Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2025/0787

 

 

 

 

 

 

  2025          11           10                                    128/ШШ2025/0787

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Өгөөж хишиг” ХХК 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс 

Маргааны төрөл: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Амартүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Ц.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: 

1.1. Нэхэмжлэгчээс анх Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн үүсгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нийт 53,600,000 төгрөгийн нэхэмжлэхийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан. 

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн “Өгөөж хишиг” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын төрлөөр татварын мэдээллийн санд 53,600,000 төгрөгийн өр хууль бусаар үүсгэсэн үйлдэл болон 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэх (цаашид маргаан бүхий захиргааны акт гэх)-ийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодруулсан ба хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны үед уг шаардлагаа Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс үүсгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж эцсийн байдлаар тодорхойлсон. 

1.3. Дээрх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Г.Лувсанцэвээний гудамж 88 тоот хаягт байрлалтай 6978.6 м.кв орон сууцны зориулалтай, 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр “Өгөөж хишиг” ХХК-ийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204127933 дугаарт бүртгэж, 001043002 дугаар гэрчилгээг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгожээ. 

2.2. Үүний дараа 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр уг орон сууцны зориулалтай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын БА-068/2024 тоот дүгнэлт гарснаар нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 63/01 дугаар албан бичгээр 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг олгох тухай хүсэлтийг Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргаж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №001224093 дугаартай гэрчилгээг олгосон байна.

2.3 Харин хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаар нэхэмжлэлүүдээр дээрх үл хөдлөх эд хөрөнгөд тус тус 13,400,000 төгрөгийн нийт 53,600,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулжээ. 

2.4. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлүүдтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 303/01, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 63/01 дугаар албан бичгээр хасалт хийлгүүлэх тухай хүсэлтийг, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 78/01, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 100/01 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газарт тус тус гомдол гаргасан байна. 

2.5. Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдэд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс, Татварын ерөнхий газраас хариу өгөөгүй тул 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2025/5153 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. 

 

3. Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь иргэн П.Амарболд, П.Амаржаргал нарын эзэмшлийн газар дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол/13342/ Г.Лувсанцэвээний гудамж, 88 тоот хаягтай 12 давхар, 1 дүгээр давхартаа 5-н үйлчилгээний талбайтай, 103 айлын нийтийн орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан. 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн БА-068/2024 дугаартай комиссын дүгнэлттэй.

Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18:51:27 цагт 1240700472211 дугаартай 2024 оны 1 дүгээр улирлын 13,400,000 төгрөгийн, 1240700472252 дугаартай 2024 оны 2 дугаар улирлын 13,400,000 төгрөгийн, 1240700472294 дугаартай 2024 оны 3 дугаар улирлын 13,400,000 төгрөг, 1240700472344 дугаартай 2024 оны 4 дүгээр улирлын 13,400,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэлийг бичиж нийт 53,600,000 төгрөгийн татварын өрийг бий болгосон.

Бид орон сууцны захиалагч нараа дэмжих зорилгоор газрын эзэд, барилгын захиалагч нар тохиролцон дуусаагүй барилгыг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73%-ийн гүйцэтгэлтэй барилга гэж гэрчилгээжүүлэн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Голомт банктай “хамтран ажиллах” БХХ-2022/ОСБ-N-80 дугаартай гэрээг байгуулсан.

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид “нэхэмжлэх” гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 51.1.7-д “нэхэмжлэхийг татвар төлөгчид хүргүүлснээс хойш ажлын 10 хүртэл өдөрт багтаан татварын өрийг төлөх тухай шаардлага”; 51.2-т “Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ” гэж хуульчилжээ.

Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлээр Татварын өр үүсэх нөхцөлийг хуульчилсан. 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно” 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр”, 50.1.2-т “тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн залруулгын тайлангаар тодорхойлсон татварын хувьд залруулгын тайлан хүлээн авсан өдөр”, 50.1.3-д “нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр”, 50.1.4-д “татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр” гэж заасан байгааг үзэхэд манай компани нь дээрх хуулийн заалтын дагуу татварын өр үүсэх нөхцөл үүсээгүй юм.

Манай компани нь татварын албанд татварын нэхэмжлэл үүсгүүлэх талаар албан хүсэлт бичгээр гаргаагүй, Татвар албанаас энэхүү барилга дээр нэхэмжлэл үүсгэхийн тулд бидэнтэй уулзалт, ярилцлага хийж мэдээлэл цуглуулаагүй, үл хөдлөх хөрөнгийн албан татварын тайланг гаргаж татварын албанд тушаагаагүй, 73%-ийн гүйцэтгэлтэй дутуу барилгад болон нийтийн зориулалттай барилга байгууламж үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөнө, түүнээс гадна 53,600,000 төгрөгийн татвар төлүүлэх хяналт шалгалтын акт тогтоогдоогүй юм.

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр энэхүү татварын нэхэмжлэх үүсгэсэн байгаа талаар очиж уулзахад “захиалагч бүрийг гэрчилгээжүүлээд аваад ирэхээр хасалт хийе” гэсэн. Ингээд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 303/01 тоот, 2025 оны 03 дугаар сарын 20-ны 63/01 тоот албан бичгийг хүргүүлсэн боловч хасалт хийж өгөөгүй, Татварын ерөнхий газарт 2025 оны 04 дүгээр сарын 07-ны 78/01 албан тоотоор хандахад Баянзүрх дүүргийн татварын байцаагч н.Батболд /утас 80096101/ утсаар яриад удахгүй хасалт хийж өгнө гэсэнд бид нэмэлтээр тайлбар, бичиг баримтыг хүргүүлсэн боловч бодитоор мөн арга хэмжээ аваагүй.

Ингээд Татварын ерөнхий газарт 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 100/01 албан тоотоор хүсэлт гаргаж, ТЕГ-ын хуулийн ажилтан Жавхланбаатар /утас 96993848/ нь “Баянзүрх дүүргийн татварын хэлтэс хасалт хийгээд өгнө гэж байна. Танайх яриад хасалтаа хийлгээрэй” гэж ярихаар нь “бодитоор хасалт хийж өгөхгүй байна. Танайх манайд хариуг нь албажуулан бичгээр ирүүлнэ үү” гэхэд “За тэгье” гээд хэд хоносон тул манайхаас хүн явуулахад “шуудангаар явуулна” гээд хариу ирүүлсэнгүй.

Дээрх үйлчилгээтэй орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн БА-068/2024 дугаартай комиссын дүгнэлтийг гарсан даруйд бид захиалагч нарт захиалгын гэрээтэй орон сууц, үйлчилгээний талбайгаа нэр дээрээ гэрчилгээжүүлэн авахад шаардагдах Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэстэй холбогдох ажлыг гүйцэтгэж, бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. Гэвч захиалгаар бариулах гэрээний захиалагч нар нь дахин өөр хүнд шилжүүлэх, төлбөрийн үлдэгдэл, зээлд орох, гэрээгээр нь худалдах, Бүртгэлийн газар дээр очиж материал өгөх зэргээр гэрчилгээжүүлэх ажилд хугацаа шаардагдсан. Энэ бүхэн нь манайхаас үл хамаарна. Комиссын дараагаас Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу захиалагч нар нь байрандаа орж ашиглаж байсан.

Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх”, 7.1.3-д “нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэж татвараас чөлөөлөгдөхөөр заасан байгаа. Дутуу гүйцэтгэлтэй барилгыг болон ашиглалтад оруулсны дараа ч “Өгөөж хишиг" ХХК нь энэ үл хөдлөх хөрөнгөнөөс огт ашиглаагүй, 108-н захиалагч, өмчлөгч нар л ашигласан. Захиалагч нарын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахад хугацаа зарцуулагдсан, авчихсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараа бидэнд өгөхөөс цааргалдаг, өгөхгүй байх зэрэг болон Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэс дээр бүртгэлийн хувийн хэргийг хаалгуулахад зарцуулсан хугацаа зэргээс барилга барьж бүтээн байгуулсан, уг дүүргийнх нь модон жорлонгийн тоог цөөрүүлж өгсөн бүтээн байгуулагч байгууллага нь хохироод, ашиглаагүй байж татвар төлөх нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйл. Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д “зайлшгүй байх”; 5.1.2-т “тодорхой байх”; 5.1.3-д “шударга байх”; 5.1.4-д “үр ашигтай байх” гэсэн зарчимд огт нийцээгүй байна.

Түүнээс гадна бид бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг гаргуулж авах гэж шаардах эрхгүй боловч захиалагч, худалдан авагч нартаа учирлан тайлбарлаж улсын бүртгэлээс гэрчилгээгээ гаргуулж авахыг хүсэж шаардаж, бараг гэрийнх нь үүд хаалгыг шөнө оройн цагаар сахиж, өөр газарт амьдардаг өмчлөгчийнх нь ажил, гэрт нь очих зэргээр цуглуулан авч Татварын байгууллага, Улсын бүртгэлийн байгууллагад бүрдүүлж өгсөн.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл. Татвар ногдуулах үл хөдлөх эд хөрөнгө 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 84 дүгээр зүйл. “Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө” 84.3-д “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэсэн байгаа нь газар дээрээ байгаа үедээ ашиглагдахаар байна гэж заажээ. Тэгвэл дээрх татвар оногдуулсан үл хөдлөх нь 2024 оны 4 дүгээр сард ашиглах боломжгүй байсан бөгөөд ашиглалтад орсноор уг барилгын орон сууц, үйлчилгээний талбайг захиалагч нар нь ашиглаж байсан. 108 өмчлөгчтэй нийтийн эзэмшлийн барилга байгууламж юм. Ийм учраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. “Албан татвараас чөлөөлөх, хөнгөлөх” 7.1-д “Дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө”, 7.1.3-д “нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр байна.

Ийнхүү манай компанид хууль бусаар татвар үүсгэж байгаа нь татварын алба, татварын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйл. “Татварын албаны үйл ажиллагааны зарчим, эрх үүрэг, хориглох зүйл” 76.1-д “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална” 76.1.1-д “хууль дээдлэх”; 76.1.3-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх”; гэсэн зарчим, хуулийг баримтлаагүй, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн “Мэдээ мэдээлэл баримт цуглуулах”, 21.1.3-д “тайлбар, лавлагааг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргуулах, эсхүл ярилцлага хийсэн бол тэмдэглэл үйлдэж, холбогдох этгээдээр гарын үсэг зуруулах” гэснийг баримталж биднээс асууж тодруулаагүй, 51 дүгээр зүйл. “Татварын нэхэмжлэх” 51.1.4-д “татвар ногдох зүйл, татварын өр төлөх үндэслэл” гэснийг хангаагүй нэхэмжлэх үүсгэх үндэслэлгүй зэргээр хуулийг баримтлаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өр үүсээгүй байхад, 51 дүгээр зүйлд заасан албадлагын чанартай арга хэмжээ авч, үүрэг болгон татварын нэхэмжлэх үүсгэсэн нь илт хууль бус байна.

Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”; 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан байгаа тул 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаар бүхий 53,600,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын нэхэмжлэлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.

Маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус болох тухай: Бид маргаан бүхий захиргааны актыг дараах байдлаар тус тус илт хууль бус болсон гэж үзэж байна.

Дуусаагүй барилгад татварын ногдол оногдуулсан нь үндэслэлгүй тухай: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна", Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна", 182 дугаар зүйлийн 182.1-д "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ" гэж заасан. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдохоор байх бөгөөд газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулахаар байна. Тодруулбал, зориулалтын дагуу ашиглаж байгаа ашиглалтад орсон газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх эд хөрөнгө гэх бөгөөд түүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулахаар байна. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед хэдийгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байсан боловч 73 хувийн гүйцэтгэлтэй, бүрэн ашиглалтад ороогүй, орон сууц, үйлчилгээний зориулалтын дагуу ашиглаж, өмчлөх боломжгүй хөрөнгө байсан тул түүнд албан татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй юм. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн зорилго нь зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд татвар ногдуулахаар байна. Манай компани нь бусдын газар дээр тэдний захиалгын дагуу барилга барьж захиалагч нарыг банкны зээлд хамруулах зорилгоор "баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг" бүртгүүлж, эрхийн гэрчилгээ авсан боловч тухайн барилга "орон сууц, үйлчилгээний зориулалт"-аар бүрэн баригдаагүй, ашиглагдаагүй байсан. Мөн түүнчлэн "дуусаагүй барилга" нь нягтлан бодох бүртгэл талаасаа барилга биш "дуусаагүй барилга" гэж тусдаа дансанд бүртгэгддэг бөгөөд эдийн засгийн эргэлтэд ороогүй, барилгын үнэ цэнийг гүйцэт илэрхийлэхгүй юм. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д "Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ" гэж баригдаж дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан байна. Ийнхүү Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.14-д "үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;" гэж, 9 дүгээр зүйлийн 9.1-д "Татвар ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна” гэж тус тус заасантай хамтатгахын зэрэгцээ дээр дурдсанчлан дуусаагүй барилгыг бүртгэх зарчим, бүрдүүлэх баримтын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхээс ялгамжтай агуулгаар зохицуулсан зэргээс үзэхэд, татварын холбогдох хууль тогтоомжийн зорилго нь бүрэн ашиглалтад орсон эд хөрөнгөд л уг татварыг ногдуулах агуулгатай байна. Гэтэл хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь дуусаагүй барилгад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол оногдуулсан нь үндэслэлгүй юм.

Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй тухай: Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж, 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр зохицуулалтын дагуу Захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэрт хамаарах нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоох, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулах үүрэгтэй билээ. Гэвч манай компани бусдын захиалгын дагуу тухайн барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулсан, захиалагч нарыг банкны зээлд хамруулах зорилгоор газар эзэмшигч, үндсэн захиалагчийн хүсэлтээр дуусаагүй барилгын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байхад Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс энэ байдлыг тодруулаагүй. Энэ талаар биднээс ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй. Улмаар шууд 53,600,000 төгрөгийн албан татварын ногдол үүсгэсэн нь хуулийн дээрх шаардлагуудыг хангахгүй байна. Энэ нь шийдвэр гаргахын өмнө манай компаниас тайлбар аваагүй, сонсох ажиллагаа хийгээгүйтэй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Хэрэв манай компанид мэдэгдэл ирүүлж, сонсох ажиллагаа хийсэн бол бид үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр төлбөргүй талаар тайлбар, баримт гаргах байсан юм.

Маргаан бүхий захиргааны актын бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой бус: Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна" гэж, 40.2.3-д "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалтуудын дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан бодит болон хууль зүйн үндэслэл тодорхой байх шаардлагатай билээ. Гэвч маргаан бүхий захиргааны актаар манай компанид үл хөдлөх эд хөрөнгийн 53,600,000 төгрөгийн албан татвар төлөх үүрэг, татварын ногдол, хуримтлагдсан татварын өр үүсгэсэн бодит болон хууль зүйн үндэслэл тодорхойгүй байна. Тодруулбал, (1) энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ул хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4.1.1-т заасны дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хасагдах хүртэл өмчилж байсан хугацаанд ногдсон албан татварын өрийг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй” гэж тайлбарласан байна. Гэвч хариуцагч Татварын ерөнхий хуулийн 48.1-д “Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ” гэж, 48.2- д "Татварын алба нь татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдуулалт, төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын өрийг татварын тайлан болон шийтгэлийн хуудас, татварын актад үндэслэн бүртгэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь манай компани тухайн дуусаагүй барилгын ажлыг бусдын захиалгаар хийж гүйцэтгэсэн тул ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаагүй. Иймд бусдын өмчлөлийн бүрэн гүйцэд ашиглалтад ороогүй үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бусдын нэрийн өмнөөс албан татварын тайлан гаргаж, тушаах хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн энэ асуудлаар татварын албанаас ямар нэгэн хяналт шалгалт явуулж шийтгэлийн хуудас, татварын акт тавигдаагүй байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс Татварын ерөнхий хуулийн 48.1, 48.2 дах хэсгийг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж, татварын нэхэмжлэх үүсгэсэнд гомдолтой байна. Энэ нь Татварын ерөнхий хуулийн 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр;" гэж, 51.1.1-д "Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:" гэж заасан хуулийн шаардлагуудыг хангахгүй байна.

Хариуцагчийн үйлдэл болон шийдвэр илт хууль бус захиргааны акт болох тухай: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. "Захиргааны акт илт хууль бус болох", 47.1. "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:", 47.1.6. "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;" гэж заажээ. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдгийг захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгохоор байна. Иймд манай компанийн өмчлөлийн гэх 73 хувийн гүйцэтгэлтэй, ашиглалтад ороогүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх дээрх шинжийг агуулсан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Тодруулбал, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулиар зориулалтын дагуу өмчилж, ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар зохицуулсан байхад ашиглалтад ороогүй, зориулалтын дагуу өмчилж, ашиглах боломжгүй үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулсан нь үндэслэлгүй байх бөгөөд илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. 

Иймд манай компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлд хэзээ бүртгэлээ хийсэн, ямар хугацаанд дуусаагүй гэрчилгээтэй байсан, хэзээ 100 хувь болсон гэдэгт зөрүүтэй тайлбар хэлж байна. Тухайн дуусаагүй барилгын анхны бүртгэл 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр анх улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Улмаар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ “Өгөөж хишиг” ХХК-ийн нэр дээр гарсан. Энэ гэрчилгээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 100 хувийн гүйцэтгэлтэй болж гараад дараа нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хаагдсан баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Өөрөөр хэлбэл Татварын байгууллагаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 4 удаагийн төлбөрийн нэхэмжлэх үүсэх үед буюу 2024 оны 1-4 сарын төлбөрийн нэхэмжлэх үүссэн байгаа. Энэ хугацаанд бидний төлөөд байгаа төлбөрийн нэхэмжлэх улсын бүртгэлд 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга гэж явж байсан. 100 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. Гэтэл тайлбарлахдаа 100 хувийн гэрчилгээтэй байсан ба сүүлд хаагдсан учраас татвар ногдуулсан гэж тайлбарлаж байна.

Татвар ногдуулж байгаа үндэслэл нь 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга бүртгэлтэй явж байсан гэж ярьж байна. Хариуцагч талын хариу тайлбартай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Тэгэхээр энэ ямар учиртай барилга вэ гэдгийг зайлшгүй тайлбарлах хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл иргэн н.Амарболд гэдэг хүний нэр дээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2,692 метр квадрат газар эзэмших эрхийн гэрчилгээ анх байсан. Ийнхүү н.Амарболд, н.Амаржаргал нарын зүгээс барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг “Өгөөж хишиг” ХХК-д хандаж хүсэлт гаргасан. Хүсэлтийн агуулга нь бид ийм газар эзэмшдэг ба энэ газар 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга бариулах хүсэлтэй байна. Энэ барилгыг бариулахын тулд бидэнд хүн хүч, техникийн хэрэгсэл байхгүй, тусгай зөвшөөрөлтэй явуулдаг үйл ажиллагаа учраас танай компани зөвшөөрөлтэй учраас хамтарч ажиллая гэдэг саналыг анх тавьсны дагуу талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хамтран ажиллах гэрээ бичгээр байгуулсан. Уг гэрээгээр талууд юу тохирсон гэхээр иргэн н.Амарболдын эзэмшлийн газар “Өгөөж хишиг” ХХК 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай хөрөнгө мөнгө, санхүү, хүн хүч, тоног төхөөрөмжийн бүх асуудлыг “Өгөөж хишиг” ХХК хариуцна. Харин үндсэн захиалагч н.Амарболдын зүгээс өөрийн эзэмшил бүхий 2,692 метр квадрат газраараа хөрөнгө оруулж байна гэдэг агуулгаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ийнхүү хамтар ажилласны хүрээнд барилгын тодорхой хэсгүүдийг тус тусдаа бие дааж өмчлөхөөр харилцан тохирсон. Гэрээ байгуулагдсаны дагуу “Өгөөж хишиг” ХХК тухайн газар 12 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил тодорхой хэмжээний гүйцэтгэлд хүрсний дараа буюу 70 орчим хувьтай явж байхад үндсэн захиалагч н.Амарболдын зүгээс “Өгөөж хишиг” ХХК-д хандаж дахин хүсэлт гаргасан. Хүсэлтийн тухайд тухайн барилгад захиалга өгсөн нэр бүхий 103 иргэнийг банкны зээлд хамруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл захиалагч нарыг банкны зээлд хамруулах замаар тухайн орон сууц үйлчилгээний төлбөрүүдийг төлүүлэх шаардлагатай байна. Ингэхийн тулд банк барьцаа хөрөнгө нэхдэг. Нэгэнт хамтран ажиллах гэрээ байгуулж барилгын асуудлаар хамтарч ажиллаж байгаа учраас тухайн барилгыг хамтран эхлүүлэх үргэлжлүүлэх бүх бичиг баримтууд танай нэр дээр байгаа учраас компанийн нэр дээр гэрчилгээ гаргуулъя. Гэрчилгээг банкны барьцаанд тавих замаар бидэнд захиалга өгсөн нэр бүхий 103 иргэнийг Голомт банк ХК-ийн орон сууцны зээлд хамруулах хүсэлтийг тавьсан. Хүсэлтийн дагуу “Өгөөж хишиг” ХХК-ийн нэр дээр 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ гарсан. Гэрчилгээ гарсан даруйд буюу 12 дугаар сарын 08-ны өдөр “Өгөөж хишиг” ХХК Голомт банк ХК-тай хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээгээр талууд юу тохирсон гэхээр Хотол хотхоны нэр дээр захиалга өгсөн 103 иргэнийг Голомт банк ХК-ийн энгийн орон сууцны зээлд хамруулъя. Зээлийн хугацаа тэдэн жил, зээлийн хүү 15-18 хувийн хүүтэй байна. Үүнээс эхний ээлжид иргэд болон захиалагч нар 6-8 хувийн хүүг хариуцан төлж, зөрүү төлбөрийг “Өгөөж хишиг” ХХК хариуцан төл гэдэг нөхцөл бүхий хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсаны үндсэн дээр тухайн дуусаагүй барилга болох 73 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Голомт банк ХК-ийн зээлийн барьцаанд барьцаалах замаар тухайн нэр бүхий 103 иргэнийг зээлд хамруулж захиалагч нарын орон сууцны төлбөрийг төлүүлсэн. Үүнээс дүгнэж үзвэл “Өгөөж хишиг” ХХК тухайн харилцаанд барилгын гүйцэтгэгч гэдэг статустай орсон. Түүнээс өөрөө барилгаа бариад, өмчилж, эзэмшиж байгаа зүйл биш. Нэр бүхий иргэдийн газар, тухайн иргэдийн хүсэлт захиалгын дагуу 12 давхар барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Гэрчилгээ гаргуулсан шалтгаан нь 103 иргэнийг Голомт банк ХК-ийн зээлд хамруулах гэдэг санаа зорилгын үүднээс 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээг өөрийн нэр дээр гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Татварын албанаас тухайн дуусаагүй барилгад Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан. Маргааны гол зүйл юу гэхээр Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө гэж юуг хамруулж ойлгох, цаашлаад үл хөдлөх эд хөрөнгө гэдэгт 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга хамрах уу, мөн Татварын албанаас дуусаагүй барилгад албан татвар ногдуулж байгаа нь үндэслэлтэй юу гэдэг байдлаар маргаан явж байгаа. Гэтэл Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдож байгаа үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна гэж хуульчилж өгсөн. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөд хамааруулна гэж хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалтаас үзвэл зориулалтын асуудал зайлшгүй яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Улсын бүртгэлд бүртгэгдсэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж байвал Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан татвараа төлнө гэдэг үзэл санаа байна гэж бид харж байгаа. Гэтэл албан татвар ногдуулсан тухайн хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгө 73 хувийн гүйцэтгэлтэй байсан. Бид 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хувийн хэргийг шүүхийн журмаар нотлох баримт гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан. Хавтаст хэрэгт тухайн барилгын тухайн үеийн зураг нь авагдсан. Эдгээр хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл гадна каркас нь болсон, цонхоо хийсэн болохоос дотор заслын ажил огт хийгдээгүй, гадна пасад дуусаагүй, ус дулаан авсан эсэх нь тодорхойгүй барилгыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу зориулалтын дагуу ашиглаж болох үл хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үү, үгүй юу гэдэг асуудлыг ярих гээд байна. Гэтэл энэ үл хөдлөх хөрөнгийн зориулалт орон сууцны зориулалттай. 1-3 давхар нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байсан. Орон сууцны хувьд авч үзвэл 73 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгад хүн очиж амьдрах, оршин суух боломжгүй. Мөн 1-3 давхрын үйлчилгээний зориулалттай талбайн хэсэгт үйлчилгээ явуулах, үр шимийг нь хүртэх, ашиг орлого олох ямар ч боломжгүй. Тийм учраас дуусаагүй барилгыг Улсын бүртгэлд бүртгүүлсэн зориулалтын дагуу эзэмших, ашиглах, үр шимийг нь хүртэх боломжгүй учраас дуусаагүй барилгыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө гэж тодорхойлох боломжгүй. Энэ утгаараа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухайн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан албан татварын ногдол яригдахгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас Улсын бүртгэлд бүртгэл үүссэн бол үл хөдлөх хөрөнгө гэж үзнэ гэж хуулийг буруу байдлаар тайлбарлаж хэрэглэж байна. Улсын бүртгэлтэй холбоотой харилцааг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд маш тодорхой зохицуулсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтаас үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэл 2 өөр байна. Эхнийх нь дуусаагүй барилга, нөгөө нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл гэж байгаа. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т дуусаагүй барилгыг яагаад улсын бүртгэлд бүртгүүлэх вэ гэдгийг хууль тогтоогч тодорхой зааж өгсөн. Өөрөөр хэлбэл барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг 2 болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсвэл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх бүхий эзэмшигчдийн дундын хөрөнгөөр өмчлөх эсвэл өмчлөгч нар дундаа хамтран өмчлөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлнэ. Мөн энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтыг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлд бүртгэнэ гэж заасан. 10 дугаар зүйлийн 10.10-т яагаад дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгэж байна гэхээр 2 буюу түүнээс дээш этгээд дундаа хөрөнгө оруулж тухайн барилгыг барьж байгаа тохиолдолд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор улсын бүртгэлд бүртгэл хийж баталгаажуулна гэдэг хуулийн санаа үзэл баримтлал байна гэж үзэж байгаа. Мөн дуусаагүй барилгыг бүртгэх нь хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүрдүүлнэ гэж үндсэн хөрөнгийг бүрдүүлэх нотлох баримтаас өөр харагдаад байгаа. Энэ хуулийн агуулга үзэл санаанаас үзвэл 2 этгээд хамтарч барилга барьж хөрөнгө оруулж байгаа тохиолдолд тухайн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс дуусаагүй барилгын бүртгэл гэдэг зүйл байна гэдэг агуулгыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т заасан. Өөрөөр хэлбэл 50, 50 хувийн хөрөнгө оруулж барилга бариулж байх явцад нэг хөрөнгө оруулагч нь өөрийнхөө нэр дээр дангаараа гэрчилгээ гаргуулаад цаашлаад банкны зээлд тавих улмаар өөр этгээдэд зарах, шилжүүлэх хууль эрх зүйн хувьд эрсдэл байгаа учраас энэ эрсдэлээс нөгөө хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дуусаагүй барилга гэдэг бүртгэлийг хийж болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд тодорхой хуульчилж өгсөн. Тэр утгаараа дуусаагүй барилгын бүртгэл үүсгэсэн явдал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой болсон гэдэг байдлаар тодорхойлж албан татвар ногдуулж болохгүй гэдэг санаагаар маргаж байгаа. Шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй. Албан татвар ногдуулахаас өмнө “Өгөөж хишиг” ХХК-иас ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй, тодруулах ажиллагаа огт хийгээгүй. Яагаад танай нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл үүссэн, 73 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээ үл хөдлөх эд хөрөнгө танай үндсэн хөрөнгө мөн үү, биш үү гэдэг ажиллагааг Татварын албанаас хийх ёстой байсан. Ямар ч тайлбар мэдүүлэг аваагүй байж Улсын бүртгэлийн мэдээллийг үндэслэн шууд 53,600,000 төгрөгийн албан татвар ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлж чадаагүй гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актын тухайд хууль зүйн үндэслэл тодорхой байх ёстой. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т тодорхой зааж өгсөн. Яагаад дуусаагүй барилгад албан татвар ногдуулах болсон хууль зүйн үндэслэл тодорхой байх ёстой. Энэ үндэслэлийг хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2 гэдэг агуулгаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл 48.1-т зааснаар танай компанид үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байна гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа. Хариуцагчийн тайлбарын үндэслэл болсон 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг Татварын ерөнхий газраас “Өгөөж хишиг” ХХК-ийн бичгээр гаргасан гомдолд хариу өгөхдөө маш тодорхой тайлбарлаж өгсөн. Үүнд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын ногдол үүсгэхийн тулд хамгийн анхан шатны бичиг баримт болох татвар төлөгчийн өөрийнх нь тайлан байх ёстой. Тайлан байхгүй бол шийтгэлийн хуудас гэж байх ёстой, эсвэл татвар ногдуулсан акт байх ёстой. Энэ 3 төрлийн баримт байж 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу татварын цахим системд татварын ногдол үүсэх ёстой. Гэтэл “Өгөөж хишиг” ХХК тухайн хугацааны татварыг төлье гэж татварын байгууллагад ямар нэгэн тайлан гаргаж өгөөгүй, тайлагнаагүй. Энэ асуудлаар Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон бусад газраас хяналт шалгалт огт хийгдээгүй. “Өгөөж хишиг” ХХК-д шийтгэлийн хуудас ногдуулсан, татварын акт тавьсан асуудал байхгүй. Ийм байхад хариуцагч Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг зөрчин цахим системд шууд татварын ногдол үүсгэж байгаа нь хууль бус гэж харж байна. Цахим системийг үндэслэн татварын нэхэмжлэх бий болсон. Нэхэмжлэх яаж үүсэх үү гэдгийг Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т тодорхой хуульчилж өгсөн. Энэ хуулийн зохицуулалтаас үзвэл татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасан хугацаанд татвараа тайлагнаагүй цаашлаад татварын өр төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд татварын өр үүсгэж нэхэмжилнэ гэж заасан. Гэтэл ийм байдал огт байхгүй. “Өгөөж хишиг” ХХК-ийн зүгээс дуусаагүй барилгын татварын тайланг төлье гэдэг хүсэлт гаргаагүй, энэ талаар Татварын албанд тайлагнаагүй, тайлан хүргүүлээгүй байхад энэ процессыг алгасаад шууд төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн асуудал нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Татварын байгууллагаас дуусаагүй, зориулалтын дагуу ашиглах боломжгүй барилгад Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад дуусаагүй барилгад албан татвар ногдуулж байгаа нь захиргааны илт хууль бус акт болж байна гэж үзэж байна. Дуусаагүй барилгыг иргэн очиж амьдарч, үйлчилгээний зориулалтай хэсгийг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэх ямар ч боломжгүй байхад энэ байдлыг харгалзан үзэлгүй шууд улсын бүртгэлийн гэрчилгээ авсан гэдэг үндэслэлээр албан татвар ногдуулж байгаа үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу илт хууль бус шийдвэр болсон байна” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй “Өгөөж хишиг” ХХК (РД:2062895)-ийн Ү-2204127933 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бүртгэл хүчингүй төлөвт орж бүртгэлээс хасагдсан байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1. “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно”, 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Албан татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.

Иймд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1-т заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс хасагдах хүртэлх өмчилж байсан хугацаанд ногдсон албан татварын өрийг холбогдох төсөвт төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа“Улсын бүртгэлд ямар тохиолдолд хөрөнгө гэж бүртгэж байна гэхээр “Өгөөж хишиг” ХХК хууль ёсны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж дугаар өгч бүртгэж байгаа. Улсын бүртгэлд 100 хувийн гүйцэтгэлтэй байна уу, 73 хувийн гүйцэтгэлтэй байна уу Татварын албанд, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд чөлөөлөх заалтын талаар байгаа. Чөлөөлөгдөх заалтад хувь хэмжээ дурдсан зүйл байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн татвартай холбоотой харилцаа учраас тухайн хуулиа мөрдөнө. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын 7 дугаар зүйлд дараах үл хөдлөх хөрөнгүүд чөлөөлөгдөнө гээд хуулийн тусдаа зохицуулалт байгаа. Тухайн зохицуулалтад гүйцэтгэлээсээ шалтгаалаад хувь тооцсон зүйл байхгүй. Хөрөнгө гэдэг бүртгэгдсэн өдрөөсөө тухайн хөрөнгөд албан татвар ногдох зохицуулалттай. Үл хөдлөх хөрөнгийн тухай хуулийн 6 дугаар зүйлд ерөнхий утгаар нь заасан байдаг. Татвар ногдох үл хөдлөх хөрөнгө нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн, өмчлөгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байна гэж заасан. Үүнийг задалж тайлбарлавал тухайн хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээд бүртгэлд орсон өдрөөсөө эхлээд татвар ногдох зохицуулалттай. 2022 оны 09 дүгээр сард 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Үүнийг тайлбарлахдаа гэрчилгээ авч байж дараа дараагийн захиалгыг авч, зээлийн гэрээ хийсэн гэж байна. Гэхдээ ийм хуулийн зохицуулалт байхгүй. Улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол улсын бүртгэлд бүртгэлтэй эд хөрөнгө гэж явж байгаа. Татвар ногдуулах харилцааны хувьд мөн хуулийн 8 дугаар зүйлд Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэж заасан байгаа. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тухайн хөрөнгө нь Улсын бүртгэлд нэхэмжлэгчийн өмчид хэвээр байсан. Нэхэмжлэгч компанийн өмч учраас улирал бүрд нь тэнцүү хэмжээгээр тооцогдоод 53,600,000 төгрөгийн ногдол үүссэн. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-т "татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 6.1.5-т "албан татвар" гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг гэж заасан. Тухайн үл хөдлөх хөрөнгө нь Улсын бүртгэлд хөрөнгө гэж бүртгэгдэж эхэлсэн өдрөөс эхлэн албан татвар ногдоно гэсэн хуулийн зохицуулалт 73 хувийн гүйцэтгэлтэй байна уу, 100 хувийн гүйцэтгэлтэй байна уу хувь хэмжээгээр чөлөөлөгдөх зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.4-т зааснаар үл хөдлөх хөрөнгө нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй гэдэг талаар дурдсан байсан. Энэ нь тухайн газраасаа сална гэдэг нь эвдрэлд ороод дахин ашиглах боломжгүй гэдэг утгыг илэрхийлж байгаа. Тухайн хөрөнгөө мэдээж өөртөө ашиглах гээгүй бусад иргэдэд захиалан борлуулахаар барьж гүйцэтгэсэн. Гэхдээ тухайн хугацаанд танай хөрөнгө гэж улсын бүртгэлд явж байгаа хасагдаагүй бол татвар төлөх үүрэг нь нэхэмжлэгч компанид байгаа гэсэн үг. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хасуулах өргөдлөө удаа дараа манайд өгсөн гэж дурдсан. Манайх улсын бүртгэлээс хасагдсан гэсэн төлөвт ороогүй хөрөнгийг бүртгэх байгууллагаас түрүүлж эрх хэмжээгээ хэтрүүлэн ашиглаж энэ компанийн хөрөнгө биш гэж үзэж хасах боломжгүй. Улсын бүртгэлийн хасагдсан төлөвт бүртгэгдэж байж тухайн мэдээллийг үндэслэн Татварын албанд хасалт хийх боломжтой. Тухайн компани нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан буюу бүртгэл хүчингүй гэсэн өөрчлөлт оруулсан. 6,800 метр квадрат бүхий үл хөдлөх хөрөнгөө иргэдийн нэр дээр шилжүүлж энэ компаниас хөрөнгө нь хасагдсан. Татварын албанд 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт ирүүлснээр манайх тухайн хөрөнгийг Татварын мэдээллийн нэгдсэн сангаас хассан. Тийм учраас 2025 оны ногдол нь хүсэлтийн дараа устсан. 2024 оны ногдол нь тухайн хөрөнгийг өмчилж, эзэмшиж байсан компанид байсан учраас тухайн татварыг нэхэмжлэгч төлөх ёстой, өртэй гэдэг нь устаагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газар хоорондын 2019 оны А/268, А/1345 дугаар хамтарсан Татвар төлөгчийн бүртгэлийн журам гэж байгаа. Энэ журамд Татварын алба нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэн татвар төлөгчийн татварын төрлийн бүртгэл түүний өөрчлөлт, бүртгэл хасалтыг дараах байдлаар Татварын бүртгэл хяналтын нэгдсэн санд өөрчлөлт хийнэ гэсэн зохицуулалтад Улсын бүртгэлийн бүртгэх байгууллагын бүртгэлд үндэслэн гэдэг утга нь орсон байгаа. Мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.12.12-т татвар төлөгч нь хуулиар хүлээсэн үүргийн дагуу татварын төрлийн бүртгэлд бүртгүүлээгүй нь тухайн татварыг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн байгаа. Манай компани манай өмч гэж тайлан, бүртгүүлэх хүсэлт өгөөгүй байхад тодруулалгүй бүртгэлдээ аваад татвар ногдуулсан гэж хэлж байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг татвар ногдуулах хөрөнгө байгаа. Тухайн татвар ногдох хөрөнгийн мэдээллээ танай мэдээллийн журмын дагуу Татварын ерөнхий хуульд заасны дагуу бүртгүүлнэ гэдэг үүрэгтэй. Энэ үүргийн дагуу бүртгүүлэхгүй бол бүртгэлийн байгууллагын мэдээлэлд үндэслэн Татварын албан Татварын нэгдсэн системд мэдээллийг нь татаж оруулаад тухайн хөрөнгөд татвар ногдоно гэсэн үг. Тухайн компанийн энэ үүргээ мэдээгүй эсвэл хөрөнгөө бүртгүүлэхгүй байлаа гээд манай Татварын нэгдсэн системд Улсын бүртгэлээс татаад татвар ногдуулахгүй байх үндэслэл байхгүй. Журмын 2.12.7-д энэ журмын 2.12.2-2.12.6-д заасан заалтуудад хөрөнгийн бүртгэл орсон. Тухайн төрлийн татварын хуулиар татвар төлөх үүрэг үүссэн өдрөөс эхлэн татвар төлөгч нь тухайн төрлөөр бүртгүүлэх хүсэлт гаргана гэсэн байгаа. Тухайн хүсэлтийг гаргаагүй учраас Улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэн татварыг ногдуулсан. Татварын ерөнхий газраас нэхэмжлэгчид хуулийг тайлбарлаад гомдлыг хариуг хүргүүлсэн. Татварын албанд удаа дараа ирж уулзсан байдаг. Тухайн хөрөнгийн хасалттай холбоотой манайд шууд хасагдахгүй гэдэг байдлаар уулзаад өөрт нь тайлбарлаж хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийн Татварын ерөнхий газарт гаргасан гомдлын хариуг хүргүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хэд гэж үнэлэгдсэн байна тухайн үнэлгээнээс хамаарч татвар ногдоно гэж гомдлын дагуу хариуг нь өгсөн. Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т заасныг дурдсан байдаг. Мөн 50 дугаар зүйлийн 50.1.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг дурдаж татвар төлөх үүрэг бүхий татвар төлөгчийн үүргээ биелүүлээрэй гэсэн утгаар нэхэмжлэх хүргүүлсэн гэдгээ тайлбарласан” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар,  тогтоогдсон үйл баримтыг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК-иас Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 88 тоот хаягт байршилтай, 6978.6 талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204127933 дугаартай үл хөдлөх хөрөнгөд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нэхэмжлэхүүдийг үүсгэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “...манай зүгээс Татварын албанд нэхэмжлэл үүсгүүлэх талаар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэх үүсгэсэн, Татварын алба энэ асуудлаар уулзалт ярилцлага хийгээгүй, хяналт шалгалт хийлгүйгээр шууд нэхэмжлэх үүсгэсэн, 73 хувийн гүйцэтгэлтэй дутуу барилгад болон нийтийн зориулалттай барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой байхад ийнхүү нэхэмжлэх үүсгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус байна” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгч компани нь хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж Ү-2204127933 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан тул Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар бүртгэлээс хасагдах хүртэлх хугацаанд өмчилж байсан татварыг төлөх үүрэгтэй, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд 73 хувийн эсхүл 100 хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран татвар ногдуулна” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нэхэмжлэхүүдийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул шүүх тус шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн П.Амарболдтой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 25 дугаар гудамж хаягт байршилтай, иргэн П.Амарболд нарын 12 давхар үйлчилгээтэй орон сууц, зоорийн барилгад угсралт, засал чимэглэл, дотор гэрэлтүүлэг, дотор цахилгаан инженерийн шугам сүлжээ, гадна инженерийн шугамын холболт, угсралтын иж бүрэн ажлыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хугацаанд нь гүйцэтгэж, захиалагчийн өмчлөл буюу эзэмшилд нь шилжүүлэхээр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэн П.Амарболд, П.Амаржаргал нартай “Хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулсан байх ба улмаар “Өгөөж хишиг” ХХК-ийн зүгээс тус орон сууцыг зээлээр борлуулах, зээлдэгчийг дэмжих зорилгоор гэрээгээр тохирсон зээлийн шимтгэлийг банканд төлөх, банкнаас борлуулалтыг дэмжих зорилгоор шаардлага хангасан зээлдэгчдэд зээл олгох нөхцөлтэйгөөр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Голомт банк” ХХК-тай №БХХ-2022/ОСБ-N-80 дугаартай “Хамтран ажиллах гэрээ”-г мөн байгуулжээ. 

5. Ийнхүү “Голомт банк” ХХК-тай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгох зорилгоор нэхэмжлэгч компани нь 6978,6 м.кв орон сууц, үйлчилгээний зориулалттай 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд гэрчилгээ авахаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204127933 дугаарт бүртгэгдэж, 001043002 дугаартай гэрчилгээг авч, уг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа хөрөнгөөр бүртгүүлсэн болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, барьцааны гэрээ /ипотек/-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт, “Өгөөж хишиг” ХХК-иас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 114/01, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 144/01 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтүүд, тус компанийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай шийдвэр болон бүртгэлийн байгууллагад хавсаргаж өгсөн бусад баримтуудаар тогтоогдож байна.

6. Үүний дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №БА-68/2024 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр дээрх орон сууцны зориулалттай барилгыг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 63/01 дугаар албан бичгээр “...Ү-2204127933 дугаарт бүртгэлтэй, 001043002 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 6978,6 м.кв талбайтай 73%-ийн гүйцэтгэлтэй барилгын гүйцэтгэл нь 100% болж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №БА-68/2024 дугаартай дүгнэлтээр баталгаажсан тул уг барилгад 100% гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн гэрчилгээг олгож өгнө үү” гэх хүсэлтийг бүртгэлийн хэлтэст гаргасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмнөх Ү-2204127933 дугаартай бүртгэлийг үндэслэн №001224093 дугаартай гэрчилгээг олгосон байх ба эдгээр нь хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, “Голомт банк” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16/0242 дугаар албан бичгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн барьцаа хөрөнгийн тухай хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр мөн тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК-аас Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 43/01 дугаар албан бичгээр гаргасан “...Ү-2204127933 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг хааж, 00012240093 дугаартай бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” хүсэлтийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгожээ.

8. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна” гэж, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан.

9. Тухайн тохиолдолд, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах, 6978.6 талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан “Голомт банк” ХХК-аас зээл авч, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах барьцаа болгох зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 73 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204127933 дугаарт бүртгүүлж, 001043002 дугаартай гэрчилгээг, тус барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 001224093 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан авсан байх тул дээрх хуульд заасны дагуу хэдэн хувийн гүйцэтгэлтэй эсэхээс үл хамааран тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бол тус үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах үндэслэлтэй байна.

10. Нөгөө талаас нэхэмжлэгчийн тухайд, тухайн орон сууцыг зээлээр борлуулах, худалдан авагч нарт орон сууцны зээлийн хөнгөлөлт үзүүлж, борлуулалтаа дэмжих зорилгоор нэгэнт дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү-2204127933 дугаарт бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авсан байгаа энэ тохиолдолд уг үл хөдлөх эд хөрөнгийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан албан татвар ногдох эд хөрөнгө гэж үзнэ.

11. Монгол улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах компани нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байхаар, 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүр тэнцүү хэмжээгээр тооцож төлөх үүрэг хүлээсэн байна.

12. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий татварын нэхэмжлэхүүдээр нэхэмжлэгч “Өгөөж хишиг” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан татварын үйл ажиллагаанд баримтлах “зайлшгүй байх” зарчимд нийцсэн байх төдийгүй мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно”, 50.1.4-д “татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана”, 51.1.4-д “татвар ногдох зүйл, татварын өр төлөх үндэслэл” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч нь нэхэмжлэхээр үүсгэсэн дээрх төлбөрийг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан бөгөөд захиргааны акт “илт хууль бус” байх үндэслэл нь “дүгнэлт хийх чадвартай ердийн дундаж хүн хараад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй гэж үзэхээр байх шаардлагатай” гэж онолын хувьд үздэг бөгөөд дээр дурдсанаар хуулиар нэгэнт бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар хуульчилсан энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуулийн зүйл заалтыг илт буруугаар хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.

13. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудын дагуу нэхэмжлэгч компанийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204127933 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь татварын хэлтсийн чиг үүрэгт огт хамаарахгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгөд татвар ногдуулах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий тохиолдолд илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай тул нэхэмжлэгчийн “...манай компаниас Татварын албанд нэхэмжлэх үүсгүүлэхээр хүсэлт гаргаагүй, хариуцагч энэ асуудлаар уулзалт, ярилцлага, хяналт шалгалт хийгээгүй, дуусаагүй барилгад татвар ногдуулсан нь буруу” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.

14. Түүнчлэн нэхэмжлэгчийн “...нийтийн зориулалттай барилга байгууламж үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой” гэх үндэслэлийн талаар Улсын дээд шүүхийн 2017 оны 519 дүгээр тогтоолд дүгнэсэнчлэн Үндэсний татварын ерөнхий газрын даргын зөвлөлийн 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийг хэрэгжүүлэх аргачлал”-ын 6.1.3-т “Нийтийн эзэмшлийн барилга байгууламж” гэдэгт нийтийн эзэмшил бүхий цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээ түүний худаг узель, дэд станц, цэвэр бохир усны газар доогуурх ус зайлуулах хоолой, гүүр, үерийн усны далан, цэвэрлэх байгууламж, зам талбай, гэрэлтүүлэг, инженерийн зориулалт бүхий худаг орно. Мөн орон сууцны барилгын дундын өмчлөлийн хөрөнгө энэ заалтад хамаарагдана” гэж зааж тайлбарласан тул нэхэмжлэгчийн өмчилж байсан тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасан “нийтийн эзэмшлийн барилга, байгууламж”-д хамаарахгүй байна.

15. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд маргаан бүхий татварын нэхэмжлэхүүдийг үүсгэсэн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 8 дугаар зүйлийн 8.2, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 50 дугаар зүйлийн 50.1.4, 51 дүгээр зүйлийн 51.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Өгөөж хишиг” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын 1240700472211, 1240700472252, 1240700472294, 1240700472344 дугаартай нэхэмжлэхүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ОДОНТУЯА