| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2237000140027 |
| Дугаар | 33 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 33
2024 04 30 2024/ДШМ/33
Г.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Оюунцэцэг /цахимаар/, яллагдагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Батбаярт холбогдох эрүүгийн 2237000140027 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн 1967 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн механикч мэргэжилтэй, Мөст сумын Улаантолгой багийн Засаг дарга ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багт оршин суудаг, урьд Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай сангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар ял шийтгэл байсан гэх Түмэн-Өлзий овогт Гомбодоржийн
Батбаяр ПЮ67121071 регистрийн дугаартай
2. Яллагдагч Г.Батбаяр Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчимд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн С.Баасангэрэлтэй маргалдаж улмаар түүний цээжин тус газар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн доод хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, ходоодны их махны хэсэгт зүсэгдэж шарх, өрцний зүүн хэсэгт зүсэгдэж цоорсон шарх, хэвлийн хөндийд цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Г.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж:
4.1 Яллагдагч Г.Батбаярт холбогдох Эрүүгийн 2337000140027 дугаартай хэргийг Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж,
4.2 Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалбаярын "Хохирогчийн сэтгэцэд учирсан эмгэгийн зэргийг тогтоолгох" тухай хүсэлтийг хангахаас татгалзаж,
4.3 Хэрэг прокурорт очих хүртэл хугацаагаар яллагдагч Г.Батбаярт урд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,
4.4 Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүхийн аливаа шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой бөгөөд хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэж, хуульд заасан текстийг бичсэн учраас чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах боломжгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагч Г.Батбаяр нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ний орой 21 цагийн орчимд Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А.Янжмаагийн орон сууцны үүдний хэсэгт хохирогч С.Баасангэрэлтэй маргалдаж, улмаар түүний цээжин тус газар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь яллагдагч Г.Батбаяр, хохирогч С.Баасангэрэл нарын урьдны хувийн таарамжгүй харилцаа үргэлжилж, улмаар гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл байдал үүссэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийхгүйгээр хохирогч М.Баасангэрэл, 1 нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол..." гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах замаар нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, улмаар хор аюулд хүргэсэн байхыг шаарддаг болно. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нар нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах санаа сэдэлт, зорилго агуулсан нийгэмд аюултай үйлдэл гаргаагүй байна.
Хэдийгээр хохирогч М.Баасангэрэл, гэрч Б. Пушкий нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ яллагдагч Г.Батбаярыг хайж, иргэн А.Янжмаагийн гэр рүү орсон үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах замаар нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
5.2 Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гэрч Б.Пушкий, А.Янжмаа нарын мэдүүлгийн зөрүүг арилгах гэж зааснаас үзэхэд гэрч нарын мэдүүлэгт ноцтой ямар зөрүү гарсан нь тодорхойгүй, энэхүү мэдүүлгийн зөрүү шийдвэр гаргахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно" гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий, А.Янжмаа нарын өгсөн мэдүүлгийн агуулгаас үзэхэд хохирогч, гэрч нар нь үйл явдлыг бодитоор тусган авч чадаагүй, эсхүл зөв илэрхийлж чадаагүйн улмаас бодит байдлыг зөрүүтэй мэдүүлж, мэдүүлгийн ноцтой зөрөө гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж, шүүхэд гаргасан мэдүүлгийг бусад бичгийн нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
5.3 Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн байцаалтад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй аль ч ажиллаагаа хамаардаг. Анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахдаа мөрдөн байцаалтын явцад огт хийгдээгүй ажиллагааг дахин хийж гүйцэтгэх боломжтой эсэхэд дүгнэлт хийгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохыг гэрч нарын мэдүүлгээр нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан боловч гэрч Б. Пушкийрийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон эсэхийг тухайн цаг хугацаанд согтуурлын хэмжээг хэмжих хэмжилт хяналтын төхөөрөмжөөр тогтоож чадаагүй байсан. Тэгвэл энэхүү ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар одоо нөхөж хийх гүйцэтгэх боломжгүй юм.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарын үйлдэл "согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүүхдийн дэргэд архидан согтуурсан" зэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгаж тогтоох гэсэн заалт бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй" гэсэн заалттай нийцэхгүй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "энэ хуульд хүнд арваас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн", мөн зүйлийн 2-д "Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй" гэж заасан.
Хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарт Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт "хүүхдийн дэргэд архидан согтуурсан"мөн тухай үед мөрдөгдөж байсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж, тухайн зөрчилд холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон нь тодорхой байхад анхан шатны шүүхээс энэхүү зөрчлийг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
6. Яллагдагч Г.Батбаярын өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарах болсон сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр нь бүрэн гүйцэд тогтоогдоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд М.Баасангэрэл, Пушки нар согтуугаар 2023 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 21 цагийн орчим гэрийн эзэгтэй Янжмааг түлхэж ч унагааж зүй бус үг хэллэг хэрэглэн гэрт нь дайрч орж улмаар Г.Батбаяр руу бүлэглэн довтолсон гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь аргагүй хамгаалалтын шинжтэй байсан эсэх, Г.Батбаярын гэмт хэрэг үйлдсэн сэдэл санаа зорилго, тухайн гэмт хэргийг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг нь хэргийн нотлогдох байдлуудыг тал бүрээс нь шалгаж тогтоогоогүй байна гэдэг үндэслэлээр буцаасан. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Г.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас “яллагдагч Г.Батбаярыг хохирогч М.Баасангэрэлийн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдсон" гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх Г.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
5.Прокурор эсэргүүцэлдээ “...шүүх хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий дүгнэсэн учраас чухам ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа, түүний үндэслэл, агуулгыг нягтлан шалгах боломжгүй байна.Хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, гэрч Б.Пушкий, А.Янжмаа нарын мэдүүлэгт ноцтой ямар зөрүү гарсан нь тодорхойгүй, ойлгомжгүй байх ба гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулж шүүхэд гаргасан мэдүүлгийг бусад бичгийн нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах байдлаар хэргийг шийдвэрлэх боломжтой.” гэжээ.
5.1. Анхан шатны шүүх яллагдагч Г.Батбаярт холбогдох хэрэгт “Гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, гэрч Б.Пушкий, А.Янжмаа нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүүхдийн дэргэд архидан согтуурсан зэрэг зөрчлийн шинж байгаа эсэхийг шалгаж, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг нарын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хангаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Тодруулбал гэрч Б.Пушкий, А.Янжмаа нар ямар үйл баримтын талаар юу гэж гэрчилсэн мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа энэ нь яллагдагч Г.Батбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хэргийн зүйлчлэлд хэрхэн нөлөөлж байгаа талаар шүүх үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна.
5.2.Хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэх нь Г.Батбаярт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд юу саад болж байгаа, мөрдөн шалгах ажиллагаагаар чухам ямар ажиллагааг нэмж хийлгэх гэж байгаа, түүний үндэслэлээ шүүгчийн захирамжид тодорхой, ойлгомжтой тусгаагүй байна.
5.3.Түүнчлэн хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хүүхдийн дэргэд архидан согтуурсан нь зөрчлийн хэргийн шинж байгаа эсэх нь Г.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.
Мөн хохирогч М.Баасангэрэл, гэрч Б.Пушкий нарт тухайн өдөр болсон үйл баримттай холбоотой зөрчлийн хэрэг үүсгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой эсэх, тухайн үйл баримтын хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх зэрэг нөхцөл байдлыг шүүх анхаарахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл муутай болжээ.
6. Харин давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад “прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд” энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Үүнд:
6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.” гэж заасан байна.
Гэтэл гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан, хүний биеэс биологийн дээж авсан, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан, гэрчүүдээс мэдүүлэг авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Төгсбаярт 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хууль сануулж, хэргийн үйл баримтын талаар гэрчийн мэдүүлэг авсан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байх бөгөөд хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Төгсбаяр нь энэ хэрэгт мөрдөгчөөр болон гэрчээр оролцсон байна.
6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад дараах эрхтэй” гэж, 1.2-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгах” гэж заасан байна.
Гэтэл мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Абдулбек 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч И.Төгсбаяр ямар үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон болох нь тодорхойгүй, түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд оролцохыг даалгасан эрх бүхий албан тушаалтны шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн алдааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА