Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/631

 

 

 

 

       

 

     2024           05           30                                       2024/ДШМ/631

 

 

Б.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Уранчимэг,

шүүгдэгч Б.Б-а, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,  

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-ад холбогдох эрүүгийн 2309000001264 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б,

 

Б.Б-а нь Сүхбаатар ***ажиллаж байхдаа өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Т-ийн хэргийн газрын үзлэгээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, эд мөрийн баримтаар тооцогдож, сери дугаараар бүртгэгдсэн 30 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 100 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, нийт 1.600.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн  --- байсныг 2022 оны 11 дүгээр сард авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүгдэгч Б.Б-а торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Б.Б-ад оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б-ын нөхөн төлсөн 1.600.000 төгрөгийг Төрийн сангийн 100 90000 5406 тоот данснаас гаргуулан иргэний нэхэмжлэгч Сүхбаатар ***** олгож, Б.Б-а нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Б.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Б.Б-ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан...” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй талаар. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж хуульчилсан. Гэтэл уг эрүүгийн хэрэгт хэргийн бодит байдлыг тогтоохгүй, хэт нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлд заасан заасан “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн үндсэн шинж нь битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан байхыг шаардах бөгөөд гэмт хэргийн субьектив талын шинж нь шууд санаатай шунахайн сэдэлтээр үйлдэгддэг онцлогтой. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Б.Б-а нь тухайн эд мөрийн баримтаар хураагдсан гэх 1.600.000 төгрөгийг өөртөө завших ямар нэгэн санаа зорилго байгаагүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээс эхлэн болсон зүйлийг үнэн зөвөөр мэдүүлж тухайн эд мөрийн баримтаар хураагдсан 1.600.000 төгрөгийг өөрийн хайхрамжгүй, хайнга байдлаас болж алга болгосон талаар мэдүүлдэг.

Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд Б.Б-ын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...би тухайн мөнгийг биедээ авч явж байхдаа хэлтсийн хойд талын тамхины цэг дээр ирээд утсаар ярьж байгаад гэнэтийн яаралтай ажил гараад халаасандаа байсан бэлэн 1.600.000 төгрөгийг тэрхэн зуураа мартаж өөр ажил руу явсан байсан. Энэ хооронд би мөнгийг алга болгосон байсан. Уг нь тухайн мөнгийг тамхины цэгээс албан өрөөндөө орж мөнгийг хураалгасан гэх оролцогч нартай холбогдож дуудаж хүлээлгэж өгөх байсан юм. Би өөрийн буруутай хайнга, салан задгай байдлаасаа болж тухайн ажлаа умартан өөр ажил руу явах болсон. Тэр хооронд эд мөрийн баримтын өрөөнөөс авч гарсан мөнгө маань алга болсон байсныг сүүлд нь мэдсэн. ...Би юу хэлэх гээд байна гэхээр ажлын ачааллаас болж зарим хэргийн хугацаа сунгахгүй хэтрүүлдэг. Ажлын ачааллаас болж юмаа хаана тавьснаа мартдаг өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж энэ хэрэгт тухайн мөнгийг хаана тавьснаа мартаж хайнга хандсанаас болж ийм асуудал үүссэн, би харамсаж байна...” гэх мэдүүлэг/1хх 25-27, 244-245/,

гэрчээр М.Нын өгсөн: “...өглөө өрөөндөө ороод ирсэн чинь Б.Б-а ах “мөнгө алга болгочихлоо” гэхээр нь “ямар учиртай мөнгө юм бэ” гэхэд “хэргийн мөнгө байгаа юм” гэхээр нь “ямар хэргийн мөнгө бэ” гэж асуухад “мөрийтэй тоглоомын мөнгө” гэж хэлж байсан. Би тухайн үед “хэдэн төгрөг бэ” гэж асуусан санагдаж байна. Сая таны асуусан асуултаас 1.600.000 төгрөг гэж мэдэж авлаа. Мөн дээрээс нь хэзээ, яаж байгаад алга болгосон юм бэ гэхэд Б.Б-а ах мэдэхгүй байна, би энд тавиад мартсан юм шиг байна гэж хэлсэн. Б.Б-а ах алга болгосон мөнгөө эд мөрийн баримтаар тооцоод сери дугаараар нь бүртгээд авсан байгаа талаар хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх 125-126/ зэргээс үзэхэд миний үйлчлүүлэгч тухайн эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгийг өөртөө хувьдаа завшсан гэдэг нь үгүйсгэгдэж байна..

Түүнчлэн анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Б-ыг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ гэрч Ө.Ба, Д.Э, Д.Га, Ү.Б, М.Н, иргэний нэхэмжлэгч Б.Б нарын мэдүүлгээр түүнийг гэм буруутай гэж үзэж шийдвэрлэсэн байдаг. Дээрх гэрч нарын мэдүүлэг нь миний үйлчлүүлэгч Б.Б-ыг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завшсан гэдгийг нотлоогүй. Энэ талаар хавтаст хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтад бус өөрийн таамаглалд үндэслэж “...миний үйлчлүүлэгчийг эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс өөрийн санаачилгаар мөнгийг авч байгаа нь санаатай үйлдэл бөгөөд хаяж гээснээ нотлоогүй...” гэж зүйлчлэлийг хүндрүүлж завшсан гэж үзсэн нь илтэд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг нотлоно гэж хуульчилсан. Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Б.Б-ын үйлдэлд битүүмжилсэн хураан авсан эд хөрөнгийг завших ямар ч санаа зорилго байгаагүй. Завшиж өөртөө хэрэглэсэн талаар ямар ч нотлох баримт хавтас хэрэг байхгүй. Иймд миний үйлчлүүлэгч Б.Б-ын үйлдлийг битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин миний үйлчлүүлэгч Б.Б-а нь өөрийн хайнга, хайхрамжгүй үйлдлээс болж эд мөрийн баримтыг алга болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах" гэмт хэргийн шинжтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “....Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан..." байхыг шаарддаг. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинж нь албан тушаалтан нь албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” буюу 50.000.000 төгрөг, түүнээс дээш хохирол учирсан байхыг хуулиар шаардаж байна. Дээрх тохиолдолд Б.Б-ын албан үүрэгтээ хайнга хандсаны улмаас 1.600.00 төгрөгийн хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж болох хохиролд хамаарахгүй байна. Иймд Б.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-а тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

 

Прокурор Э.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Б-а нь мөнгийг холбогдогч нарт өгөхөөр авч явж байхдаа санамсаргүй үрэгдүүлсэн гэж мэдүүлдэг боловч мөнгийг эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс авах эрх үүсээгүй буюу хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн санаачилгаар мөнгийг хэргийн оролцогч нарт хүлээлгэж өгнө гэж авсан нь санаатай бөгөөд хаяж гээгдүүлснээ нотолж чадаагүй. Гэрч М.Нямжав шүүгдэгчийг хаясан талаараа хэлсэн гэж мэдүүлдэг боловч хэзээ, хаана, хэрхэн гээсэн болохыг гэрчилж чадаагүй. Шүүгдэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтыг хариуцна.”, 2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтаст хэрэгт хавсаргана.”, 7 дахь хэсэгт заасан “Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний обьектыг хадгалах, хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна.” гэснийг тус тус зөрчиж, эцэслэн шийдвэрлээгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1.600.000 төгрөгийг завшсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Прокуророос Б.Б-ыг Сүхбаатар ***ажиллаж байхдаа өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Т-ийн хэргийн газрын үзлэгээр 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хураан авч, эд мөрийн баримтаар тооцогдож, сери дугаараар бүртгэгдсэн 30 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 100 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, нийт 1.600.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн ****байсныг 2022 оны 11 дүгээр сард авч завшсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Б.Б-а нь дээрх мөнгийг холбогдогч нарт өгөхөөр аваад санамсаргүй гээж үрэгдүүлсэн гэж мэдүүлсэн боловч хураан авсан мөнгийг эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс авах эрх үүсээгүй буюу хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, буцаан өгөх талаар прокурор санал гаргаагүй байхад өөрийн санаачлагаар мөнгийг авч байгаа нь санаатай үйлдэл бөгөөд хаяж гээснээ нотлоогүй. Хэдийгээр гэрч М.Н нь гээсэн гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн боловч хэзээ, хаана хэрхэн гээсэн болохыг тодорхойлж гэрчлээгүй. Түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Шүүгдэгч Б.Б-а Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын хадгалалт хамгаалалтыг хариуцна...”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтас хэрэгт хавсаргана...”, мөн хуулийн 7 дахь хэсэгт “....хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримт, шинжилгээний объектыг хадгалах хамгаалах, хяналт тавих үүрэг хүлээсэн байгууллага, албан тушаалтан тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хариуцна...” гэсэн үүргээ санаатай зөрчсөн нь нотлогдсон. ...” хэмээн дүгнэж Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий албан тушаалтан завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.

 

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх Б.Б-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, Сүхбаатар **** С.Б 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол үйлдэж, хэрэгт хавсаргасан эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтын байдлыг шалгаж, танилцахад 1.600.000 төгрөг үрэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. ...” гэх гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Б-ад гомдол гаргаж /1хх-2/, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

 

Үүнд, гэрч Ө.Б-ын “...уг хэрэг эрүүгийн цагдаагийн албан дээр нэгтгэгдэж буцаж харьяаллын дагуу ирэхдээ мөрдөгч Б.Б-а дээр цохогдож ирсэн байсан. Миний санаж байгаагаар би мөрдөгч Б.Б-ад тухайн хэргийн эд мөрийн баримт болох бэлэн 1.600.000 төгрөг, покер тоглодог читон, шоо, хөзөр зэргийг хүлээлгэж өгч, хошууч Г.Г мэдэгдэж эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалсан. ...” /1хх 30-32/, гэрч Ү.Б “...манай хэлтэс бэлэн мөнгө хадгалах тусгай данс байхгүй учраас прокурорын дансанд байршуулсан ганц нэг тохиолдол байгаа энэ хүрээнд мөрдөгч Б.Б-а эд мөрийн баримт хадгалах талаар мэдэгдсэн бол тодорхой арга хэмжээ авч тухайн асуудлыг шийдвэрлэх байсан...” /2хх 4-5/, гэрч М.Н “...өглөө өрөөндөө ороод ирсэн чинь Б.Б-а ах “мөнгө алга болгочихлоо” гэхээр нь “ямар учиртай мөнгө юм бэ” гэхэд “хэргийн мөнгө байгаа юм” гэхээр нь “ямар хэргийн мөнгө бэ” гэж асуухад ‘мөрийтэй тоглоомын мөнгө” гэж хэлж байсан. Би тухайн үед хэдэн төгрөг бэ гэж асуусан шиг санагдаж байна. Тухайн үед надад мөнгөн дүнг хэлж байсан байх. Сая таны асуусан асуултаас 1.600.000 төгрөг гэж мэдэж авлаа. Мөн дээрээс нь “Хэзээ, яаж байгаад алга болгосон юм бэ” гэхэд Б.Б-а ах “Мэдэхгүй байна. Би энд, тэнд тавиад мартсан юм шиг байна” гэж хэлсэн. ...” /2хх 125-126/, иргэний нэхэмжлэгч Б.Б “...Цагдаагийн ерөнхий газраас бүх цагдаагийн газар, хэлтсийн арилжааны банк дахь данснуудыг хаалгасан байгаа. Хэрэв мөнгөө өгөх юм бол прокурорын байгууллагын данс байгаа. Тэр дансанд хийх боломжтой. Аль эсвэл манай байгууллагын няравт бэлнээр өгөх боломжтой...” /2хх 123/ гэсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 1хх 46-137/ зэрэг баримтууд авагджээ.

 

Эдгээр хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Б-а нь Сүхбаатар ***ажиллаж байхдаа өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, сери дугаараар бүртгэгдсэн 1.600.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн ****байсныг 2022 оны 11 дүгээр сард авч үрэгдүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан нь завших гэмт хэргийн үндсэн шинж байдаг.

 

Өөрөөр хэлбэл, хууль ёсны өмчлөгчөөс тогтоосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах, хамгаалах үүрэг хүлээсэн этгээд тэдгээрийг хувьдаа авах, зохих зөвшөөрөлгүйгээр хууль бус эргэлтэд оруулах, бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэх зэрэг нь завших гэмт хэрэгт тооцогддог.

"Шунахайн сэдэлт" гэдэгт гэмт этгээд өөртөө болон бусад этгээдэд эдийн буюу эдийн бус баялаг олж авах, эсхүл ямар нэгэн үүргийг гүйцэтгэхээс зайлсхийх гэсэн санаа зорилгыг ойлгох ба уг сэдэлт нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө үүссэн талаар тайлбарлажээ.

 

             Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Б.Б-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт зааснаар 3400 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

            Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан “...Б.Б-ын үйлдэл нь албан тушаалдаа хайнга хандах гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг учраас Б.Б-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгох бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Шүүгдэгч Б.Б-ын хувьд өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож, сери дугаараар бүртгэгдсэн 1.600.000 төгрөгийг эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байсныг авч үрэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул албан тушаалдаа хайнга хандсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн “...Б.Б-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЦТ/176 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч Б-ыг “Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг хадгалах, хамгаалах үүрэг бүхий ажилтан, албан тушаалтан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас эд хөрөнгө үрэгдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж,

2 дахь заалтыг шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 3400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч О.Баярбаясгалангийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                      С.БОЛОРТУЯА

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН