Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэнг суулган,

            Улсын яллагч Ц.Цэрмаа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунчимэг

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аюур овогт Д.А-т холбогдох 1721001850087 дугаартай хэргийг 2018 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Аюур овогт Д.А, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ...... оны ....... сарын ........-ны өдөр төрсөн, ....... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .............../, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 11 сарын 22-ны өдрийн 376 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял оногдуулж 1998 оны 07 сарын 29-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, гэмтлийн гаралтай оюуны сулрал, шинж тэмдэгийн уналт таталт өвчний улмаас хэрэг харицах чадваргүй гэх.

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах БОЭТ-ийн зүүн талд байрлах нийтийн байрны 34 тоотод оршин суух хохирогч П.Энхцэцэгийн гэрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч ус буцалгагч, хутга, заазуур зэрэг эд зүйл хулгайлж бусдад 55000 төгрөгийн хохирол учруулсан, мөн цонхыг нь хагалж 42000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр айлын цонхыг хагалж, ус буцалгагч, хутга, заазуур авсан нь үнэн. Өөр ярих зүйл байхгүй...гэв

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А нь миний төрсөн дүү юм. Бид хоёр эхээс хоёулахнаа амьдарч байна. Би А-н хулгай хийсэн хэргийн  талаар  мэдэхгүй. Харин түүний хувийн байдлын талаар хэлэхэд А нь багадаа морьноос унж гэмтэл авч, унж татдаг болсон. Энэ өвчин нь улам даамжирч сэтгэл мэдэрлийн хяналтанд орж 70%-ийн групп-д ороод удаж байна, 2020 он хүртэл сунгасан. Надаас өөр түүнийг асран халамжлах хүн байхгүй. Манай дүү хүний ярьсныг ойлгож, ярьж хэлэхдээ муу. Сэтгэл мэдэрлийн шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадваргүй гэж дүгнэсэн. Айлын цонхоор хулгай хийсэн гэдгээ А өөрөө хэлээд байгаа учраас хохирогчид нь би 97600 төгрөгийг төлж хохиролгүй болгосон. Эмч А-ийг хэвтэж эмчлүүлэх шаардлагатай гэсэн учир дүүг минь эмнэлгийн хяналтанд үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...би 2017 оны 09 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Гадуур хог түүж яваад Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн зүүн талын нийтийн байрны хойд талын хүрэн өнгийн төмөр хаалганы баруун талын цонхыг чулуугаар цохиж хагалсан. Тэгээд цонхны тавцан дээр байсан улаан өнгийн ус буцалгагч, хутга, заазуур зэрэг эд зүйл авсан. Өөр эд зүйл аваагүй. Тэгээд зүүн тийш явж “Шүр” зах дээр очиж авсан эд зүйл  болох хутга, заазуур, ус буцалгагчаа нийлүүлээд 2000 төгрөгөөр танихгүй хүнд зарж мөнгөөр нь пажу архи худалдан авч уусан...” гэжээ. /хх 41-42/

Хохирогч П.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 09 сарын 18-ны өглөө 08 цаг 20 минутын орчим ач хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил дээрээ очоод 2 цаг хичээл ороод 11 цагийн үед гэртээ ирсэн. Би гэртээ ороод харахад цонх маань хагарсан байсан. Тэгэхээр нь би хулгай орсон юм болов уу гээд эд зүйлээ бүртгэж үзсэн чинь цонхон дээр байсан улаан өнгийн ус буцалгагч мөн никел хутга, заазуур зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...өөр зүйл алдагдаагүй байсан. ...би алдагдсан эд зүйлүүдээ нийтэд нь 100000 төгрөгөөр үнэлж байна...” гэжээ. /хх 18-19/

Гэрч З.Дамдинжав мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Батзориг гэдэг 34 тоотод байдаг залууг би сайн мэдэх юм байгаа юм. Тэднийд хулгай орсон талаар би хүүхдүүдээсээ сонсож байсан. Батзоригийн эхнэр Энхцэцэг манай хүүхдүүдийн багш юм. ...манай хажуу талын айлд дүлий залуу байдаг. Тэднийд хүмүүс архи их уудаг юм. Тэнд архи уудаг хүмүүс хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байна. Шил, лааз түүдэг 2 нөхөр байсан. Нэг нь нүдний шилтэй нөгөө нь дунд зэргийн нуруутай хүмүүс байсан...” гэжээ. /хх 25/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 24 тоот дүгнэлтэд: “1.Д.А нь DS: гэмтлийн гаралтай оюуны сулрал, шинж тэмдгийн уналт таталт 2.Д.А нь хэрэг хариуцах чадваргүй 3.Д.А нь хөдөлмөрийн чадвар алдалтын 70% хувьтай. 4.Д.А-ийг цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай” гэжээ. /хх задгай/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримт болон  Ц.Саранцэцэг /хх 26/, Б.Дэлгэрмөрөн /хх 27/, Л.Батбаяр /хх 28/, Ц.Сарангэрэл /хх 29/ нарын болон хохирогч П.Энхцэцэг /хх 19-20, 21-22/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 14-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/, Эд зүйлийн үнэлгээ /хх 43/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 182, 183 тоот дүгнэлтүүд /хх 32, 36/, хохиролтой холбогдох баримт /хх 44/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 58/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Д.А нь 2017 оны 09 сарын 18-ны өдөр 10 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах БОЭТ-ийн зүүн талд байрлах нийтийн байрны 34 тоотын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хулгайлан хохирогч П.Энхцэцэгт 55000 төгрөгийн шууд, 42000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм бурууг давхар нотолсон дараах:

Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, тогтвортойгоор мэдүүлсэн хохирогч П.Энхцэцэгийн “...2017 оны 09 сарын 18-ны өглөө 08 цаг 20 минутын орчим ач хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажил дээрээ очоод 2 цаг хичээл ороод 11 цагийн үед гэртээ ирсэн. Би гэртээ ороод харахад цонх маань хагарсан байсан. Тэгэхээр нь би хулгай орсон юм болов уу гээд эд зүйлээ бүртгэж үзсэн чинь цонхон дээр байсан улаан өнгийн ус буцалгагч мөн никел хутга, заазуур зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...өөр зүйл алдагдаагүй байсан. ...би алдагдсан эд зүйлүүдээ нийтэд нь 100000 төгрөгөөр үнэлж байна...” /хх 18-19/ гэх,

Хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болох этгээдийг нүдээр харсан гэрч З.Дамдинжавын “...Батзориг гэдэг 34 тоотод байдаг залууг би сайн мэдэх юм байгаа юм. Тэднийд хулгай орсон талаар би хүүхдүүдээсээ сонсож байсан. Батзоригийн эхнэр Энхцэцэг манай хүүхдүүдийн багш юм. ...манай хажуу талын айлд дүлий залуу байдаг. Тэднийд хүмүүс архи их уудаг юм. Тэнд архи уудаг хүмүүс хулгай хийсэн байж магадгүй гэж бодож байна. Шил, лааз түүдэг 2 нөхөр байсан. Нэг нь нүдний шилтэй нөгөө нь дунд зэргийн нуруутай хүмүүс байсан...” /хх 25/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

Эд зүйл хулгайд алдагдсан талаар тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаар мэдээлснийг хүлээж авсан гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-13/, мөрдөгчийн тэмдэглэл /хх 14-15/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 16-17/,  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Шүүгдэгч Д.А нь бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа хохирогч П.Энхцэцэгийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах БОЭТ-ийн зүүн талд байрлах нийтийн байрны 34 тоотод буюу хүн байнга амьдрах орон байранд нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.А-ийг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч П.Энхцэцэгт 97000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эд зүйлийн үнэлгээ /хх 43/, зарлагын падан /хх 44/-аар, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн арилгасан болох нь хохирол төлсөн тухай баримт /задгүй 1ш/-аар тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Д.А нь “Гэмтлийн гаралтай оюуны сулрал, шинж тэмдэгийн уналт таталт” өвчинтэй, хэрэг хариуцах чадваргүй болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 24 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч нь шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, өөрөөр хэлбэл, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэд шүүгдэгч Д.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар тусгаагүйг харгалзан шүүгдэгч Д.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь 2018 оны 04 сарын 07-ны өдрөөс 2018 оны 04 сарын 13-ны өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олговол зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аюур овогт Д.А-г бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн 1721001850087 дугаартай хэргийг “хэрэг хариуцах чадваргүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр түүнийг Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт эмчлүүлэхээр шилжүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.А-г эмчлэх арга хэмжээ авахыг Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасагт даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь 6 /зургаа/ хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ