| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2025/0031/з |
| Дугаар | 124/ШШ2025/0043 |
| Огноо | 2025-11-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 124/ШШ2025/0043
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын Төрийн албаны зөвлөл /............................/
Хариуцагч: Захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд болох Ч.Ч-д холбогдуулан гаргасан,
“Төрд учруулсан хохиролд 103,468,540 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Р.Ж, хариуцагч Ч.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Монгол Улсын Төрийн албаны зөвлөл /цаашид Төрийн албаны зөвлөл гэх/ нь захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд болох Ч.Ч-д холбогдуулан “Төрд учруулсан хохиролд 103,468,540 төгрөг гаргуулах тухай” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Л-ын Цыг Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 захирамжаар Л.Ц-ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 захирамжаар Л.Ц-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгож шийдвэрлэсэн байна.
3.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаартай тогтоолын 5-р хавсралтаар Л.Ц-ыг Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон гэж тогтоож шийдвэрлэсэн.
4.Төрийн албаны зөвлөлөөс Л.Ц-ыг хууль бусаар томилсноос чөлөөлөгдөх хүртэл хугацааны цалин нийт 54,251,740 төгрөг, Л.Ц-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламжаар олгосон 49,216,800 төгрөгийг төрд учруулсан хохиролд тооцон төлж барагдуулахыг Ч.Ч-д 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04/35 дугаартай албан бичгээр мэдэгджээ.
5.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж, 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийг биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийн төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэснээс үзэхэд Монгол улсын Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
6.Хариуцагч талаас нэхэмжлэгчийг хохирол шаардсанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан тул энэ талаарх дүгнэлтийг хийх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:” гэж заасан зохицуулалтын хувьд захиргааны үйл ажиллагаанд буюу хамааралтай байхаар байна. Өөрөөр хэлбэл хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд 30 хоногийн хугацаа хамааралгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ” гэж зохицуулсан ба Иргэний хуульд заасан гэм хорын эрх зүйн хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэхээр байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4.-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байхаар заасан зохицуулалтын хүрээнд Захиргааны хэргийн шүүхэд гэм хор учруулснаас үүсэх хохирлыг нэхэмжлэх нэхэмжлэлийн төрөлд тооцох хөөн хэлэлцэх хугацааг 5 жил гэж ойлгоно.
Иймд нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийг хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
7.Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Төрийн албаны зөвлөл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д "Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй" гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т "Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж, 50.2-т "Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан.
1.Дээрх хуулийн дагуу Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/315 дугаар албан бичгээр иргэн Ч.Ч-ээс төрд учруулсан хохирол 103,468,540 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан.
2.Гэтэл Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 318/Ш32025/С0363 дугаар захирамжаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоол гаргасан ба тухайн тогтоолын 5.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуцагч Ч.Ч-д холбогдуулан гаргасан хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд нийт 103,468,540 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр хуульчилсан.
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйл болон 13 дугаар зүйлд заасан иргэний хэрэг үүсгэх үндэслэл, хэргийн харьяаллыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
3.Төрийн албаны зөвлөлөөс дээрх Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 318/Ш32025/00363 дугаар захирамжид гомдол гаргасанд тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 318/ШТ2025/00022 дугаар тогтоолоор хариуцагч Ч.Ч нь Увс аймгийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар явуулсан үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцагч захиргааны байгууллага болох тул Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын 1.3 дахь заалтын дагуу дээрх маргаан нь ерөнхий харьяаллын шүүхийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна гэж дүгнэн шүүхийн тогтоол гаргасан бөгөөд дээрх тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр болно гэж дүгнэсэн болно.
Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Увс аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаа, хүний нөөцийн шийдвэрт хяналт, шалгалт хийсэн.
Уг хяналт шалгалтаар хариуцагч болох Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Л.Цыг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг тогтоож, Зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоолоор зөрчил арилгуулах хугацаатай үүрэг даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтан болох Ч.Ч-д өгсөн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй.
1.Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар захирамжаар Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ц-ыг албан тушаалаас нь чөлөөлсөн бөгөөд уг албан тушаалд хууль бусаар томилсноос чөлөөлөх хүртэлх хугацааны цалин хөлсөнд нийт 54,251,740 төгрөг олгосон байна.
2. Мөн Увс аймгийн Засаг дарга Ч.Ч-ийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай" Б/55 дугаар захирамжаар Л.Ц-д тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр нэг удаагийн буцалтгүй тусламжаар 49,216,800 төгрөгийг олгосон байна.
Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж Л.Ц-ыг төрийн албанд томилсны улмаас олгосон цалин хөлс болон нэг удаагийн буцалтгүй тусламжаар нийт 103,468,540 төгрөгийг олгож, төрд хохирол учруулсан байна.
Иймд хариуцагч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Чийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 103,468,540 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100900021501 тоот дансанд төвлөрүүлэхээр буруутай албан тушаалтан болох хариуцагч Ч.Ч-ээс гаргуулахаар Улсын Дээд шүүхийн 2024 оны 25 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсныг төрийн албаны төв байгууллага тогтоосон бол түүнд ажил олгогчийн зүгээс олгосон цалин хөлс болон байгууллагын шийдвэртэй холбоотой гарсан зардлыг төрд учирсан хохирол гэж үзэж, Л.Цыг 2024 оны 01 сарын 05-ны өдрөөс 2024 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулсан цалин хөлсийг төрд учруулсан хохирол гэж үзэж байгаа.
Увс аймгийн Засаг даргын 2024 оны 10 сарын 31-ний өдрийн Б/55 дугаар “Нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” захирамж гарсан, үүнд аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас тэтгэвэр тогтоолгох насанд хүрч чөлөөлөгдсөн Л.Ц--д нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, энэ тусламжид зохицуулагдсан 49,216,800 төгрөгийн төлбөрийн хүсэлт гаргаж Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 11 сарын 02-ны өдөр олгосон.
Л.Ц нь 11 сарын 01-ний өдрөөр үүрэгт ажил нь дуусгавар болж чөлөөлөгдсөн ч төлбөрийн хүсэлтээр 2024 оны 11 сарын 02-ны өдрөөр Л.Ц өөртөө 49,216,800 төгрөгийг тэтгэвэрт гарах нэг удаагийн төлбөрөөр авсан.
Үүнд төрийн албаны зөвлөлөөс хийсэн хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар төрийн албанд томилогдсонтой холбоотойгоор учирсан хохирол 54,251,740 төгрөг, мөн нэг удаагийн буцалтгүй тусламжаар 49,216,800 төгрөг, нийт 103,468,540 төгрөгийн хохирол учирсан. Учирсан хохирлыг нөхөн төлөх талаар мэдэгдлийг хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, гаргасан нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна” гэв.
9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Материаллаг хууль зүйн тухайд төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд төрийн албанд иргэнийг хууль бусаар томилсон бол тухайн хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь төрөөс олгосон цалин хөлсийг төрд учирсан хохиролд өгөхөөр тооцож, буруутай шийдвэр гаргасан албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50.2 дугаар зүйлд хохирол нэхэмжлэх шаардлагын хүрээнд нэхэмжлэл гаргасан мөн хуулийн 106 дугаар зүйлд төрийн байгууллага болон албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр заасны дагуу нэхэмжлэл гаргасан.
Албан тушаалын тодорхойлолт нь батлагдаагүй тухайд тайлбар хэлэхэд 2023 оны 12 сарын 05-ны өдрийн төрийн албаны зөвлөлийн хувьд 26 дугаар тогтоолоор зөвшөөрөл олгох тухай баталсан. Үүний дагуу худалдан авах ажиллагааны газрын дарга 12 сарын 02-ны өдөр 372 дугаар тушаал гаргасан. Тухайн тогтоолуудыг аймгийн засаг даргын хувьд мэдэх ёстой байж мэдэлгүйгээр 2024 оны 01 сарын 05-ны өдөр албан тушаалд томилоод, үүнийг даруй зөвтгөөгүй. Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 5 сарын 15-ны өдрийн 203 дугаар тогтоолоор 526 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Төрийн худалдан авах ажиллагааны дарга Батболд гэснийг нь аймгийн засаг дарга гэж өөрчилсөн, албан тушаалын тусгай шаардлагын талаар хөндөөгүй. 2024 оны 6 сарын 19-ний 303 дугаар тушаалаар худалдан авах ажиллагааны газрын дарга 374 дүгээр тушаалаа хүчингүй болгосон. Дараагаар нь 2023 оны 6 сарын 21-ний өдрийн 1/29705 гэх албан бичгээр мэдэгдсэн. Аймгийн засаг даргын хувьд бүх мэдээллийг мэдэж байх үүрэгтэй албан тушаал түүнээс би мэдээгүй, надад хэлээгүй гэх тайлбарыг гаргаж байгааг нь нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна.
Төрийн албаны тухайн хууль болон Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар тогтоолын хавсралтын 5.2-т зааснаар төрийн албанд хууль тогтоомжийн дагуу томилогдсон эрхийг хянаж үзсэний үндсэнд төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох асуудлыг шийдвэрлэнэ, 5.3-т зааснаар төрийн алба хаагч, ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албан хаагч чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан мөн төрийн байгууллагад дахиж ажиллаж байгаа тохиолдолд түүнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохгүй гэж зохицуулсан. Тухайн журмыг зөрчиж Ч.Чээс Л.Ц-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгох захирамж гаргасан. Төрийн албаны 172 дугаар тогтоолоор хууль бусаар томилсон тухай мэдэгдээд байхад хууль зөрчиж нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон. Хүн хэдэн жил ямар албан тушаалд ажилласан нь хамаагүй хууль ёсны томилгоотой ажиллаж байвал нэг удаагийн тэтгэмжээ авах ёстой. Л.Ц-ын томилгоо нь хууль ёсны байсан бол тухайн албан тушаалтанд нэг удаагийн буцалтгүй тусламж өгсөн нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байсан. Хууль бус томилгоотой байсан учраас л түүнд олгосон цалин хөлсийг төрд учирсан хохирол гэж үзэж байгаа.
Иймд төрийн албаны зөвлөлөөс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээ гаргасан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
10.Хариуцагч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 сарын 08-ны өдрийн 04/35 дугаар нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Төрийн албаны зөвлөл нь 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 526 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн орчныг тодорхойгүй болгосон. Томилох эрх бүхий албан тушаалтан нь аймгийн засаг дарга байдаг, гэтэл тухайн тогтоолоор төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулаад үүнийг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн засаг дарга нарт өгсөн. Үүний дагуу төрийн албаны томилох эрх бүхий этгээд аймгийн засаг дарга нь зөрчилтэй ажлын байрны тодорхойлолтоор Төрийн албаны тухай хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох нөхцөл байдал ойлгомжгүй болсон.
Төрийн албаны тухай хуулийн 10.3.2-т төрийн албаны удирдлагын байгууллага, төв болон орон нутгийн төрийн байгууллага хоорондын харьяалал тодорхойгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөл чиглэл өгнө гэж заасан. Чиглэл нь 2023 оны 12 сарын 05-ны өдрөөс 2024 оны 6 сарын 20 хүртэл тодорхойгүй байсан учраас аймгийн Засаг даргын хувьд эрх зүйн боломжийн хүрээнд шийдвэрийг гаргасан.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахын төлөө би зүтгэсэн. Тухайн тогтоол Төрийн албаны салбар зөвлөлөөр дамжаад 2024 оны 6 сарын 03-ны өдөр салбар зөвлөлөөс надад ирүүлсэн.
Төрийн албаны салбар зөвлөлийн 5 сарын 15-ны 203 дугаар тогтоол гарч өмнөх Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын боловсруулсан Төрийн албаны зөвлөлөөр батлагдсан тогтоолыг өөрчилж Худалдан авах ажиллагааны газрын дарга албан тушаалын тодорхойлолт хийхгүй, аймгийн Засаг дарга нар гаргана гэж зохицуулсан тогтоолыг үндэслээд Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга 2024 оны 6 сарын 19-ний өдөр албан тушаалын тодорхойлолт баталсан тушаалаа хүчингүй болгоод Төрийн албаны зөвлөлийн 5 сарын 15-ны тогтоол, өөрийнхөө хүчингүй болгосон 6 сарын 19-ний өдрийн А/303 дугаар тушаалын хамт аймгийн Засаг даргад 2024 оны 6 сарын 20-ны өдөр А-1/2705 тоотоор ирүүлсэн чиглэл нь надад 2024 оны 6 сарын 26-ны өдөр ирж, тухайн өдөр нь би Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлж ажиллах чиглэлийг хүргүүлснээр эрх бүхий албан тушаалтан ажлын байрны тодорхойлолтоо боловсруулах эрх үүссэн.
Тухайн үед даргын үүрэг гүйцэтгэгч Л.Ц Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотой даргын үүрэг гүйцэтгэх Л.Ц Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн аймгийн хорооны гишүүнээр сонгогдоод тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Нөхцөл байдлыг ажиглаж байгаад Төрийн албаны салбар зөвлөлөөс аймгийн Засаг даргын явуулсан ажлын байрны тодорхойлолт хянагдаад ирэхэд би тушаалаа гаргаад аймгийн Засаг даргын зүгээс ажлын байрны тодорхойлолтыг нь батлаад Төрийн албаны салбар зөвлөлд 8 сарын 29-ний өдөр 1/1530 тоотоор ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн.
Л.Ц-ыг Төрийн албаны тухай хуулийн 38.4-т зааснаар шинээр байгуулагдсан байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор түр орлон гүйцэтгэхийг томилж гэх заалтыг үндэслэж баталсан томилгоо нь хуульд нийцсэн зохистой байх, төрийн ажлын тасралтгүй байдлыг хангах зарчмуудад болон хүний эрхийн зарчимд нийцсэн гэж үзэж байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлын талаар заасан. Тухайн заалтын хүрээнд томилгоо хийгдсэн. 2023 оны 8 дугаар сард Засгийн газрын тогтоолоор аймгийн орон нутгийн өмчийн газар, худалдан авах ажиллагааны газар гэх 2 газрыг байгуулсан. Өмнө нь орон нутгийн өмчийн газар, худалдан авах ажиллагааны албыг 2 бие даасан байгууллага болгосон.
Засгийн газрын тогтоол гарсан 2024 оны 01 сараас эхлээд байгууллага үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага үүсэж ажлын байрны тодорхойлолтын дагуу сонгон шалгаруулалт явах гэхээр Төрийн албаны зөвлөлийн ажлын байрны тодорхойлолт, томилох эрх бүхий аймгийн Засаг даргад баримтлах боломж үүсэхгүй байсантай зэрэгцээд төрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах мерит зарчмын хүрээнд хуучин орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байсан учраас үргэлжлүүлээд 2 байгууллагын нэгнийх нь даргаар түр орлон гүйцэтгэж байсан. Ганцхан Увс аймагт бус, Монгол улс даяар ийм нөхцөл байдал бий болсон.
Улсын бүртгэлийн тухай хуулиар зайлшгүй байгууллагын дарга томилогдсон нөхцөлд шинээр үүсгэх байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээг олгодог. Өөрөөр хэлбэл 2025 оны 01 сарын 01-нээс эхлээд байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой. Гэтэл Улсын бүртгэлийн газар зайлшгүй даргаа томилсон байх ёстой гэсэн шаардлага байсан учраас би түр орлон гүйцэтгэгчээр тавьж төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөл байдлыг хангасан.
Хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд тухайн шинэ оны худалдан авах ажиллагааг 5 сарын 31-ний дотор хийж дуусгасан байна гэсэн хатуу заалт байдаг. Тухайн байгууллагыг байгуулж төрийн хэвийн үйл ажиллагаагаа цаашаа явуулахгүй бол 5 сарын 31-нээр улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр тавигдсан 1 ч ажлыг хийж чадахгүй нөхцөл байсан. Ийм нөхцөл байдлууд үүссэн, зөвлөмж тодорхойгүй байсан учраас өөрт ногдсон эрх үүргийнхээ хүрээнд томилгоог хийсэн.
Төрийн албаны тухай хуулийн 10.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг томилно гэж заасан. Л.Ц нь төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч байсан. Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал нь төрийн албан хаагч ажилласан хугацааг тасралтгүй хадгална гэсэн зарчмыг баримталсан. 1998 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж төрийн байгууллагад 27 жил тасралтгүй ажиллахдаа төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан учир үүнийг мерит зарчим гэж ойлгож байгаа.
Мөн байгууллагын төсөв орон тоо батлагдчихсан, шинээр зардал гаргаж үүсгээгүй хууль тогтоомжийнхоо хүрээнд явагдсан. Захирамжийг гаргахад Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга боловсруулдаг учир Төрийн албаны салбар зөвлөл захирамж гаргахад оролцсон.
Төрийн албаны зөвлөл л төрд хохирол учирсан гэж үзэж байгаа болохоос тогтоосон байгууллага байхгүй.
2019 оны 31/34 дугаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, төрийн албаны зөвлөл 2 хамтарч гаргасан тогтоолын 4.1.4-д мерит зарчмаар тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагчийг чөлөөлж болохгүй гэж тогтоосон.
Томилогдсон төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, туршлагын талаар хэлэхэд улсад 39 жил 8 сар 22 хоног ажилласан, төрийн албанд ажилласан 27 жил, ингэхдээ статистикийн хэлтэст 21 жил ахлах мэргэжилтнээр, Худалдан авах ажиллагааны алба газарт 4 жил 6 сарын хугацаанд даргын үүрэг гүйцэтгэгчээр, орон нутгийн өмчийн газарт 1 жил 4 сар, менежер, 2013 оны удирдах ажилтны шалгалт өгч тэргүүн дэд зэрэг авсан шалгууруудыг үндэслэж орлон гүйцэтгэгчээр ажилд авсан.
Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 172 дугаар тогтоол нь зөрчилтэй гэж үзэж байна. Томилсон үүрэг гүйцэтгэгч Л.Ц-аас биечлэн уулзаж тодруулга аваагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, томилох эрх бүхий этгээд аймгийн Засаг даргаар ажилласан Ч.Ч надад сонсох ажиллагаа хийгдээгүй.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолын 4.3; 4.4 дэх заалтуудад хяналт шалгалт хийхдээ холбогдох этгээдээс биечлэн тайлбар тодруулга авна, биечлэн уулзалт хийлгүйгээр дүгнэлт гаргахыг хориглоно гэж заасан.
Мөн 8 сарын 19 хүртэл хугацаанд Сонгуулийн хуультай холбоотой ажлаас чөлөөлөх ямар нэгэн үндэслэлгүй болсон. Сонгуулийн тухай хуульд зааснаар 5 сард Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр аймгийн Улсын Их Хурлын сонгуулийн зохион байгуулах хороонд томилогдсон хүнийг ажлаас чөлөөлбөл төрийн эрхийг хууль бусаар авах, янз бүрийн хэрэгт орох нөхцөл байдал үүссэн.
Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс үргэлжлүүлээд 9 сард аймгийн Иргэдийн хурлын шийдвэрээр орон нутгийн сонгуулийг зохион байгуулах хорооны гишүүнээр томилогдчихсон. Сонгуулийн тухай хуулийн 14.7-д Сонгуулийн хорооны гишүүнийг сонгуулийн үүрэг гүйцэтгэж байгаа хугацаанд ажлаас чөлөөлөх, халах солих, сахилгын шийтгэл ноогдуулахыг хориглоно, Төрийн албаны тухай хуулийн 48.4-д Сонгуулийн хороонд ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын байр, цалин хөлсийг хэвээр хадгалж өгнө гэж заасан.
Тухайн иргэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн байсныг мөн харгалзаж үзээгүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 6.4, нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1.5, үндсэн хуулийн 16.14 заалтуудаас шалтгаалж чөлөөлөх нөхцөл байдал их хүнд байсан.
Тэтгэмжийн хувьд Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхдаа 2023 онд бодогдож 2023 оны 12 сард аймгийн хурлаар тэтгэмжийг энэ хүнд өг гээд суугдсан, 01 сарын 05-ны томилгооноос өмнө 27 жил тасралтгүй ажилласан төрийн албаны хуулийн заалтын хүрээнд худалдан авах ажиллагаанд газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс хамаарахгүйгээр бодоод аймгийн хурлаас Худалдан авах ажиллагааны газрын төсөвт нь суулгаад батлаад өгчихсөн, надаас хамаарахгүй.
8 дугаар сарын 19-нд сонгон шалгаруулалтын захиалга өгчхөөд байхад он дуустал сонгон шалгаруулалт явуулахгүй байгаа нь Төрийн албаны салбар зөвлөлийн өөрийнх нь хариуцлагагүй хандсан асуудал.
Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэл хууль зүйн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14, 30.1, 59.1.2, Төрийн албаны тухай хуулийн 10.3, 25.3.2, 38.4, 48.4, 56.1.2.3, Сонгуулийн тухай хуулийн 14.7.4, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 6.4.5, Нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1.5.6, Засгийн газрын 2019 оны 31/34 дүгээр тогтоолын 4.1.4, Төрийн албаны салбар зөвлөлийн 05 дугаар тогтоолуудыг би хэрэгжүүлж ажилласан учраас Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.
11.Хариуцагчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрд учирсан 103 сая төгрөгийн асуудлыг ярихын тулд тухайн Л.Ц-ыг томилсон тогтоол нь үндэслэлтэй байсан эсэхийг шалгах шаардлагатай. Тус тогтоолд төрийн албаны зөвлөлийн зөрчсөн хуулийн заалтууд нь Төрийн албаны тухай хуулийн 27.1.1, Төрийн албаны тухай хуулийн 33.3, 42.1, 43 дахь зүйлд заасан үндэслэлүүдийг зөрчсөн тул сонгон шалгаруулалт томилоогүй.
Л.Ц нь төрд тасралтгүй 27 жил ажилласан бөгөөд 2013 оны 8 сарын 6-ны өдөр анх Худалдан авах ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Тухайн хугацаанд Төрийн удирдах албаны шалгалтыг өгч тэнцсэнээр тухайн Худалдан авах ажиллагааны газрын анхны даргаар 2013 оны 8 сард томилогдсон. Дүнгийн хуудас нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс эхний ээлжид сонгоно гэж хуульчилсан.
Өмгөөлөгчийн хувьд Л.Ц 2013 оноос эхлээд удирдах албан тушаалтны нөөцөд орсон гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 16.1-д Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-д заасан жинхэнэ албан хаагч, удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан. Төрийн албаны тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдаж 2019 оноос хэрэгжсэн. Өмнөх цаг хугацаанд төрийн албанд ажиллаж байсан хугацаагүй нөөцөд байдаг. Удирдах албан тушаалтны хувьд ч мерит зарчмын онцлог зохицуулалтаар Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөж, шинэчилсэн найруулал батлагдсан ч гэсэн хэвээр хэрэгжих ёстой гэж миний хувьд үзэж байгаа. Мөн хуулийн 33, 42.1, 43-т заасан түр орлон гүйцэтгэх журам энэ тохиолдолд зөрчигдөх үндэслэлгүй. Төрийн албан хаагч ээлжийн амралттай, ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн, өвчтэй чөлөөтэй нөхцөлд төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэх асуудал яригдана. Гэтэл Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь Засгийн газрын 2023 оны 8 сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын 4.26 дахь заалтаар нэмэгдэж, аймгийн Засаг даргын 2023 оны 12 сарын 6-ны өдрийн 703 дугаар Худалдан авах ажиллагааны газар байгуулах тухай захирамжаар шинээр байгуулагдсан агентлаг юм. Шинээр бий болсон агентлагийн хувьд тус агентлагийн дарга, мэргэжилтэн, ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг аймгийн Засаг даргын Тамгын газраас боловсруулаад Төрийн албаны төв зөвлөлөөр хянуулж батлах зөвшөөрөл авсны дараагаар Засаг дарга батална. Гэтэл зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөл төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдох журмыг зөрчиж олгосон. Үүнээс болоод аймгийн Засаг дарга төрийн албаны албан тушаалын тодорхойлолтыг батлахгүй 2024 оны 6 сарын 20-д хүрсэн.
Албан тушаалын тодорхойлолт батлагдсанаар тухайн албан тушаалд тусгай шалгалт зарлах, шилжин сэлгэн ажил ажиллуулах зарыг олон нийтэд зарлаж, холбогдох бусад адил шатны байгууллагуудаас тухайн хүний нөөцийг бүрдүүлдэг онцлогтой.
Худалдах, худалдан авах ажиллагааны газар 2024 онд шинээр байгуулагдсан. Л.Ц-аас өөр хэнийг томилох байсан бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Албан тушаалын тодорхойлолт батлагдаагүй байхад Төрийн худалдах, худалдан авах ажиллагааны газраас батлагдсаныг залруулаад Төрийн албаны зөвлөлөөс тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулаад тухайн цаг хугацаанд төрийн албыг тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх, төрийн худалдан авах ажиллагааг явуулах ажиллагааг хийхийн тулд Засаг даргын хувьд түр орлон гүйцэтгэгчээр томилохоос өөр арга байгаагүй.
Төрийн албаны зөвлөл нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.9, 14.4-д заасан хугацааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 5 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан гэтэл 172 дугаар тогтоолыг 2024 оны 6 сарын 06-нд хүргүүлээд 2025 оны 01 сарын 08-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Төрд учирсан хохирлыг төлүүлэх мэдэгдлийг хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг гаргах ёстой. 30 хоногийн дотор нэхэмжлэлийг гаргахдаа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд бус сум дундын анхан шатны шүүхэд гаргасан, Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамж гаргасан. Тус захирамжид 3 сарын 11-ний өдөр гомдол гаргаад 3 сарын 25-ны өдөр гомдол шийдвэрлэгдсэн. 5 сарын 20-ныг хүртэл 30 хоногийн хугацаагаа хэтрүүлсэн. Сум дундын анхан шатны шүүхэд гаргасан хугацааг тасалдахгүй гэж ойлгоход ийм байгаа. Улсын дээд шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлах тухай 25 дугаар тогтоолын 1.3 дахь заалтын дагуу дээрх маргаан нь ерөнхий харьяаллын бус, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын шийдвэрлэх маргаан гэдэг тогтоол 2024 оны 6 сард гарсан байхад 2025 оны 01 сард Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Төрийн албаны зөвлөл өөр шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлд хамааруулан тооцох үндэслэлтэй гэж үзэж байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Л.Ц өмнө нь орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хууль бус томилгоотой байсан байхад аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч түүнийг тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчсөн болохыг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор тогтоож тогтоол хүчин төгөлдөр болсон. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд иргэнийг төрийн албанд хууль бусаар томилсныг төрийн албаны төв байгууллага тогтоосон бол түүнд ажил олгогчийн зүгээс олгосон цалин хөлс болон тэтгэмжийг төрд учруулсан хохирол гэж үзсэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хариуцагч талаас “Төрийн албаны зөвлөл нь 2023 оны 12 сарын 05-ны өдрийн 526 дугаар тогтоолоор сонгон шалгаруулалт явуулах эрх зүйн орчныг тодорхойгүй болгосон. Томилох эрх бүхий албан тушаалтан нь аймгийн засаг дарга байдаг, гэтэл тухайн тогтоолоор төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж, батлуулаад үүнийг хэрэгжүүлэх чиглэлийг аймгийн засаг дарга нарт өгсөн. Үүний дагуу төрийн албаны томилох эрх бүхий этгээд аймгийн засаг дарга нь зөрчилтэй ажлын байрны тодорхойлолтоор Төрийн албаны тухай хуулийн дагуу түр орлон гүйцэтгэгчийг томилох нөхцөл байдал ойлгомжгүй болсон. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотой Л.Ц Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн аймгийн хорооны гишүүнээр сонгогдсон тул ажлаас чөлөөлөх боломжгүй байдал үүссэн. Л.Цыг шинээр байгуулагдсан байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах зорилгоор түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хуульд нийцсэн зохистой байх, төрийн ажлын тасралтгүй байдлыг хангах зарчмуудад болон хүний эрхийн зарчимд нийцсэн. Тухайн иргэний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн байсныг мөн харгалзаж үзээгүй, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн 6.4, нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1.5, үндсэн хуулийн 16.14 заалтуудаас шалтгаалж чөлөөлөх нөхцөл байдал их хүнд байсан. Тэтгэмжийн хувьд Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байхад нь 2023 оны 12 сард аймгийн хурлаар тэтгэмжийг энэ хүнд өг гээд төсөвт суугдсан байсан, 01 сарын 05-ны томилгооноос өмнө 27 жил тасралтгүй ажилласан төрийн албаны хуулийн заалтын хүрээнд худалдан авах ажиллагаанд газрын даргын үүрэг гүйцэтгэгчээс хамаарахгүйгээр тэтгэмжээ авсан, мөн өнөөдөр миний бие Увс аймгийн Засаг дарга гэх албан тушаалтан биш тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш” гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
4.Монгол Улсын Дээд Шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Иргэний болон захиргааны хэргийн харьяаллыг зааглахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг тайлбарласан байх бөгөөд уг тайлбарын Тайлбарлах нь хэсгийн 1.3-т “захиргааны байгууллага өөрт учирсан хохирлоо шаардаж буй тохиолдолд хариуцагч нь хувийн эрх зүйн этгээд /хүн, хуулийн этгээд/ бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана. Харин хариуцагч нь захиргааны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны байгууллага, албан тушаалтны хувиар үйл ажиллагаа явуулсан этгээд бол захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч харьяалан шийдвэрлэнэ” гэж заасан тул хариуцагч Ч.Ч-ийн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг хүлээн авсан гэх тайлбар үндэслэлгүй болно.
5.Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг тогтоосон байх бөгөөд тус тогтоолд Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоолоор тогтоолын 4 дэх заалтад заалтад “4.26.Худалдан авах ажиллагааны газар" нэмжээ. Ийнхүү Увс аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/703 дугаар “Худалдан авах ажиллагааны газар байгуулах тухай” захирамжаар худалдан авах ажиллагааны газрыг шинээр байгуулж Орон нутгийн өмчийн газраас албан хаагчдын цалингийн сан, холбогдох бусад зардал, эд хөрөнгийг Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлж шийдвэрлэсэн байна.
6.Увс аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай захирамжаар Л.Ц-ыг Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 захирамжаар Л.Ц-ыг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.3 дахь заалтыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлж, энэ хугацаанд Л.Ц-д нийт 57,529,308 төгрөгийн цалин олгогдсон нь цалингийн картаар, мөн аймгийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 захирамжаар Л.Ц-д нэг удаагийн буцалтгүй тусламж олгож шийдвэрлэсний дагуу Л.Ц-д 49,216,800 төгрөгийг олгосон нь төрийн сангийн төлбөрийн хүсэлт зэрэг баримтаар тус тус тогтоогджээ.
7.Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 172 дугаартай тогтоолоор Увс аймгийн төрийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, зөвлөн тусалсан ажлын хэсгийн тайланг хянан хэлэлцээд төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилогдсон албан хаагчийн нэр албан тушаалыг хавсралтаар баталсан байх ба 5-р хавсралтаар Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Ц-ыг албан тушаалд томилсон шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.3, 43.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэж үзсэн бөгөөд тус шийдвэрт гомдол гараагүй, хүчин төгөлдөр болсон байна.
8.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр заасан.
Өөрөөр хэлбэл, уг хуулийн зохицуулалт нь төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон тохиолдолд уг хууль бус томилгооны үр дагаврын дагуу төрөөс олгогдсон цалин хөлсийг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар гаргуулах хариуцлагын шинжтэй зохицуулалт байна.
Гэхдээ төрд учруулсан хохирол буюу гэм хор учруулсны хохиролтой холбогдох маргааныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зохицуулсан зохицуулалтын хүрээнд авч үзнэ.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” мөн зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд төрийн албан хаагч өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан байхыг шаарджээ.
Иймд төрийн албаны зөвлөлийн шийдвэр болгоныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм буруугийн хэлбэрт нийцсэн гэж үзэх боломжгүй тул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ч.Ч Л.Ц-ыг албан тушаалд томилж шийдвэрлэхдээ гэм буруугийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.
9.Монгол улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 377 дугаар тогтоолд Засгийн газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 312 дугаар тогтоолоор тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын дэргэд орон нутгийн өмчийн газрын бүрэлдэхүүнд байсан худалдан авах ажиллагааны албыг тусдаа бие даасан “Худалдан авах ажиллагааны газар" болгон ажиллуулахаар шийдвэрлэснээр шинээр төрийн байгууллага байгуулагдсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдаж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.Тус хуулийн 49 дүгээр зүйлд худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын чиг үүргийг тодорхойлж, аймгийн нэгжийн хувьд аймгийн Засаг дарга худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж чөлөөлөхөөр заажээ.
10.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан “мэргэшсэн, тогтвортой байх” гэх зарчмын хүрээнд шинээр байгуулагдсан байгууллагын даргыг томилсны дараа даргын тушаалаар байгууллагын бусад албан хаагчид томилогдох, болон байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах шаардлага үүссэн байх тул даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилж ажиллуулах нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул аймгийн Засаг даргаас тухайн байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох шийдвэр гаргасныг шууд санаатай гэм буруутай буюу хор уршиг учрахыг урьдчилан мэдэж, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.
11.Л.Цыг томилсон шийдвэрт хариуцагч Ч.Ч нь илтэд болгоомжгүй гэм буруутай эсэх талаар дүгнэвэл:
11.1 Хэргийн үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн дээр талууд маргаангүй харин Л.Ц-аар түр орлон гүйцэтгүүлсэн нь хууль бус гэж нэхэмжлэгч талаас үзсэн.
Нэхэмжлэгч талаас хариуцагчийг “Л.Ц-ыг Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр хууль бус байхад дахин Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тул төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх ёстой гэж маргахын зэрэгцээ харин Л.Ц-аас өөр бусад Худалдан авах ажиллагааны газарт томилогдох албан тушаалтныг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол хуульд нийцэх талаар тайлбарласан.
11.2 Төрийн албаны тухай хуульд шинээр байгуулагдсан байгууллагын удирдах албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулах, томилох талаар тусгайлан дурдаж нарийвчлан заагаагүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.1. “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна”, 33.3.“Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна” гэж заасан.
11.3 Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д "сул орон тоо" гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг ойлгохоор тодорхойлсон.
Сул орон тоо гэх ойлголтод шинээр байгуулагдсан байгууллагын удирдах албан тушаалтны орон тоог нэрчилж заагаагүй боловч агуулгын хувьд төрийн байгууллага шинээр байгуулагдаж байгаа тохиолдолд төрийн албанд томилогдох нийтлэг журмын дагуу холбогдох томилгоо хийгдэж байх ёстой.
Гэвч маргаж буй маргааны хувьд хариуцагч Ч.Чийг Төрийн албаны тухай хуульд заасан илт тодорхой заалтыг зөрчсөн гэж буруутгахгүй, тухайн байгууллагыг шинээр байгуулахаас өмнө сонгон шалгаруулалт зарлах эсхүл удирдах албан тушаалтныг шууд томилох үүргийг хуулиар хүлээсэн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн шинээр байгуулагдсан байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Ц-ыг томилсныг илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй. Л.Ц-аас өөр хэн нэгэн иргэнийг томилох тохиолдолд мөн л шууд томилогдох боломжгүй, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох буюу үүсэх үр дагавар адил байгаа тохиолдолд хариуцагчийг Л.Ц-аас өөр иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилох байсан гэж буруутгахааргүй байна.
Түүнчлэн Төрийн албаны төв байгууллагаас Л.Ц-ыг өмнө нь Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус талаар хянан шалгаж тогтоосон шийдвэргүй байх тул Л.Ц-ыг өмнөх албан тушаалдаа хууль бусаар томилогдсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
11.4 Иймд хариуцагч Ч.Ч-ийг тухайн шийдвэрийг гаргахад илтэд болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзлээ.
12. Мөн Төрийн албаны тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болох үндэслэл журмыг зохицуулсан ба шинээр байгуулагдсан төрийн байгууллагын удирдах албан тушаалтны албан үүргийг түр орлон гүйцэтгэх үндэслэл журмыг заагаагүй байна. Иймд хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсгийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэхгүй.
13. Л.Ц нь Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 10 сар ажилласан байх бөгөөд энэхүү хугацаанд Л.Цыг томилсон томилгоо хэвээр үргэлжилж байсанд хариуцагчийг шууд санаатай болон илтэд болгоомжгүй үйлдэл гаргасан хэмээн буруутгах үндэслэл мөн тогтоогдсонгүй гэж шүүхээс үзсэн болно.
14. Хариуцагчаас Л.Ц-ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсны дараа албан тушаалын тодорхойлолт батлагдаагүйн улмаас сонгон шалгаруулалт зарлаж чадаагүй, мөн Л.Ц нь Улсын их хурлын сонгууль болон орон нутгийн сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдсон тул ажлаас чөлөөлөх боломжгүй байсан талаар тайлбарласан.
15. Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 526 дугаар тогтоолоор аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг батлахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар, томилох эрх бүхий албан тушаалтанд зөвшөөрсний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/374 дугаар тушаалаар аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг баталсан байна. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 203 дугаар тогтоолоор аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг батлах хэсгийн Төрийн худалдан авах ажиллагааны дарга гэснийг аймгийн Засаг дарга болгож өөрчилжээ. Үүнтэй холбогдуулан Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/374 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож аймгийн засаг дарга нарт 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А-1/2705 дугаар албан бичгээр аймгийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 203 дугаар тогтоолын дагуу батлуулж хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байна
16.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Төрийн захиргааны албаны албан тушаалын тодорхойлолтыг энэ хуулийн 23.5-д заасан журамд нийцүүлэн боловсруулж, төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн тухайн албан хаагчийг томилох эрх бүхий этгээд албан тушаал тус бүрээр батална” гэж заасан. Өөрөөр хэлбэл төрийн албаны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг Увс аймгийн Засаг дарга батлахаар байсан байна.
Иймд аймгийн Засаг даргад албан тушаалын тодорхойлолтыг батлах зөвшөөрлийг Төрийн албаны зөвлөлөөс өгөөгүй тул хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
17.Төрийн албаны зөвлөлөөс 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 172 дугаар тогтоолоор төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон албан хаагчдын нэрсийг баталж, албан тушаалд томилсон шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журамд нийцүүлэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосон хугацаатай үүрэг даалгаврыг өгчээ.
18.Ийнхүү хугацаатай үүрэг даалгавар өгөх үед Л.Ц-ыг Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар “Аймаг нийслэлийн сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай” тогтоолоор Увс аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилсон бөгөөд Мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 20/02 дугаар тогтоолоор Л.Ц-ыг аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд томилсон байна.
Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.9 “Сонгуулийн хороодын ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно”, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.17.”Сонгуулийн хорооны ажилтныг энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэсний дагуу Л.Цыг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс Монгол Улсын Их Хурлын сонгууль /2024 оны 6 сарын 28/ болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль / 2024 оны 10 дугаар сарын 11/ дуусах хүртэл хугацаанд ажлаас нь чөлөөлөх боломжгүй нөхцөл байдал бий болсон байна.
19.Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрх, түүнийг хангах, хэрэгжүүлэх, хамгаалах талаар төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг, оролцоо, баримтлах зарчмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах тул төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах төрийн албан хаагчийг албан тушаалд сонгох шалгаруулах харилцаанд хамааралгүй.Иймд хариуцагч Ч.Чийн гаргасан “Л.Цыг ажлаас чөлөөлөхөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиас шалтгаалж чөлөөлөх шийдвэр гаргахад хүнд байсан” гэх тайлбар үндэслэлгүй.
20. Нэг удаагийн буцалтгүй тусламжид олгосон 49,216,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс хариуцагч Ч.Ч нь “Л.Ц-ыг Төрийн албаны зөвлөлийн 172 дугаар тогтоолоор хууль бусаар томилсон тухай мэдэгдээд байхад хууль зөрчиж нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгосон “ гэх тайлбар гарган тэтгэмжид олгосон 49,216,800 төгрөгийн хохирлыг төрд учруулсан хохирол гэж үзэн нэхэмжилсэн.
Шүүхээс хариуцагчийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан нь тогтоогдоогүй” гэж үзсэн тул Л.Цд өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн тэтгэмж 49,216,800 төгрөгийг томилгооны улмаас үүссэн хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
21. Иймд шүүхээс дээр дурдсан дүгнэлтүүдээр Ч.Ч Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Л.Ц-ыг Увс аймгийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэрт шууд санаатай болон илт болгоомжгүй гэм буруугийн шинж тогтоогдохгүй байна гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
22. Нэхэмжлэгч Төрийн албан зөвлөл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан этгээд болох Ч.Ч-д холбогдуулан гаргасан “Төрд учруулсан хохиролд 103,468,540 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ