| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 2436000460038 |
| Дугаар | 32 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 32
2024 04 16 2024/ДШМ/32
Д.Уяач, Т.Нурбек нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Уяач, Т.Нурбек нарт холбогдох эрүүгийн 2436000460038 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн Тарвагатай ургийн овогт Дорлигийн Уяач, 1992 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум 04 дүгээр (Бугат) багийн 5-17 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Монгол Улсын иргэн Уах ургийн овогт Төкений Нурбек, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, радио телевизийн зураглаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл тав, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 09 дүгээр (Рашаант) багийн 7-25 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Шүүгдэгч Д.Уяач Т.Нурбек нар маргалдаж улмаар, шүүгдэгч Д.Уяач шүүгдэгч Т.Нурбекийн нүүр болон зүүн нүдний хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны урд 1/3 хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, зүүн нүдэнд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Т.Нурбек шүүгдэгч Д.Уяачийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод хэсэг, 2 эгмийн дунд хэсэг, хүзүүний баруун хэсгүүдэд тус бүр зулгаралтууд, баруун 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Д.Уяач, Т.Нурбек нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Тарвагатай ургийн овогт Дорлигийн Уяач, Уах ургийн овогт Төкений Нурбек тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уяачийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450'000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар;
- Шүүгдэгч Т.Нурбекийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450'000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
4.3 Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж,
4.4 Шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,
4.5 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шийтгэх тогтоолыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх" -ийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэх шаардлагыг, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг тус тус хангаагүй байна.
5.2 Шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Уяач, Т.Нурбек нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд Хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй, зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, ойлгомжгүй түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр бичигдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нар нь хууль, эрх зүйн мэдлэггүй учир биелүүлэхгүй, зайлсхийсэн учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй юм. тохиолдолд үүсэх эрх зүйн дагаврыг мэдэх боломж хомс учир шийтгэх тогтоолд дээрх мэдээллийг дурдах нь зүйтэй байна.Иймд Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.
2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.
3. Ховд аймгийн Прокурорын газраас Д.Уяач Т.Нурбек нар маргалдаж улмаар, шүүгдэгч Д.Уяач шүүгдэгч Т.Нурбекийн нүүр болон зүүн нүдний хэсэгт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны урд 1/3 хэсгийн хугарал, зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, зүүн нүдэнд цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Нурбек шүүгдэгч Д.Уяачийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний доод хэсэг, 2 эгмийн дунд хэсэг, хүзүүний баруун хэсгүүдэд тус бүр зулгаралтууд, баруун 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Шүүгдэгч Т.Нурбек нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Уяачийн мэдүүлэг, гэрч У.Есболат, мөн хохирогч Д.Уяачийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 102 дугаартай дүгнэлт ,
Шүүгдэгч Д.Уяачийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Нурбекийн мэдүүлэг, гэрч У.Есболат, мөн хохирогч Т.Нурбекийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 91 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Нурбек, Д.Уяач нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.
6. Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч Т.Нурбек, Д.Уяач нарт торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн атлаа уг торгох ялыг шүүгдэгч ямар хугацаанд төлж барагдуулах, мөн түүнчлэн оногдуулсан торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийсэн тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг тогтоолд тусгаагүй, түүнд эрх үүргийг сануулаагүй, шүүхийн шийдвэр тодорхойгүй, ойлгомжтой бус байх тул тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив” гэжээ
6.1 Анхан шатны шүүх шүүгдэгчид торгох ял шийтгэл ногдуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэх хуулийн заалтыг,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэх хуулийн заалтуудыг тогтоох хэсэгтээ тус тус тайлбарлаж бичээгүй орхигдуулсан байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.Нурбек, Д.Уяач нарт тайлбарласугай.” гэсэн заалт нэмж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР