Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01445

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01445

 

 

 

Х.Х.Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2021/01340 дугаар шийдвэртэй, Х.Х.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.С.П ХХК-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөд байрлаж буй Э.С.П ХХК-ийг эд хөрөнгийн хамт тухайн барилгаас албадан гаргуулж, чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.С.П ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С.П ХХК болон Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 317115 тоот зээлийн гэрээ, Эрдэс холдинг ХХК болон Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 317262 тоот зээлийн гэрээ, 2008 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн ЗЭГ/20 тоот зээлийн эрх нээх гэрээ, Эрдэс холдинг ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗГ0001/080206 тоот зээлийн гэрээ, 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗНГ090206/01 тоот зээлийн гэрээнүүдээр олгогдсон зээлийн өр төлбөрийн үлдэгдэл болох нийт 20 046 337 ам.долларын төлбөрт тооцож, оффисын барилгыг тус банкны өмчлөлд шилжүүлсэн. Улмаар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээний дагуу оффисын барилгыг Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдах авах гэрээний 1.4 дэх хэсэгт оффисын барилгыг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буцаан худалдан авах нөхцлийг тусгасан бөгөөд уг хугацааны дотор Э.С.П ХХК-ийн зүгээс буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй, гэрээ дуусгавар болсон. Банкны зүгээс оффисын барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг Э.С.П ХХК-д удаа дараа хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тус банкны шаардлагыг биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу 000197358 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Э.С.П ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.С.П ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанийн хамаарал бүхий хуулийн этгээд болох Эрдэс холдинг ХХК нь уул уурхайн төслүүд хэрэгжүүлж, төмрийн хүдэр олборлолтын төсөлд Х.Х.Б ХХК, Улаанбаатар хотын банк ХХК нараас зээлээр санхүүжилт хийж олон жилийн турш хамтран ажилласан. Улмаар 2009 оны дэлхийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор уул уурхайн бүтээгдхүүн тэр дундаа төмрийн хүдрийн гадаад зах зээлийн үнэ огцом унаж "Эрдэс холдинг ХХК-ийн төмрийн хүдэр олборлолтын төсөл эдийн засгийн хувьд ашиггүй болж улмаар банкны зээлийн өр төлбөр хуримтлагдах үндсэн шалтгаан болсон.

Хариуцагчийн тухайд банкны зээлийн өр төлбөрийн дүнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түр хугацаанд шилжүүлэх, харин гэрээнд заасан үнийн дүнг Эрдэс холдинг ХХК нь гэрээнд заасан хугацаанаас өмнө банкинд төлж барагдуулах энэ тохиолдолд Э.С.П ХХК нь үл хөдлөх хөрөнгөө банкнаас буцаан шилжүүлэн авах үүрэгтэйгээр оролцсон юм. Манай компани нь Х.Х.Бтай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчиж хийгдсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.С.П ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Э.С.П ХХК нь Х.Х.Бтай байгуулсан 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлийн барьцаанд Х.Х.Бны нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан байхад нэхэмжлэгчийн зүгээс хууль бус барьцаа хөрөнгийг шилжүүлэн авч улмаар хөрөнгийг албадан чөлөөлүүлэх гэж буй үйлдлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Э.С.П ХХК-ийн холбогдох этгээд болох Эрдэс холдинг ХХК нь төслөө цааш нь үргэлжлүүлэн явуулахад эргэлтийн хөрөнгийн санхүүжилт дутагдаж байсан, нөгөө талаар Хятад улсад захиалсан байсан баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмж цаг хугацаандаа орж ирээгүй зэрэг хүндрэлүүдтэй зэрэгцэн дэлхийн болон Монгол Улсад эдийн засгийн хямрал эхэлж тус компанийн борлуулалт зогсож, зээл, хүүгийн төлбөрөө хугацаандаа төлж чадахгүйд хүрсэн. Энэ үед Х.Х.Бны зүгээс Эрдэс холдинг ХХК-д хандан "Гадаад зах зээл дээр 500.0 сая ам.долларын бонд босгох гэж байгаа, олон улсын зах зээлээс мөнгө босгоход банкны том зээлдэгч нарын зээл хэвийн байх ёстой, банк зээлийн шалгуур үзүүлэлтээ хангаж байх шаардлагатай байна, танай зээл үүнд нөлөөлөөд байгаа учраас Э.С.П ХХК-ийн 5601 м.кв талбайтай 6 давхар барилгыг банкны нэр дээр буцаан авах нөхдөлтэйгээр шилжүүлчих гэсэн шаардлага тавьсан. Дээрх 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг өр төлбөртөө тооцон өгөх, үнэн санаанаасаа банканд шилжүүлэн өгөх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, зөвхөн банкны шахалт, шаардлагын дагуу гэрээ байгуулсан.

Х.Х.Б нь өмнө нь тус компанийн авсан зээлийг зээл олгох байдлаар хааж ирсэн тохиолдол байгаа. Банкны зүгээс зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй өмнөх зээлийн төлбөрийг зээл олгох замаар төлүүлсэн үйлдэл нь Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын хамтарсан 2004 оны 459/207 тоот тушаалаар батлагдсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын Хоёрдугаар бүлгийн 9-д заасан Банк, ББСБ-аас олгосон зээл нь чанаргүйд ангилагдсан бөгөөд гэрээнд заасан хугацаандаа төлөгдөөгүй нөхцөлд банк нь тухайн зээлдэгчид шинээр нэмж зээл олгохыг хориглоно гэсэн заалт, мөн бүлгийн 10-т заасан Тухайн банк, ББСБ нь зээл, түүний хүүг нэмж зээл олгох замаар төлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн.

Эрдэс холдинг ХХК болон манай компанийн зүгээс Х.Х.Банд хандан 2012 оноос хойш үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох баяжуулсан төмрийн хүдрийн дэлхийн зах зээлийн үнэ унаж, манай улсаас экспортолдог төмрийн хүдрийн баяжмалын цорын ганц худалдан авагч Хятад улсын хил дээрх худалдан авах үнийн бууралт, манай улсын төмөр замын тээврийн тариф буураагүй, тээврийн үнэ тариф өндөр зэрэг нөхцөл байдлын улмаас төлбөрөө төлж чадахгүй байгааг удаа дараа мэдэгдэж, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээний хугацааг сунгах, Төмөртэйн төслийг ашигт малтмал ашиглах 11426A тоот тусгай зөвшөөрөл, УБҮ-ийн 2 шугам, техник тоног төхөөрөмж, уурхайн тосгон, дэд бүтцийн хамт өр төлбөртөө бүрэн шилжүүлэн өгөх хүртэл саналуудыг тавьж байсан боловч банк энэхүү саналуудыг хүлээн авахгүй байгаа үйлдлийг банк зээлдэгчийнхээ өр төлбөртэй байдлыг далимдуулан аргагүй байдалд оруулж, өмч хөрөнгөнд нь хууль бусаар халдсан бас нэг үйлдэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлд зааснаар ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байдаг.Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар дээрх 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар зохицуулсан. Иргэний хуулийн 16 дугаар бүлгийн 3 дахь заалтад зааснаар иргэн нь хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглосон байдаг. Банк нь зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахаар байна.Х.Х.Бтай байгуулсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчиж хийгдсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлүүдийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд Х.Х.Б ХХК-тай байгуулсан 201 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.С.П ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Х.Х.Б ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э.С.П ХХК болон Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 4 удаагийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэлгүй олон жил болсон бөгөөд 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлэхэд нийт 20 046 337 ам.долларын өр төлбөртэй байсан тул мөн өдрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээ байгуулан зээлийн өр төлбөрийг хаасан боловч өнөөдөр хүртэл бүтэн 9 жил үл хөдлөх хөрөнгөө буцааж аваагүй, манай үл хөдлөх хөрөнгийг бусдад түрээслэж 17 979 210 ам.долларыг тус банканд өгөлгүй өөрсдөө завшиж манай банкийг ноцтой хохироож байгаа. Э.С.П ХХК-ийн 2 610 000 ам.долларын зээлийн үүргийн гүйцэтгэлд Эрдэс холдинг ХХК-ийн 6 600 000 ам.доллар, 3 240 000 ам.доллар, 2 500 000 ам.долларын зээлүүдийн үүргийн гүйцэтгэлийг Э.С.П ХХК нь зээлдэгчийн өмнөөс өөрийн хөрөнгөөр хариуцаж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангасан нь хууль тогтоомж, гэрээний харилцаанд харшлахгүй. Э.С.П ХХК нь өөрийн болон Эрдэс холдинг ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн 5601м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг тооцон Худалдаа, хөгжлийн банканд шилжүүлж, Эрдэс холдинг ХХК нь өөрийн зээлүүдийн өр төлбөрийг Э.С.П ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар, Худалдаа, хөгжлийн банк нь Э.С.П ХХк, Эрдэс холдинг ХХК-иуд олгосон зээлийн өр төлбөрт Э.С.П ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч нъ гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан; гэж заасныг үндэслэн зээлийн гэрээгээр хүлээсэн зээлдэгч нарын үүргийг дуусгавар болгож, зээлүүдийг хаасан. 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байх бөгөөд Э.С.П ХХК, Эрдэс холдинг ХХК, Худалдаа, хөгжлийн банк ХХК, Улаанбаатар хотын банк ХХК-иудын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөх хэлэлцэх хугацаа нь дууссан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Х.Х.Б ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах, 5601 мкв талбайтай, бизнесийн төвийн зориулалттай 6 давхар үл хөдлөх эд хөрөнгөөс Э.С.П ХХК-ийг, эд хөрөнгийн хамт албадан нүүлгэж, барилгыг чөлөөлж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д зааснаар Э.С.П ХХК-ын 2012.06.29-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.С.П ХХК-ийн өмчлөлд буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Х.Х.Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, Э.С.П ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 000 000 /нэг зуун хорин долоон сая/ төгрөг /2021.05.10-ны өдөр төлсөн 27 000 000 төгрөг, 2021.06.28-ны өдөр төлсөн 100 000 000 төгрөг/-ийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2021.05.11-ны өдрийн 5266 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг нь шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан 158 163 950 төгрөгийг хариуцагч Э.С.П ХХК-иас гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Э.С.П ХХК-иас 70 200 төгрөгийг гаргуулж Х.Х.Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн харилцаатай холбоотойгоор талуудын хооронд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хооронд уулзаж, банк бонд гаргах харилцаанд тодорхой хүндрэл үүссэн учраас зээлийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ хүрээнд талууд хэлэлцээр хийх ийм нөхцөл байдалд орж өнөөдөр маргаж буй гэрээ байгуулагдсан баримтууд байгаа. Нэхэмжлэгч тал нотлох баримт байхгүй гэж байна. Гэтэл бүх баримтууд хэрэгт авагдсан байдаг. Нэгэнт энэ хүрээнд талууд тохиролцож гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгаа. Ийм учраас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдан авах гэрээнд банк барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авагч өөрийн эзэмшил ашиглалтад байлгахыг бодитойгоор шилжүүлэн авахгүй. Хариуцагчид барилгыг үнэ төлбөргүй ашиглуулна гэж заасан. Үүнээс цааш энэ нөхцөл байдал алдагдсан тохиолдолд хэрхэн талаар тодруулан заагаагүй, авч үзээгүй нь гэрээг ямар зорилгоор байгуулж байгааг нэгдүгээрт тодотгож байна. Цаашилбал бодитой биш дүр үзүүлж хийсэн байсан нь 11 үндэслэлээр тодорхой нотлогддог. 1-т үл хөдлөх эд хөрөнгийн оршин байгаа газар өнөөдрийг хүртэл хариуцагчийн эзэмшилд байгаа. 2-т үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг хуульд заасан журмын дагуу өнөөдрийг хүртэл компани төлсөөр байгаа. 3-т үл хөдлөх эд хөрөнгө зөвхөн Э.С.П ХХК завсар тохижилтыг хийж байгаа. 4-т үл хөдлөх эд хөрөнгийн зориулалт зохион байгуулалт бүтцэд Э.С.П ХХК зохих өөрчлөлтүүдийг хийсэн. 5-т үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалт үйлчилгээг Э.С.П ХХК болон Эрдэс холдинг ХХК нар хариуцан хэрэгжүүлж байгаа. 6-т үл хөдлөх эд хөрөнгийн харуул хамгаалалтыг Э.С.П ХХК дангаар хариуцаж байгаа. 7-т дүр үзүүлсэн гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн үнээр биш, тухайн үед тооцож үзсэн зээлдэгчийн зээлийн өр төлбөрийн дүнгээр нэгтгэж бичсэн. Энэ нь анхнаасаа үнийн талаар тохиролцоо хийгээгүй болох нь нотолж байна. 2012 онд гуравдагч этгээд энэ байшинтай холбоотой хэлцэл үнийн дүн яригдахад 34 000 000 ам.доллараар худалдаалах тохиролцоо хийгдсэн. Хэрвээ жинхэнэ гэрээ байсан бол үнийн талаар маш нарийн тохиролцон зааж зөрүүг хэрхэн шийдвэрлэх талаар хэлцлээр тохиролцох байсан нь тодорхой юм. Дүр үзүүлсэн гэрээнд газар эзэмших эрхийг шилжүүлэх талаар заасан боловч нэхэмжлэгч оффисын барилгын доорх газар буюу хашааны газрын газар эзэмших эрхийг өнгөрсөн хугацаанд шилжүүлж аваагүй, шилжүүлэн авах талаар идэвх гарган хөөцөлдөж байгаагүй нь дүр үзүүлж хийсэн хэлцэл болохыг тодорхой харуулж байна. Банкны онцлогийг авч үзвэл банк нь гэрээ, хэлцлийг байгуулж хөрөнгийг шилжүүлэн авсны дараа зохих журмаар зээлийн өр төлбөрийг хаадаг нийтлэг практик байгаа. Үүнээс авч үзвэл дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тодорхой нотлогдоно. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар зээл бодож тооцсоноор 45 000 ам.доллар болсон гэсэн. Иймээс барилгыг өмчлөлд авч зээлийг хаах биш, зээлийн төлбөрийг төлүүлэх зорилготой болохыг тайлбарлахыг хүсч байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл байхын зэрэгцээ хуульд заасан шаардлага хангаагүй, хуулийг зөрчсөн. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт гэж заасан. Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө барьцааны зүйл болсон тохиолдолд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй этгээдийн эд хөрөнгийн өмчлөх эрх үүрэг гүйцэтгүүлэгчид шилжих тухай тохиролцоо бол ямар нэгэн гэрээнд тусгагдсан хожим байгуулсан нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл агуулгаар болдог. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр байхад хэлцэл хийгдэж, уг журмаар шилжүүлэг хийгдсэн нь тодорхой байгаа. Фидуцийн гэрээ байгуулж хариуцагчийг хохироосон. Энэ нь хууль зөрчсөн нөхцөл байдал үүсгэсэн нь тодорхой үндэслэл тохиолдол байгаа. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт гэж заасан нь өмчлөх эрх шилжүүлэн авах хэлцэл хийгдсэний дараа нь буцаан өгөхдөө хэлцлийн үнийн дүнг нэмэгдүүлж орлого, ашиг бий болгосон нь банкны үйл ажиллагаанд зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа биш болох нь хуулийн тодорхой зохицуулалтаар илэрхий тодорхой харагддаг. Дээрх үндэслэл байгаа учраас хэлцэл хуульд нийцээгүй хууль зөрчсөн хэлцэл байгааг тодруулж хэлэх нь зүйтэй. Хэргийн 111 хуудас баримт материал нь маргааны үйл баримт нотолгоонд хамаарч байгаа. Уг баримтуудаар зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн өр зэргийг өгсөн нэмэгдүүлсэн дүнгээр төлүүлэх зорилготой үйл ажиллагаа хэрэгжсэн болох нь тодорхой байдаг. Ийм учраас энэ хүрээнд авч үзвэл анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийг биелүүлээгүй. 6 500 000 000 төгрөгийн зээлийг олгосон. Энэ зээл нь зээлийг зээлээр хаасаар 20 000 000 ам.доллар хүрсэн нөхцөл байдал тодорхой байдаг. Түүнчлэн, хэрэг хяхан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой журам зөрчсөн талаар хариуцагчийн гомдолд тодорхой дурдсаныг дэмжиж байна. Хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагатай нэхэмжлэлийн хүрээнд авч үзвэл 2 банк, 3 компани оролцсон Л-Ч ХХК-ийг огт оролцуулаагүйн зэрэгцээ Эрдэс холдинг ХХК-ийн эрхийг хангахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нөхцөл байдал байдаг болохыг тодруулан дурдаж байна. Түүнчлэн, хариуцагчийн гол зорилго нь банкнаас зээл авсан, банк зээлийг буцаан төлүүлэх зорилготой байдаг. Хариуцагч тал зээлийг төлөх боломж үүсч байна. Гэтэл бизнесийн гол багана болсон байрыг анхнаасаа өөр тохиролцоотой байж авч үлдэх гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Банкны мөнгийг төлсөн тохиолдолд банк хохирохгүй гэх үндэслэлийг хариуцагчийн зүгээс тайлбарлаж байна. Эдгээр үндэслэл байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Эрдэс холдинг ХХК-ийг гуравдагч этгээдээр энэ хэрэгт оролцуулсан. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Оюунбат короновирусын халдварын нэгдүгээр хавьтал болж шүүхэд хүрэлцэн очиж чадаагүй байх хугацаанд шүүх хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэх үеийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан хэргийн материалтай гуравдагч этгээдийн төлөөлөгч бүрэн танилцаж чадаагүй. Хавтас хэргийн 62 дугаар тал хүртэл нотлох баримтуудтай гуравдагч этгээдийн төлөөлөгч танилцсан. 62 дугаар талаас хойш баримттай огт танилцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийн зүгээс хэрэгт шинээр авагдсан баримтуудтай танилцах, түүнтэй холбоотой тайлбар гаргах боломжийг олгоогүй эрхийг зөрчсөн. Ийм учраас анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан. Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгч өөрийнхөө биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотойгоор хэргийг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцах сануулсан ажиллагаа хийгдээгүй, танилцуулаагүй гэж үзэж байна. Э.С.П ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байна. Учир нь сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн төлөөлөгч эрх ашиг давхар яригдаж байгаа. Гуравдагч этгээд Х.Х.Б ХХК-аас гол зээлийг авсан компани нь Эрдэс холдинг ХХК байсан. Зээлтэй холбоотой сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гэрээ байгуулагдсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч тал худалдах сонирхол зорилго бол гэрээ байгуулахад байгаагүйг гуравдагч этгээдийн зүгээс дэмжиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь хариуцагч Э.С.П ХХК-нд холбогдуулан 000197358 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 15 тоот хаягт байрлах бизнесийн төвийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Э.С.П ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй байгуулсан 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлүүдийг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул дээрх хөрөнгийг буцаан өмчлөлд шилжүүлэхийг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх1-2, 91-94/

Х.Х.Б ХХК болон Э.С.П ХХК-ийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 317115 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 2 610 000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 26 сарын хугацаатай зээлсэн ба барьцаанд өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах бизнес төвийн зориулалттай 5 601 м.кв талбайтай 6 давхар барилгыг барьцаалуулсан байсан үйл баримтын хувьд талууд маргаангүй. /хх109-114/

Мөн хариуцагчтай хамаарал бүхий Эрдэс холдинг ХХК болон Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийн хооронд 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 317262 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, мөн дээрх хоёр хуулийн этгээдийн хооронд 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ЗГ0001/080206 тоот зээлийн гэрээ, 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр ЗЭГ/20 тоот зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан, түүнчлэн Эрдэс холдинг ХХК болон Улаанбаатар хотын банк ХХК-ийн хооронд 2009 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ЗНГ090206/01 тоот зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон./хх156-158, 162-164/

Улмаар Худалдаа, хөгжлийн банк ХХК, Улаанбаатар хотын банк ХХК, Э.С.П ХХК, Эрдэс холдинг ХХК, Л.Ч ХХК нарын хооронд 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр tdbm253/2012 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах- худалдах авах гэрээ байгуулагдаж, Э.С.П ХХК, Эрдэс холдинг ХХК , Л.Ч ХХК нарын нийт 20 046 337 ам.долларын зээлийн өр төлбөрт улсын бүртгэлийн Ү- 2203009950 дугаарт бүртгэгдсэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах бизнес төвийн зориулалттай 5 601 м.кв талбайтай 6 давхар барилгыг тооцон, өмчлөх эрхийг Худалдаа, хөгжлийн банк ХХК -нд шилжүүлэхээр тохиролцсон, уг барилгын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид улсын бүртгэлээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх152-155/

Дээрх 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, буцаан худалдах, худалдах авах гэрээнд оффисын барилгыг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Э.С.П ХХК буцаан худалдан авах нөхцлийг тусгасан бөгөөд уг хугацааны дотор Э.С.П ХХК-ийн зүгээс оффисын барилгыг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлажээ. /хх10-16/

Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 5/3583 тоот, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/4472 тоот, 2016 оны 03 дугаар сарын 01 өдрийн 5/1242 тоот, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 5/3830 тоот, 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5/2856 тоот, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 5/6823 тоот, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 3/3508 тоот, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 5/1798 тоот албан бичгүүдээр оффисын барилгыг чөлөөлөх тухай мэдэгдлийг Э.С.П ХХК-д удаа дараа хүргүүлсэн баримт хэрэгт авагджээ. /хх17-24/

Хариуцагч тал ... Эрдэс холдинг ХХК-ийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн tdbm253/2012 тоот гэрээний асуудлыг шийдвэрлэх зорилгоор банкинд удаа дараа бизнесийн болон гэрээний санал хүргүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг шууд өмчлөлдөө шилжүүлэн авах эрхгүй гэж маргасан ба мөн талуудын хоорондын зээлийн гэрээний үүргийн хэмжээнд ч маргаантай байна./хх10-16/

Мөн хариуцагч нь ... Эрдэс холдинг ХХК нь Х.Х.Бнаас авсан зээлийнхээ барьцаанд 11,8 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангах ашигт малтмалын ашиглалтын 11426A тоот тусгай зөвшөөрөл болон 6004А, 6005A тоот тусгай зөвшөөрлүүд, Белаз маркийн самосвалууд, харилцах дансны орлого, алтны болон төмрийн хүдрийн борлуулалтын орлого зэрэг зүйлүүдийг барьцаалуулсан байсан, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгөө өр төлбөрт тооцон өгөх, үнэн санаанаасаа банкинд шилжүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, нэхэмжлэгч нь өмнө нь тус компанийн авсан зээлийг зээл олгох байдлаар хааж ирсэн нь хууль, журам зөрчсөн, банк зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэж маргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т зааснаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байна.

Хэргийн 196 дугаар талд гуравдагч этгээд Эрдэс холдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар ирээгүй, ирэх боломжгүй байгаа талаараа Ковид-19 вирусын халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тухай баримт гаргажээ. /хх249-250/ Дээрх шалтгааны улмаас хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцож чадаагүй, хэргийн материалтай бүрэн танилцсан, тайлбар татгалзлаа илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохоор байх бөгөөд шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх юм. Сөрөг нэхэмжлэлийн агуулга тодорхойгүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гуравдагч этгээд болох Эрдэс холдинг ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч Л.Ч ХХК болон бусад этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулах нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой юм.

Зохигч хоорондын гэрээнээс үзэхэд гэрээний талууд нь аж ахуй эрхлэгчид байна.

Шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэх, талуудыг бүрэн мэтгэлцүүлэхийн тулд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх ямар үндэслэл байгаа, ямар хуулийн заалтууд болоод ажил хэргийн тогтсон зан заншлыг зөрчсөн, өөрөөр хэлбэл банкны зүгээс хэлцэл хийхтэй холбоотой ямар хуулийг хэрхэн зөрчсөн, энэ нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг хууль зөрчсөн гэхээс гадна дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлжээ. Хууль зөрсөн, дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлүүд нь учир холбогдлын хувьд өөр өөр үр дагавартай юм. Хэлцэл хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус, гэрээний үүрэг үүсэх ёсгүй гэж үзэж маргаж байгаа бол уг гэрээнд оролцсон талуудын тайлбар, байр суурь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь ач холбогдолтой.

Анхан шатны шүүх дээр мэтгэлцээгүй, тодруулаагүй асуудлаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Мөн талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 07ы өдрийн 181/ШШ2021/01340 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 163 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД