| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0049/э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2018-04-10 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Л.Батжаргал, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган,
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Д.М-т холбогдох эрүүгийн 1821000000019 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Тугчин овогт Д.М, Дорнод аймгийн Дашбалбар суманд .......... оны ......... сарын .........-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............. /, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн ........................ газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Заагийн хөндий” гэх газарт орших өөрийн гэртээ 2018 оны 01 сарын 05-наас 06-нд шилжих шөнө хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн хохирогч Г.Бүтэвийн цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 01 сарын 05-ны өдөр тэд адуу авна гээд очсон. Тэгээд нэг хоёр шил архи ууцгаасан ба би покар тоглоод сууж байснаа санаад, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Бидний дунд муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Би Бүтэвийн биед гэмтэл учруулснаа болон энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Тэр үед миний гараас хутга авч байхыг би мэдсэн, тэгээд би “түргэн дууд” гэж хэлж байсан юм.
Эмчилгээний зардалд шаардлагатай зүйлийг нь авч өгч байсан. Бүтэв бид хоёр багын найзууд юм гэв.
Шүүгдэгч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай найзууд манай гэрт ирэхдээ 0.75 гр “Ерөөл” нэртэй архи 2 шилийг авчирсан байсан. Тэгээд авчирсан архийг нь бид нар хамт уугаад дараа нь хөзөр тоглосон, бид нар хөзөр тоглоод хожигдсон нь сум руу явж архи авчрах байсан юм. Тэгсэн чинь Батчулуун, Чимэд-Очир бид нар хожигдоод 19 цагийн үед сумын төв рүү явсан. Би сумын төвд очоод ээж Баярмаагийн худалдагчаар ажилладаг дэлгүүрт нь очиж Батчулуун бид хоёр дэлгүүр ороод би ээж Баярмаад “Батчулууны төрсөн өдөр болж байна, та надад нэг шил архи өгчих” гээд 1 шил 0.75 “Соёрхол” нэртэй архи, 2.5 л том пиво зэргийг аваад бид нар буцаад хөдөө гарсан. Би хөдөө явж байх замдаа авсан пивоо бүгдийг уугаад дуусгасан. Хөдөө очоод архийг бүгдэд нь тойруулж өгсөн боловч ууж байгаа хүн бараг байгаагүй, тэр архийг Батчулуун бид хоёр ихэнхийг нь ууж дуусгасан. Архи ууж байхдаа Батчулуун, Төгсжаргал бид нар 13-ийн покер тоглоод хожсон нь нэг нэгнийгээ няслаж байсан, бусад нь бид нарыг хараад сууж байсан. Ингээд би хэсэг хугацааны дараа тасарчихсан байна лээ, юу болсныг мэдээгүй, шөнө /яг хэдэн цагийг нь мэдэхгүй байна/ манай хажуу айлын Батбаяр миний хоёр гарыг барьчихсан “Хутгаа өг” гэж хэлж байсан. Тэгээд би ухаан орж сэргээд харахад миний баруун гарт модон иштэй богино хутга байсан, хутгыг Батбаяр надаас аваад “Чи хүн хатгачихлаа” гэхээр нь би Батбаярт хандаж “Тэгвэл хурдан түргэн тусламж дууд” гэж хэлсэн. Батбаяр миний утсаар эмнэлэг рүү ярьсан. Тухайн үед би Бүтэвийг хараагүй зүүн гэр рүү орсон байсан, хэсэг хугацааны дараа би Бүтэвийн байгаа гэр рүү ороход Батбаярын эхнэр Бямбаа нь Бүтэвийн шархыг цэвэрлээд сууж байсан. Ингээд удаагүй түргэн тусламжийн машин ирж Бүтэвийг аваад явсан. Би Бүтэвтэй хамт түргэн тусламжийн машинд суугаад сумын төв рүү очсон. Бүтэвийн цээжний зүүн хэсэгт хөхний зүүн доод талд зүсэгдсэн шарх байсан. Маргааш өглөө нь Бат-Эрдэнэ, Батчулуун, Төгсжаргал нараас юу болсон талаар асуухад “Чи зүүн орон дээр унтаж байсан тэгээд босож ирээд бид нарыг “гэрээс бүгдээрээ зайл” гэж хэлсэн, тэгээд шүүгээ рүү очоод хутга авахад нь бид нар чамайг тоглож байна гэж бодсон, ингээд чи Бүтэвийг хутгаар хатгасан” гэж хэлсэн. Би тухайн үед тасарчихсан байсан болохоор юу болсныг санахгүй байна...” гэжээ. /хх 41, 120/
Хохирогч Г.Бүтэв мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 05-ны өдөр Бат-Эрдэнэ, Төгсжаргал, Батчулуун, Чимид-Очир бид нар 16-17 цагийн орчимд Дашбалбар сумаас зүүн хойш 17-18 орчим км зайд “Заагийн хөндий” гэх газарт байх найз М-н гэрт очсон...Бид нар сумын төвөөс М-н гэрт очихдоо 2 шил архи авч очиж...архийг хувааж уусан. Дараа нь Чимид-Очир, М, Батчулуун нар сумын төв рүү архинд яваад 22 цаг өнгөрөөгөөд ирэхдээ 1 шил 0.75 гр “Соёрхол” нэртэй архи авчирсан. Тэр архийг нь бид нар уусан. Би сүүлд ирсэн архинаас нь уугаагүй, нөгөө хэд архи ууж байхдаа хөзөр тоглоод байсан. Харин би гэрийн баруун орон дээр хэвтэж байгаад унтчихсан. Би унтаж байхад миний хажуугаар Төгсжаргал хэвтсэн. Тэгээд намайг сэрэхэд М зүүн орон дээр унтаж байсан, хойд орон дээр Батчулуун хэвтэж байсан, хажууд нь Бат-Эрдэнэ зогсож байсан. Ингээд бид нар юм ярьж байхад М сэрээд бид нарт хандаж “Та нар бүгдээрээ зайлцгаа, та нар намайг доромжлоод байгаа юм уу” гэж хэлсэн. Тухайн үед бид нар М-т юу ч яриагүй. Намайг хэвтэж байтал М орноосоо босож байсан ба би тэр үед толгой дээгүүрээ дээлээ нөмрөөд хэвтэж байтал нөгөө хэд маань удалгүй пир пар гээд гэрээс гүйлдээд гарах шиг болохоор нь би босоод орон дээрээ сууж байтал М миний хажууд ирээд цээжний зүүн хэсэг рүү цохисон. Тэгээд миний цээж хэсгээр юм гоожих шиг болохоор нь би гараараа барьж үзэхэд цус гарсан байсан. Би М-т хутгалуулсан гэдгээ мэдээд гэрээс гарч гүйхэд Бат-Эрдэнэ, Батчулуун, Төгсжаргал нар зүүн гэрийн зүүн хойд талд очсон байхаар нь Батчулуун руу очоод “М намайг хатгачихлаа, хүн дуудаж сум явъя” гэж хэлсэн. Тэгээд бид нар зүүн айл руу ороход тэр айлд байсан эмэгтэй миний шарх дээр боолт хийж өгсөн. Тэгээд эмнэлгийн машин удалгүй ирээд бид нар эмнэлэгт очсон. Хэрэг болох үед М бид хоёр л гэрт үлдсэн байсан, өөр хүн байгаагүй. М миний цээж хэсэг рүү цохисон, тэгээд харахад гарт нь хүрэн өнгийн модон иштэй богино хутга байсан. Би хутгалуулснаас хойш 2 хоногийн дараа Дорнод аймагт ирээд цээжний зураг авахуулахад уушигний хий гарсан байна гэж хэлсэн. Тэгээд мэс заслын тасагт 5 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн...” гэжээ. /хх 14-17, 118-119/
Гэрч Ч.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...М зүүн орон дээр ор засаад унтсан. Харин Бүтэв, Төгсжаргал нар баруун орон дээр унтаж байсан. Ингээд бид гэрээс гараад бие засах гээд байж байхад Бат-Эрдэнэ, Төгсжаргал нар гэрээс гүйгээд гараад ирсэн. Араас нь Бүтэв гүйж гарч ирэхдээ “Хутгалуулчихлаа” гэхээр нь би “Худлаа яриад бай” гэж хэлээд Бүтэвийн цээж хэсгээр тэмтэрч үзсэн чинь цус болсон байсан. Ингээд бид нар Бүтэвийг аваад хажуу айл руу ороход Баяраа эхнэрийнхээ хамтаар байж байхад нь “М Бүтэвийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Баяраа эхнэрийнхээ хамтаар М-ын гэр рүү ороод буцаж гарч ирэхдээ “Хутгыг нь авчихлаа” гэж хэлсэн...” гэжээ. /хх 23/
Гэрч Э.Төгсжаргал мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...М гэрийнхээ зүүн орон дээр ганцаараа унтаж байсан. ...М гэнэт босож ирээд бид нарыг “гэрээс зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тоглоод “Бид нар хаана хонох юм бэ” гэхэд, М уурлаж босоод гэрийн зүүн урд байсан шүүгээ рүү очоод нэг юм аваад Бүтэв бид хоёр руу гүйсэн. Тэгэхээр нь Бүтэв бид хоёр босоод пийшингийн зүүн талаар тойроод би түрүүлээд гүйгээд гарсан чинь Бүтэв араас гарч ирээгүй. Тэгээд 10 орчим минутын дараа Бүтэв ганцаараа гарч ирээд “Хутгалуулчихсан юм шиг байна” гэж хэлэхээр нь гэрэл тусгаад харсан чинь нуруу цээж орчмоос нь цус гарчихсан байх шиг байсан...” гэжээ. /хх 26/
Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...М “та нар манайхаас явцгаа” гэсэн. Тэр үед тоглож байна гэж бодож байсан чинь шүүгээгээ ухаж хутга авахад нь бид хэд гарч зугтсан. Араас Бүтэв ирэхдээ “Би хатгуулсан байна” гэж хэлсэн...” гэжээ. /хх 28/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 76 тоот нэмэлт дүгнэлтэд: “1.Г.Бүтэвийн биед цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1 удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 34/
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч саналдаа: Д.М нь энэ гэмт хэрэгт гэм буруутай болох нь нотлогдсон байна гэв.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээр дурдсан болон хохирогч Г.Бүтэв /хх 16-17/, шүүгдэгч Д.М /хх 18-20/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Ч.Батчулуун /хх 21-22/, Э.Төгсжаргал /хх 24-25/, Б.Бат-Эрдэнэ /хх 27-28/, Д.Барямаа /хх 29/, Б.Доржням /хх 30/, Б.Бямбаа /хх 31/, Б.Батбаяр /хх 32/ нарын мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9, 11/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 12/, Хохирогчийн биед анхны үзлэг хийсэн талаарх тодорхойлолт /хх 35/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 76 тоот дүгнэлт /хх 34/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 45/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэрэг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Д.М нь согтуурсан үедээ Дорнод аймгийн Дашбалбар сумын 2 дугаар багийн нутаг “Заагийн хөндий” гэх газар өөрийн гэртээ 2018 оны 01 сарын 05-наас 06-нд шилжих шөнө хутга хэрэглэн хохирогч Г.Бүтэвийн цээжин тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд “цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “...Би хэсэг хугацааны дараа тасарчихсан байна лээ, юу болсныг мэдээгүй...Шөнө манай хажуу айлын Батбаяр нь миний хоёр гарыг барьчихсан “хутгаа өг” гэж хэлж байсан...” /хх 41, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч Г.Бүтэвийн “...Би босоод орон дээрээ сууж байтал М миний хажууд ирээд цээжний зүүн хэсэг рүү цохисон. Тэгээд миний цээж хэсгээр юм гоожих шиг болохоор нь би гараараа барьж үзэхэд цус гарсан байсан...Хэрэг болох үед М бид хоёр л гэрт үлдсэн байсан, өөр хүн байгаагүй. М миний цээж хэсэг рүү цохисон тэгээд харахад гарт нь хүрэн өнгийн модон иштэй богино хутга байсан...” /хх 14-15/ гэх,
Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Ч.Батчулууны “...Араас Бүтэв гүйж гарч ирэхдээ “Хутгалуулчихлаа” гэхээр нь би “Худлаа яриад бай” гэж хэлээд Бүтэвийн цээж хэсгээр тэмтэрч үзсэн чинь цус болсон байсан. Ингээд бид нар Бүтэвийг аваад хажуу айл руу ороход Баяраа эхнэрийнхээ хамтаар байж байхад нь “М Бүтэвийг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Баяраа эхнэрийнхээ хамтаар М-ын гэр рүү ороод буцаж гарч ирэхдээ “Хутгыг нь авчихлаа” гэж хэлсэн...” /хх 23/ гэх,
Гэрч Э.Төгсжаргалын “...М гэрийнхээ зүүн орон дээр ганцаараа унтаж байсан...М гэнэт босож ирээд бид нарыг “гэрээс зайл” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар тоглоод “бид нар хаана хонох юм бэ” гэхэд, М уурлаж босоод гэрийн зүүн урд байсан шүүгээ рүү очоод нэг юм аваад Бүтэв бид хоёр руу гүйсэн. Тэгэхээр нь Бүтэв бид хоёр босоод пийшингийн зүүн талаар тойроод би түрүүлээд гүйгээд гарсан чинь Бүтэв араас гарч ирээгүй. Тэгээд 10 орчим минутын дараа Бүтэв ганцаараа гарч ирээд “Хутгалуулчихсан юм шиг байна” гэж хэлэхээр нь гэрэл тусгаад харсан чинь нуруу цээж орчмоос нь цус гарчихсан байх шиг байсан...” /хх 26/ гэх,
Гэрч Б.Бат-Эрдэнийн “...М “Та нар манайхаас явцгаа” гэсэн. Тэр үед тоглож байна гэж бодож байсан чинь шүүгээгээ ухаж хутга авахад нь бид хэд гарч зугтсан. Араас Бүтэв ирэхдээ “Би хатгуулсан байна” гэж хэлсэн...” /хх 28/ гэх,
Гэрч Б.Бямбаагийн “...М Бүтэвийг хутгалсан гэж хэлсэн тэгээд дөрвөн залуу манайд орж ирэхээр нь би хутгалуулсан залуугийн шархан дээр лент наагаад дээр нь даавуугаар боож өгсөн...” /хх 31/ гэх,
Гэрч Б.Батбаярын “...Би М-ын гэр рүү очиход М гэрийн зүүн орон дээр гартаа модон иштэй хутга барьчихсан сууж байсан. Тэгэхээр нь би хутгыг нь аваад “Чи хүн хутгалсан байна” гэхэд, М надад хандаж “Чи түргэн тусламж дууд” гэж хэлсэн...” /хх 32/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд болон Гэмт хэгийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9, 11/, хохирогчийн биед анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх 35/, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хохирогчийн биед “Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд гэмтэл үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 76/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдад зэвсэг хэрэглэн амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан Д.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл, Хохирогч Г.Бүтэвийн эрүүл мэндэд учирсан “Цээжний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хүнд хохирол нь түүний цээжин тус газарт хутгаар хутгалсан шүүгдэгч Д.М-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэстэй байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.М-ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, мөн эмчилгээнд шаардлагатай хохирлыг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 14-15/, хохирогчийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх 6/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн, хохирогчид хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг сайн дураар төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугчин овогт Д.М-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.М-г 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821000000019 дугаартай хэрэгт шүүгдэгч Д.М нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2018 оны 04 сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
Б.ЭНХБААТАР