| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лутбатын Хэрлэнчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0768/З |
| Дугаар | 128/ШШ2025/0732 |
| Огноо | 2025-10-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2025/0732
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хэрлэнчимэг би, нарийн бичгийн дарга Түвшинбаяр, дүгнэлт гаргагч прокурор Д.Б******* /цахимаар/, хариуцагч Д.Ө******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Б*******ийн дүгнэлттэй Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ө*******т холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Б******* шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ө*******ын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ө.М*******д 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.
Хариуцагч Д.Ө******* урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б*******ийн 2025 оны 09 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Б*******ээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Ө*******т холбогдуулан 2025 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 56 дугаартай дүгнэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 09 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Хариуцагчаас урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад
гарын үсэг зурсан.
Мөн хариуцагч улсын байцаагчийн шийтгэл ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй, энэ талаар хэргийн оролцогч нараас тайлбарласан болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэе.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Б*******ээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Д.Ө*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Д.Ө*******ын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ө.М*******д 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ХЭРЛЭНЧИМЭГ