| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дуламрагчаагийн Одонтуяа |
| Хэргийн индекс | 128/2025/0557/З |
| Дугаар | 128/ШШ2025/0755 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 128/ШШ2025/0755
2025 10 29 128/ШШ2025/0755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба
Гуравдагч этгээд: “М*******” ХХК
Маргааны төрөл: Тендер сонгон шалгаруулалттай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, Г.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Б.Д******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нь анх Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн “М*******” ХХК-д хүргүүлсэн 157 дугаартай мэдэгдлүүдийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулсан тул тус шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил”, Б дугаартай тендер шалгаруулалтыг зарлажээ.
2.2. Тус тендер шалгаруулалт 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээж “М*******” ХХК, “С*******” ХХК, “А*******” ХХК-иуд тендерт оролцсон ба тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай шийдвэрээр “М*******” ХХК-ийг шалгаруулж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулах эрх олгож, мөн өдрийн 158 дугаар албан бичгээр шалгараагүй тухай мэдэгдлийг “С*******” ХХК-д, 159 дүгээр албан бичгээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй тухай мэдэгдлийг “А*******” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.
2.3. Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05/095 албан бичгээр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар, мөн өдрийн 05/096 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт, 25/098 дугаар албан бичгээр Сангийн яаманд тус тус гомдол гаргажээ.
2.4. Уг гомдолд Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаар албан бичгээр, Сангийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5263 дугаар албан бичгээр тус тус хариу өгсөн тул нэхэмжлэгч “А*******” ХХК-иас 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Манай “А*******” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээсэн “Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газар” захиалагчтай Б зарлалын дугаартай “Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил” тендерт оролцож хамгийн бага үнийн саналыг гаргасан. Гэвч захиалагч тендер шалгаруулалтад “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт “Үнийн санал дуудах ажиллагаа хаагдахад эцсийн үнийг өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн үнийн санал бүхий оролцогчийн тендерийг хянан үзэж, шаардлага хангасан бол гэрээ байгуулах эрх олгоно” гэж заасныг зөрчсөн байна.
Захиалагч манай компанийг тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 17.2-т заасан “...2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж ирүүлээгүй...” гэх үндэслэлээр тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн мэдэгдлийг цахим системд байршуулсантай бид 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр танилцсан. Б дугаар тендер шалгаруулалтын баримт бичиг (ІІ бүлэг өгөгдлийн хүснэгт) ТШЗ-ны 17.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг: 1. Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.ebalance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана. (2023, 2024 он)” гэж тодорхой заасан бөгөөд манай компани 2024 оны санхүүгийн тайлангаа 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр тус системд баталгаажуулж илгээсэн нь нотлогдоно.
Бид энэ тухай гомдлоо захиалагчид 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд захиалагчаас 05 дугаар сарын 23-ны өдрийн 192 дугаар албан тоотоор өмнөх мэдэгдэлтэй адилхан хариу ирүүлсэн. Албан тоотод “...2023, 2024 оны борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгахад 2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж ирүүлээгүй байсан”, “хавсралтад www.tender.gov.mn-д оролцогчийн илгээсэн Санхүүгийн тайлангийн хэсгийг зурган хэлбэрээр хавсаргав” гэж тендер шалгаруулалтын баримт бичигт дурдаагүй цахим системийн мэдээллийг хавсаргасан.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдлээр “М*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зөрчсөн тухай 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25/096 дугаар албан тоотоор гомдол гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас манай гомдолд хариу ирүүлээгүй бөгөөд Сангийн яамны 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсэн байхад мөн өдөр “М*******” ХХК-тай Б дугаар гэрээг байгуулсан байна.
Иймд Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сангийн яамны 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5263 дугаар албан бичгээр манай компанийн гомдлыг хянан үзэхээс татгалзсан хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Манай “А*******” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар захиалагчтай Б дугаар тендерт оролцсон бөгөөд хамгийн бага үнийн санал гаргасан боловч "Санхүүгийн 2024 оны тайлан баталгаажуулж ирүүлээгүй тул борлуулалтын орлогыг шалгах боломжгүй” гэх Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны газрын мэдэгдэл үндэслэлгүй тул тус шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байх хугацаанд тус тендер нь хэрэгжиж дууссан байх тул Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд Нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу энэ тохиолдолд маргаан бүхий гэрээ нь захиргааны акт буюу тендер шалгаруулсан шийдвэрийг үндэслэн байгуулагдсан, захиргааны актаас салгаж үл болох шийдвэр байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтож өгнө үү.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд 159 дугаар мэдэгдэлд дурдсан үндэслэлгүй шалтгаанаар манай “А*******” ХХК-ийг шалгаруулалгүй, өөр компанийг шалгаруулсан байх тул Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “М” ХХК-д гэрээ байгуулсан эрх олгосон 157 дугаар шийдвэрийг мөн хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*******, Г.Лхамдулам нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн үндэслэлийн хувьд 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр нээгдсэн Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын ном нийлүүлэх тендерт “А*******” ХХК оролцсон. Хамгийн бага үнийн санал илгээсэн боловч шалгаруулаагүй. Эрэмбийн хувьд манай компанийн дараа эрэмбэлэгдэж байсан “М*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан эрэмбийн дарааллаар сонгон шалгаруулна гэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Бид 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн 159 дугаар мэдэгдэлтэй танилцаад 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр захиалагч болох Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар болон Сангийн яамд тус тус тухайн шалгаруулалт хууль зөрчсөн байгаа учир манай компанийг сонгон шалгаруулж өгнө үү гэх үндэслэлээр гомдол гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газраас хариу ирүүлээгүй. Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас хариу ирүүлсэн байдаг. Сангийн яаманд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 098 дугаар албан тоот болон 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 25103 дугаар хариу албан тоотоор тус тус хандсан байдаг. Сангийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 025263 дугаар албан тоотоор захиалагч буюу Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар нь “М*******” ХХК-тай 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан учир гэрээ байгуулснаас хойш гомдлыг шүүхэд гаргана уу гэх агуулгатай хариу ирүүлсэн. Бид хуульд заасан гомдол гаргах 5 хоногийн хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “М*******” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хурлын үеэр гомдол гаргах хугацаа дууссанаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өнгөрснөөс хойш Сангийн яамнаас албан бичиг ирсэн тул тухайн өдөр нь гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Гэтэл бид Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газарт 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хандсан. Энэ тендертэй холбоотой маргаан гарч байгааг захиалагч буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар болон Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газар мэдэж байсан. Сангийн яам 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр тайлбар ирүүлэхдээ 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр цахим системд түдгэлзүүлсэн гэх нотлох баримт ирүүлсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үед тайлбар хэлэхдээ тухайн үед гомдол гаргасан гэдгийг мэдээгүй гэж тайлбарладаг. Бид хуульд заасан хугацаанд хуульд заасан шаардлагын дагуу гомдол гаргасан байхад тухайн гомдлыг хэлэлцэхгүйгээр үйл ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Мөн Сангийн яамны шийдвэрийг үл тоож гэрээ байгуулсан байдаг тул тухайн тендерийн хүрээнд “М*******” ХХК-ийг сонгон шалгаруулсан 157 дугаар мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох мөн гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. “А*******” ХХК нь 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Манай байгууллага шударгаар тендерт оролцдог. Энэ бол бидний эрх, ашиг сонирхол юм. Гэтэл захиалагч нар хууль зөрчиж сонгон шалгаруулалт явуулж байгаа үйлдэлд гомдол гаргахад ямар нэгэн арга хэмжээ авахгүй Сангийн яамны гаргаж байгаа шийдвэрийг үл тоож үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа нь дараагийн тендер шалгаруулах арга хэмжээг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулж байгаа тохиолдолд дахин ийм үйл явдал давтагдахыг үгүйсгэхгүй. Иймд хариуцагчид хуульд заасан үүрэг хариуцлагаа хариуцлагатай биелүүлдэг байлгахын тулд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Баянзүрх дүүргийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 159 дугаар мэдэгдлээр 2024 оны санхүүгийн тайланг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан байдаг. Энэ талаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сангийн яамны www.e-balance.mof.gov.mn сайтад өөрийн тайланг байршуулсан байдаг. Гэтэл өргөдлийн хүснэгт буюу тендерийн баримт бичиг дээр 2023, 2024 оны санхүүгийн тайланг www.e-balance.mof.gov.mn сайтаас оруулна гэсэн байдаг боловч хариу мэдэгдэлдээ тендерийн www.tender.gov.mn сайтаас шалгахад танай байгууллагын 2024 оны тайлангүй ирүүлээгүй байсан тул танай байгууллагыг шалгаруулаагүй гэж тайлбарладаг. Сангийн яамнаас авсан баримтад манай компани 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн гэдгийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байдаг. Манай гаргасан хүлээж авахгүйгээр тендерийг үргэлжлүүлээд “М*******” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Манай компанийг шалгаруулаагүй үндэслэл болон тухайн нөхцөл байдлыг тодруулж шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна...” гэв.
3.3.Хариуцагч Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүчингүй болгох тухай “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил", Б дугаартай тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээхэд “М*******” ХХК, “С*******” ХХК, “А*******” ХХК нар тендер ирүүлсэн ба Үнэлгээний хороо тендерийг хянан үзэж, үнэлгээ хийж, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаартай Гэрээ байгуулах эрх олгох тухай “М*******” ХХК-д, 158 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай “С*******” ХХК-д, 159 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай “А*******” ХХК-д тус тус албан бичиг гарч, шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг 50 минутад www.tender.gov.mn-д оруулж, үр дүнг нийтэлсэн.
“Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай албан бичиг нь “А*******” ХХК-д, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаартай албан бичиг нь “М*******” ХХК-д тус тус тендер шалгаруулалтын үр дүн (шийдвэр) бөгөөд нэхэмжлэгч аль шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна.
Тендерт шалгараагүй тухай мэдэгдэлд дурдсанчлан тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1, ТШЗ 17.2-т тус тус заасан шалгуурын үзүүлэлтийн Санхүүгийн чадавхын шаардлага буюу 2023, 2024 оны борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгахад 2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж ирүүлээгүй байсан. Өөрөөр хэлбэл Сангийн сайдын баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5.3 дахь заалт “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн тайланг тендерийн баримт бичигт ирүүлсэн болон хүснэгтэн мэдээллээр ирүүлснийг үнэлгээнд харгалзан үзэхгүй, цахим системийн бодит цагийн горимыг баримтлан үнэлгээ хийдэг болно. нэхэмжлэгч “А*******” ХХК нь "Тендер шалгаруулалтын баримт бичигт дурдаагүй цахим системийн мэдээллийг хавсаргасан” гэжээ. Тендер шалгаруулалтын оролцогчдын холбогдох мэдээллийг тухайн байгууллагын цахим системээс www.tender.gov.mn шууд дамжуулан татдаг ба оролцогчдын хариуцлага болон серверийн сүлжээний асуудал болно.
“А*******” ХХК нь 2024 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулсан эсэх, түүнчлэн цахим системийн аль үе шатанд баталгаажуулалт хийгдээгүй (тайлан буцаалт хийгдсэн эсэх) талаар тендер шалгаруулалтад материал илгээхдээ нягталж үзэх нь зүйтэй.
Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn цахим системд Монголын болон дэлхийн аль ч улсын ямар ч платформоор дамжин ороход тендер шалгаруулалтын зарлал болон үр дүн нь нэвтрэх эрхийн шаардлагагүйгээр он, сар, өдөр, цаг, минуттайгаар нээлттэй, ил тод байдаг бөгөөд хэн ч, хэзээд ч мэдээлэлтэй танилцах боломжтой бөгөөд тендер шалгаруулалтын үр дүн орсон нь тендер оролцогчдод мэдээллээр (notification) хүрдэг.
Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК нь “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийн алийг нь хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байх бөгөөд санхүүгийн тайлангийн баталгаажуулалтын талаар болон үр дүн нийтэлж оруулсан он, сар, өдрийн хугацааны талаар дурдсан нь мэдээлэл дутмаг бөгөөд оролцогчийн хариуцлагын асуудал тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил”, Б дугаартай тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээж, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1, ТШЗ 17.2-т тус тус заасан шалгуурын үзүүлэлтийн Санхүүгийн чадавхын шаардлага буюу 2023, 2024 оны борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн сайдын баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5.3 дахь заалт “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн тайланг тендерийн баримт бичигт ирүүлсэн болон хүснэгтэн мэдээллээр ирүүлснийг үнэлгээнд харгалзан үзэхгүй, цахим системийн бодит цагийн горимыг баримтлан үнэлгээ хийж, нэхэмжлэгч болох “А*******” ХХК-ийн санхүүгийн тайлан нь Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгахад 2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж ирүүлээгүй байсан тул тендерээс татгалзаж, 159 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай “А*******” ХХК-д албан бичиг гарч, үр дүн оруулсан.
“А*******” ХХК нь 2024 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулсан эсэх, тендер шалгаруулалтад материал илгээхдээ нягталж үзсэн эсэх, түүнчлэн цахим системийн аль үе шатанд баталгаажуулалт хийгдээгүй (тайлан буцаалт хийгдсэн эсэх) талаар болон санхүүгийн тайлангийн баталгаажуулалт нь оролцогчийн хариуцлага бөгөөд тус асуудалтай холбоотой албан байгууллагуудаас тодруулах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4 Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тендер шалгаруулалт бол цаг, өдөр, минутаар хэмжигддэг. Өдөр нь хамгийн чухал байдаг. Нэхэмжлэгч талаас өдрүүдийг зөрүүтэй байдлаар буруу тайлбарлаж байна. Тухайн тендер нь хамгийн анх 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдсан. Тус тендер шалгаруулалтын нийт төсөвт өртөг нь 87,500,000 төгрөг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд 100,000,000 төгрөгөөс доош төсөвт өртөгтэй байсан тохиолдолд харьцуулалтын аргаар буюу ажлын 5 хоногоор зарлагдах ёстой. Тус тендер 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зарлагдаад 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээх байсан. Гэтэл захиалагчаас буюу Засаг даргын Тамгын газраас ажлын даалгавар буюу техникийн тодорхойлолтод нь өөрчлөлт орох тул тендер шалгаруулалтыг түр зогсоож өгнө үү гэх албан бичиг ирсэн. Техникийн тодорхойлолтод номын хавтсыг яаж хийх талаар дурдаагүй байдаг. Тендер зарласны дараа 2-3 сонирхогч этгээдүүд тендер зарласан газраас ямар хавтастай байх ёстой вэ? Бид тооцоолол хийх гэхээр хавтас нь тодорхойгүй байна гэж хэлэхээр нь үзтэл хавтастай холбоотой тодорхой зүйл байхгүй байсан учир Тамгын газарт хэлээд захиалагч буюу Засаг даргын Тамгын газар өөрчлөлт оруулах ёстой гэж үзээд өөрчилсөн. 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 011019 дугаар албан бичгээр захиалагч буюу Засаг даргын Тамгын газраас Баянзүрх дүүргийн худалдан авах ажиллагааны албанд ирсэн. Тухайн өдөр тендер шалгаруулалтыг түр зогсоосон. 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 011067 дугаартай Засаг даргын тамгын газраас Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулсныг хүргүүлж байна гэх албан бичиг ирсний дагуу манайх 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээж аваад 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендерийг эхнээс нь зарласан. 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тендерийг эхнээс нь зарлахдаа www.tender.gov.mn-ийн тодруулга хэсэгт захиалагчаас техникийн тодорхойлолтод өөрчлөлт орсон тул түр зогсоосон хугацаагааг тендерийг хойшлуулахаар болсон гэх тайлбартайгаар оруулсан байдаг. Тухайн тендерийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутад хүлээж аваад 09 цаг 05 минутад нээсэн. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш тендер шалгаруулалтын үр дүн гарах хүртэл бүх татсан материал буюу оролцогчдын материалыг рефреш хийсэн. Тухайн үеийн систем болон ачааллаас шалтгаалаад татагдаагүй тохиолдол байдаг учраас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл рефреш хийсэн боловч “А*******” ХХК-ийн санхүүгийн тайлан татагдаагүй учир байгаагаар нь эцсийн дүгнэлтийг Үнэлгээний хорооны нарийн бичиг миний зүгээс Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнтэй танилцуулаад шийдвэр гаргаад 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үр дүн цахимд орсон. Цахимд орсны дараа “А*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд Болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан байсан. Гомдол гаргасны дагуу манайхаас хариу тайлбар болон нотлох баримтын хамт хүргүүлсэн. Хариу тайлбар болон гомдлын хариуд нь нэгдүгээрт тендер шалгаруулалт зарласан үед тендерийн өгөгдлийн хүснэгтэд асуудал байна гэж үзсэн тохиолдолд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар буюу Монополийн эсрэг газар гомдол гаргах эрхтэй. Хоёрдугаарт тендер нээснээс хойш үнэлгээ хийгдэж байх явцад асуудалтай байна гэж оролцогч нар үзсэн тохиолдолд хуульд заасны дагуу захиалагчид гомдол гаргах эрхтэй. Гуравдугаарт үр дүн гарсны дараа зөвхөн Сангийн яаманд гомдол гаргана. Дөрөвдүгээрт Сангийн яамд гомдол гаргах хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхэд хандана гэх 4 зарчимтай. Энэ зарчмууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд ямар нөхцөлд хаана хандаж гомдол гаргах нь тодорхой заасан байгаа. Гомдол гаргах үед нь татахад байгаагүй гэх тайлбараа бичээд захиалагчийн үр дүн буюу шийдвэр гарсан байгаа учир та нар Сангийн яаманд гомдол гарга гэдэг хариу өгсөн. Яагаад гэвэл үр дүн гарсан байгаа тул хүлээж авах боломжгүй. Хэрэв үр дүн гараагүй байсан бол Тамгын газар болон манайх хариу өгч болох байсан. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага дээр 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 25/168 дугаар албан бичигт мэдэгдлийг хууль бус байсныг тогтоолгох гэж тогтоолгох гэж дурдсан байгаа. Төрийн худалдан авах газарт хүсэлт явуулаад “А*******” ХХК бол санхүүгийн тайлан баталгаажуулаагүй гэх үндэслэлээр шалгараагүй. Энэ талаар Төрийн худалдан авах ажиллагааны газар болон шүүхээс нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хүсэлт гаргаад хүсэлтийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А-1/5056 дугаар албан бичигт “А*******” ХХК-ийн санхүүгийн тайлан 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгаажсан байна гэх хариу ирсэн байдаг. Тэгэхээр уг тендерийн үр дүн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бүх материалын хариуцлагыг өөрсдөө хариуцах ёстой. Гэтэл Төрийн худалдан авах ажиллагааны газраас сүүлийн 3 жил санхүүгийн тайлангаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсан байна. Тендер нээснээс хойш баталгаажуулсан тохиолдолд бид нарт харагдахгүй. Систем дээр Төрийн худалдан авах ажиллагааны газраас тийм хариу ирсэн байгаа учраас боломжгүй. Энэ бол өөрсдийн хариуцлагын асуудал байна. Гуравдугаарт гомдлын талаар дурдаж байна. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02/4805 дугаар Сангийн яамнаас тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх албан бичиг гарсан. Тэгэхдээ уг тендер 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ажлын 6 хоногоор тоолоход 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргах хугацаа дуусна. Сангийн яамнаас манайд албан бичиг ирэхдээ хэрэв 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирсэн бол 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс түдгэлзүүлж байгаа алан бичгийн дагуу албан бичгийг хангаж болно. Гэтэл гомдолд гаргах хугацаа дууссан байх үе буюу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн албан бичиг ирэхдээ 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ирсэн. Тус албан бичгийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд өгсөн байгаа. 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ирсэн албан бичгийг Худалдан авах ажиллагааны албан болон захиалагч хангах боломжгүй. Яагаад гэвэл гомдол гаргах эрхийн хугацаа дууссан. Мөн манайд ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Мэдэгдсэн тохиолдолд тус албан бичгүүд 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн он сартай. Хэрэв 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байсан тохиолдолд болно. Гомдол гаргах хугацаа нь дуусаад 2-3 хоног өнгөрсний дараах албан бичгүүд учир манайх Худалдан авах ажиллагааны алба болон Тамгын газрын гэрээ хууль бус болох гэх мэт үндэслэл байхгүй гэж үзэж байна...” гэв.
3.6 Гуравдагч этгээд “М*******” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил", Б дугаартай тендер шалгаруулалтыг зарлаж, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нээж, тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1, ТШЗ 17.2-т тус тус заасан шалгуурын үзүүлэлтийн Санхүүгийн чадавхын шаардлага буюу 2023, 2024 оны борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн сайдын баталсан “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5.3 дахь заалт “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн санхүүгийн тайланг тендерийн баримт бичигт ирүүлсэн болон хүснэгтэн мэдээллээр ирүүлснийг үнэлгээнд харгалзан үзэхгүй, цахим системийн бодит цагийн горимыг баримтлан үнэлгээ хийж, нэхэмжлэгч болох “А*******” ХХК-ийн санхүүгийн тайлан нь Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгахад 2024 оны санхүүгийн тайланг баталгаажуулж ирүүлээгүй байсан тул тендерээс татгалзаж, 159 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай “А*******” ХХК-д албан бичиг гарч, үр дүн оруулсан.
“А*******” ХХК нь 2024 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулсан эсэх, тендер шалгаруулалтад материал илгээхдээ нягталж үзсэн эсэх, түүнчлэн цахим системийн аль үе шатанд баталгаажуулалт хийгдээгүй (тайлан буцаалт хийгдсэн эсэх) талаар болон санхүүгийн тайлангийн баталгаажуулалт нь оролцогчийн хариуцлага бөгөөд тус асуудалтай холбоотой албан байгууллагуудаас тодруулах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулахад нэхэмжлэгчийн зүгээс “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, мөн өдрийн “М*******” ХХК-д эрх олгосон 157 дугаартай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон тул тус нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зарласан Б******* дугаартай “Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендер шалгаруулалтад “М*******” ХХК, “С*******” ХХК болон нэхэмжлэгч “А*******” ХХК-иуд оролцсон бөгөөд тендерийн үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл буюу зөвлөмжөөр[1] “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсгийг үндэслэн “М*******” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулах, шаардлагад нийцэж байгаа боловч өсөх дарааллаар эрэмбэлэхэд үнийн саналаар хоёрдугаарт эрэмбэлэгдсэн “С*******” ХХК-д, хуулийн 16-17 дугаар зүйл болон ...Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 2 дугаар зүйлд тус тус заасны дагуу “А*******” ХХК-д тендерээс татгалзаж байгаа тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж, үр дүнг нийтлэх”-ээр шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 157 дугаар албан бичгээр[2] гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “М*******” ХХК-д, мөн өдрийн 158 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад “М*******” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдлийг “С*******” ХХК-д, 159 дугаар албан бичгээр[3] тус компанийн тендер тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1, 17.2-т заасан шаардлагыг хангаагүй тухай мэдэгдлийг “А*******” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.
4. Нэхэмжлэгч компани тус шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 25/098 дугаар албан бичгээр[4] гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас “...захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлж байна” гэх агуулга бүхий 02/4805 дугаартай албан бичгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 02/5263 дугаар албан бичгээр[5] “...гомдлыг хянан үзэх боломжгүй” тухай хариуг “А*******” ХХК-д хүргүүлжээ.
5. Улмаар захиалагч нь үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийн дагуу 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр “М*******” ХХК-тай “Баянзүрх дүүргийн 60 жилийн хүрээнд шаардлагатай ном нийлүүлэлтийн ажлын гэрээ”-г[6] байгуулан, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр бараа материал хүлээн авсан тухай БЗД/07-08-08 дугаартай комиссын акт[7] үйлдэж, гэрээнд заасны дагуу номыг бүрэн нийлүүлж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлээ “...манай компани хамгийн бага үнийн санал хүргүүлсэн байхад шалгаруулаагүй, хариуцагч нь тендерийн баримт бичигт дурдаагүй цахим системээр шалгаж, шаардлага хангаагүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, www.e-balance.mof.gov.mn-д тайлагнасан болох нь Сангийн яамны албан бичгээр тогтоогдсон, түүнчлэн Сангийн яаманд гомдол гаргасан байхад гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан нь хууль бус” гэж, хариуцагчаас “...төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр дамжуулан шалгахад 2024 оны тайлангаа баталгаажуулж ирүүлээгүй байсан, энэ нь тендерийн баримт бичгийн ТШЗ 17.1, 17.2-т заасан шаардлагыг хангаагүй, оролцогч тендерийн материалаа өөрсдөө хариуцах ёстой, тайлангаа тендер нээснээс хойш баталгаажуулсан тохиолдолд системд харагдахгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.
7. Нэхэмжлэгч нь ийнхүү маргаан бүхий тендерийг хууль бус гэж үзэж, дээрх шийдвэрүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргахдаа тус компанийг “тендерийн шаардлагад нийцээгүй” гэсэн үндэслэлээр татгалзсан үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй, харин “шаардлага хангаагүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдлийг болон гуравдагч этгээдэд эрх олгосон мэдэгдлийг, мөн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгосноор нэхэмжлэгчийн хувьд дахин дараагийн тендер шалгаруулалтад оролцох боломжтой болохоос гадна хариуцагч захиргааны байгууллага дахин ийм хууль бус үйлдэл гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ” гэж өөрийн зөрчигдсөн гэх /шаардах/ эрхээ тодорхойлон тайлбарлаж байна.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүхийн гол зорилго нь захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн нэхэмжлэгчийн эрх ашгийг сэргээх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчимтай байдаг.
9. Мөн маргаан бүхий актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн байхаас гадна нэхэмжлэл гаргагчийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн байхыг шаарддаг буюу тус актыг “хууль бус байсан” болохыг тогтоолгох нэхэмжлэгчид “онцгой ашиг сонирхол” байгаа тохиолдолд хангагдах боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчид тодорхой эрхийн хамгаалалт үзүүлж чадахуйц, үр дагавар бүхий байх учиртай.
10. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувьд онцгой ашиг сонирхол байх гэдэг нь шүүхийн шийдвэр түүнд тодорхой хэмжээгээр эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой байх агуулгыг илэрхийлэх бол нэхэмжлэгчийн дурдаж байгаачлан “…нэхэмжлэгчийн хувьд дахин дараагийн тендер шалгаруулалтад оролцох боломжтой болох, мөн хариуцагч захиргааны байгууллага дахин ийм хууль бус үйлдэл гаргахгүй байх нөхцөл бүрдэнэ” гэх агуулгатай тайлбар нь “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, мөн өдрийн “М*******” ХХК-д эрх олгосон 157 дугаартай мэдэгдэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаартай гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлыг илэрхийлэхгүйгээс гадна нэхэмжлэгч нь тус компанийг “тендерийн шаардлагад нийцээгүй” үндэслэлээр татгалзсан үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй энэ тохиолдолд дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдсан ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна.
11. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д “тендер шалгаруулалтын баримт бичиг” гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг” ойлгоно гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална”, 11.2-т “Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана” гэж тус тус заасан.
12. Маргаан бүхий Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д “Санхүүгийн чадавхын шаардлага: Шаардана”, 17.2-т “Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичиг: 1. Тендерт оролцогчийн борлуулалтын орлогын мэдээллийг Сангийн яамны санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн систем дэх санхүүгийн тайлангаас шалгана (2023, 2024 он)” гэжээ[8].
13. Харин нэхэмжлэгч компанийн 2024 оны санхүүгийн тайланг худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn-ээр шалгахад илгээгээгүй болох нь хэрэгт авагдсан худалдах авах ажиллагааны цахим системийн мэдээлэл[9] болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “…“А*******” ХХК нь сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн мэдээллийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр цахим системд татаж байршуулсан байна” гэх агуулга бүхий А-1/5056 дугаартай албан бичиг[10] зэргээр тогтоогдож байх тул цахимд мэдээлэл илгээгдээгүй, бүртгэгдээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
14. Өөрөөр хэлбэл, оролцогчийн санхүүгийн тайланг нэгэнт цахимаар шалгахаар тендер шалгаруулалтын баримт бичигт тусгасан байхад нэхэмжлэгч нь 2024 оны санхүүгийн тайлангаа тендер нээхээс өмнө худалдан авах ажиллагааны цахим системд татаж байршуулаагүй, харин тендерийн үнэлгээний хорооны шийдвэр гарсны дараа буюу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсан байх тул маргаан бүхий мэдэгдэл, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээ зэргийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй.
15. Хэдийгээр Сангийн яамнаас шүүхэд ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 05/8698 дугаар албан бичигт “...“А*******” ХХК нь 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр илгээсэн бөгөөд уг тайланг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр баталгаажуулсан байна” гэж дурдсан байх боловч тендер сонгон шалгаруулалтад оролцогч этгээд нь тендерийн баримт бичгээ нягтлан шалгах, шаардлага хангасан тендерийн материал ирүүлэх нь нэхэмжлэгчийн үүрэг тул энэхүү үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй нь тухайн тендер сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
17. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Сангийн яамнаас маргаан бүхий тендерийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчид хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж заасны дагуу тендерт оролцогч нарт мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 6 хоногийн дараа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсныг мөн буруутгах үндэслэлгүй.
18. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нэгэнт тус компанийн тендерээс татгалзсан үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй, маргаан бүхий мэдэгдэл, гэрээ зэргийг хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “А*******” ХХК-иас Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 159 дугаартай мэдэгдэл, мөн өдрийн “М*******” ХХК-д хүргүүлсэн 157 дугаартай мэдэгдлүүдийг болон Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын “М*******” ХХК-тай байгуулсан Б******* дугаар гэрээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА
[1] 2-р хавтаст хэргийн 22-27 дугаар тал
[2] 1-р хавтаст хэргийн 54 дүгээр тал
[3] 1-р хавтаст хэргийн 53 дугаар тал
[4] 1-р хавтаст хэргийн 94 дүгээр тал
[5] 1-р хавтаст хэргийн 92 дугаар тал
[6] 1-р хавтаст хэргийн 119-120 дугаар тал
[7] 1-р хавтаст хэргийн 89-90 дүгээр тал
[8] 1-р хавтаст хэргийн 64-65 дугаар тал
[9] 2-р хавтаст хэргийн 21 дүгээр тал
[10] 2-р хавтаст хэргийн 84 дүгээр тал