| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 2236000000102 |
| Дугаар | 36 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 36
2024 04 30 2024/ДШМ/36
Л.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч Л.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/118 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Л.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2236000000102 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, Хан жаргалант овогт Лхагвын Бат-Эрдэнэ, 1990 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, салааны ахлагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид Морьт сумангийн салааны ахлагч ажилтай, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн Болорын 27 айлын орон сууцны 21 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ИЮ90030219.
2. Яллагдагч Л.Бат-Эрдэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Л.Цоодолоос Хаан банкны 5862137574 тоот дансруу 4.900.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад гүйлгээний дүнг андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 49.802.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад өрөө төлөх, бусдад шилжүүлэх" зэргээр хувьдаа ашиглан завшсаны улмаас хохирогч Л.Цоодолд 44.902.000 төгрөгийн хохирол учруулсан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн Прокурорын газраас Л.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж:
4.1 Яллагдагч Л.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2336000000102 дугаартай хэргийг Ховд аймгийн Прокурорын газарт буцааж,
4.2 Яллагдагч Л.Бат-Эрдэнэд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр хэрэглэж,
4.3 Эрүүгийн 2336000000102 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдаж
4.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг заавал Прокурор уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгчийн захирамжийн үндэслэлийн хувьд: Хохирогч Л.Цоодол нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэснийг шийдвэрийн үндэслэл болгосон.
Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, хэт нэг талыг баримталж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан гэж үзэхээр байна.
5.2 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх боломжтой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогттоох, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эх сурвалжийг магадлах аргаар шалгаж дүгнэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулах шаардлагатай гэрч нарыг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.
Шүүгчийн захирамжид заасан ажиллагаа нь энэ хэргийг шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой болохыг тодорхой заагаагүй байна.
5.3 Тус прокурорын газраас Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт хохирогч Л.Цоодолын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ц-1/456 дугаартай албан бичгээр гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргаж, улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлийн Х-2- 4615 дугаарт бүртгэгдэж, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд нь хавтаст хэргийн 137, 157, 186 дугаар хуудсанд авагдсан байна.
5.4 Шүүхээс хохирогч Л.Цоодол нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай гэж гэм буруугийн дүгнэлт хийсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн зорилго, агуулгыг алдагдуулж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн заримыг зөрчиж байна.
5.5 Эд хөрөнгө завших гэж төлбөр тооцооны алдаатай эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдэл юм.Тухайлбал, бусдын төлбөр тооцооны алдаатай эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулж, захиран зарцуулсныг ойлгоно. Хохирогч Л.Цоодолын хувьд удаа дараа өгсөн мэдүүлэгт олон улсын виза картаар бусдын данс цэнэглэдэг талаар мэдүүлсэн ба Хаан банкны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 362 дугаартай албан бичгээр 100 саяын эрхтэй васко төхөөрөмжтэй, олон улсын карттай болох нь тогтоогдсон ба Л.Цоодолыг андуурч шилжүүлсэн 44.902.000 төгрөгийн эзэмшигч гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.
6.Яллагдагч Л.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
6.1 Л.Бат-Эрдэнийн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл мөн юм уу үгүй юм уу гэдгийг тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа юм . Хэрэв Л.Цоодолын үйлдэл нь гэмт хэрэг мөн бол уг хэрэг Л.Бат-Эрдэнэ нь хохирогчоор оролцох ёстой. Өөрөө хэлбэл Л.Цоодолоос Л.Бат-Эрдэнэ нь өөрийнхөө хохирлыг гаргуулах эрх нээгдэнэ гэсэн үг. Үүнийг тогтоосны дараа шүүхээр хэлэлцэхээр өөр аргагүй болно. Энэ гэмт хэргийг цахим орчинд буюу мэдээллийн технологи ашиглан зохион байгуулсан Эрүүгийн хуулийн 20.17-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас хохирогч болчихсон байгаа юм. Гэтэл өнөөдөр хохирогч болсон хүнийг яллаад сууж байгаа нь шүүх хуралдаанаар үүнийг гүйцэтгэх боломжгүй, ач холбогдолгүй буюу үндэслэлгүй гэж үзэж байна.
6.2 Хохирогч Л.Цоодолын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах гэхээр хавтаст хэрэгт цугларчихсан байна гэж үзэж байгаа. Хэрвээ өнөөдөр Л.Бат-Эрдэнийн үйлдлийг гэмт гэмт буруутай буюу гэмт хэрэг үйлдсэн байна үзэж. Л.Цоодолыг гэм буруутай буюу гэмт этгээд гэж шалгаж үзээгүй байж дан ганц Л.Бат-Эрдэнийг яллах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн 17.5-д заасан энэ гэмт хэргийн маань гол бүрэлдэхүүн нь тухайн хохирогчийн хууль ёсны өмчлөл, эзэмшилд байхыг шаарддаг. Тухайн эд хөрөнгө мөнгө нь Л. Цоодолын хууль ёсны эзэмшил буюу хууль ёсоор олж авсан өмчлөл, эзэмшил мөн эсэхийг тогтоогоогүй. Уг үйлдлийг тогтоох шаардлагатай.Анхан шатын шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэл нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа учраас анхан шатын шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх яллагдагч Л.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2337000140027 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
3.Ховд аймгийн прокурорын газраас яллагдагч Л. Бат-Эрдэнэ нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 07-нд шилжих шөнө хохирогч Л.Цоодолоос Хаан банкны 5862137574 тоот дансруу 4.900.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад гүйлгээний дүнг андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээ болох 49.802.000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад өрөө төлөх, бусдад шилжүүлэх” зэргээр хувьдаа ашиглан завшсаны улмаас хохирогч Л.Цоодолд 44.902.000 төгрөгийн хохирол учруулсан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх яллагдагч Л.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “хохирогч болох Л.Цоодол нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалган тогтоох шаардлагатай” гэх дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2.-т зааснаар хэргийг шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
5.Прокурор эсэргүүцэлдээ “прокурорын газраас Хан-Уул дүүргийн прокурорын газарт хохирогч Л.Цоодолын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүхээс гэм буруугийн дүгнэлт хийсэн нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн зорилго, агуулгыг алдагдуулж байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5.1.Ховд аймгийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Ц-1/456 дугаартай албан бичгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт хохирогч Л.Цоодолын үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар гэмт хэргийн талаарх мэдээлэл гаргасныг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн бүртгэлийн Х-2- 4615 дугаарт бүртгэн авч, 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 137, 157, 186х/
Дээрх нотлох баримтуудаас үзвэл Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс нь анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг буюу Л.Цоодолд холбогдох үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
5.2.Мөн хохирогч Л.Цоодолыг “мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь Л.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.
6.Яллагдагч Л.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
7.Шүүх яллагдагч Л.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянаж, хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоох, улмаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байхад нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгчийн захирамжаар, прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Иймд дээрх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/118 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА