| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0044/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2018-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А,
Улсын яллагч Э.Т,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Б,
Шүүгдэгч Б.О, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.О, М овогт Б.Б нарт холбогдох эрүүгийн 1820000470027 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, 2 дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Б.О,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, хүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, М овогт Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь Б.Б-тэй бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Анар худалдааны төвийн гадна иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Б.О-тай бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Анар худалдааны төвийн гадна иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед гэртээ байхад Б.Б утсаар яриад хоёулаа вокзал дээр уулзаад “Я” караокед ороод 0,5 л лаазтай “сэнгүр” пиво хоёрыг Б.Б авч уусан. Би “кола” ундаа уусан. Б.Б бид хоёр 00 цаг 40 минутын үед “Я” караокенээс гарахад Б.Б А.Л-г дуудсан чинь удаагүй машинтайгаа ирээд бид хоёрыг суулгаад 1-р сургуулийн зүүн талд засмал замын хажуугаар явж байсан чинь явган хүний засмал зам дээр согтуу танихгүй эмэгтэй /Б/ хагас хараад доошоо суучихсан байна гэж Б.Б хэлээд адилхан эмэгтэй хүмүүс байна гэрт нь хүргээд өгчихье гээд хажууд нь очиж зогсоод машины арын хаалгаа онгойлгоод суучих хүргээд өгье гэхэд тэр хүүхэн нилээн согтуу гуйвж дайваад машины арын суудалд миний хажууд суусан. Би С.Х-н гэрт урьд нь зүс харж байсан Б.Б гэдэг хүүхэн байсныг хараад таньсан. Б.Б машинд суучихаад удаагүй явж байгаад Б.Б-н өөдөөс салаавч өгч, намайг янхан, гичий гэж хэл амаар доромжилсон. Б.Б тухайн үед жаахан халамцуухан байсан болохоор чи дуугай бай хүргэж өгье гэсэн болохоос биш чамтай хэрүүл хийх гэж суулгаагүй шүү гэхэд Б.Б Б.Б-н үснээс шууд зулгаахад зөрүүлээд Б.Б Б.Б-н үснээс зулгаасан. “Анар” худалдааны төвийн гадаа А.Л-г машинтайгаа очиж зогсоод тэр хоёрыг больцгоо гэж хэлэхэд үгэнд нь ороогүй. Б.Б, Б.Б хоёр бие биенийхээ үснээс зулгаацалдаад тавихгүй байсан. Би машины арын суудлаас буухад Б.Б Б.Б-н үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би Б.Б-н нүүр рүү нь 3 удаа алгадсан болохоос биш цохиж зодоогүй. А.Л Б.Б-н гарнаас нь бариад тэр хоёрыг салгатал Б.Б машины арын суудалд арагшаа савж унаад машины арын хаалга онгорхой байсан. Өөрөө газар ойчсон хойно нь Б.Б машинаас буугаад Б.Б-н нүүр рүү нь 3 удаа дэвсэхээр би салгаж аваад машинд суулгаад хөдлөөд явсан. Удалгүй Б.Б-г авах гээд очиход босоод явчихсан байхгүй байсан. Ийм л асуудал болсон юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70/,
- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний орой 21 цагийн үед би гэрээсээ гараад үсчин орж үсээ янзлуулаад 22 цагийн орчим Б.О-тай вокзал дээр уулзаад “Я” караокед орж 0,5 л “сэнгүр” пиво хоёрыг авч уусан. Б.О “Кола” ундаа авч уусан ба бид хоёр юм ярьж суусан. 00 цаг 40 минутын орчим А.Л-той утсаар яриад “Х” зочид буудлын өмнө хүрээд ир гэхэд машинтайгаа удалгүй ирээд Б.О бид хоёрыг аваад 1-р сургуулийн баруун талын засмал замаар явж байхад замын зүүн талд явган хүний засмал зам дээр саарал урт юүдэнтэй куртик өмссөн танихгүй хүүхэн газар явган суусан байхыг би хараад энэ хүүхнийг гэрт нь хүргээд өгье гэсэн чинь А.Л машинтайгаа хажууд нь зогсоход танихгүй согтуу хүүхэн /Б/ машины арын хаалгыг өөрөө нээж арын суудалд Б.О-н хажууд суусан. Би тэр хүүхнийг /Б-г/ хаашаа явах юм бэ? гэж асуухад “А” худалдааны төвийн гадаа бууна гэсэн. Удаагүй “Анар” худалдааны төвийн гадаа очиход танихгүй халамцуухан Б.Б гэдэг хүүхэн намайг янхан, банзал гэж хэл амаар доромжилохоор нь би эргээд харсан чинь миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Би А.Л-д миний үснээс зулгаачихаад тавихгүй байна гэхэд Б.О машины арын суудлаас Б.Б-н хувцаснаас нь татсан чинь миний үснээс зулгаагаад тавихгүй байсан чинь Б.О нүүр лүү 2-3 удаа гараараа цохиход Б.Б өөрөө машинаас өөрөө газар ойчсон. Би Б.Б-г машинаас өөрөө ойчоод газар хэвтэхээр нь машинаас бууж очоод Б.Б-н нүүр лүү нь 3 удаа өшиглөхөд Б.О ирж намайг салгаад бид нар хөдлөөд явсан. Удаагүй А.Л-н машинтай Б.О, Б.М бид дөрвийг очиход Б.Б-н ойчсон газар очиход байхгүй байсан. Ойролцоогоор 5 минут орчмын дараа очсон чинь босоод явчихсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Жаахан халамцуу байсан болохоор муудалцаж зодсон. Дахин ийм асуудалд орохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/,
- Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед намайг гэртээ байж байсан чинь найз Л.Г надтай утсаар яриад чи манайд хүрээд ирэхгүй юм уу би тэгье гэсэн чинь ирэхдээ ууц, идээний хоёр цараа аваад ирэхгүй юу гэхээр нь би 2 цараа аваад гэрээсээ гараад такси барьж Л.Г-н гэрт очсон чинь хувцасаа угаагаад сууж байсан. С.Х тэр үед Л.Г-тэй утсаар яриад манай гэрт ирээд бараашиг уухгүй юу гэхээр нь бид хоёр бараашиг ууж чаддаггүй юмаа бид хоёр очихдоо пиво аваад очьё гэж хэлээд С.Х-н гэрт очихдоо дэлгүүрээс 1,5 литрийн “нийслэл” пиво хоёрыг авч очоод гурвуулаа хувааж ууж дуусаад 23 цагийн үед С.Х гурвуулаа караоке орьё гэж хэлэхээр нь би гэрийнхээ хувцастай явж байгаа учир явахгүй гэхэд С.Х миний хувцаснаас өмсчих гэхээр нь би хүний хувцас өмсдөггүй гэж хэлсэн. Тэгээд С.Х нэг залуу дуудаад байна гэхээр нь гэрээс нь гурвуулаа гарсан. Нэг мэдсэн чинь би “Я” караокед ирчихсэн сууж байсан ба пиво уугаад бүжиглэснээ санаж байна. Куртикээ өмсөөд баарны шатаар өгсөөд алхаж байснаа санаж байна. Гадаа гараад салхинд цохиулсан юм байна лээ. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь таксинд суугаад явж байсан. Таксины урд талын суудалд жижиг туранхай шар царайтай хүүхэн миний үснээс зулгаахаар би зөрүүлээд тэр хүүхнийг үсдэж авснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Манай төрсөн дүү О-н найз У гэдэг хүүхний гэрт би очиж хоносон. Өглөө босоход миний нүүр хавдчихсан, зүүн нүд хавдчихсан, зүүн талын чих, эрүү хавдчихсан, хамар муруйчихсан цус гарчихсан байсан. Цагаан сар болох гэж байсан гэрт ажил ихтэй байсан байсан гэгээ орсон хойно гэр лүүгээ ганцаараа алхаад хашаандаа ороод гэрийнхээ зүүн гэрт ороод унтчихсан. Өдөр нь манай ээж Ц.Д намайг хүнд зодуулсныг мэдээд эмнэлэгт намайг аваачиж үзүүлсэн чинь 13-р маягт надад өгөөд яаралтай хот руу яв гэж эмч хэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед хувийн машинаар хот руу явсан хойгуур манай ээж Ц.Д цагдаад өргөдөл өгсөн байсан. Би ер нь хүн намайг янз бүрээр хэлэхгүй бол хүнийг тэгэж хэлээд байдаггүй. Би такси барих гээд зогсож байсан энэ хэдээс өмнө 3 залуутай машин ирсэн би суугаагүй юм... Миний хамар мурийсан хамараа янзлуулана. Дүүгээрээ үзүүлсэн баримтуудаа өгч явуулаад эмнэлэгт очиж асуусан чинь бичиг хийж өгдөггүй гэсэн байсан. Гоо сайханы хагалгаанд орох юм билээ нилээн үнэтэй гэсэн. Хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. Надад мөнгө төгрөгний боломж байхгүй учраас би үзүүлж эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Эмчилгээний зардал 370,000 төгрөг болсон энэ хоёр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-9/,
- Гэрч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 02 дугаар сарын 14-ний орой 19 цагийн орчим Б.Б найз Л.Г-дээ 2 цар аваачиж өгнө гээд ганцаараа гараад явсан. Л.Г утсаар дуудаад байна гэж хэлээд гараад явсан. 2018 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим Б.Б гэртээ ирэхдээ нүүрний баруун тал нь битүү хавдчихсан баруун нүд нь хавдчихсан, баруун нүдэнд нь цус хурчихсан байсан. Ногоон өнгийн малгайтай богино куртикний энгэр хэсэг нь цус болчихсон байсан. Би юу болсон хэн зодсон юм бэ? гэж асуухад миний өөдөөс юм дуугарахгүй байхаар нь эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь битүү гэмтэлтэй байна яаралтай Улаанбаатар хот руу яв гээд хот руу 13-р маягт аваад явсан. Би тэгээд цагдаад хандаж өргөдөл гаргасан. Ийм асуудал болсон. Өөр надад мэдэх зүйл алга. Би архи уусан эсэхийг нь анзаараагүй. Хүн дуудахгүй л бол гэр орноосоо гардаггүй. Сүүлийн үед Л.Г гэдэг хүүхэнтэй нийлдэг болсон. Өөр ямар хүнтэй нийлдэг талаар мэдэхгүй байна. Зан байдлын хувьд гэвэл дөлгөөхөн зантай, архи уудаггүй, тамхи татдаггүй, хүн уурыг нь хөдөлгөвөл түргэн уурладаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,
- Гэрч М.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 02 цаг 30 минутын орчим гэртээ амарч байхад манай монгол гэрийн хаалгыг хүн тогшсон. Манай ах М босч хаалга онгойлгоход танихгүй согтуу хүүхэн куртикнийхээ малгайг өмсчихсөн үүдэнд зогсож байснаа орж ирсэн ба М ах намайг энэ хүнийг таних уу? гэж асуухаар нь би танихгүй гарга гэж хэлсэн чинь нүүр нь цус болчихсон, нүүр нь хавдаад хөхөрчихсөн хэн гэдэг нь харанхуйд танигдахгүй байсан. Манай ах Б.Б юм биш үү гэсэн чинь би Б.Б байна даараад байна гээд гэрийн баруун талд хувцастайгаа гутлаа тайлаад газар хэвтээд унтаад өгөхөөр нь би босоод нүүрээ угаачих гэсэн чинь эгч нь өглөө босоод өөрөө нүүрээ угаачихна гээд унтаад өгөхөөр нь би дээрээс нь хөнжил тавьж өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 08 цагийн орчим намайг сэрсэн чинь Б.Б эгч манай гэрээс гараад явсан би хойноос нь харсан учраас нүүр царайг нь ямар байдалтай байсныг сайн анзаарч хараагүй хувцас хунар нь ямар ч байсан шороо тоос болчихсон харагдсан тэгээд манай гэрийн хашаанаас гараад явчихсан дахиж ирээгүй. Ийм л асуудал болсон. 2014 онд Замын-Үүд суманд Б.Б эгчтэй танилцаж байсан түүнээс хойш ойр дотно найзууд болсон. Юманд хүлээцтэй ханддаг. Хүнтэй эвийг нь олоод харьцчихдаг хүний өөдөөс хэрүүл хийгээд байдаггүй хүн өөдөөс нь муудалцахгүй бол хүнтэй муудах гээд байдаггүй эв зүйг нь олохыг боддог хүн гэж би хувьдаа дүгнэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,
- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 02 дугаар сарын 15-ны шөнө би 02 цагт ажлаасаа буугаад ажлынхаа Д гэдэг зохион байгуулагч хийдэг залуугийн цагаан өнгийн “приус” маркийн 19-25 УНА улсын дугаартай машинд суугаад гэр лүүгээ харих замдаа найз А.Л-той утсаар яриад хаана байгаа юм бэ гэсэн чинь 4-н замын уулзвар эргээд “Анар” захын гадаа очиж явна гэж хэлэхээр нь би А.Л-той уулзах хувийн ажилтай байсан учир машиных нь хажууд очоод дуудаж уулзчихаад Дөлийн машинтай хөдлөөд явахад А.Л-н машин дотор хүмүүс шуугилдаад байхаар нь би Д-г чи явж бай би буулаа гээд машинаас нь бууж үлдээд А.Л-н машин дээр очиход нэг танихгүй согтуу хүүхэн /Б/ Б хоёр бие биеныхээ үснээс зулгаацалдаад машин дотор байж байсан. А.Л бид хоёр Б.Б-н үснээс зуураад тавихгүй байсан танихгүй согтуу хүүхнийг /Б-г/ машины хойд хаалгаар А.Л, Б.О бид гурав өргөж гаргахад Б.Б бас машины урд талын 2 суудлын голоор гарч ирсэн. Б.Б танихгүй хүүхэн /Б/-ийг газар унахад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөхөөр нь би чи хүн аллаа ш дээ гээд би очиж салгаад машины цаана Б.Б-г аваачихад намайг тавь гээд уурлаад байхаар нь би машин руу оруулж суулгасан чинь Б.Б дахиж машинаас гарч гүйгээд /Б-г/ зодох гээд дайраад байхаар нь Б.О бид хоёр хойноос нь гарч Б.Б-г барьж аваад машинд суулгаад Б.Б-г “Анар” худалдааны төвийн гадаа үлдээгээд бид нар машинтайгаа хөдлөөд явсан. Миний нэрийг М гэдэг байсан ба 16 нас хүрч иргэний үнэмлэх авахад миний нэр өөрчлөгдөж М гэсэн нэртэй иргэний үнэмлэх ирсэнээс хойш М гэдэг нэртэй болсон. Одоо миний бүх бичиг баримт М гэдэг нэрээр явдаг. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37/,
- Гэрч А.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 02 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн үед би өөрийн эзэмшлийн 02-55 ДГА улсын дугаартай “приус” маркийн мөнгөлөг саарал өнгийн машинтайгаа гадуур таксинд явж байхад Б.Б надтай утсаар яриад намайг хүргээд өгчих гэхээр нь хаана байгаа юм бэ? гэхэд “Хараа” буудлын гадаа байна гэхээр нь очиход Б.Б, Б.О-тай хамт явж байсан учир тэр хоёр миний машинд суухаар нь хөдлөөд “Хараа” зочид буудлаас урагшаа төв засмал замаараа явж байгаад баруун тийшээ эргээд хойшоогоо засмал замаараа явж байхад 1-р сургуулийн харалдаа явган хүний явдаг зам дээр нэг танихгүй согтуу хүүхэн явган суучихсан байсныг би хараад өнгөрөөд явах гэсэн чинь Б.Б адилхан эмэгтэй хүмүүс байна аваад явъя гэхээр нь ухраад зогстол тэр танихгүй эмэгтэй арын суудалд сууж явсан Б.О-г арын хаалга нээхэд өөрөө орж ирж суухаар нь би хаана очих юм бэ? гэж асуухад өөдөөс юм хариулахгүй байсан. Б.Б тэр эмэгтэйгээс танайх хаана юм бэ? гэж асуухад “Анар” худалдааны төвийн гадаа бууна гэхээр нь “Анар” худалдааны төвийн гадаа очоод ирчихлээ Энд буух юм уу? гэсэн чинь танихгүй согтуу эмэгтэй Б.Б машины урд талын суудалд сууж явсан Б.Б-г янхан гичий гэж хэл амаар доромжилсон. Б.Б тэр үед уурлаад “Анар” худалдааны төвийн гадаа ирчихлээ ш дээ буу гэхэд буухгүй Б.Б-г үсдээд авсан тэр хоёр бие биенийхээ үснээс зууралдаад байхаар нь Б.О, Б.Б-г машинаас гаргах гэж хувцаснаас нь татсан чинь гарахгүй байсан ба Б.Б-н үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь Б.О Б.Б-н нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан. Би Б.Б, Б.Б хоёр бие биенийхээ үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би Б.Б-н гарыг нь тавиулсан. Б.О Б.Б-г гарнаас нь татаж тавиулсан. Тэр үед Б.М цагаан өнгийн “приус” маркийн машинаас бууж ирээд надтай уулзаад юу болоод байгаа юм бэ? гэхээр нь болсон асуудлыг би хэлсэн. Б.Б, Б.О хоёрыг би машиндаа суу гэж хэлээд гадаа Б.Б-г үлдээгээд хөдлөөд явах гэтэл Б.Б машины урд талаас буугаад Б.Б-н нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан би тухайн үед загнаж боль суу гэхэд удаагүй Б.Б машинд орж суухаар нь машинтайгаа хөдлөөд явж удаагүй машинтайгаа явж байгаад нөгөө хүн чинь юу болж байгаа бол гэж би бодоод буцаад очтол байхгүй байсан. 3-5 минут орчимын дараа очиход босоод явчихсан байсан. Ийм л асуудал болсон. Б.Б, Б.Б хоёр нилээн согтуу байсан. Б.О бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Б.Б-тэй 2018 оны 02 дугаар сард танилцсан түүнээс зүс мэддэг болсон тийм ч ойр дотно найзууд биш ээ. Б.О-г зүс харж байсан юм ярьж үзээгүй ойр дотно найзууд биш ээ. Танилцаад удаагүй байгаа болохоор Б.Б, Б.О хоёрыг ямар зан авиртай хүмүүс гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2831 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Б-н биед 2 нүдний дээд доод зовхи, алимын салст, эрүүнд цус хуралт, хамрын таславчийн мурийлт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50/,
- Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80/,
- Шүүгдэгч Б.О, Б.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75-78/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Б.О, Б.Б нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Анар худалдааны төвийн гадна иргэн Б.Б-тэй маргалдаж, улмаар Б.Б-г зодсон үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.О, Б.Б нарыг бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Анар худалдааны төвийн гадна иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь бүлэглэн Б.Б-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Б “...нэг мэдсэн чинь таксинд суугаад явж байсан. Таксины урд талын суудалд жижиг туранхай шар царайтай хүүхэн миний үснээс зулгаахаар би зөрүүлээд тэр хүүхнийг үсдэж авснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна… Өглөө босоход миний нүүр хавдчихсан, зүүн нүд хавдчихсан, зүүн талын чих, эрүү хавдчихсан, хамар муруйчихсан цус гарчихсан байсан...” гэсэн, гэрч Ц.Д “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өглөө 10 цагийн орчим Б.Б гэртээ ирэхдээ нүүрний баруун тал нь битүү хавдчихсан баруун нүд нь хавдчихсан, баруун нүдэнд нь цус хурчихсан байсан. Ногоон өнгийн малгайтай богино куртикний энгэр хэсэг нь цус болчихсон байсан. Би юу болсон хэн зодсон юм бэ? гэж асуухад миний өөдөөс юм дуугарахгүй байхаар нь эмнэлэгт аваачиж үзүүлсэн чинь битүү гэмтэлтэй байна яаралтай Улаанбаатар хот руу яв гээд хот руу 13-р маягт аваад явсан. Би тэгээд цагдаад хандаж өргөдөл гаргасан...” гэсэн, гэрч Б.М ”... А.Л-н машин дотор хүмүүс шуугилдаад байхаар нь би Д-г чи явж бай би буулаа гээд машинаас нь бууж үлдээд А.Л-н машин дээр очиход нэг танихгүй согтуу хүүхэн /Б/ Б хоёр бие биеныхээ үснээс зулгаацалдаад машин дотор байж байсан... Б.Б танихгүй хүүхэн /Б/-ийг газар унахад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөхөөр нь би чи хүн аллаа ш дээ гээд би очиж салгаад машины цаана Б.Б-г аваачихад намайг тавь гээд уурлаад байхаар нь би машин руу оруулж суулгасан чинь Б.Б дахиж машинаас гарч гүйгээд /Б-г/ зодох гээд дайраад байхаар нь Б.О бид хоёр хойноос нь гарч Б.Б-г барьж аваад машинд суулгаад Б.Б-г “Анар” худалдааны төвийн гадаа үлдээгээд бид нар машинтайгаа хөдлөөд явсан...” гэсэн, гэрч А.Л-н ”... 1-р сургуулийн харалдаа явган хүний явдаг зам дээр нэг танихгүй согтуу хүүхэн явган суучихсан байсныг би хараад өнгөрөөд явах гэсэн чинь Б.Б адилхан эмэгтэй хүмүүс байна аваад явъя гэхээр нь ухраад зогстол тэр танихгүй эмэгтэй арын суудалд сууж явсан Б.О-г арын хаалга нээхэд өөрөө орж ирж суухаар нь би хаана очих юм бэ? гэж асуухад өөдөөс юм хариулахгүй байсан. Б.Б тэр эмэгтэйгээс танайх хаана юм бэ? гэж асуухад “Анар” худалдааны төвийн гадаа бууна гэхээр нь “Анар” худалдааны төвийн гадаа очоод ирчихлээ энд буух юм уу? гэсэн чинь танихгүй согтуу эмэгтэй Б.Б Б.Б-г янхан гичий гэж хэл амаар доромжилсон. Б.Б тэр үед уурлаад “Анар” худалдааны төвийн гадаа ирчихлээ ш дээ буу гэхэд буухгүй Б.Б-г үсдээд авсан тэр хоёр бие биенийхээ үснээс зууралдаад байхаар нь Б.О Б.Б-г машинаас гаргах гэж хувцаснаас нь татсан чинь гарахгүй байсан ба Б.Б-н үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь Б.О Б.Б-н нүүр лүү гараараа 2-3 удаа алгадсан…Б.Б машины урд талаас буугаад Б.Б-н нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Б.О, Б.Б нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.О, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилаагүй болон тэдний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлсөн зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Б-т эмчилгээний зардалд 370,000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон томографикийн шинжилгээгээр хохирогч Б.Б-н хамар мурийсан болох нь нотлогдож байх ба ямар эмчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэх талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Б.Б-г нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.О, М овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.О-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар, М овогт Б.Б-г 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.О нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.О, Б.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, хохирогч Б.Б-т 370,000 төгрөг өгсөн болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Б.Б нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н