэ, бичиг баримтын бүрдлийг ярьдаг. Мэдээж бичиг баримтын бүрдэл байх ёстой. Үүний дараа аль компанийн техникийн үзүүлэлт манай шаардлагад нийцэж байна вэ гэдгийг хамгийн гол нь үнэлэх ёстой байтал шууд “А*******” ХХК-ийг шалгаруулчихсан. Гэтэл үр дүнд нь урт насжилттай, удаан хэрэглээтэй төмөр нумтай техник өөрсдөө шаардчихаад, хийн нумтай тээврийн хэрэгсэл орж ирэхэд шаардлага хангаж байна гэж дүгнэсэнд гомдолтой байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д*******" ХХК-ийн зүгээс Үнэлгээний хорооны үнэлгээ болон захиалагчийн шийдвэрээ дэмжиж оролцож байгаа. Автосамосвалын тендер, хийн нумтай хтой талаар талууд ярьж байна. Манайх хэдий төрийн өмчит компани боловч нөгөө талаасаа ажил олгогч компани байгаа. Ажил олгогч гэдэг нь ажилтныхаа ажил гүйцэтгэх явцад амь нас, эрүүл мэндтэй хтой аль болох шинэ технологи юу байна гэдгийг эрэлхийлж, судалж тендерийн шалгаруулалтдаа оруулах нь зүйн хэрэг гэж үздэг. Хийн нумтайн хувьд урдаа хийн нумтай буюу манай үнэлгээний хорооноос болон техник засвар механикийн хэлтсээс гаргаж өгсөн жолоочдоо ачаалал өгөхгүй, бөөр, эрүүл мэндийн асуудалд нь эерэг талтай шинэ технологид суурилсан тээврийн хэрэгсэл байна гэж, бид тэр талаас нь харсан.
Хоёрдугаарт техникийн бичиг баримт гэдэг нь тендер шалгаруулалтын хамгийн чухал зүйл байдаг. Сангийн яам тендерийн үнэлгээний хороонд зөвлөмж хүргүүлдгээс, шийдвэр дүгнэлт өгдөг байгууллага биш. Үүнийхээ хүрээнд зөвлөмж хүргүүлсэн ба энэ зөвлөмжийг бид хүлээж аваад үнэлгээний хороо хариугаа гаргасан. Энэ үнэлгээний хорооны гаргасан шийдвэр нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 62.3, 62.4 буюу нэхэмжлэгч тал дистрибьютер талтай байгуулж байгаа гэрээндээ Б.Б******* гэж хүнд итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэл нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан “...архив албан хэрэг хөтлөх тухай хуулийн 4.1.14-т заасан шаардлагад нийцээгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 буюу шаардлагад тэнцээгүй материал ирүүлсэн оролцогчийг тендерээс татгалзах гэсний дагуу “Х*******” ХХК-ийг татгалзаж шийдвэрлэсэн. Бид өөрсдийн шийдвэр болон үнэлгээний хорооны шийдвэрийг дэмжиж оролцож байна гэв.
4.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгийн сайн, хамгийн бага үнэтэй тендерийг шалгаруулсангүй гэж байна. Бүх материал нь шаардлага хангасан тохиолдолд хамгийн бага үнийн саналыг баримтална. Тендерийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-г хангаагүй гэдэг үүднээс бид бага үнийн аргыг, харьцуулалтын аргыг ашиглах боломжгүй байсан. Тэгээд тендерийн материалын шаардлагыг хангасан нэг л компани байсан учраас сонгосон бөгөөд мөн туршлагын мэдээлэлтэй
хтой асуудал ярьсан. Тендерийн баримт бичиг дээр 2022, 2023, 2024 оны аль нэг жилийн гэрээний үнийн дүнгийн 70 хувийг туршлагын мэдээлэл хангасан байх шаардлагатай гэдэг асуудал яриад байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 400,000,000 төгрөгийн 2 хогны автомашин нийлүүлсэн, туршлагын мэдээллийг ирүүлсэн гэдэг асуудал яриад байсан. Үнэлгээний хорооны зүгээс 2,500,000,000 төгрөгийн 70 хувь гэдэг нь 1,750,000,000 төгрөгийн туршлагын мэдээллийн гэрээг аль нэг он дээрээ шаардлага хангасан байх ёстой гэж тендерийн баримт бичигт тусгасан байгаа гэв.
4.5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани БНХАУ-ын “*******” компанийн Монгол улс дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр 2005 оноос хойш 20 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа. “*******” компани болон манай компанийн хооронд жил бүр дистрибьютерийн гэрээ байгуулагддаг бөгөөд энэ гэрээг гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээсэн, хаалттай байдаг тул сонгон шалгаруулалтын бичиг баримтыг бид дистрибьютерийн гэрээтэй гэдгээ нотолж эхний болон сүүлийн хуудсыг илгээсэн. Манай компани “Д*******” ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тодруулга буюу дистрибьютерийн гэрээг бүрэн эхээр нь ирүүлэх тухай албан бичиг ирснээр “*******” компаниас албан ёсны зөвшөөрөл авч дистрибьютерийн гэрээг бүрэн эхээр нь сонгон шалгаруулалтын баримтад хүргүүлсэн, энэхүү дистрибьютерийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Дистрибьютерийн гэрээний нууцлал хадгалах тухай ярьдаггүй болохоос биш хоёр компанийн хооронд байгуулагдсан дистрибьютерийн гэрээний дагуу албан ёсны дистрибьютер нийтэд нээлттэй байдаг. Энэ компанийн цахим хуудсанд нээлттэй хэлбэрээр харагддаг. Тийм учраас бид дистрибьютерийн гэрээний 18.1-д заасан ижил төстэй гэрээний шаардлагыг хангасан гэж үзэж байгаа.
Тендерээр худалдан авах техник хэрэгслийн үзүүлэлтийн 7 дугаар шаардлага буюу хурдны хайрцаг, захиалагчийн шаардлагад механик ажиллагаатай, урагшаа 12, хойшоо 2 шатлалтай гэж заасан байдаг. Манайх тендер шалгаруулалтад механик ажиллагаатай урагшаа 7, хойшоо 1 шатлалтай байх буюу дүйцүүлэх маягаар өгсөн байдаг. Хурдны хайрцаг гэдэг нь араа солих үйлдлийг хэлж байгаа. Урагшаа 7, хойшоо 1 гэдэг нь хүнд даацын хэрэгцээнд буюу богино зайнд явдаг тул араа солих ажиллагааг илүү хялбаршуулсан, операторын жолоодлогыг хялбаршуулсан илүү дэвшилтэт технологи юм. Мөн аваар осол эрсдэлийг багасгасан байдаг. “Х*******” ХХК-ийн тендерт өгсөн материалын үзүүлэлтээр механик ажиллагаатай урагшаа болон хойшоо 1 шатлалтай гэж өгсөн байдаг. Тэгэхээр тендерийн үзүүлэлтийг 100 хувь хангаж байна гэвэл эднийх ч гэсэн дүйцүүлэх байдлаар өгсөн.
Мөн нумны хувьд урд болон ард талдаа төмөр нумтай байхаар захиалагч шаардлага ирүүлсэн, манайх урд тал хийн нумтай, ар тал төмөр нумтай байхаар ирүүлсэн ба үзүүлэлтийн талаар тайлбараа өгсөн байгаа. Хийн нум нь төмөр нумаас илүү зөөлөн нум гэдэг нь урд болон хойд тэнхлэгийг холбосон машины даацыг тэнцвэржүүлж байдаг зүйл. Төмөр нумтай байснаараа эвдрэл их гардаг. Операторын тав тухад мөн нөлөөлдөг. Төмөр нум илүү урт насжилттай гэж нэхэмжлэгч ярьж байна. Насжилтын хувьд төмөр нум нь өмнөх технологи буюу үүнээс үүдэлтэй эвдрэл гэмтэл их гардаг. Харин хийн нум машины насжилтыг удаашруулах зорилготой буюу эвдрэл бага байдаг. Бид дистрибьютерийн гэрээгээ шаардлага хангасан байдлаар өгсөн, манайх тендерийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.
4.6.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хороог хариуцагчаар татсан байгаа ба Үнэлгээний хорооны ажил 08 дугаар сарын 25-ны өдөр дууссан учир үнэлгээний хороог хариуцагчаар татах нь зүй бус гэж үзэж байна. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Д*******” ХХК-ийн мэдэгдлийн үндэслэх хэсэг нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан ба энд зааснаар “Х*******” ХХК-ийн тендер зарим шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр шалгаруулалтад тэнцээгүй гэсэн ерөнхий агуулга байдаг. Бүх шаардлагыг хангасан тендер гэдэгт Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу “Оролцогч тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцна”, мөн хуулийн 15, 16, 17-д заасан “...чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байна” гэж байгаа. Санал болгосон бараа ажил үйлчилгээ нь техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэсэн хуулийн энэ шаардлагуудыг хангасан байх ёстой..
Хавтаст хэргийн 213 дугаар талд “Синотрак интернэйшнл” болон “А*******” ХХК-ийн дистрибьютерийн гэрээний бүтээгдэхүүн хэсэгт манай компанийн автосамосвалын дистрибьютерийг хийж болох автомашинуудын нэрсийг бичсэн байгаа. “Х*******” ХХК-ийн тендерийн материалыг үзэхэд 3 төрлийн компани
гарч ирдэг. Аль компани нь дистрибьютерийн гэрээг олгоод байгаа нь тодорхойгүй, 3 өөр компани байгаа. Энэ компаниудын мэдээлэл нь сайтад нийтэд нээлттэй байгаа, нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байна. ******* компани гэж байгаа. Энэ нь XJ90D гэсэн уул уурхайн самосвалын техникийн үзүүлэлт байдаг.
“Х*******” ХХК-ийн тендерийн материалд XJ90D техникийн зураг байгаа. Дистрибьютерийн сертификат нь /хавтаст хэргийн 17-18 дугаар талд/ Онцгой бус эрхийг олгосон дистрибьютерийн гэрчилгээ байна. Энэ гэрчилгээн дээр крантай ачааны автомашин, автокран, агаарын тавцант өргөгч, сэрээт өргөгч гэдэг тоног төхөөрөмжийн дистрибьютерийн эрхийг авсан байгаа. Дараа нь XCMG импорт, экспорт гэдэг компани гарч ирж байгаа ба XCMG хүнд даацын машин механизм үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэж байгаа. Энэ үйлдвэрлэгчийн зөвшөөрөлд XCMG хүнд даацын машин механизмын нэрийн өмнөөс тэд нартай түншлэлээр орж байгаа юм болов уу гэж ойлгогдох шиг, эсвэл тэд нар зөвшөөрөл олгоод байгаа байхгүй юу. Та нар бидний өмнөөс гэрээ байгуулж болно, гэхдээ өнөөдрийн маргаж байгаа этгээдүүд нь “Х*******” ХХК орсон болохоос XCMG хүнд даацын машин механизм гэдэг компани ороогүй, яагаад тендерийн материалд оруулсан нь ойлгомжгүй байгаа. “Д*******” ХХК-д “Х*******” ХХК-ийн явуулсан материалд нууцалсан баримт бичиг мэдээллийн жагсаалт гэж байгаа ба манайх ч мөн адил нууцалсан мэдээллийн баримт гэсэн жагсаалт явуулаад дистрибьютерийн гэрээний ар өвөр хоёр талыг, эд нар ч гэсэн дистрибьютерийн гэрээний 11 дэх заалтыг бариад энэ дистрибьютерийн гэрээ нууцлалын зэрэгтэй гэж явуулсан байдаг. Үүн дээр Шюжоу барилгын машины гадаад, дотоод худалдаа гэдэг компани гарч ирж байгаа. Мөн дистрибьютерийн гэрээ байгаа, энэ дистрибьютерийн гэрээн дээр нөгөө тал тайлбартаа “...энэ бол гарын үсгийн асуудал биш, энэ гарын үсгийг Б.Б******* гэж хүн дараа дараагийн гарын үсэг зурах эрхийг бид олгосон”, түүнээс үндсэн гэрээн дээр “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б******* өөрөө гарын үсэг зурсан гэдэг тайлбар өгдөг.
Дистрибьютерийн гэрээний эхний нүүрэн дээр байгаа эрх бүхий этгээдийн утасны дугаар, мэйл хаяг байна. Энд Б.Б******* гэдэг хүн эрх бүхий этгээд нь юм шүү, энэ хүний мэдээлэл уг гэрээнд орсон байгаа. Тэгэхээр Б.Б*******даа итгэмжлэлээр энэ гэрээнд гарын үсэг зурах итгэмжлэл олгосон гэдгийг нотлоод байгаа. Энэ гэрээний салшгүй нэг хэсэг нь дистрибьютерийн гэрээний 21 дүгээр зүйлд “...энэ гэрээ хэд хэдэн хавсралтаас бүрдэнэ. Энэ бүгд нийлээд нэг цогц гэрээ юм” гэдгийг тайлбарласан байдаг бөгөөд ямар ямар бараа бүтээгдэхүүн дээр дистрибьютерийн эрх аваад байгаа юм бол. Хавтаст хэрэгт авагдсан материалын 59 дүгээр талд байгаа орчуулгаас харахад Б*******ын Б******* гэдэг хүнд олгосон итгэмжлэлийн доор “Ачааны машинд суурилуулсан кран, автокран, агаарын ажлын талбар, сэрээт ачигч” гэж бичсэн байгаа. Захиалагч даамп гэдэг автосамосвал гэдэг машин худалдаж авах гэж байгаа. Түүнээс ачааны машинд суурилуулсан кран, авто кран, автокраны ажлын тавцан худалдаж авах гээгүй, энэ дистрибьютерийн гэрээ хуулийн 26.9-г баримтлаад байна.
Нэхэмжлэгч тал ганцхан гарын үсгийн баталгаа гэж тайлбарлаж, унагасан шалтгаан нь оролцогч нь тендерт санал болгож байгаа техникийн албан ёсны дистрибьютер бол хүчин төгөлдөр дистрибьютерийн сертификатыг авч ирэх ёстой гэж байгаа. Мөн дистрибьютерийн гэрээний сертификат, үйлдвэрлэгч бол эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ гэсэн. Би энэ компанийг үйлдвэрлэгч гэж бодохгүй байна. Оролцогчийн санал гэж байгаа, гол нь албан ёсны дистрибьютерийн гэрээ ирүүлсэн гэсэн хэр нь шаардлага хангаагүй тухайд албан ёсны дистрибьютерийн гэрээтэй хтой гэж байгаа. Захиргааны актад гол маргадаг зүйл нь 26.9 байдаг ба 26.9 нь тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлага хангасан тендер гэж үзэж, энэ тендерийг шалгаруулдаг. Гэтэл нэхэмжлэгч талын цахимаар ирүүлсэн, одоо нэмэлтээр шаардлагагүй гээд байгаа баримт нь нэгдүгээрт 3 өөр төрлийн компани байна. Дистрибьютерийн гээд байгаа гэрээ нь шал өөр автокрануудын эрхийг олгосон гэрээнүүд байна. Түүнчлэн Сангийн яамны албан бичигт “...гомдол хүлээн авах хугацаа дууссан” талаар дурдаад, “...гомдлыг хүлээн авахаас татгалзлаа” гэсэн хариу өгсөн байгаа. Сангийн яаманд урьдчилсан ажиллагаа хийгдээгүй гомдлыг шүүх хүлээж авах нь зүйн хэрэг үү гэдгийг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
“Х*******” ХХК “Д*******” ХХК-д гаргасан мэдэгдэлдээ “Олон улсын чанарын стандартын гэрчилгээг тендерийн бичиг баримтад хавсаргав” гэжээ. Олон Улсын чанарын стандартын гэрчилгээ нь сиди дээр байгаа. ******* гэрчилгээ гээд, доор нь “...энэхүү гэрчилгээ нь Шюжоу цувралын арилжааны тээврийн хэрэгслийн зураг төсөл боловсруулах, хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах үйлчилгээ үзүүлэх болон холбогдох удирдлагын үйл ажиллагааг зохицуулна. Энэхүү гэрчилгээ нь үндсэн гэрчилгээний дагалдах гэрчилгээ байна. Иймд энэхүү тоот гэрчилгээ нь үндсэн гэрчилгээний хамт хүчинтэй болохыг анхаарна уу, үндсэн гэрчилгээ байхгүй тохиолдолд энэхүү гэрчилгээ хүчингүй” гэж тодорхой заасан. Нийтэд нээлттэй мэдээлэл дээр “Х*******”
ХХК дээр дурдсан автокрануудын дистрибьютерийн эрхийг авсан нь үнэн. Тэр нь XCMG Global гээд зөвхөн Global-ийн дистрибьютерийн эрх эд нарт байгаа. Өөрсдөө тэр эрхийг эзэмшдэг байх гэж буруугаар ойлгож, хөнгөмсгөөр найдсан юм болов уу гэж би бодож байна. Энд өөр компанийн дистрибьютерийн эрхийг эзэмшдэг гэж байгаа. Монгол Улсад XCMG Global гэдэг компаниас 4 компани дистрибьютерийн эрх эзэмшдэг юм билээ. Үүний нэг нь манай компани. XC90G гэдэг автосамосвалын дистрибьютерийн эрхийг эдний компани огт эзэмшдэггүй юм байна. Иймд үнэлгээний хорооны дүгнэлтийг хэсэгчлэн зөв дүгнэсэн байна гэж үзэж байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.4-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх эсвэл тодорхой зүйл хийхийг үүрэг болгохыг заасан. Манайх акт тодорхой хэмжээнд зөвхөн гарын үсэг дээр ач холбогдол өгөхөөс гадна захиргааны акт үндэслэсэн хууль нь чухал гэж үзэж байна. Хуулиа тайлбарлахдаа магадгүй тодорхой хэмжээнд буруу тайлбарласан байж магадгүй. Бид эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж харж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж байгаа ба 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.4, 48.2.5, 48.2-т зааснаар хүчингүй болгох захиргааны актад хамаарахгүй захиргааны акт гэж үзэж байна.
Харин “Х*******” ХХК нь эсрэгээрээ хуурамч бичиг баримт бүрдүүлж төрийг төөрөгдөлд оруулсныхаа төлөө Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэл хүлээх ёстой байсан байх гэж бодож байна. Манай хувьд дистрибьютерийн гэрээний асуудал л яригдаж байгаа. Гэрээ байгууллагын нууцын тухай хуульд заасан нууцын зэрэгтэй гэрээ байсан. Хариуцагч талаас тодруулга авах эрх хэмжээнийхээ хүрээнд тодруулга авсан, бид бүрэн эхээр нь орчуулгын хамт хүргүүлсэн. Түүн дээр автосамосвалын дистрибьютерийн гэрээг Синотрак гээд Монгол Улсад манайх цорын ганц дистрибьютерийн эрхтэй гэдгийг хүмүүс мэдэх байх.
Тендерийн шаардлага “А*******” ХХК-ийн нийлүүлж байгаа тендерийн автосамосвалын техникийн үзүүлэлтүүд “Х*******” ХХК-ийн нийлүүлж байгаа техникийн үзүүлэлтийн харьцуулалтыг хүснэгтээр хийж өгсөн байгаа бөгөөд “Х*******” ХХК-ийн техникийн үзүүлэлт техникийн шаардлагыг зөрчөөгүй, хангасан, гэхдээ манайх илүү байгаа. Хамгийн сайн гэж үнэлэгдсэн гэдэг нь техникийн үзүүлэлтээрээ тодорхой хэмжээнд сайн байхыг ойлгоно. Иймд Тендерийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2 тендерийг хянан үзэх, үнэлэх, 50.2.3 Захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах, зөвлөмж
хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн үнэлгээний хороог буруутгах эрхгүй гэж үзэж байна. Үнэлгээний хороо шийдвэрээ гаргасан. Харин манайх зүй ёсны өнөөдөр гэрээгээ байгуулаад явах боломжтой гэж үзэж байна. “Х*******” ХХК-ийн хамгийн сайн тендерээр үнэлэгдсэн тендерээр шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүрэн няцааж байна. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Энэ хэрэгт нийтийн эрх зүйн хүрээнд “төрийн өмчийн хөрөнгөөр бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулсан” захиргааны байгууллагын үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-ийн “захиалагч” гэж 4.1.9.б-д 50 ба түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийг төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд компанийн хөрөнгийн 50-аас дээш хувь нь төрийн өмчид хамаарах тохиолдолд худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу зохион байгуулахаар хуульчилсан.
Д******* нь хэлбэрийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай компани байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, https://opendata.burtgel.gov.mn/ вэб сайт дахь тус компанийн нийтэд илэрхий мэдээлэл, /www.tender.gov.mn/ вэб сайт дахь төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй мэдээллээс тус тус үзэхэд, уг хуулийн этгээдийн хувьцааг “Эрдэнэс монгол” ХХК хэмээх төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд /хувьцаа эзэмшигч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар/ байх бөгөөд “Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин” нийлүүлэгчийг сонгох ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дээрх зарчмаар зохион байгуулжээ. Энэ тохиолдолд тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан уг компанийг захиалагч, тендер шалгаруулалтын хүрээнд гаргасан шийдвэрт дүгнэлт хийх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хоёр. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа:
2.1. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах,
2.2. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэлийг,
2.3. Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар, дугаар мэдэгдлүүдийг,
2.4. Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн D******* дугаар гэрээ хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах,
2.5. Үйлдвэрлэлд ашиглах автосомасвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “Х*******” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” гэж нэмэгдүүлж, тодруулан тодорхойлсон бөгөөд шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн төлөөлөгч энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцсэн.
Гурав. Нэхэмжлэгчээс “Х******* ХХК-ийг дистрибьютер гэрээний гарын үсэг тендерт ирүүлсэн баталгаат гарын үсгээс зөрсөн гэх үндэслэлийг зааж хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд “А*******” ХХК-ийн илгээсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулахдаа дистрибьютер гэрээг ирүүлээгүй, техникийн тодорхойлолт тендерийн баримт бичигт заагдсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй талаар дүгнэсэн байхад шаардлага хангасан мэтээр дүгнэж шалгаруулан шаардлага хангаагүй этгээдтэй гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, шударгаар сонгон шалгаруулалтад орох эрхийг минь хязгаарлаж, хууль бус шийдвэр гаргасан” гэж,
Хариуцагчаас “Дистрибьютерийн гэрээг “Х*******” ХХК-ийн ирүүлсэн гүйцэтгэх захирал Ц.Б*******ын итгэмжлэл, гарын үсгийн баталгааны маягтад
тусгасны дагуу хянан үзэхэд баталгаажуулсан гарын үсэг нь уйгаржин монгол бичгээр зурж ирүүлсэн нь итгэмжлэл болон хавсралтаар ирүүлсэн гарын үсгийн баталгааны маягттай зөрүүтэй байсан учир дистрибьютерийн гэрээг үнэлгээнд авч үзээгүй, харин “А*******” ХХК-ийн хувьд дистрибьютер гэрээнд тодруулга авч, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д албан ёсны дистрибьютер бол ижил төстэй гэрээний мэдээлэл шаардахгүй гэж тусгасны дагуу дистрибьютер гэрээ ирүүлсэн гэж үнэлгээнд авч үзсэн, мөн техникийн тодорхойлолтод илүү давуу талтай бөгөөд Операторын тав тухыг хангаж, төмөр нумнаас шалтгаалсан эвдрэлийг бууруулсан тул нийцэж байна гэж үзэж тодруулга авахаар шийдвэрлэж, тодруулгын хариуг хэлэлцэж, тендерийн үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
1.“Үйлдвэрлэлд ашиглах автосамосвал, автомашин Багц1” нийлүүлэгчийг сонгох ******* дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн дугаар, дугаар мэдэгдлүүд мөн багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн D******* дугаар гэрээ хууль бус болохыг тус тус тогтоолгож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Тендерийн үнэлгээний хороо 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар хурлаар Багц-1 үйлчилгээний автомашин худалдан авах тендерийн баримт бичгийг дахин хянан үзэх тухай хэлэлцэж, “Х*******” ХХК-ийг “...гарын үсгийн маягт болон гэрээнд гарын үсэг зурсан нь зөрүүтэй тул шаардлага хангахгүй” гэж, “А*******” ХХК-ийг “...эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ гэсэн дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэснийг тодруулга авах”, мөн техникийн тодорхойлолтод хурдны хайрцаг “...дүйцнэ гэж”, урд тал хийн нумтай, ар тал төмөр нумтай илүү давуу тал гэж ирүүлсэн байгааг захиалагч хянаж үзээгүй байна гэснийг илүү давуу талтай бөгөөд Операторын тав тухыг хангаж, төмөр нумнаас шалтгаалсан эвдрэлийг бууруулсан тул нийцэж байна гэж үзээд “А*******” ХХК-аас ирүүлсэн дистрибьютерийн гэрээнд тодруулга авахаар шийдвэрлэжээ.
Улмаар Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний 01/2221 тоот албан бичгээр “А*******” ХХК-д “Дистрибьютерийн гэрээ нь шаардлага хангаж байгаа боловч хянан үзэхэд тодорхойгүй, эргэлзээтэй байгаа тул дистрибьютерийн гэрээтэй уялдаж буй эсэхийг тогтоох зорилгоор ...хуулийн 25 дугаар зүйлд заасныг үндэслэн тодруулах шаардлагатай байна” гэж илгээсэн байх бөгөөд “А*******” ХХК-аас 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/587 албан тоотоор “...БНХАУ-ын S******* үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм...“ гэж тодруулгын хариуг хүргүүлснээр Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, албан бичгээр ирүүлсэн тодруулгын хариуг хэлэлцэж 08 дугаар тэмдэглэлээр “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 28 дугаар зүйлийн 28.1.1-ийн дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэснээр, гуравдагч этгээд “А*******” ХХК-д Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ний өдрийн дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотыг явуулжээ.
1.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж...”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж хуульчилсан.
Шүүх хуралдаан дээр “Х*******” ХХК, “А*******” ХХК-ийн дистрибьютер гэрээнүүдийг шинжлэн судалсан бөгөөд Х*******” ХХК-ийн тендерт дистрибьютерийн гэрээг орчуулгын хамт ирүүлсэн байх ба тус гэрээнд монгол бичгээр тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Ц.Б******* гарын үсэг зурж, компанийн тамга тэмдгээр баталгаажуулсан, мөн А******* ХХК-ийн дистрибьютерийн гэрээний нүүр хуудас болон баталгаажуулсан хуудаст S******* international буюу гэрээний нөгөө талын гарын үсэг, тамга тэмдэг байхгүй, гэрээний заалтуудыг ирүүлээгүй байгаа нь шинжлэн судалсан диск /СД/-д хадгалагдсан баримт бичгээр тогтоогдсон болно.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс цахимаар хүргүүлсэн тендерийн баримт бичигт хавсаргасан дистрибьютерийн гэрээний гарын үсэг, тамга тэмдэг дарагдсан эсэх нь тодорхойгүй болж улмаар тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д “Оролцогч нь тендерт санал болгож байгаа техникийн албан ёсны дистибьютер бол хүчин төгөлдөр дистирбьютерийн сертификат, үйлдвэрлэгч болон эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ, хэрэв үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ” гэсэн шаардлагыг хангасан эсэх нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэжээ.
1.3.Энэ тохиолдолд хариуцагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд эргэлзээтэй баримтуудыг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, тухайлбал “Х******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б*******аас ирүүлсэн гарын үсгийн баталгаа үнэн зөв эсэх талаар ойлгомжгүй, зөрүүтэй нөхцөл байдал үүссэн байхад нөхцөл байдлыг магадлах, тодруулж авсны үндсэн дээр бодит нөхцөл байдалд тулгуурлаж, дүгнэлт өгөх шаардлагатай байсан тул уг хуулийн заалтыг хэрэглээгүй тендерийн Үнэлгээний хорооны буруу, дээрх ажиллагааг зайлшгүй хийх ёстой байсан гэж үзэхээр байна.
Учир нь Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай тэмдэглэлээр Багц-1 үйлчилгээний автомашин худалдан авах тендерийн баримт бичгийг дахин хянан үзэх тухай хэлэлцэж, “Х*******” ХХК-ийг “Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д заасныг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр №25-А/06/01 тоот итгэмжлэл, мөн итгэмжлэлийн хавсралт болох гарын үсгийн баталгааны маягт, 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн ******* дугаартай XUZHOU CONSTRUCTIN MACHINERY GROUP IMP&EXP болон “Х*******” ХХК хоорондын байгуулсан дистрибьютерийн гэрээнд үндэслэн ...гарын үсгийн маягт болон гэрээнд гарын үсэг зурсан нь зөрүүтэй тул шаардлага хангахгүй” гэж, “А*******” ХХК-ийг “...эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ гэсэн дээрх шаардлагыг хангасан гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэснийг /гэрээний нүүр/ тодруулга авах” гэж, мөн Сангийн яамнаас ирүүлсэн 02/7203 дугаар албан бичигт дурдсан “Х*******” ХХК-ийн дистрибьютрийн гэрээ шаардлага хангахгүй, гарын үсэг зөрүүтэй гэж татгалзсан шийдвэр үндэслэлгүй, “А*******” ХХК нь Захиалагчийн техник тодорхойлолтын 7-д хурдны хайрцаг... заасныг хянан үзээгүй байна. Иймд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн , 01/1780 шийдвэрийг хуулийн 59.10.1-д зааснаар хүчингүй болгож, хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэж шийдвэрлэснээс үзвэл маргаан бүхий тендерийн шаардлагыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хэн аль нь бүрэн хангаагүй гэж эрх бүхий байгууллагаас тодорхойлсон байхад зөвхөн гуравдагч этгээд А******* ХХК-аас тодруулга авахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч Х******* ХХК-ийг шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн нь хуульд заасан тэгш боломжтой өрсөлдөх зарчимд нийцээгүй байна.
1.4.Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж зааснаар тендерийн баримт бичгийн дагуу Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийг хянан үзжээ.
Дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “тендерийн баримт бичиг гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг” гэж зааснаар ойлгох бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТӨХ/ болон тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг болно.
БНХАУ-ын XCMG үйлдвэртэй 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн ******* дугаартай XUZHOU CONSTRUCTIN MACHINERY GROUP IMP&EXP болон “Х*******” ХХК хоорондын байгуулсан дистрибьютерийн гэрээг “Х*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б*******ын итгэмжлэл, гарын үсгийн баталгааны маягтад зурснаас үзэхэд баталгаажуулсан гарын үсэг нь уйгаржин монгол бичгээр зурж ирүүлсэн нь итгэмжлэл болон хавсралтаар ирүүлсэн гарын үсгийн баталгааны маягттай зөрүүтэй байсан гэх үндэслэлийн тухайд шууд дүгнэлт хийх боломжгүй, дээрх байдлаар зөрүүтэй гэдэг нь ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй, тогтоосон баримт байхгүй байхад гарын үсэг зөрүүтэй гэж дүгнэх үндэслэлгүй болно.
1.5.Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-д ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний туршлагын шаардлагад хэрэв оролцогч нь үйлдвэрлэгч, албан ёсны дистрибьютер бол туршлагын мэдээллийг шаардахгүй гээд Захиалагчийн техникийн тодорхойлолтын 7-д хурдны хайрцаг “механик ажиллагаатай урагшаа 12, хойшоо 2 шатлалтай байх /HW12, эсхүл түүнтэй дүйцэх/, дээд хурд 40 км/ц багагүй байх” гэж, 11-д нум нь “урд болон ар тал төмөр нумтай байх” гэж тус тус заасан байна.
Гэтэл хариуцагчаас Техникийн тодорхойлолтын 7, 11-д заасан шаардлагыг А******* ХХК-аас ирүүлсэн харьцуулсан техникийн тодорхойлолтод илүү давуу талтай бөгөөд Операторын тав тухыг хангаж, төмөр нумнаас шалтгаалсан эвдрэлийг бууруулсан тул нийцэж байна гэж үзэн, мөн адил тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гуравдагч этгээд “А*******” ХХК-ийн тендерийг шалгаруулсан үнэлгээний хорооны дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн тендерээ шударгаар үнэлүүлэх, шударга өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Үйлдвэрлэлд ашиглах автосомасвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл шийдвэрийг тус тус хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
1.6.Түүнчлэн “А*******” ХХК-тай гэрээ байгуулах үндэслэл болсон тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд тендер шалгаруулалтын шийдвэрийг үндэслэсэн Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар, дугаар мэдэгдэлүүд, мөн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн D******* дугаар “Багц1 худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй.
2.Үйлдвэрлэлд ашиглах автосомасвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “Х*******” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” шаардлагын тухайд:
2.1. Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлаар “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг 28 дугаар зүйлийн 28.1.1-ийн дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэснээр, гуравдагч этгээд “А*******” ХХК-д Д******* ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан тоотыг явуулжээ.
2.2. Нэхэмжлэгч “Х*******” ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдлоо гаргасан байх бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/8267 дугаар албан бичигт “...хариу өгсөн асуудлыг дурьдсан, мөн гомдол хүлээн авах хуульд заасан дээрх хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх хариуг өгснөөр захиалагчаас тендерийн ялагчтай 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр D******* дугаар гэрээг байгуулсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2-т тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх, 50.2.3-т захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүргийг Үнэлгээний хороонд хуулиар олгосон тул захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг шүүх хэрэгжүүлэх, захиргааны байгууллагын сонгох эрх хэмжээнд шүүх халдах, нэхэмжлэгч компанитай гэрээ байгуулах эрхийг шууд олгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн үлдэх шаардлага болох ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “Х*******” ХХК шалгарсан болохыг тогтоож, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.3. Шүүх ийнхүү эрх хэмжээгүй асуудлаар даалгасан шийдвэр гаргахгүй гэж дүгнэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн эрхийг сэргээн эдлүүлэхээр үүсэх үр дагаврыг тогтоож өгөх шаардлагатай гэж үзсэн учраас хариуцагчийг “Х*******” ХХК болон “А*******” ХХК-ийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийж, шийдвэрээ гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.
”Д*******” ХХК-йн зарласан ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сараас хойш оролцогчдын маргааны улмаас шийдвэрлэж чадаагүй нь тус компанид автосамосвал нийлүүлэх үйл ажиллагаа нь доголдож болзошгүй, нийтийн эрх ашигт ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл үүсэх боломжтой байдлыг харгалзан үзэх нь зүйтэй ба тендер сонгон шалгаруулалт нь богино хугацаанд түргэн шуурхай, хэмнэлттэй зарчмаар явагдах учиртай.
Иймд хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1-т энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.9-т Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэснийг зөрчиж, тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзэх боломжгүй “А*******” ХХК-ийг шалгаруулж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлсэн хариуцагчийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар, мөн 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар зөвлөмж, түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Худалдан авах ажиллагаанд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчимтай нийцээгүй байх тул тендер шалгаруулалтыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.9, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.2, 28.1.3, 50 дугаар зүйлийн 50.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн “Д*******” ХХК, тус компанийн “Үнэлгээний хороо”-д тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтыг хууль бус болохыг тогтоож, Үйлдвэрлэлд ашиглах автосамосвол, автомашин нийлүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тэмдэглэл /зөвлөмж/, 08 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэл, “Д*******” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн , дугаар мэдэгдлүүд, мөн автосамосвол, автомашин багц №1 худалдах, худалдан авах 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн D******* дугаар гэрээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох үйлдвэрлэлд ашиглах автосамосвол автомашины багц №1 нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ******* дугаартай тендер сонгон шалгаруулалтад хамгийн сайн тендерээр “Х*******” ХХК-ийг шалгарсан болохыг тогтоолгож, худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тус бүх 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА