2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/06703

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 04

191/ШШ2025/06703

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******** тоот хаягт оршин суух, Б овогт Х-ийн Б /РД:********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******** тоот хаягт оршин байх, С г ХХК /РД:********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай,

 Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг С г ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч С г ХХК-д холбогдуулан Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Х.Б нь Д аймгийн Х сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаартай захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Э-******** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******** дугаартай, Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг Шатахуун түгээх газар, агуулах-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшдэг.

Нэхэмжлэгч нь Д аймгийн уугуул оршин суугч бөгөөд өөрийн амьдарч буй газартаа өөрийн гэсэн газартай болж бизнес эрхлэх газар эзэмших зорилгоор Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байрлах 5000 м.кв газрыг авахаар анх дуудлага худалдаанд оролцож, улмаар дуудлага худалдаанд ялсан бөгөөд дуудлага худалдаагаар газрыг авах үед тухайн газрын үнийг төлөх боломжгүй байсан. Тиймээс хариуцагч С г ХХК-ийн Д аймаг дахь салбарын даргаар олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байсан гэдэг утгаараа дээрх газрыг худалдан авах гэж байгаа талаараа компанидаа хэлж, хүсэлт тавьсны үндсэн дээр компаниас 30,000,000 төгрөгийг зээлж авахаар болж, улмаар тус газрын дуудлага худалдааны төлбөрийг хариуцагчаар төлүүлсэн.

Ингэснээр Д аймгийн Х сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******** дугаартай захирамжаар тус газар эзэмших эрхийг Х.Б-д олгож, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ******** тоот дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон.

Нэхэмжлэгч нь С г ХХК-иас зээлсэн зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болсон бөгөөд үүний дагуу С г ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа.

Мөн газрын дуудлага худалдаанд оролцохдоо зээлсэн зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хариуцагчид үлдээсэн.

Улмаар нэхэмжлэгч өөрийн эзэмшил газраа ашиглахаар болсон тул хариуцагч С г ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоож, газар чөлөөлж өгөх тухай мэдэгдэл хүргүүлсэн.

Гэвч хариуцагч С г ХХК газрыг чөлөөлж өгөөгүй тул Д аймгийн Х сумын Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч тус сумын Засаг даргаас 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******** тоот албан бичгээр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч С г ХХК-д холбогдуулан Д аймаг, Х сумын ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бизнес эрхлэх зорилгоор дуудлага худалдаанд орж Д аймгийн Х сум, ******** тоот хаягт байрлалтай газрыг ялагч болон авсан бөгөөд С г ХХК-иас 30.000.000 төгрөгийн зээл авч газрын үнийг төлсөн гэсэн байна. С Г ХХК шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг бөгөөд тус газрыг дуудлага худалдаагаар авч шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн тухайн үед салбарын дарга Х.Б-ыг дуудлага худалдаанд оролцуулсан бөгөөд дуудлага худалдааны үнийг манай компани төлсөн байдаг. Мөн тус газарт тухайн үеэс эхлэн өнөөдрийг хүртэл манай компаний шатахуун түгээх станц ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байна. Х.Б нэхэмжлэлдээ С Г ХХК-иас 30.000.000 төгрөгийн зээл авсан гэсэн байна. Манай компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа бөгөөд зээл олгох үйл ажиллагаа огт эрхэлдэггүй, зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байхгүй бөгөөд ажилтан Х.Б-д огт зээл олгоогүй болно. Компаний зүгээс ажилтан Х.Б-ыг тухайн үед дуудлага худалдаанд оруулж газрыг авсан бөгөөд гэрчилгээ Х.Б-ын нэр дээр гарсан, харин газрын гэрээг газрын албатай С Г ХХК хийсэн, газартай холбоотой бүх төлбөрийг энэ олон жилийн хугацаанд манай компани төлж байсан байдаг ба газрын эзэмших эрхийг компаний нэр дээр шилжүүлэх талаар удаа дараа шаардлага гаргасан боловч хариуцагч өнөөдрийг хүртэл газрыг шилжүүлэн өгөхгүй байгаа болно. Дээрх байдлаас харахад газрын шударга эзэмшигч нь С Г ХХК гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймд Х.Б-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Х.Б-д холбогдуулан Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай, 5000 м.кв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, мөн тус газрын эзэмших эрхийг С г ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Б-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Д аймгийн Х сум,******** тоот, ******** хаягт байрлалтай, нэгж талбарын ******** дугаартай, 5000 м.кв хэмжээтэй, шатахуун түгээх станцын зориулалттай газрыг анх 2017 онд дуудлага худалдаагаар С г ХХК авсан байдаг. Манай компанийн зүгээс тухайн үед Д салбарын даргаар тогтвор суурьшилтай ажиллаж байсан Х.Б-ыг компанийг төлөөлөн оролцуулж дуудлага худалдааны дэнчинг компаниас төлсөн, мөн дуудлага худалдаанд ялсан тул компаниас дэнчингийн мөнгө болон дуудлага худалдааны үнэ нийт 30,000,000 төгрөгийг төлсөн байдаг.

С г ХХК-ийн зүгээс Д аймгийн Х сумын газрын албатай гэрээ байгуулж, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн шударга бөгөөд хууль ёсны эзэмшигч болно.

Дээрх газрын хууль ёсны бөгөөд шударга эзэмшигч нь С г ХХК болохыг албан ёсоор мэдэгдэж, тус газрын эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардаж байсан боловч иргэн Х.Б Удахгүй шилжүүлж өгнө гэж хугацаа авч явсаар байгаад 2022 онд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөний дараагаас эхлэн газрыг чөлөөлөх шаардлага тавьж, өнөөдрийг хүртэл шилжүүлэн өгөхгүй байгаа.

Газрын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулиар шатахуун түгээх станцын зориулалттай газрыг хувь хүнд олгодоггүй. Мөн Монгол Улсад газрын тосны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол тусгай зөвшөөрөл заавал шаардагддаг. Иймд тус газрыг Х.Б гэх иргэнд бус С г ХХК-ийн Д аймгийн салбарт нь олгосон.

Нэхэмжлэгч Х.Б хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Д аймгийн салбарын даргын үүргийг гүйцэтгэж байсан, байгууллагын нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцох үүргийг гүйцэтгэж байгаа учраас хөдөлмөрийн харилцааны дагуу энэ харилцаа явагдсан. Иймд ажилтандаа ямар нэгэн байдлаар эрх олгосон итгэмжлэл олгох шаардлагагүй. Энэ бол хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдсан харилцаа.

С г ХХК нь тухайн газрыг анх дуудлага худалдаагаар авсан цагаасаа эхлэн тус газарт шатахуун түгээх станцаа барьж байгуулан өнөөдрийг хүртэл шатахуун түгээх үйлчилгээг үзүүлэн ажиллуулж байна. Х.Б С г ХХК-ийн нэрийн өмнөөс газрын эзэмших эрхийг өөрийн эзэмшилд байлгаж байсан. Нэхэмжлэгч Х.Б-ын С г ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна., мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж, 92 дугаар зүйлийн 92.1-т Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй. гэж, 96 дугаар зүйлийн 96.3-т Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно гэж тус тус заасан байдаг.

Иймд Д аймгийн Х сум, ******** тоот, Ханги хилийн боомтын ойролцоо хаягт байрлалтай нэгж талбарын ******** дугаартай, 5000 мкв, шатахуун түгээх станцын зориулалттай газрын шударга эзэмшигчээр тогтоож, мөн тус газрын эзэмших эрхийг С г ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг иргэн Х.Б-д даалгаж өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа:

Х.Б нь дуудлага худалдаагаар газрыг худалдан авах үед дуудлага худалдааны үнийг төлөх боломжгүй байсан учраас салбарын даргаар олон жил тогтвор, суурьшилтай ажилласан С г ХХК-д 30,000,000 төгрөг зээлэхээр хүсэлт гаргаж, газрын дуудлага худалдааны төлбөрийг С г ХХК-иар төлүүлсэн.

С г ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээл олгохын тулд заавал тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагагүй бөгөөд тус 30,000,000 төгрөгийг зээлдүүлэхдээ ажилтан Х.Б нь уг компанийн салбарын даргаар удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажилсан тул зээл олгохыг зөвшөөрч олгосон. Үүнээс гадна С г ХХК нь бусад ажилчиддаа хөнгөлөлттэй зээл олгодог байсан. Х.Б газрын дуудлага худалдаанд оролцохдоо зээлсэн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг С г ХХК-д үлдээсэн бөгөөд зээлийн төлбөрийн хариуд өөрийн эзэмшлийн газарт тус компанийн шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахаар болсны дагуу С г ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулж байгаа.

 Хариуцагч С г ХХК-иас нэхэмжлэгч Х.Б-д дуудлага худалдаанд оролцох үүрэг, чиглэл өгсөн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Газрын дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж аль аль нь оролцох эрхтэй. С групп ХХК нь Х.Б-ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс дуудлага худалдаанд оролцуулсан бол итгэмжлэл олгох ёстой байсан. Мөн Х.Б С г ХХК-д Д аймгийн салбарын өмнөөс биш өөрийн нэрийн өмнөөс хүсэлт гаргасан нь бэлэн мөнгө олгохыг хүссэн баримтаар тогтоогдоно. Зээлийг зээлдэгч өөртөө эсхүл бусад этгээдэд шилжүүлэх замаар авсанд тооцно. Иймд С г ХХК нь Х.Б-д 30,000,000 төгрөгийн зээлийг Газрын албанд олгох замаар зээлсэн учраас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь зээлээ төлөх хүртэл хугацаанд С г ХХК-д газраа эзэмшүүлж, ашиглуулахыг зөвшөөрсөн. Газрын шинж чанарт нөлөөлөхгүй учраас С г ХХК-д шатахуун түгээх станцын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн.

Хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй хуулгаар Х.Б гээд хувь хүний нэр дээр газрын төлбөр гээд авлагад бүртгэсэн.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна. гэж заасан. Гэвч С г ХХК бүрэн эрх олгосон баримт байхгүй учраас энэ үндэслэл үгүйсгэгдэнэ.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй, мөн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж тус тус заасан.

Иймд С г ХХК нь эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй тул газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Д аймаг, Х сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаар захирамж, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, Д аймаг, Х сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******** дүгээр захирамж, ******** дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Д аймгийн Х сумын ******** дугаартай кадастрын зураг, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******** дугаар Газар эзэмших эрхийн лавлагаа, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ******** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, 2023 оны 10 дугаар сарын 23-ны Х.Б-ын С г ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, С г ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 25/1860 тоот албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Х.Б-ын Д аймаг Х сумын Засаг даргад гаргасан гомдол, Д аймаг, Х сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ******** тоот албан бичиг, татвар төлсөн баримт зэргийг ирүүлжээ. /1хх 4-21, 83-84/

Хариуцагчаас баримтаар: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, ******** дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, ******** дугаар газрын кадастрын зураг, Д аймаг, Х сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******** тоот захирамж, түүний хавсралт, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******** дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаар Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Төлбөрийн даалгавар 93 банкны гүйлгээний хуулбар, ******** дугаар Галын аюулгүй байдлын зөвшөөрөл, Газрын төлбөр тооцоо нийлсэн акт,  тооцооллын дансны дэлгэрэнгүй, Х.Б-ын татвар төлсөн баримт, Монгол шуудангийн баримтууд, С г ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ********, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******** тоот албан бичиг, Х.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, С г ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ******** тоот албан бичиг, Д аймаг, Х сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот албан бичиг, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн тооллогын баримт, ******** тайлант үеийн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, ******** тоот Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн ******** тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, ******** тоот газрын кадастрын зураг, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ******** тоот Хөдөлмөрийн гэрээ, Г.Б-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зэргийг ирүүлжээ. /1хх 23-24, 30-63, 73-74, 228-243/

Шүүхийн журмаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2024/10683 тоот захирамжийн дагуу Д аймаг, Х сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ******** тоот хариу, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 191/ШЗ2025/23187 тоот захирамжийн дагуу Д аймаг, Х сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ******** тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /1хх 104-127, 2хх 6-42/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч Х.Б нь С г ХХК-д холбогдуулж Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай 5,000 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, дээрх газрын шударга эзэмшигчээр тогтоолгох, газрын эзэмших эрхийг С г ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: бизнес эрхлэх, газар эзэмших зорилгоор газрын дуудлага худалдаанд оролцож, ялагч болсноор нэгж талбарын ******** дугаартай 5,000 мкв газрыг эзэмших эрхтэй болсон. Газрын дуудлага худалдааны үнэ 30,000,000 төгрөгийг С г ХХК-аас зээлж, зээлийн гэрээний барьцаа болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг С г ХХК-д үлдээсэн. Улмаар өөрөө газраа эзэмшихээр болж, С г ХХК-д газар чөлөөлөхийг мэдэгдсэн боловч чөлөөлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар газраа чөлөөлүүлнэ гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: компани тус газрыг дуудлага худалдаагаар авч, шатахуун түгээх станц ажиллуулах зорилгоор тухайн үед компанийн салбарын даргаар ажиллаж байсан Х.Б-ыг дуудлага худалдаанд оролцуулсан, дэнчин болон газрын үнийг компани төлсөн, шатахуун түгээх станцаа барьж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн шударга эзэмшигч гэв.

Улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ: компанийн зүгээс Х.Б-тай зээлийн гэрээ байгуулж, зээл олгоогүй бөгөөд Х.Б компанийг төлөөлөн дуудлага худалдаанд оролцож, газар эзэмших эрхтэй болсон, иргэн тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэх ажил үйлчилгээг эрхлэх боломжгүй. Уг газар эзэмших эрхийг компанийн нэр дээр шилжүүлж өгөхийг Х.Б-аас удаа, дараа шаардсан ч шилжүүлэн өгөөгүй тул шударга эзэмшигчээр тогтоолгоно гэв.

 

4.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1.Д аймгийн Х сумын Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******** дүгээр захирамжаар дуудлага худалдааны ялагч Х.Б-д Д аймаг, Х сум, ******** ойролцоо байрлах, нэгж талбарын ******** /сүүлд: ******** болсон/ дугаартай, шатахуун түгээх станцын зориулалттай 5000 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, улмаар 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэж, ******** /сүүлд: ******** болсон/ дугаартай гэрчилгээ олгосон болох нь тус сумын Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээр тогтоогдож байна. /хх 6-16, 32-38, 105, 108-111, 112-113, 123, 2хх 24-25, 27-29/

4.2.Нэхэмжлэгч Х.Б нь С г ХХК-ийн Д аймгийн салбарт 2012 оны 8 дугаар сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх 52-57/

4.3.Дээрх газар дээр С г ХХК-ийн С сум дахь салбарын харъяа ШТС-88 шатахуун түгээх станц 2017 оны 9 дүгээр сараас хойш Х боомтын ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа болох нь Д аймгийн Х сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******** тоот тодорхойлолт, талуудын маргаагүй тайлбараар тогтоогдсон. /хх 61/

4.4.Х.Б-аас С г ХХК-д 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Д аймаг, Х сумын нутагт Х хилийн боомтын ойролцоо ШТС-ын зориулалтаар худалдан авсан газрын төлбөр утгаар 29,540,000 төгрөг олгохыг хүссэний дагуу С г ХХК-иас Төрийн сангийн ******** тоот дансаар Д аймгийн Газрын албаны өмч хувьчлалын орлогод 29,520,000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр газрын дуудлага худалдааны үнэ, Х.Б-ын өмнөөс гэх утгатай шилжүүлсэн болох нь Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, 93 дугаартай төлбөрийн даалгавраар тогтоогдож байна. /хх 41-42/

 

5.Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардахын тулд а/нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хуулийн ёсны өмчлөгч, эзэмшигч байх в/хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшил ашиглалтдаа байлгаж байх, в/ хариуцагчийн эзэмшил, ашиглалт хууль бус байх урьдач нөхцөлүүд хангагдсан байхыг шаардана.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч маргааны зүйл болсон газрын эзэмшигч буюу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй, хариуцагч бодитоор тухайн газрыг эзэмшил ашиглалтдаа байлгаж байгаа үйл баримтууд тогтоогдсон, үүнд маргаагүй.

 

6.Харин хариуцагчийн дээрх эзэмшил ашиглалт хууль бус эсэх, тухайн газрын эзэмших эрхийг анх нэхэмжлэгч иргэний хувиар олж авсан эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс төлөөлж дуудлага худалдаанд оролцсон эсэх байна.

 

6.1.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ гэж, мөн зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана гэж, мөн зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэжээ. /өөрчлөлт орохоос өмнөх буюу газар эзэмших эрх олгох шийдвэр гарах үед үйлчилж байсан зохицуулалт/

 

Хэрэгт авагдсан баримтаар Д аймгийн Х сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******** тоот тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэн аж ахуйн нэгжид үйлдвэр үйлчилгээ, ажилчдын амралтын бааз байгуулах зориулалтаар эзэмшүүлэх газрыг нэгдүгээр хавсралтаараа баталсан байна. Ийнхүү тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа жагсаалтын 16-нд*******, Боомтын ойролцоо, 0,5 га газар, Шатахуун түгээх станцын зориулалт-аар эзэмшүүлэхээр тусгагджээ. /2хх 37-42/

Газрын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөвлөгөөндөө тусган баталж, улмаар Д аймгийн Х сумын Засаг даргын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******** дугаар захирамжаар маргааны зүйл болсон 5,000 мкв газрын дуудлага худалдааг зарласан, улмаар нэхэмжлэгч Х.Б дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ гаргаж оролцсоноор дуудлага худалдааны ялагч болж гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна. /2хх 7-42/

 

6.2.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т зааснаар иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-гаас илүүгүй хэмжээтэй газрыг, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй хэмжээтэй газрыг, Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн тариалангийн газрыг гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан давуу эрхээр эзэмшүүлэхээр, үүнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлэхээр тус тус зохицуулсан. Өөрөөр хэлбэл иргэний хувьд газрыг эзэмшүүлж, ашиглуулж болох зориулалтыг хуулиар нэрлэн заажээ.

Гэвч нэхэмжлэгч Х.Б-д хуульд заасан зориулалтаас өөр шатахуун түгээх станц-ын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг анхнаасаа олгосон нь Газрын тухай хуультай нийцээгүй. Түүнчлэн анхнаасаа шатахуун түгээх станц-ын зориулалтаар дуудлага худалдааг зарласан тул тус дуудлага худалдаанд иргэний хувиар оролцох боломжгүй, зөвхөн аж ахуйн нэгж дуудлага худалдаанд оролцох боломжтой байтал иргэнийг оролцуулж дуудлага худалдааны ялагчаар тодруулж, улмаар түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон явдал Газрын тухай хууль, Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам-тай нийцээгүй байна.

Гэвч нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр, газрын дуудлага худалдаатай холбоотой аливаа этгээдээс өнөөдрийн байдлаар гомдол гаргаагүй, эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй, мөн зохигч хэн алин нь маргаагүй болох нь шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх диспозитив зарчмын дагуу шийдвэрлэлээ.

Иймд иргэний хувиар дуудлага худалдаанд оролцсон, хуулийн этгээдийн хувиар хариуцагч өөрөө дуудлага худалдаанд оролцох боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзэв. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор ... эзэмшүүлнэ гэж зохицуулсан тул иргэнд шатахуун түгээх станц-ын зориулалтаар газар эзэмшүүлэхийг хуулиар хориглоогүй тухай тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

6.3.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж, мөн зүйлийн 65.3-т Хэлцлийн нөгөө талд хэнтэй хэлцэл хийж байгаа нь ач холбогдолгүй байсан бол энэ хуулийн 65.2 нэгэн адил хамаарна гэж заажээ.

Маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгч Х.Б С г ХХК-ийн Д аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан, дуудлага худалдааны дагуу газрын үнийг хариуцагчаас төлсөн, улмаар 2017 оноос хойш хариуцагч байгууллагын хөрөнгийн бүртгэлд тухайн газрыг тусгаж өнөөг хүртэл тоолж байсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд ажил олгогч хуулийн этгээдийг Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу төлөөлж оролцсон гэж үзнэ. Иймд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгоогүй, энэ талаарх баримт авагдаагүй тухай нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй. /1хх 41, 42, 62, 63/

6.4.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 30.000.000 төгрөгийг зээлж авсан гэж тайлбарлах боловч бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөлд дурдсан агуулгад энэ талаар заагаагүй, уг тайлбарт холбогдох үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн газрыг хариуцагчид түрээслүүлсэн, үнэ төлбөргүй ашиглуулсан, зээлийн хариу төлбөрт эзэмшүүлсэн, барьцаа болгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

6.5.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна гэж, 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан, шүүх дээрх байдлаар нэхэмжлэгчийг шударга эзэмшигч гэж үзээгүй тул тэрээр шаардах эрхгүй. Энэ тохиолдолд тухайн газрыг бодитоор эзэмшил, ашиглалтдаа байлгаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч газрыг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй тул шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  7.Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1-д Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно. Гэж, мөн хуулийн 178.2-т Дуудлага худалдаагаар худалдсан зүйлийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагч тухайн зүйлийн өмчлөгч болно гэж заасан.

Шүүх дээрх байдлаар С г ХХК-г төлөөлж Х.Б дуудлага худалдаанд оролцсон, үнэ хаялцуулах замаар эзэмших эрхийг компани олж авсан, шударга эзэмшигч гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2, 92 дугаар зүйлийн 92.1-т заасныг баримтлан С г ХХК-д холбогдох Д аймаг, Х сум, ******** тоот хаягт байрших, нэгж талбарын ******** дугаартай, шатахуун түгээх станцын зориулалттай 5000 мкв газрыг албадан чөлөөлүүлэх тухай Х.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, дээрх газрын шударга эзэмшигчээр С г ХХК-ийг тогтоож, тус газрын эзэмших эрхийг С г ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгөхийг Х.Б-д даалгасугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ