Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01418

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01418

 

 

 

А.Б.Б.Э.Тийн

Нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2021/01620 дугаар шийдвэртэй, А.Б.Б.Э.Тийн нэхэмжлэлтэй А.Г, Д.Баярсайхан нарт холбогдуулан 38 067 010,23 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Г, Д.Баярсайхан нар нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 2109007339 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан, эргэлтийн хөрөнгө зориулалтаар 40 000 000 төгрөгийн зээл авсан. Гэвч зээлдэгч нь зээл төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн. Зээлийн эргэн төлөлт хийхийг банкнаас удаа дараа шаардаж мэдэгдсэн боловч зээлдэгч нь үүргээ биелүүлэлгүй 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээл 27 614 914, хүү 6 208 763, нэмэгдүүлсэн хүү 343 615, нийт 34 167 293 төгрөгийн өртэй байна. Иймд дээрх хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас гаргуулж, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь Бүрэн эрхт төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч нар нь 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар зээл 27 614 914, хүү 9 564 316, нэмэгдүүлсэн хүү 887 779, нийт 38 067 010 төгрөг болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг үндсэн хүү 3 355 553 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 544 164 төгрөг, нийт 3 899 717 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ариг банк ХХК-тай эрхийн бүртгэлийн Ү-205019979 дугаар бүхии Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 15/1 байрны 8 тоот хаягт байршилтай 55,76 м.кв бүхий 2 өрөө сууцыг барьцаалан 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 2109007339 тоот зээлийн гэрээг байгуулан, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 40 000 000 төгрөгиин зээл авсан. Хариуцагч А.Гын зүгээс зээлийн гэрээний дагуу үүргээ буюу зээл төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үүргээ биелүүлж байсан боловч давагдашгүй хүчин зүйл цар тахал дэгдсэн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүсгэж, эрхэлж байсан үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид улс оронд үүссэн нөхцөл байдлыг харгалзан, зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргаж байсан болно. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Боржгин овогт Алтангэрэлийн Ганзул, Галдан овогт Долзодмаагийн Баярсайхан нараас 34 167 293.08 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 899 717.15 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Г, Д.Баярсайхан нар шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох хариуцагч А.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо Жалханц хутагт Дамдинбазар гудамж 15/1 байр 8 тоотод байршилтай, 55,76м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019979 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348 286 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч Ариг банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 128 045 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч А.Г, Д.Баярсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 398 986 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ариг банк ХХК-д олгосугай. шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үүргээ буюу зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл биелүүлж байсан боловч давагдашгүй хүчин зүйл буюу цар тахал дэгдсэн нь урьдчилан тааварлашгүй нөхцөл байдал үүсгэж, эрхэлж байсан үйл ажиллагаанд маш их хүндрэл учирсан байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлт хийх хугацааг сунгаж өгөх хүсэлтийг гаргаж байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээн аваагүй. А.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш 111 500 000 төгрөг байхад 34 167 293 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулан, түүний үнийн дүнгээс шүүхийн шийдвэр биелүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад өөрчлөл оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Б.Б.Э.Т нь хариуцагч А.Г, Д.Баярсайхан нарт холбогдуулан зээл 27 614 914 төгрөг, хүү 9 564 316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 887 779 төгрөг нийт 38 067 010 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч ... зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зогсоох арга хэмжээ аваагүй, зах зээлийн ханшаар 111 500 000 төгрөгийн үнэ бүхий барьцааны хөрөнгөөр 34 167 293 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагч А.Г, Д.Баярсайхан нар нь Ариг банк ХХК-тай 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 2109007339 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж А.Г, Д.Баярсайхан нар нь 40 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар өмчлөлдөө шилжүүлэн авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар А.Гын өмчлөлийн Баянгол дүүрэг 18 дугаар хороо Жалханц хутагт Дамдинбазар гудамж 15/1 байр 8 тоотод байршилтай, 55,76м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019979 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй./хх7-12/

 

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ү-2205019979 тоот улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамжны 15/1 байрны 8 тоот хаягт байршилтай, 55,76 м.кв бүхий 2 өрөө орон сууцны хувьд талууд барьцааны гэрээ байгуулсан бөгөөд сууцны өмчлөгч нь А.Г, барьцааны гэрээ хэлбэр агуулгын хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн шаардлагад нийцжээ. /хх 10-11/

 

Талууд гэрээндээ 40 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26,40 хувийн хүүтэй байхаар, хүүг 365 хоногоор тооцох, сар бүр үндсэн төлбөр болон хүүг төлөх, хугацаа хэтрүүлвэл үндсэн хүүгийн 20%-иас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна./хх 7-8/

 

Хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчиж төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримтыг үгүйсгээгүй боловч ... эрүүл мэндийн шалтгаанаар төлбөрөө төлөх боломжгүй байсан, цар тахал дэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлажээ.

 

Түүнчлэн, банкны зүгээс зээлдэгчид зээлийн үүргийн хугацаа хэтрэлтийн талаар шаардаж мэдэгдэл өгч байсан үйл баримт болон 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар зээл 27 614 914 төгрөг, хүү 6 208 763 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 343 615 нийт 34 167 293 төгрөгийн үүргийн үлдэгдэлтэй байгааг тооцооллын хувьд няцаасан баримт гаргаагүй.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ гэрээ цуцлагдах ёсгүй, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах зогсоох арга хэмжээ аваагүй гэж тайлбарлан маргасан байх боловч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах хэсэгтэй холбоотой давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд, тогтоосон хэмжээгээр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, гүйцэтгээгүй үүргийг шаардсан гэж зөв тодорхойлжээ. /хх86/

 

Талууд зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, зогсоох талаар хариуцагч нар хүсэлт гаргаж байсан эсэх асуудлаар маргасан.

 

Хариуцагч А.Г нь хүнд өвчний улмаас цаашид зээл төлөх боломжгүй болсон тохиолдолд Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан журмын дагуу гэрээнд өөрчлөлт оруулах, эсхүл цуцлах талаар банкинд хандан шаардаж, мэдэгдэх эрхтэй бөгөөд энэ талаар баримт хэрэгт байхгүй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 16-нд хуулийн арга хэмжээ авахыг анхааруулсан мэдэгдлийг зээлдүүлэгч зээлдэгч нарт гардуулсан байх бөгөөд зээлдэгч нар төлбөр хийхэд хэцүү болсон талаар тайлбарласан гэх боловч зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зогсоох талаар хүсэлт гараагүй байна. /хх21/ Хэрэгт 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдэл өгч уулзалт хийхэд шүүхээс өмнө төлнө, ...банкны зүгээс өгсөн хугацаанд зээл төлж чадахгүй, зээлийг ойрын хугацаанд төлөх боломжгүй гэх зээлдэгчийн зүгээс тайлбар гаргасан баримт байх бөгөөд эдгээрийг цаашид хүү төлөх боломжгүй гэж гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх боломжгүй.

 

Хариуцагч тал 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үүргээ биелүүлж байсан талаар тайлбарласан бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдвар /Ковид-19/-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдсан.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд харин Монгол банкны Ерөнхийлөгчийн Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журам нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гарчээ.

 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дах хэсэгт зааснаар цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална гэж заасан. Энэхүү хуульд заасны дагуу батлагдсан Банкнаас цахим хэлбэрээр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах түр журам-ын 2 дугаар зүйлд банк нь зээлдэгч зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах, зээлийн гэрээний хугацааг сунгах саналыг банкны цахим хуудас, цахим шуудан, утас болон бусад хэлбэрээр хүлээн авахаар заасан бөгөөд зээлдэгчийн саналд зээлдэгчийн нэр, регистрийн дугаар, оршин суух хаяг, холбогдох утасны дугаар, зээл авсан огноо, зээлийн дүн, зээлийн гэрээний дугаар, зээлийн дансны дугаар зэрэг зээлийн нөхцлийн талаархи мэдээлэл, зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хойшлуулах хугацаа зэрэг олон асуудлыг тусгах-аар байна. Хэрэгт дээрх журамд заасны дагуу хариуцагч талаас банкинд хандаж хүсэлт гаргасан гэдгийг нотлох баримт авагдаагүй байна.

 

Анхан шатны шүүхээс А.Гын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны эрх нь хариуцагч нарын нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргийг хангуулахад хамааралтай, барьцааг үндсэн үүргээс салгаж ойлгохгүй талаар хийсэн дүгнэлтийг зөв гэж үзнэ. Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ. Салгаж үл болох эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн дагуу барьцааны эрх байх юм. Барьцааны эрх нь хангагдах шаардлагатай салшгүй холбоотой. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй байхад барьцааны зүйлийг чөлөөлөх ёсгүй бөгөөд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасныг зөв гэж үзнэ. Хариуцагч нарын 111 500 000 төгрөгийн үнэ бүхий барьцааны хөрөнгөөр 34 167 293 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Давж заалдах шатны шүүх талуудын зарчмыг зөрчихгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх ёстой тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад А.Б.Б.Э.Т гэж нэхэмжлэгчийн нэрийг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24ий өдрийн 102/ШШ2021/01620 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Ариг банк ХХК гэснийг Ариг банк ХХК дах бүрэн эрх төлөөлөгч гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 786 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ш.ОЮУНХАНД