| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0111/э |
| Дугаар | 114 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанааг суулган,
Улсын яллагч Б.Догмиддорж
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Хохирогч Д.Цэцэгдарь
Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт Р.Б-д холбогдох 1821001050066 дугаартай хэргийг 2018 оны 04 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Еншөөбү овогт Р.Б, Дорнод аймгийн Баянтүмэн суманд ...... оны ..... сарын .....ны өдөр төрсөн, ..... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Люкс” баарны баруун талын зам дээр ............. улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар иргэн Д.Цэцэгдарийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.
Шүүгдэгч Р.Б мөрдөн шалган ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 31-ний өдрийн орой 18 цагийн орчим 25-ын баруун талд байрлах таксины зогсоол дээрээс нэг эмэгтэй хүн хүүхэдтэйгээ миний машинд сууж Зангиатын хороолол руу хүргүүлэхээр болсон юм. Тэгээд би “Люкс” гэх баарны баруун талд байх ертөнцийн зүгээр хойноос урагш, урдаас хойш чиглэлтэй зам дээр гэрлийн дохио өнгөрөөд хойд зүг рүү явж байхад “Люкс” баар руу салдаг уулзвар дээр замын голд гэнэт нэг эмгэн гарч ирсэн тэгээд би тормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй нөгөө эмгэний баруун талын ташаа хэсэг рүү нь машиныхаа буруу талаар мөргөсөн тэгээд нөгөө эмгэн газарт унахаар нь би цагдаагийн газарт дуудлага өгөөд машинаас бууж очиж тэр эмгэнийг аваад машиндаа суулгаад шууд эмнэлэгт хүргэж өгч анхны тусламж үзүүлсэн...би өөрийн буруутай асуудлыг ойлгож гэмшиж байна...би хохирогчид одоогийн байдлаар 2320000 төгрөгийг Цэцэгдарийн хүү Ганбаатар, охин Гантуяа нарын Хаан банкны дансаар шилжүүлсэн, би мөнгө шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсруулахаар өгсөн байгаа, би Цэцэгдарийн ар гэрийнхэнтэй нь байнга утсаар холбогдож биеийг нь асууж холбоотой байгаа...” гэжээ. /хх 39/
Хохирогч Д.Цэцэгдарь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би явган хүний замаар явж байгаад дайруулсан. Осолд орсноосоо хойш бие махбодь болон сэтгэл санааны дарамтад орсон. Өдөр бүр даралтын эм ууж, шөнөдөө нойрны эм ууж байна. Би өөрийгөө тахир дутуу болсон гэж бодож байна. Үлдсэн насандаа таягнаас салахгүй болсон. Одоо ч гэртээ сайн хөдөлж чадахгүй хоёр сар гаруй охиноороо асрууллаа. Тухайн үед намайг яаж шаналж байсан гэдгийг хэн ч мэдэхгүй. Хэдэн хүүхдийнхээ ачаар бие минь дээрдсэн. Хотод очсоноос хойш зөндөө зардал гарсан. Шүүгдэгчийн зүгээс хагалгааны зардалд 2620000 төгрөг надад өгсөн. Би шүүгдэгчээс хэдэн төгрөг өгч туслах боломж байгаа эсэхийг асуухад “өгөх боломжгүй” гэж хэлсэн. Хүн мөнгө гэхээсээ илүү сэтгэл санаа, бие махбодиор хохирох ямар хэцүү гэдгийг би биеэрээ үзлээ. Одоо ч гэсэн бүтэн нойртой унтаж чадахгүй байна. Би маш их хохирсон. 70 нас хүртлээ эрүүл саруул байсан. Одоо насаараа хазгар доглон болоод охиноороо хоол цайгаа хийлгэж байна. Үр хүүхдээ зөндөө их зовоочихлоо. Онгоцоор насилкан дээр явахад 4 хүний зардал авдаг юм байна, нийлээд онгоцны зардал сая гаруй төгрөг болсон. Надад мөнгө өглөө гээд миний өвчин эдгэхгүйгээс хойш би сэтгэл санаа болон бие махбодиор хохирсон. Гэхдээ энэ хүнд гомдох ч хэцүү юм, гол нь намайг ойлгох хэрэгтэй. Одоо 45 хоногийн дараа эмнэлэгт очиж дахиж үзүүл гэсэн. Тэгээд хэдэн төгрөг асуухад “би амьдралтай хүн” гээд тоохгүй байна. Би зүгээр байж байгаад энэ хүнээс мөнгө гуйгаагүй. Хүнийг бодох хэрэгтэй. Өөрөө ийм байдалд орсон бол ингээд байж байх уу? Амьд хүн аргатай, өвчтэй хүн хэцүү. Хэрэгтэй хэрэггүй зөндөө юманд мөнгө зарцуулсан тэр болгоныг тооцох юм бол их мөнгө гарна. Гомдолтой гэх нь хаашаа юм бэ? гэхдээ би хохирсон шаналсан гэв.
Хохирогч Д.Цэцэгдарь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 31-ний оройн 17 цаг 30 минутын орчимд би гэрээс гараад Багшийн дээд сургуулийн зүүн талд байдаг сүм рүү явж байгаад ногоон өнгийн “Люкс” гэх нэртэй баарны баруун талд ирээд замын баруун талаар хойш явсан. Ингээд “Люкс” баарны баруун талд ирээд зам хөндлөн замын зүүн талд гарах гээд алхаж байтал замын голд нэг машин ирж миний баруун талаас мөргөсөн, ингээд би зам дээр унаад байж байхад нөгөө машинаас нэг эрэгтэй хүн гарч ирээд намайг машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн...миний зүүн хөлний дунд чөмөг нь хугарсан. Улаанбаатар хотод очоод дунд чөмөгний ясаа төмрөөр хадуулсан. Би одоо босож чадахгүй хэвтэрт гам барьж байгаа...Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн зардал мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ. /хх 20-24/
Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 02 сарын 09-ний өдрийн 06 тоот дүгнэлтэд: “1.Жолооч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.1.5-д заасан “Замын хөдөлгөөнөд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Д.Цэцэгдарь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3, 4-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. 3.Зам тээврийн осолд холбогдсон “Тоёота приус-20” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Э.Энхтүвшингийн хийсэн үзлэгээр автомашин нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ. 4.Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээр аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой жолооч ........... нь аюул саад тулгарсан үед зогсоох арга хэмжээ аваагүй нь осол гарах шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. 5.Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс Р овогтой Б /......../ дугаараар лавлагааг авахад /........../ жолооны эрхийн үнэмлэх хүчинтэй байна” гэжээ. /хх 33-34/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 198 тоот дүгнэлтэд: “1.Д.Цэцэгдарийн биед зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон зүүн дунд чөмөг ясны далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 36/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэцэгдарь /хх 21-24, 26-27/, Гэрч Т.Бүрэнтогтох /хх 28-29/, Д.Нисэх /хх 30-31/, шүүгдэгч Р.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд /хх 25, 39/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал /хх 5-8/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota prius-20” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 9-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-13/, Хохиролтой холбоотой баримтууд /хх 66-68, 79-106/, Өвчний түүх /хх 70-76/, Тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 61-63/, жолоочийн үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх 64-65/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 15, 17/, Шүүгдэгч Р.Б-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 44/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Р.Б нь 2018 оны 01 сарын 31-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутагт байрлах “Люкс” баарны баруун талын зам дээр .............. улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар хохирогч Д.Цэцэгдарийн эрүүл мэндэд “зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч Р.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэдгийг ойлгон гэмшиж байна...” гэх /хх 39, шүүх хуралдааны тэмдэглэлээс/ мэдүүлгийг давхар нотлсон:
Мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч Д.Цэцэгдарийн: “...“Люкс” баарны баруун талд ирээд зам хөндлөн замын зүүн талд гарах гээд алхаж байтал замын голд нэг машин ирж миний баруун талаас мөргөсөн...” /хх 20-24/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Осол болсон гэх газар нь зам нь баруун талдаа шороон замын уулзвар зүүн талдаа цементэн замтай уулзвар гарцтай байна. Зүүн замын уулзвар замын хойд талд явган хүний гарц заасан замын тэмдэг тэмдэглэгээ байна. ...Зам дээр тормозны мөргүй байсан...” гэх тэмдэглэл /хх 5/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн явган хүний гарцтай самбарыг зааж харуулсан хэсэг /хх 06/, осол гарсан газрын схем зураг /хх 8/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 11/, Эд мөрийн баримтаар хураан авсан камерын бичлэгт баруунаас зүүн тийш гарч байх явцад тээврийн хэрэгсэл эмэгтэй хүнийг замын гол хэсэгт машиныхаа жолоочийн эсрэг талын урд хэсгээр мөргөн унагааж байгаа дүрс бүхий бичлэг /хх 12-14/, мөн шүүгдэгч Р.Б-н замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн /хх 33-34/ болон уг ослын улмаас хохирогч Д.Цэцэгдарийн эрүүл мэндэд “зүүн дунд чөмөг ясны далд хугарал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учирсан талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 198 тоот /хх 36/ дүгнэлтүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Зам тээврийн осол, хэрэгт холбогдсон “Toyota prius-20” маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Р.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-н 1.5-д заасан заалтыг зөрчиж явган хүний гарцтай газар тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй болох нь осол болсон гэх газарт тээврийн хэрэгслийн дугуйн тормозны мөр...үлдээгүй талаар тэмдэглэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол гарах шалтгаан нь хөдөлгөөнд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүйгээс болсон талаар дүгнэсэн техникийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. Иймээс түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.
Мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, түүнээс үүдэн гарсан хор уршиг нь шүүгдэгч Р.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Р.Б-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.
Хохирогч Д.Цэцэгдарь нь гэмт хэргийн хохирлын улмаас үүссэн хор уршгийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний биед бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулсан. Хохиролд нийт 3476665 төгрөгийн нотлох баримт бүрдүүлж хэрэгт өгсөн. Энэ хүн надад 2600000 төгрөгийг бэлнээр өгч, 20000 төгрөгийн рентген зурагны үнэ төлж, бүгд 2620000 төгрөг зарцуулсан. Би одоо үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, Хохирогч Д.Цэцэгдарь нь гэмт хэргийн хор уршигтай холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаанд бүгд 3476665 төгрөгийн нотлох баримтыг ирүүлжээ. Үүнээс 2333265 төгрөгийг хохиролд бодитой зарцуулсан болох нь зарлагын баримт, тодорхойлолт, орлогын ордер, онгоцны билет /хх 79-106/ зэргээр;
Шүүгдэгч Р.Б нь учирсан бодит хохиролд нийт 2620000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/-үүд, мөнгөн шилжүүлэг, кассын орлогын ордер /хх 66-68/ зэргээр тус тус нотлогдож байна.
Тиймээс хохирогч Д.Цэцэгдарийн мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн 3476665 төгрөгийн хохирлын баримтаас нотлох баримтын шаардлага хангасан, нэхэмжлэх үндэслэлтэй 2333265 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй боловч шүүгдэгч нь энэ хугацаанд 2620000 төгрөг төлж, 286735 төгрөгийг нотлох баримтын хэмжээнээс илүү төлсөн нь шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэл болно.
Харин хохирогчийн нотлох баримтгүй нэхэмжилсэн өвчин намдаах хятад эмний үнэ 45600 төгрөг, бариа заслын үнэ 100000 төгрөг, гэрээр тариа хийлгэсний хөлс 100000 төгрөг, унааны зардал 35000 төгрөг, нийт 280600 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, гаргавал зохих зайлшгүй зардалд хамаарахгүй тул эмч, сувилагчийг хооллоход гарсан зардлын 82800+690000=772800 төгрөг, хонины үнэ 90000 төгрөг, нийт 862800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, 286735 төгрөг илүү төлсөн болохыг тус тус дурдах, шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 15-14 тоотод байрлах 0614003066 улсын дугаартай 750м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжилсэн 2018 оны 03 сарын 22-ны өдрийн Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Еншөөбү овогт Р.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Банхааруулсугай.
5. Эрүүгийн 1821001050066 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, 286735 /хоёр зуун наян зургаан мянга долоон зуун гучин тав/ төгрөг илүү төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь 280600 /хоёр зуун наян мянга зургаан зуу/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Цэцэгдарьд мэдэгдэж, нэхэмжлэлээс 862800 /найман зуун жаран хоёр мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 15-14 тоотод байрлах 0614003066 улсын бүртгэлийн дугаартай 750м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилсэн Прокурорын 2018 оны 03 сарын 22-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ